| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2024/0607/З |
| Дугаар | 221/МА2025/0622 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2025/0622
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О
Нэхэмжлэгч: “Т” ХХК
Хариуцагч: нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/610 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0426 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн игэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа
Хэргийн индекс: 128/2024/0607/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/610 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0426 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/610 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаа өнгөрсөн. Хоёрдугаарт анхан шатны шүүхийн газрын төлбөрийг тухай бүрд нь төлж байсан гэдэг дүгнэлт үндэслэлгүй. Газар эзэмшүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваагаад улиралд ногдуулах төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах үүргийг гэрээгээр хүлээсэн. “Т” ХХК нь 2022 оны 1-4 дүгээр улирлын газрын төлбөр, 2023 оны 1,2 дугаар улирлын газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэдэг нь газрын төлбөр төлсөн актаар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх 7,380,000 төгрөгөөс 5,910,000 төгрөгийг төлсөн нь хугацаандаа төлсөн гэж үндэслэлгүй тайлбарласан. Хоёрдугаарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг Улсын дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн. 2008 оны тайлбарт хүндэтгэн үзэх шалтгаангүй газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэгт тухайн гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтын дагуу барилга, байгууламж бариагүй, үйл ажиллагаа явуулаагүй байхыг ойлгоно. Хүндэтгэн үзэх шалтгаан гэж давагдашгүй хүчин зүйл, байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс хамаараад газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх нөхцөл байдлыг ойлгоно. Анхан шатны шүүхээс тухайн газар дээр геологийн судалгаа хийсэн, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан зэрэг нь газраа зориулалтын дагуу ашигласан байна гэж дүгнэсэн үндэслэл бүхий байж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь “нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/610 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.
3. Анх нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 577 дугаар захирамжаар “Т” ХХК-д Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байршилтай 800 м.кв хэмжээтэй газрыг сургалт, боловсролын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
3.1. Улмаар мөн Засаг даргын 2010 орны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 255 дугаар захирамжаар газрын зориулалтыг үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан байх ба сүүлд нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/615 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.
3.2. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/610 дугаар захирамжаар газар эзэмшигч “Т” ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2-оос дээш жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор энэхүү маргаан үүсжээ.
4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж,
4.1. Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “... газрыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байна”, 9 дүгээр зүйлийн 2-m “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан.
4.2. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд газрын төлбөр төлөгдөх ажиллагаа нь газрын алба иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа газрын төлбөрийг ногдуулж, тодорхой хугацаанд татварын албанд хүргүүлэхээр, татварын алба нь газрын төлбөр ногдуулалтыг газар эзэмшигчид мэдэгдэхээр газар эзэмшигчийн хувьд тухайн төлбөрийг төлөхөөр заасан байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд газрын төлбөр төлөлттэй холбоотой аливаа маргаан үүсээгүй, харин хариуцагчаас газрын төлбөр төлсөн эсэх талаар холбогдох мэдээлэл аваагүй, тухайлбал, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01-05/8343 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн “Т” ХХК-ийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзвэл нэхэмжлэгч компани нь 2022 он, 2023 оны эхний хагас жилийн байдлаар газрын төлбөрт төлөх нийт 7,380,708 төгрөгөөс 5,910,400 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.
4.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигчээс газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болох хэдий ч газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, төлбөр төлөлттэй холбоотой гэрээний талуудын эрх, үүрэг хариуцлага, түүнээс үүсэх үр дагавар нь мөн хуулийн 34.6-д заасны дагуу байгуулсан гэрээнд зааснаар тодорхойлогдохоор байна.
4.4. Газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд түүнтэй байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №01107-2018/00901 тоот Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.6-д “төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх”-өөр тусгасан байна. Тиймээс газар эзэмшигчийг газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
4.5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, мөн хуулийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан.
4.6. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд уг заалтыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 273, 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 115, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар тогтоолуудаар “... байгаль орчинд нөлөөлөх ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэж, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг батлуулах зэргээр тодорхой бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдэж байсан...” зэргийг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулах агуулгаар тайлбарлан хэрэглэсэн байна.
4.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Т” ХХК нь маргаан бүхий газарт төсөл хэрэгжүүлэх зорилгоор газрыг хашаалж архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан, барилгын ажлын зураг, байгаль орчны төлөв байдлын болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, барилгын талбайн инженер геологийн судалгааны ажил зэргийг хийлгэх гэрээнүүдийг байгуулсан байх ба энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байна.
5. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “... мэдэгдэнэ ...” гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ” гэж тус тус тайлбарласан.
5.1. Хариуцагчаас давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухайгаа 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 04-08/3821 дугаар албан бичгээр “М” ХК-иар дамжуулж мэдэгдсэн. “Т” ХХК-ийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэжээ.
5.2. Анхан шатны шүүхээс энэ талаар тодруулахаар “М” ХК-иас тайлбар, баримт шаардсан байх бөгөөд “М” ХК-иас 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 18/130 тоот албан бичгээр “...Т, 04-08/3821 дугаартай илгээмжийг илгээсэн тухай мэдээллийн сангаас шүүж үзэхэд мэдээлэл гарч ирээгүй”, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18/169 тоот албан бичгээр “... Т, Батчимэгт, утас-93228989 хаягаар илгээсэн илгээмжийг хаягийн дагуу 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Бүжинлхамд гардуулсан. Албан бичгийн дугаар зөрсөн мэдээлэлтэй. М ХК хариуцлага хүлээхгүйг мэдэгдэж байна” гэсэн хариуг тус тус ирүүлсэн.
5.3. Дээрх албан бичгээр ирүүлсэн зөрүүтэй мэдээллээс нэхэмжлэгч “Т” ХХК нь маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/610 дугаар захирамж гарсан талаар мэдсэн гэж шууд дүгнэх боломжгүй. Нөгөөтэйгүүр хариуцагчийн хувьд мэдэгдсэнээ нотлосон баримт байхгүй байна.
5.4. Захиргааны байгууллагаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гарсан талаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй “Т” ХХК-д мэдэгдэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, баталгаат шуудангаас гадна утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулаагүй байх тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
5.5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0426 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ