Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2020/ДШМ/03

 

   Э.Д, Б.Б нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Э.Н, шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга А.Э нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/05 дугаар шүүхийн захирамжтай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Э.Д, Б.Б нарт холбогдох 1917001410081 дугаартай 1 хавтас 229 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сет баарны гадаа иргэн Б.Б маргалдан түүний нүүр, толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 Шүүгчдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сет баарны гадаа иргэн Э.Д маргалдан түүнийг үсдэх, хашлага мөргүүлэх зэргээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э Д, Б овогт Б Б нарт холбогдох эрүүгийн 1917001410081 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Д, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Н эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Д, Б.Б нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоосон байна. Учир нь шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг давсгэрт байрлах Сэт баарны гадаа буюу үүдэнд Б.Б пивоны шил шидэж хагалсан үйлдлээс шалтгаалан маргалдаж улмаар харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Э.Д, Б.Б гэрч Я.А, Б.Р, М.Н, Б.Н нарын мэдүүлэгээр нотлогдож байна. Тухайн гэмт хэрэг нь Сэт баарны гадаа үүдэнд үйлдэгдсэн болох нь тогтоогдсон тул хэргийн газрын нөхөн үзлэг хийх шаардлагагүй байна. Мөн мөрдөгч 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр баарны камерын бичлэгт үзлэг хийхэд зодоон болсон газрыг харуулсан камерын бичлэг байхгүй байсан болохыг тэмдэглэл үйлдэн нотлох баримтаар хэрэг хавсаргасан байна. Мөн 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хяналтын камер аль зүгт харсан байрлалтай байсан болохыг 5 сарын дараа тогтоох боломжгүй юм. Нөгөөтэйгүүр нэгэнт баарны гадна хэсгийг харуулсан камерын бичлэг байхгүй болох нь тогтоогдсон байхад камер нь аль зүгт харсан байрлалтай байсан болохыг тогтоох шаардлагагүй байна. Мөн тухайн гэмт хэрэг нь баарны гадаа болсон бөгөөд зодоон болсон газар хашлага ямар өнгөтэй, ямар өндөртэй байсан нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч гэрч нараас хашлага байсан эсвэл байгаагүй гэж зөрүүтэй мэдүүлсэн бол хашлага байсан эсэх, ямар байсан болохыг тогтоох шаардлагатай бөгөөд хэргийн газрын нөхөн үзлэг хийж тодруулах ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлд зааснаар илэрсэн нөхцөл байдлыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоолгох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачлагаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно гэж заасан байна. Хохирогч Э.Д, Б.Б нарын өгсөн мэдүүлэг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл байхгүй, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийх шаардлагагүй, гэмт хэрэг хаана гарсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдсон. Гэрч Я.А, Б.Р, М.Н нарын мэдүүлэг, болон хохирогч нарын биед учирсан гэмтлийг тогтоосон 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 255 дугаартай, 2019 оны 08 дугаар сарын 15-ны 243 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд давхар нотолсон байна. Дээрхи гурван гэрчийн мэдүүлгийг ноцтой зөрүүтэй гэж үзэх үндэслэл байхгүй тул тэднээс нүүрэлдүүлэн мэдүүлэг авах шаардлагагүй байна. Учир нь Э.Д Б.Б түлхсэн, мангасдсан, Э.Д, Б.Б нар үсдэлцсэн, М.Н араас очоод Д үснээс бариад татаад байсан талаар бүгд тодорхой мэдүүлсэн тул ноцтой зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Э.Д Б.Б нар огт маргалдаж муудалцаагүй, зодолдоогүй талаар гэрч нарын хэн ч мэдүүлэг өгөөгүй тул мэдүүлгийг ноцтой зөрүүтэй гэж үзэх боломжгүй юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Д анхны үзлэг хийсэн эмч Б.Ц 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд хохирогч Э.Д биед ямар гэмтэл шарх учирсан байсан, тархи доргилт гэмтлийг тогтоохдоо ямар шинжийг үндэслэж тархи доргилт гэж онош тавьсан талаар тодруулсан байна. Тухайлбал гэрч Ц “...2019 оны 08 дугаар сарын 10-ны үед санагдаж байна. Намайг өрхийн эмнэлэгт уламжлалтын эмчээр ажиллаж байхад хүнд зодуулсан гэлүү нэг зүйл хэлээд надад үзүүлж байсан. Д үзүүлсэн өдрийг нарийн сайн санахгүй байна. Тухайн үед Э.Д тархи доргисон байсан. Мөн нэг талын гарын тохой нь шархалсан байсан... Д өөрөө толгой өвдөөд байна гэсэн зовиуртай байсан... 10 хуруу шугаман үзлэг, чамархайн 2 судас, хүүхэн хараа зэрэгт нь тархи доргилтын шинжүүд илэрсэн байсан...” гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Мөн хохирогч 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр эмчид үзүүлсэн биед нь ямар зовиур, гэмтэл шарх үүссэн байсан талаар амбулториор эмчлүүлэгсдийн картанд тэмдэглэгдсэн байх тул Б.Ц дахин гэрчээр мэдүүлэг авах шаардлагагүй байна. Дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийхэд М.Н нь тухайн зодооныг салгах зорилгоор нэг удаа Э.Д араас үснээс татаж салгасан байх ба анх зодоон эхэлсэн үеэс эхэлж Б.Б бүлэглэн Э.Д үсдэн, цохисон үйлдэл байхгүй бөгөөд М.Н үснээс татсан үйлдлээс болж тархи доргилт үүссэн гэдэг нь эргэлзээтэй байна. Харин Б.Б нь Э.Д үсдэн, үснээс дугтарсан, хашлага мөргүүлсэн, мөргөх явцдаа савсан зэрэг үйлдлээс Э.Д биед тархи доргилт гэмтэл үүссэн байх боломжтой юм. Гэрч М.Н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үндэслэл тогтоогдохгүй, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна. Шүүгдэгч Э.Д Б.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Иймд Э.Д, Б.Б нарт холбогдох Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүхэд хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Э.Д, Б.Б нарт холбогдох хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрлэж, прокурорт буцаасныг үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь тухайн хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон цагаас эхэлж Э.Д үйлдэлтэй холбоотой санал хүсэлтийг прокурорын шатанд гаргаж байсан. Мөн шүүгчээс хэргийг буцаасан үндэслэлтэй холбогдуулан урьдчилсан хэлэлцүүлгийг өмгөөлөгчийн хүсэлтээр хийж байсан. Шүүгчийн захирамжаар буцаасан үндэслэл болон миний удаа дараа гаргаж байсан санал хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих нөхцөл байдлууд нь хангалттай  нотлогдоогүй. Тийм учраас хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа. Тухайн хэрэг маргаан 2019 оны 08 дугаар сарын 11-12-ны өдөр шилжих шөнө болсон. Хэргийн нөхцөл байдлын талаар хэргийн газрын үзлэгийг огт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дахь хэсэгт тодорхой заасан байдаг. Хэргийн бодит үнэн байдлыг тогтоохын тулд мөн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохын тулд зайлшгүй хэргийн газрын үзлэг хийх шаардлага байсан. Гэтэл энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газрын үзлэгийг огт хийгээгүй, шалгаж тогтоогоогүй нөхцөл байдал хэргээс тодорхой харагдаж байгаа. Мөн гэрч А, Р, Н нарын мэдүүлэг нь илтэд зөрүүтэй, хэргийн оролцогч нарыг өөрсдийнхөө үзэмжээр хамгаалж, хэргийн бодит байдлыг гуйвуулсан мэдүүлэг өгсөн нь хавтаст хэргээс тодорхой харагдаж байгаа. Энэ нөхцөл байдлыг тогтоохын тулд мэдүүлгийг газар дээр нь шалгах, мэдүүлгийг харьцуулан судалж нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох шаардлагатай гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Шүүгчийн захирамжтай холбогдуулан Э.Д биед хөнгөн гэмтэл учирсантай холбоотой гэрч эмч Ц асууж, биед нь ямар шинж тэмдэг илэрсэн, тархи доргилтыг ямар шинж тэмдэгийг үндэслэн онош тавьсныг тодруулах шаардлагатай гэж шүүгчийн захирамжинд дурдсан байгаа. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс шаардлагагүй гэж үзэж байгаа. Тухайн үед 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өрхийн эмчид Э.Д үзүүлсэн. Үзлэгээр тархи доргилт үүссэн гэдгийг эмч тодорхой мэдүүлсэн. Шугаман 13-ны үзлэгээр дээр тархи доргилт үүссэн гэдэг талаар гэрчээр тодорхой мэдүүлэг өгсөн учраас Б үйлдлээс Э.Д биед хөнгөн хохирол үүссэн гэдэг нь тогтоогдсон учраас гэрч Ц дахин асуух шаардлагагүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж тогтоох ёстой. Мөн яллах, цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй байдлаас нь тогтоох шаардлагатай гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Үүнээс үндэслэхэд хавтаст хэрэгт цугларсан зарим нөхцөл байдлыг зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах шаардлагатай байгаа учраас шүүгчийн захирамжинд зааснаар прокурорт хэргийг буцаасан нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна гэжээ.

Шүүгдэгч Э.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэргийг прокурорт буцаах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөгч нь хэрэг гарсан газрыг шалгаагүй. Хэрэг гарсаныг асууж байсан ч хэрэг гарсан газар очоод яг юу болсон талаар бид нарыг нүүр тулуулж, хэргийн газар үзлэг хийгээгүй. Үүнтэй холбоотой би прокурорт хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг огт хүлээж аваагүй буцаасан. Тийм учраас прокурорт хэргийг буцаах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах Сет баарны гадаа иргэн Э.Д маргалдан түүнийг үсдэх, хашлага мөргүүлэх зэргээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан

Шүүгдэгч  Э.Д нь 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  2 дугаар багт байрлах  Сет баарны гадаа иргэн Б.Б маргалдан түүнмй нүүр,толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүхээс хэргийг 5 үндэслэл зааж  прокурорт буцаасан ч тэдгээр нь  үндэслэлтэй  болж чадаагүй байна.

 Хэргийн газрын нөхөн үзлэг хийлгэх тухай,  хохирогч Э.Д, Б.Б нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийлгүүлэх тухай, мөн гэрч М.Н үйлдэлд хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулах тухай заалтуудын хувьд хэрэг хэзээ, хаана гарсан нь өөрөөр хэлбэл хэрэг гарсан байдал, хэргийг хэн үйлдсэн, хэнд ямар хохирол учирсан зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заагдсан нотолбол зохих байдал бүрэн шалгагдсан, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзлээ.

Гэрч Я.А, Б.Р, М.Н нарын мэдүүлэгт ноцтой зөрүү байх тул нүүрэлдүүлж мэдүүлэг авах гэсний хувьд уг ажиллагааг шүүх хуралдааны үед гүйцэтгэх боломжтой, мөн тэдний мэдүүлгийн зөрүү гэх хэн нь эхэлж үсдсэн  нь хэргийн зүйлчлэл, гэмт хэргийг үгүйсгэх зэрэг асуудалд нөлөөлөхөөргүй байгааг анхаарах нь зүйтэй.

Хохирогч Э.Д биед анхны үзлэг хийсэн эмч Б.Ц гэрчээр асуулгах заалтын хувьд хавтаст хэргийн материалд тухайн эмчийг гэрчээр асуусан тэмдэглэл байх ба нэмж асууж тодруулах шаардлагатай гэж үзвэл шүүх шүүх хуралдаанд оролцуулах боломжтой байна.

Мөн хохирогч Б.Б биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэнд “... зүүн нүдний ухархай ясны хугарал гэмтэл тогтоогдлоо” гэсэн мөртлөө уг гэмтлийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан нь эргэлзээтэй гэж үзсэн боловч анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд анхан шатны шүүх шүүх хуралдаанд уг дүгнэлтийг гаргасан шинжээчийг оролцуулсан байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс энэ гэмтлийн талаар асууж тодруулсан байдлаас тухайн асуудлыг нэмж тодруулах болон дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзлээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

           Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/05 тоот хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            О.ОДНЯМАА

                                             ШҮҮГЧИД                              Х.БАЙГАЛМАА

                                                                                            Г.ТЭГШСУУРЬ