Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 115/ШШ2022/0005

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн Б-ын Ө (Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С-ын Э),

Хариуцагч: Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс (Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т-ийн О)-ийн хооронд үүссэн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э (цахимаар),  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдааны танхимаас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч иргэн Б.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан, тус хэлтсийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд орон сууцны үнэ 44,150,000 төгрөг, бусад хохиролд 2,570,200 төгрөг, нийт 46,720,200 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт, “А” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцуудаас 27 тоот, 35.32 мкв орон сууцыг хасаж, улсын бүртгэлийн мэдээллийг зөвтгөн өөрчлөхийг тус хэлтэст даалгах” шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан.

2. Улмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны эхэнд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн маргаан бүхий орон сууцыг салгаж бүртгээгүй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт, “А” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцуудаас 27 тоот хаягт байрлах, 35.32 мкв орон сууцыг хасаж, улсын бүртгэлийн мэдээллийг зөвтгөн өөрчлөхийг тус хэлтэст даалгах, мөн хэлтсийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 2,570,200 төгрөгийг гаргуулах”-аар тодорхойлсон хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нь, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт гарган, хариуг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 8/3058 тоот албан бичгээр авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, түүний нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 4806 дугаар захирамжаар буцаасныг тухайн этгээд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гардан авч, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

4.1. Нэхэмжлэгч Б.Ө нь Д аймгийн Замын-Үүд сум 1-р баг, 136-р байрны 27 тоот хаягт байрлах 35.32 мкв  талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2013 оны 03 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.Н-ээс 44,150,000 төгрөгөөр худалдан авсан ба  ийнхүү  тус орон сууцыг худалдан авахдаа 14,550,00 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 29,600,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас 10 жилийн хугацаатай ипотекийн зээл авч төлсөн. Тус зээлийн гэрээний хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 15-нд  дуусах ба  зээлийн хүүнд  одоогоор 12,656,103 төгрөг төлж, тус орон сууцыг худалдан авахад нийт 56,806,103 төгрөгийн зардал гаргаад байна.

4.2. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасны дагуу Б.Ө-ын өмчлөх эрх 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэнээр тус үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шударга аргаар,  хуулийн дагуу олж авсан юм.

 4.3.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл нь мэдээлэл нээлттэй байх, үнэн зөв байх, нэгдсэн байх зарчимд үндэслэгдэх ба бүртгэлийг эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн үед дагаж мөрдөгдөж байсан Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөтлөн явуулахаар зохицуулсан байдаг. Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх гэдэг нь  бүртгэлийн хувийн хэрэгт тусгагдсан бүх мэдээлэлд хамааралтай бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг хувийн хэрэгт нь бичиж, хувийн дугаар бүхий тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан улсын бүртгэгчийн ажиллагаа нь үнэн зөв байдлын баталгаа болдог. Улсын бүртгэлийн үнэн зөв, нэгдсэн байх хуулийн дээрх зарчим, зохицуулалтын дагуу маргаан бүхий тус орон сууцанд ямар нэгэн өөр өмчлөгч, барьцаалбар байх учиргүй юм.

 4.4. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийн хэрэгсэхгүй болгох тухай” 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дугаартай захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай мөн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 9268 дугаартай захирамжийн дагуу төлбөр төлөгч А ХХК-иас төлбөр гаргуулахдаа миний өмч болох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ...дугаарт бүртгэгдсэн, Замын-Үүд сум 1-р баг 136-р байрны 27 тоот хаягт байрлах 35.32 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “шүүхийн шийдвэрээр төлбөр гаргуулах эд хөрөнгийг төлбөр гаргуулах төлбөр гаргуулах эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргасан.

 Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий  дээрх орон сууц нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд ...дугаарт Б.Ө-ын өмчлөлд, Худалдаа хөгжлийн банкны барьцаанд, ...дугаарт тус барилгыг барьж ашиглалтад оруулсан А ХХК-ийн өмчлөлд, Төрийн банкны барьцаанд тус тус давхардсан бүртгэлтэй болох нь тогтоогдсон.

4.5. Д аймгийн улсын бүртгэлийн хэлтэс нь  А ХХК-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ...дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон, Төрийн банкны барьцаанд авагдсан маргаан бүхий дээрх орон сууцыг 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Н-ийн өмчлөлд бүртгэхдээ шинээр баригдсан орон сууцыг “анх удаа” бүртгэх журмыг баримтлан улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэн гэрчилгээ олгосон, ийнхүү  гэрчилгээ олгохдоо өмнөх ...дугаартай бүртгэлд өөрчлөлт оруулж, 27 тоот орон сууцыг хассан тэмдэглэл хийлгүй нэг үл хөдлөх эд хөрөнгөнд хүчин төгөлдөр хоёр гэрчилгээ үүсгэн давхардсан бүртгэл хөтөлсөн үйл ажиллагаа нь дараах үндэслэлээр хууль бус байна.

 4.6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлд Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгэх, 5 дугаар зүйлд эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг тус тус журамласан ба 5.1.7-д заасны дагуу эд хөрөнгийн зарим хэсгийг шилжүүлсэн тохиолдолд тухайн эд хөрөнгөөс бусдын өмчлөлд шилжсэн хэсгийг хасаж, бүртгэлд өөрчлөлт оруулахаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл бүртгэлийг тус журмын 5 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэх ёстой байтал 4 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгэх журмыг баримтлан бүртгэл хийж, улмаар Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2.1, 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. Түүнчлэн мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.5.1 дэх заалтад заасны дагуу улсын бүртгэгч нь эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх үүргээ биелүүлээгүй.

 4.7. Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг худалдан авахдаа үнэн зөв мэдээллээр хангагдаагүй, үүний улмаас бусдад барьцаалагдсан, эрхийн зөрчилтэй эд хөрөнгийг 44,150,000 төгрөгөөр худалдан авч, одоо тус орон сууцаа А ХХК-ийн өр төлбөрт шүүхийн шийдвэрээр хураалган, битүүмжлүүлж, эд хөрөнгийн эрх нь ноцтой зөрчигдөн хохироод байгаа нь Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хууль бус үйл ажиллагаатай шууд холбоотой.

4.8. Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хуулийн дагуу үйл  ажиллагаа явуулж, үнэн зөв бүртгэл хөтөлж,  биднийг үнэн зөв мэдээллээр хангасан бол нэхэмжлэгч нь эрхийн зөрчилтэй, барьцаалбартай эд хөрөнгийг өр зээл тавин худалдан авч, хохирохгүй байх байсан. Түүнчлэн энэ асуудалтай холбоотойгоор сүүлийн 1 жилийн хугацаанд Д аймгаас Улаанбаатар хотын хооронд зорчсон байх ба  хууль зүйн үйлчилгээний хөлсөнд 2,500,000 төгрөг, иргэний хэргийн анхан шатны шүүхийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг нийт 2,570,200 төгрөгийн зардал гаргаж давхар хохироод байна.

4.9. Иймд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт А  ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцуудаас 27 тоот хаягт байрлах 35,32 мкв орон сууцыг хасаж, улсын бүртгэлийн мэдээллийг зөвтгөн өөрчлөхийг Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь заалтыг үндэслэн Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд хохиролд 2,570,200 төгрөг гаргуулж  өгнө үү гэжээ.

4.10.    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Ө нь Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс ямар шалтгаанаар нэг үл хөдлөх эд хөрөнгөнд 2 тусдаа бүртгэл хөтөлсөн талаар өмчлөгчид мэдэгдээгүйд гомдож байна. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллүүд Улсын бүртгэлд үндэслэж явагддаг. Улсын бүртгэлийн газар оршин байх гол шалтгаан нь гуравдагч этгээдийн эрх зөрчигдөхөөс хамгаалах, мэдээлэл авах боломжоор хангах үндсэн зорилготой байдаг боловч энэхүү зорилгыг Улсын бүртгэлийн газар хангаагүй байна. Д.Ж гэх улсын бүртгэгчийн бүртгэлээр 3 гэрчилгээ бүртгэгдсэн байгаа. Үүнд А ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй гэрчилгээ, иргэн Б.Н-ийн гэрчилгээ, Б.Ө-ын гэрчилгээ бүгд Д.Ж Улсын бүртгэгчийн бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Тухайн Улсын бүртгэгч төрийн байгууллагын статустай чиг үүргийг хэрэгжүүлж байсан учир нэхэмжлэгчийн зүгээс Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргаж байгаа. Улсын бүртгэгчийн тамга тэмдгээр дарж, гарын үсэг зурж байгаа бүртгэлийн үйл ажиллагаа нь Улсын бүртгэл үнэн зөв байгаагийн илэрхийлэл юм. Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын цаад агуулга нь гуравдагч этгээдэд мэдээлэл олгож, эрхийг хамгаалахад оршино. Улсын бүртгэлийн газар үүргээ биелүүлж, үнэн зөв хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж 2 тусдаа бүртгэл хөтлөгдөж үүний улмаас иргэн Д.Н-ээс Б.Ө худалдах худалдан авах гэрээгээр орон сууц худалдан авч дахин Б.Ө нь тухайн гэрчилгээг үндэслэж Худалдаа хөгжлийн банканд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж зээл авч иргэний гүйлгээнд орж үйл ажиллагаа эхэлсэн байгаа. Үүний эрх зүйн үр дагавар нь иргэн Б.Ө гэх хүн шударгаар 44.150.000 төгрөгөөр орон сууц худалдан авч 12.000.000 гаруй төгрөгийг Худалдаа хөгжлийн банканд төлчихсөн байгаа. Төлбөр төлж худалдан авсан орон сууц нь барилгыг барьж ашиглалтад оруулсан А ХХК-ийн өр төлбөрт хураагдах гэж байна. Үүнд иргэн хүний өмчлөх эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Иргэн Б.Ө Монгол Улсын Иргэний хууль, Улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх эрхийг баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл өмчлөх эрх нь хангагдаагүй.

 

4.11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А ХХК нь Төрийн банкны өр төлбөрийг төлж барагдуулсан гэх албан бичгийг шүүхэд ирүүлсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодруулахад А ХХК-ийн нэр дээр өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийг чөлөөлөх боломжгүй гэх хариу хэлдэг. Албан бичиг хийж өгөхгүй шалтгаан нь А ХХК Төрийн банкны өр төлбөрийг барагдуулсан боловч, Э ХХК, иргэн Э нарт өр төлбөртэй учир А ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгүүдийг чөлөөлөх боломжгүй, А ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй өмч хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагаа хийгдэж байгаа, эхлээд Улаанбаатар хотод байгаа өмч хөрөнгөөс гаргуулах, боломжгүй бол Замын-Үүд дэх хөрөнгийг битүүмжилнэ гэсэн.   

 

4.12. Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн буруутай үйл ажиллагаанаас болж гуравдагч этгээд болох А ХХК-ийн өр төлбөрийг дахин тухайн орон сууцнаас хангуулж болзошгүй нөхцөл байдал байгаа тул иргэн Б.Ө-ын өмчлөх эрх удаа дараа ноцтой зөрчигдөхөд хүрээд байна. Тухайн 27 тоот орон сууц 2 давхар бүртгэлтэй байгаад байх тохиолдолд өмчлөгчийн эрх зөрчигдсөн хэвээр байх тул ...дугаартай бүртгэлээс 27 тоот орон сууцыг хасаж, салган бүртгэж, буруутай үйлдлийн үр дагаврыг арилгаж өгнө үү.

 

4.13. Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэлийг үнэн зөв хэрэгжүүлсэн бол иргэн Б.Н, Б.Ө нарт өнөөдрийн эрх зүйн үр дагавар үүсэхгүй байх боломжтой байсан. Иргэн Б.Өт үүсэж байгаа өмчийн эрхийн зөрчил нь хууль зөрчиж бүртгэлийн үйл ажиллагаа явуулсантай холбоотой тул тухайн этгээдээс хууль зүйн туслалцааны хөлсөнд төлсөн 2,500,000 төгрөг, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хохиролд тооцон гаргуулахаар нэхэмжилж байна гэв. 

5. Хариуцагч Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт:

5.1. Замын-Үүд сумын 1-р баг, 7-р хэсэг 136-р байр 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 43, 48 тоотуудыг 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр А ХХК нь мэдүүлэг гаргаж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйл,  Үл хөдлөх эд хөрөнгө  өмчлөх эрхийн улсын бүртгэл бүртгэх журмыг үндэслэн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэж, 000142266 тоот гэрчилгээг улсын ахлах бүртгэгч Д.Ж бичиж олгосон байна.

5.2. Д аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 136-р байрны 27 тоот 35.32 мкв талбайтай Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Б.Нийн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан мэдүүлэг,  А ХХК-аас ирүүлсэн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 45/01 дугаартай орон сууцны төлбөр төлсөн тухай албан бичиг, А ХХК-тай байгуулсан орон сууц Худалдан авах гэрээ зэрэг бусад нотлох баримтуудыг үндэслэн  Эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэж 000188435 тоот гэрчилгээг улсын ахлах бүртгэгч Д.Ж бичиж олгосон байна.

5.3. Уг бүртгэлийг хийхдээ Улсын бүртгэлийн ...дугаартай эх гэрчилгээнээс Замын-Үүд сум 1-р баг 7-р хэсэг 136 р байр 27 тоот орон сууцыг хасалгүйгээр, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт “Эд хөрөнгийн зарим хэсгийг шилжүүлэн авсан гэрээ хэлцлийн эрхийг тухайн эд хөрөнгийн эрхийн анхны бүртгэлээс хасалт хийж өөрчлөлт оруулсны дараа бүртгэнэ” гэснийг зөрчиж бүртгэл хийсэн. Төрийн банкнаас тухайн байрыг хэсэгчлэн чөлөөлсөн тухай албан тоотыг аваагүй бүртгэл хийсэн байна.

5.4. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь  бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасны дагуу А ХХК нь үнэн зөв нотлох баримтыг ирүүлээгүйн улмаас Д аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 136-р байрны 27 тоот орон сууц нь Эрхийн улсын бүртгэлийн Y-0714001871, ...дугаарт давхардсан бүртгэлтэй байна.

5.5. Иргэн Б.Н нь Замын-Үүд сум 1-р баг 7-р хэсэг 136-р байр 27 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 116 дугаартай нотариатчийн гэрчилсэн Худалдах худалдан авах гэрээгээр Б.Ө-т шилжүүлснийг 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэх журмыг үндэслэн бүртгэж, 000227158 тоот гэрчилгээг улсыг ахлах бүртгэгч Д.Ж бичиж олгосон байна гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Тухайн үед Улсын бүртгэлийн хэлтэст программ гэж байгаагүй дэвтрийн бүртгэл хөтөлдөг байсан. 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаар тушаалаар батлагдсан журмын 5.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн зарим хэсгийг шилжүүлэн авсан гэрээ хийсэн эрхийг эрхийн улсын бүртгэлийн анхны бүртгэлээс хасаж, өөрчлөлт оруулсны дараа бүртгэнэ гэх заалтыг Улсын бүртгэлийн хэлтэс зөрчиж бүртгэл үйлдсэн. Буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн бүртгэл хөтөлсөн Улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж зөрчил гарсан.

6.2. А ХХК нь Төрийн банкны хүсэлтийн дагуу барьцаа чөлөөлсөн тухай бүртгэлийн мэдүүлгээ албан ёсоор бөглөж, Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өгсөн. Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Барьцааны гэрээ дуусгавар болсон тухай бүртгэлийг хийсэн байгаа.

6.3. Мөн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өглөө А ХХК-ийн хууль зүйн төлөөлөгч утсаар холбогдож тухайн орон сууцыг хасаж өгнө үү гэсэн мэдүүлгийг албан ёсоор бөглөж, үйлчилгээний хураамж төлсөн баримт, гэрчилгээний эх хувийг шуудангаар илгээсэн талаар мэдэгдсэн байгаа.

6.4.  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Д аймгийн Улсын бүртгэлийн газарт хэсэгчлэн чөлөөлөх албан тоот ирүүлсэн тохиолдолд 27 тоот орон сууцын захиран зарцуулах эрхийг сэргээж, маргааныг залруулж, гэрчилгээг өөрчлөх боломжтой. Хуульд зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн захиран зарцуулах эрхийг сэргээж дараагийн бүртгэл хийгдэнэ. Одоогоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас захиран зарцуулах эрхийг сэргээсэн гэх хүсэлт ирүүлээгүй байна.

6.5. А ХХК, иргэн Э болон Э ХХК-д өртэй асуудлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, 27 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай эрх бүхий этгээдээс ирсэн шийдвэр байхгүй гэв.

7. Гуравдагч этгээд: “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Солонгын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт: Б.Ө-ын нэхэмжлэлтэй, манай А ХХК гуравдагч этгээдээр оролцож байгаа захиргааны хэргийн шүүх хуралдаанд манай компаниас оролцох боломжгүй гэжээ.

8. Гуравдагч этгээд “Төрийн банк” ХХК-ийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт: Төрийн банкны харилцагч “А” ХХК  /РД:.../ нь 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 980,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг Төрийн банкны 201-р тооцооны төвөөс авсан. Одоогоор Төрийн банкны 201-р төв нь нэршлийн хувьд ”Баруун 4-н зам” зээлийн төв болон өөрчлөгдсөн.

“А” ХХК нь үндсэн зээл болон хүүний төлбөр болох 654,274,201.05 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулан зээлээ хаасан ба зээлийн гэрээ болон барьцааны гэрээ дуусгавар болсныг тодорхойлж байна. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн өр төлбөргүй, зээлийн барьцаа хөрөнгө чөлөөлөгдсөн.

Иймд Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал болон                   хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй тул тайлбарыг хүлээн авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг зохих журмын дагуу хийгээгүй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт, “А” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Д аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 136 дугаар байрны 15 орон сууцнаас,  27 тоот хаягт байрлах 35.32 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хасаж, улсын бүртгэлийн мэдээллийг зөвтгөн өөрчлөхийг Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлагын тухайд:

1.1. Д аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 136 дугаар байрны 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 43, 48 тоот, нийт 808.8 мкв талбай бүхий 15 орон сууц анх, эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт ”А” ХХК-ийн өмчлөлд 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бүртгэгдэж, 000142266 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (цаашид “өмчлөх эрхийн гэрчилгээ” гэх) олгогдсон, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч “А” ХХК нь “Төрийн банк” ХХК-тай 2012 оны 03 дугаар 21-ний өдөр 03 дугаартай зээлийн гэрээ байгуулж, тухайн үл хөдлөх хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, улсын бүртгэлд барьцааны гэрээ нь бүртгэгдсэн ( 1 дэх хавтаст хэргийн 45-49, 51-55, 57, 63, 147-150, 152-р хуудас),

1.2. Дээрх байдлаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсаны дараа буюу 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “А” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болох 27 тоот, 35.32 мкв 1 өрөө орон сууцыг иргэн Б.Нт худалдсан, хариуцагч байгууллага Б.Нийн гаргасан мэдүүлгийг үндэслэн уг 27 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт шинээр бүртгэн, Б.Н-т 000188435 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор, маргаан бүхий 27 тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн хоёр өөр дугаарт, хоёр өөр этгээдийн өмчлөлд давхардан бүртгэгдсэн (1 дэх хавтаст хэргийн 63-65, 67, 69-71, 102-р хуудас),

1.3. Улмаар Б.Н нь дээрх үл хөдлөх хөрөнгийг 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Б.Ө-т дамжуулан худалдсанаар, хариуцагч захиргааны байгууллага уг үл хөдлөх эд хөрөнгө өөр этгээдэд шилжсэнийг бүртгэн, 000227158 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Ө-т олгож, өмнөх гэрчилгээ (Б.Н-т олгосон 000188435 дугаартай)-г хүчингүй болгосон, өмчлөгч Б.Ө нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, уг үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд  барьцаалж, барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр, маргаан бүхий 27 тоот орон сууц “А” ХХК болон иргэн Б.Ө-ын өмчлөлд, мөн “Төрийн банк” ХХК болон “Худалдаа хөгжлийн банк”-ны зээлийн барьцаанд тус тус давхар бүртгэгдсэн (1 дэх хавтаст хэргийн 72-81, 83, 84, 86, 91-93, 95, 105, 203, 204-р хуудас) үйл баримтууд тогтоогдож байна.

1.4. Мөн дээрх үйл баримтын дараа ”А” ХХК-иас, Төрийн банк ХХК-д холбогдуулан гаргасан “зээлийн гэрээг цуцлах, зээлийн хүүг зогсоох, зээлийг эгүүлэн татуулах” нэхэмжлэлийн хүрээнд талууд “...зээлийн гэрээний үүрэг 752,502,630.47 төгрөгийг “А” ХХК төлж барагдуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах”-аар харилцан тохиролцсоноор, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дугаар захирамжаар зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 9268 дугаартай захирамжаар, дээрх 5859 дугаар захирамжийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06301188 дугаар тогтоолоор тухайн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, уг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх албан бичгийг 2016 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 3/34552 тоотоор хариуцагч байгууллагад хүргүүлсэн, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, худалдан борлуулахаар анхны дуудлага худалдааг зохион байгуулж явуулсан зэрэг үйл баримтууд 1 дэх хавтаст хэргийн 158-163, 7-9 дүгээр хуудсанд авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар мөн тогтоогдсон.

1.5. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээр дурдсан зарим нөхцөл байдал өөрчлөгдөж, гуравдагч этгээд “А” ХХК нь Төрийн банк” ХХК-д төлбөл зохих 752,502,630.47 төгрөгийн зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, үүнтэй холбогдуулан “Төрийн банк” ХХК-иас, Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “А ХХК-иас зээлийн барьцаанд бариулсан эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, 808.8 мкв талбай бүхий 15 орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлэх тухай” хүсэлт ирүүлснээр, хариуцагч захиргааны байгууллага Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-д “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно. 21.2-т “Барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр барьцаалбараар гэрчлэгдсэн эрх дуусгавар болж, энэ тухай хувийн хэрэгт тэмдэглэнэ” гэж заасны дагуу холбогдох үл хөдлөх хөрөнгө /маргаан бүхий орон сууц багтсан/-ийн барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн,

 1.6. Мөн Төрийн банк ХХК нь, дээр дурдсанаар төлбөр төлөгч “А” ХХК-иас шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөрөө бүрэн барагдуулсантай холбогдуулан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5859 дүгээр захирамжийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгуулах тухай хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/416 тоот албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн,  

1.7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 22/02/120 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-оор төлбөр төлөгч “А” ХХК-д холбогдох, бүртгэлийн 16301188 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон зэрэг үйл баримтууд 1 дэх хавтаст хэргийн 208, 209, 223, 224, 235, 236, 242, 243 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

1.8. Маргаан бүхий бүртгэлийг хийх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, ... хувийн дугаар бүхий тэмдгээ дарна”, 15.4-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана”, 14 дүгээр зүйлийн 14.1.9-д  “...(улсын бүртгэгч)... мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол ... (мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө) хэмээн тус тус зохицуулжээ.

1.9. Мөн дээрх бүртгэлийг хийх үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам” (Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/62 дугаар тушаалаар хүчингүй болсон)-ын Тавд, эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг улсын бүртгэлд бүртгэхийг нарийвчлан журамласан байх ба 5.1-д “гэрээ, хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн, өмчлөгч өөрчлөгдсөнийг улсын бүртгэлд бүртгэхэд дараахь шаардлагыг хангасан байвал зохино” гээд 5.1.7-д “эд хөрөнгийн зарим хэсгийг шилжүүлсэн тохиолдолд тухайн эд хөрөнгөөс бусдын өмчлөлд шилжсэн хэсгийг хасаж, бүртгэлд өөрчлөлт оруулах”-аар, 5.2-т “эд хөрөнгийн зарим хэсгийг шилжүүлэн авсан гэрээ хэлцлийн эрхийг тухайн эд хөрөнгийн анхны бүртгэлээс хасалт хийж, өөрчлөлт оруулсны дараа бүртгэх”-ээр тус тус журамласан байна.

1.10. Дээр дурдсан хуулийн болон холбогдох журмын зохицуулалтуудыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлавал, хариуцагч захиргааны байгууллага зүй нь маргаан бүхий  бүртгэлийг хийхдээ “А” ХХК-ийн өмчлөлийн болон барьцааны эрхийн өмнөх бүртгэл нэгэнт хүчинтэй байгаа тухайн тохиолдолд иргэн Б.Нийн  мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзах болсон шалтгааныг тайлбарлан буцаах, ингэснээр давхардсан бүртгэл хийгдэхгүй байх,

Нөгөөтэйгүүр тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч “А” ХХК, болон барьцаалагч “Төрийн банк” ХХК-иас тус үл хөдлөх эд хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлсөн тухай холбогдох баримтыг ирүүлсэн тохиолдолд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг анхны ...дугаартай бүртгэлээс нь хасаж, уг бүртгэлд зохих өөрчлөлт оруулсны дараа Б.Нийн өмчлөлд шинээр бүртгэх нь маргаан бүхий тухайн бүртгэл анхнаасаа үнэн зөв, зохих журмын дагуу хийгдэх, ингэснээр нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрх ч мөн хөндөгдөхгүй байхаар байжээ.      

1.11. Нэхэмжлэгч Б.Ө-ын хувьд маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд болох “А” ХХК-иас шууд худалдан аваагүй, иргэн Б.Н-ээс дамжуулан худалдан авсан байх боловч түүний өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулах тухайн үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө “А“ ХХК-ийн өмчлөлд болон Төрийн банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй бөгөөд тухайн бүртгэлүүд нь хүчинтэй хэвээр байсан тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн эд хөрөнгө шударгаар олж авах эрх, ашиг сонирхол хөндөгдсөн байна.

1.12. Хариуцагч захиргааны байгууллагын маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг давхардуулан бүртгэсэн дээрх үйл ажиллагаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай (2003 оны) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан “бүртгэл үнэн зөв байх”,  5.1.3-т заасан “бүртгэл нэгдсэн байх” эрхийн улсын бүртгэлийн зарчимд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус үйл ажиллагаа болох нь дээрх байдлаар тогтоогдож байна.

1.13. Хариуцагч нь, өмнө дурдсанаар маргаан бүртгэлийг хийхгүйгээр татгалзаж буцаахаар байтал, давхардуулан хийснээрээ хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, цаашлаад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр “А” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсанаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн зэрэг үр дагаврыг үүсгэсэн байх боловч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж, гуравдагч этгээд “А” ХХК-иас Төрийн банкинд төлбөл зохих зээлийн төлбөрийг бүрэн төлснөөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх болон төлбөр төлөгч “А” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тус тус дуусгавар болсон байх тул давхардсан бүртгэлтэй 27 тоот орон сууцыг анхны бүртгэлээс нь хасалт хийх замаар маргаан бүхий бүртгэлийг зөвтгөн өөрчлөх боломж бүрдсэн байна.

1.14. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... “А” ХХК-иас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлөөс хасуулах тухай мэдүүлгийг манай байгууллагад хүргүүлэхээр шууданд хийсэн талаар мэдэгдсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тухайн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг сэргээсэн талаарх шийдвэр ирээгүй байгаа тул маргаан бүхий бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй байна” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас, А ХХК нь Төрийн банкны өр төлбөрийг барагдуулсан боловч, Э ХХК, иргэн Э нарт өр төлбөртэй учир тус хуулийн этгээдийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгүүдийг чөлөөлөх боломжгүй, А ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй өмч хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагаа хийгдэж байгаа, эхлээд Улаанбаатар хотод байгаа өмч хөрөнгөөс гаргуулах, боломжгүй бол Замын-Үүд дэх хөрөнгийг битүүмжилнэ гэсэн” гэх тайлбарыг тус тус гаргаж  байна.

1.15.  Эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9-д “Эрх бүхий байгууллага үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн буюу хураасан бол энэ тухай шийдвэрийн хувийг ... эрхийн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх бөгөөд дараагийн шийдвэр ирэх хүртэлх хугацаанд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасан байх боловч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан эрх бүхий байгууллагаас ирүүлсэн нотлох баримтаар уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой явуулж байсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон бөгөөд түүнтэй холбоотой хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн өөр ажиллагаа байхгүй, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд “А” ХХК-ийн өмчлөлд давхар бүртгэлтэйгээс өөрөөр ямар нэгэн эрхийн улсын бүртгэл хийгдээгүй зэрэг нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримт (1 дэх хавтаст хэргийн 237-248, 2 дахь 1-10 дугаар хуудас)-ууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

1.16. Иймээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.1-д “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 13.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, … өөрчлөгдөх”,  13.5-д “Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахад холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор зохих өөрчлөлтийг оруулж, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ” гэж заасныг үндэслэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт, “А” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Д аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 136 дугаар байрны 15 ширхэг орон сууцнаас 27 тоот хаягт байрлах, 35.32 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хасаж, тухайн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Хоёр. Хариуцагч Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 2,570,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...улсын бүртгэлийг үнэн зөв хэрэгжүүлсэн бол иргэн Б.Н, Б.Ө нарт өнөөдрийн эрх зүйн үр дагавар үүсэхгүй байх боломжтой байсан, … Б.Өт үүсэж байгаа өмчийн эрхийн зөрчил нь хууль зөрчиж бүртгэлийн үйл ажиллагаа явуулсантай холбоотой, 2020 оны 07 дугаар сараас хойш иргэн Б.Ө хууль хяналтын байгууллага, шүүхээр маргаж байна, ... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай холбоотой шүүх хуралдаан Улаанбаатар хотод Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон, үүнтэй холбоотой зардал их хэмжээгээр гарч байгаа. Авто машины шатахууны үнийг нотлох баримтгүй тул нэхэмжлэлдээ дурдаагүй, зөвхөн баримтаар тогтоогдож байгаа хэсгийг хохиролд тооцож гаргуулахаар нэхэмжилж байна. Хохиролд тооцож нэхэмжилж байгаа үнийн дүнд 2.500.000 төгрөгөөр өмгөөллийн туслалцааны гэрээ хийсэн төлбөрийн баримтыг хэргийн материалд хавсаргасан. Мөн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлсөн 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хохиролд тооцож гаргуулна” хэмээн маргаж байна.

 

2.2. Хэрэгт авагдсан баримт (1дэх хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас)-аас үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас, “А” ХХК-ийн Төрийн банкинд төлөх зээлийн төлбөрийг хангуулахтай холбоотойгоор нэхэмжлэгч Б.Ө-ын өмчлөлд бүртгэлтэй маргаан бүхий 27 тоот орон сууцыг битүүмжлэн, дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж анхны дуудлага худалдааг зохион байгуулсан, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь “маргаан бүхий орон сууцыг төлбөр гаргуулах эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх” нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн, шүүхээс түүний нэхэмжлэлийг “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тул 27 тоот сууцыг төлбөр гаргуулах эд хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлөх боломжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

2.3. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, ... шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-д “иргэн, ...өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж,

Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны)-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т “...үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно” хэмээн заажээ.

2.4. Нэхэмжлэгч иргэн Б.Ө нь маргаан бүхий орон сууцны үнийг төлж худалдан авсан, тэрээр өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр зохих журмын дагуу мэдүүлэг гаргасан, хариуцагч байгууллагаас тухайн үл хөдлөх эд хөрөнгө өмнө нь “А”ХХК-ийн өмчлөлд болон Төрийн банкны барьцааны эрхийн бүртгэлд бүртгэгдсэн, уг бүртгэлүүд хүчин төгөлдөр байгаа талаар ямар нэгэн хязгаарлалт тавилгүйгээр түүний өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх ба энэ тохиолдолд тухайн улсын бүртгэл, нэхэмжлэгчийн хувьд дээр дурдсанаар үнэн зөв гэж тооцогдохоор байна.

2.5. Гэвч нэхэмжлэгчийн үнэн зөв гэж тооцсон тухайн бүртгэл нь бодит байдал дээр хууль, тогтоомж зөрчиж хийгдсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн өмчлөх эрх хөндөгдсөн тодруулбал, түүний өмчлөлийн орон сууцнаас, өөр этгээдийн зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн, нэхэмжлэгч нь энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн нь хариуцагч захиргааны байгууллагын хууль зөрчиж хийсэн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоогүй гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн иргэний хэргийн шүүхэд  нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь хариуцагч захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас шууд хамааралтай буюу тодруулбал маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг давхардуулан бүртгэсэнтэй шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан төлсөн 70,200 төгрөгийг хариуцагч захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч байгууллагаас 70,200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

2.6. Харин нэхэмжлэгчийн, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, тухайн этгээдэд хууль зүйн үйлчилгээний хөлсөнд 2,500,000 төгрөг төлснийг хариуцагч захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

            2.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “шүүхэд ... эрхээ өөрөө хэрэгжүүлж, үүргээ биелүүлэх, хариуцлага хүлээх болон төлөөлөгчөөр гүйцэтгүүлэх чадварыг эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдэлнэ” гэж,

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/-т “... (Монгол Улсын иргэн) ...хууль зүйн туслалцаа авах,...(эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ)” хэмээн тус тус заасан, иргэн эдгээр эрхээ хэрэгжүүлэхийг нь шүүхээс хязгаарлах үндэслэл байхгүй.

 

2.8. Гэвч нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн болохын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч томилон оролцуулж тухайн этгээдээс хууль зүйн туслалцаа зайлшгүй авахыг хуулиар тусгайлан шаардаагүй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэх эсэх нь тухайн этгээдийн өөрийнх нь сайн дурын асуудал тул уул эрхээ хэрэгжүүлсэнтэй холбогдуулан төлсөн хөлсийг хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шууд учирсан бодитой хохирол гэж үзэх боломжгүй байна.

 

2.9. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариуцагчаас 2,570,200 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу 70,200 төгрөг гаргуулах шаардлагыг нь хангаж, үлдэх хэсэг болох 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.10. Шүүхээс “А” ХХК, “Төрийн банк” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж, холбогдох ажиллагааг явуулсан бөгөөд тухайн хуулийн этгээдүүдээс хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ бичгээр болон амаар илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д “ ... хэргийн оролцогч, ... нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно, ...” гэж зааснаар гуравдагч этгээдүүдийг оролцуулалгүйгээр хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 24 дүгээр зүйлийн 24.8,  Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009 оны)-ийн 5 дугаар зүйлийн 5.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасныг тус тус баримтлан эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай бүртгэлд өөрчлөлт оруулалгүй, давхардсан бүртгэл хийсэн Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт “А” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Д аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 136 дугаар байрны 15 орон сууцнаас, 27 тоот хаягт байрлах, 35.32 мкв талбайтай, 1 өрөө орон сууцыг хасаж, тухайн бүртгэлд өөрчлөлт оруулахыг хариуцагч Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлд заасныг баримтлан Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 2,570,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, тус хэлтсээс 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ө олгон, шаардлагын үлдэх хэсэг болох 2,500,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  51 дүгээр зүйлийн 51.1,  47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Өт буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СИЙЛЭГМАА