Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 911

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00450 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Н,

Хариуцагч “Ж” ХХК, Ш.Б нарт холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг,

Хариуцагч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн, хариуцагч Ш.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Н нь “Ж” ХХК-ийн харьяа “Эрд тана” ХХК, “Жаст ойл” ХХК-д барилгын ахлах инженерээр 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд үр бүтээлтэй ажилласан бөгөөд энэ байдлыг үнэлж “Ж” ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЖГ/17-08 тоот Орон сууц эзэмшүүлэх гэрээгээр өөрийн барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 49Б байр, 41 тоотод байршилтай, 61.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг эзэмшүүлж, “Ж” ХХК-ийн 22 дугаартай орон сууц эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг олгосон.

Дээрх гэрээний 4.1-д талууд харилцан зөвшөөрөлгүйгээр орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлэх, солих, бусдад түрээслэх барьцаалах, худалдах зэргийг хориглоно гэж заасан боловч “Ж” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж уг орон сууцыг банкны барьцаанд тавих зорилгоор тус компанийн Санхүүгийн газрын захирал Ш.Батсайхантай Орон сууцны захиалгын гэрээ гэж өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлсэн хэлцэл хийж, Ш.Бнь тус орон сууцанд амьдардаг гэсэн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авч Хадгаламж банктай 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 12-1060/78/5 дугаартай Батлан даалтын гэрээг байгуулан тус орон сууцыг барьцаалсан.

Ш.Бнь уг орон сууцыг захиалан бариулж авах ямар ч хүсэл зориг байгаагүйгээс гадна орон сууцны үнийг төлөөгүй, огт амьдарч байгаагүй учраас Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 49Б дүгээр байр, 41 тоот орон сууцыг Хадгаламж банкны барьцаанаас чөлөөлүүлж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” ХХК 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус компанид ажиллаж байсан Н.Нтэй ЖГ/17-08 тоот Орон сууц эзэмшүүлэх гэрээг байгуулсан ба тус гэрээгээр орон сууцыг ажилтны өмчлөлд шилжүүлэх нөхцөлийг тохирсон. Өөрөөр хэлбэл, ажилтны өмчлөлд эдгээр орон сууцыг шууд шилжүүлээгүй бөгөөд түр эзэмшүүлж, гэрээнд заасан нөхцөл хангагдсан тохиолдолд тус орон сууцны өмчлөгч болох нөхцөлтэй гэрээ байгуулагдсан. Ажилтан гэрээнд заасан нөхцөлөө биелүүлсэн тул ажилтны өмчлөлд орон сууцыг шилжүүлэхээр болж “Ж” ХХК-ийн зүгээс тус орон сууцыг банкны зээлийн барьцаанаас суллуулахаар Хадгаламж банктай ярилцан шийдэлд хүрэхээр ажиллаж байх явцад “Ж” ХХК-ийн санхүүгийн байдал хүндэрч улмаар ажиллагаа зогссон тул банктай хийх хэлцэл одоог хүртэл сунжирч тодорхой үр дүнд хүрч чадаагүй. Ажилтны өмчлөлд шилжүүлэхээр тохирсон орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байгаа, харин барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ш.Бшүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилтнууддаа эзэмшүүлсэн орон сууцнуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тэдгээрийн нөхцөл, хугацааг нь бүрэн хангагдах хүртэл түр хувь хүний нэр дээр гаргаж, нөхцөл хугацаа нь хангагдсаны дараа өөрсдийнх нь нэр дээр шилжүүлэх нь зүйтэй гэж “Ж” ХХК-ийн Ерөнхий захирал шийдвэрлэсэн бөгөөд 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А-60 тоот тушаал гарсан. Уг тушаалын дагуу ажилтнуудад эзэмшүүлсэн орон сууцуудыг Санхүүгийн газрын захирал Ш.Бминий нэр дээр түр шилжүүлсэн. Хэдийгээр эдгээр орон сууцууд нь Ш.Бминий нэр дээр түр шилжсэн ч захиран зарцуулах эрх нь “Ж” ХХК-ийн Ерөнхий захирлын мэдэлд байсан. Ерөнхий захирал энэхүү эрх мэдлийнхээ хүрээнд орон сууцыг компанийн Хадгаламж банкнаас авсан зээлийн эргэн төлөлтөд барьцаалсан. Иймд дээрх орон сууцтай холбоотой асуудлыг “Ж” ХХК-д хандаж гаргана уу гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027093 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 49Б дүгээр байрны 41 тоот 61.25 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Нийг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-аас 35 100 төгрөгийг, хариуцагч Ш.Батсайханаас 35 100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 14-р хороо 49б байрны 41 тоот 61.25 м.кв талбай бүхий орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэлгүйгээр “орон сууцыг барьцаанд тавьсныг талууд баримтаар нотлоогүй” гэх үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байхад шаардлагыг хэрэгсэхгүй болгож хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн зарим шаардлагын үндэслэл тодорхойгүйгээс зохигчид барьцаанаас чөлөөлөх шаардлагын талаар бодитоор мэтгэлцээгүй, эрх зөрчигдөж болзошгүй эдгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч Н.Н нь “Ж” ХХК, Ш.Бнарт холбогдуулж Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 49б байрны 41 тоотод байршилтай 62.25 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч, барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр талуудын хооронд орон сууц эзэмшүүлэх гэрээ байгуулагдсаны үндсэн дээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49б байрны 41 тоот, 61.25 м.кв 2 өрөө орон сууцыг Н.Н-д эзэмшүүлж 22 дугаартай “орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ”-г олгосон ба 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дээрх гэрээг дүгнэсэн актын дагуу орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тогтсон боловч уг орон сууцны өмчлөх эрхийн бүртгэл хариуцагч Ш.Батсайханы нэр дээр хийгдсэн. Түүнчлэн “Ж” ХХК-ийн үүргийн барьцаанд байгаа талаар хариуцагч нар тайлбарлажээ.

Иймд үл хөдлөх хөрөнгийг бусдын өмчлөх эрхэд бүртгэлтэй байгааг хэрхэхийг шийдвэрлэлгүйгээр өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг үндэслэлтэй гэж үзэхгүйгээс гадна Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгч этгээд бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхийн үндэслэлд хамаарах зохицуулалтыг хэрэглэсэн нь алдаатай байна. Учир нь талуудын хооронд орон сууц эзэмшүүлэхтэй холбоотой гэрээ байгуулагдсан байхад өмчлөгчийн шаардах эрхийн агуулгаар гаргасан нэхэмжлэлд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Мөн шүүх “Ж” ХХК болон Хадгаламж банк ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний эргэн төлөлтөд маргаан бүхий орон сууцыг барьцаалсан талаарх болон уг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нөхцөл байдлыг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлагын агуулга үндэслэлд хамаарах эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй тул зохигчдыг уг маргаантай асуудлаар мэтгэлцсэн гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн дээрх шаардлага нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан барьцааны эрхийг дуусгавар болгохтой холбоотой шаардлага бөгөөд шүүх тус хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-160.1.6-д заасан үндэслэлүүдийн аль нь бүрдсэн эсэхийг тодорхойлохын тулд барьцааны гэрээний талуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00450 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

          ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                          А.ОТГОНЦЭЦЭГ