Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 109/ШШ2022/0006

 

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 109/ШШ2022/0006

Архангай аймаг

 


                                             
     
            Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг 
            баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


 
             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: Д.М
Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.М-д өндөр насны тэтгэврийг тогтоож олгохгүй байгаа Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.М-д өндөр насны тэтгэврийг 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Аг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдөр миний үйлчлүүлэгч хэргийн материалтай танилцсан. Хэргийн материалтай танилцах явцдаа нийгмийн даатгалын байгууллагаас гаргасан баримтууд байна. Өмнөх мал малласан байдлыг зөвлөл тогтоосон, үүнийг сумын  зөвлөл хүчингүй болгосон ийм асуудал байна. Нийгмийн даатгалын байгууллагатай ярилцаж харж үзэж  болохгүй юм болов уу гэсэн зүйлийг ярьдаг. Шүүх хуралдааныг түр завсарлуулж ярилцаж үзэх хүсэлттэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүхэд иргэн Д.М-гээс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.М-д өндөр насны тэтгэврийг тогтоож олгохгүй байгаа Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.М-д өндөр насны тэтгэврийг 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүх 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. 

Нэхэмжлэгч Д.М нь 2021 оны 2 дугаар сарын 1-ний өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлт, холбогдох баримтаа Чулуут сумын Нийгмийн даатгалын байцаагчид гаргаж, 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоохоор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлжээ. Гэвч 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “А” дансны овог зөрүүтэй тул шүүхээр шийдвэрлүүлэх гэх тэмдэглэл үйлдэж, иргэн Д.М-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан байна. 

Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П-гээс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргаж, тус зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 05 дугаар тогтоолоор иргэн Д.М-г овог нэрийн зөрчлийг арилгасны дараа өндөр насны тэтгэврийг тогтоох нь зүйтэй гэж үзжээ. 
Нэхэмжлэгч Д.М-ийн тухайд, 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б овогт Ц-гийн Т-тай гэрлэсэн байна. 
Улмаар өөрийн нөхрийн нэр дээрх малын “А” дансны лавлагааг өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэхэд “ ... 1995, 1998-2000 онд Ш овогтой Т ...” гэх нэрээр архивын лавлагаа гаргажээ. 
Ийнхүү дээрх үндэслэлээр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс иргэн Д.М-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзжээ. 

Шүүхээс хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эвлэрсэн талаар тайлбар гаргаж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. 
Тодруулбал, “ ... нэхэмжлэгч Д.М нь 1995-2000 он, 2006-2008 онд мал маллаж байсан байдлаа иргэний шүүхээр тогтоолгох, хариуцагч нь иргэний шүүхэд нэхэмжлэгчийн мал маллаж байсан байдлыг тогтоосон сумын зөвлөлийн шийдвэр хүчинтэй болсон талаар албан бичиг гаргаж өгөх /2022 оны 3 дугаар сарын 15-ны дотор/. Иргэний хэргийн шүүхээс мал маллаж байсан байдлыг тогтоосон тохиолдолд Д.М-гийн тэтгэврийг тогтоохоор эвлэрэн хэлэлцэв.” гэжээ.  
Нэхэмжлэгч Д.М, түүний өмгөөлөгч С.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.А нар дээрх эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 
Түүнчлэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагч нарыг эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон   
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.  Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-гийн 2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 1-гийн 7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М, түүний өмгөөлөгч С.П нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.А нартай “нэхэмжлэгч Д.М нь 1995-2000 он, 2006-2008 онд мал маллаж байсан байдлаа иргэний шүүхээр тогтоолгох, хариуцагч нь иргэний шүүхэд нэхэмжлэгчийн мал маллаж байсан байдлыг тогтоосон сумын зөвлөлийн шийдвэр хүчинтэй болсон талаар албан бичиг гаргаж өгөх /2022 оны 3 дугаар сарын 15-ны дотор/, Иргэний хэргийн шүүхээс мал маллаж байсан байдлыг тогтоосон тохиолдолд Д.М-гийн тэтгэврийг тогтоохоор эвлэрэн хэлэлцэв ...” дээрх нөхцөлөөр эвлэрсэн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                     

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА