| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2023/0055/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/56 |
| Огноо | 2023-07-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/56
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г-ын С-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг ...-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймаг .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Г-ын С /РД:.../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймаг ... тоотод өөрийн дагавар бага насны хүүхэд болох 10 настай, С.Г-ыг орон дээр хэвтэж байхад нь дүү нараа зовоолоо, даалгавраа хийсэнгүй гэсэн шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүр, толгой хэсэг буюу хамар, дух, нүд баруун, зүүн шанаа хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, биед хамар ясны далд хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаа духанд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун дээд зовхи, нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г-ын С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймаг ... тоотод өөрийн дагавар бага насны хүүхэд болох 10 настай, С.Г-ыг орон дээр хэвтэж байхад нь дүү нараа зовоолоо, даалгавраа хийсэнгүй гэсэн шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүр, толгой хэсэг буюу хамар, дух, нүд баруун, зүүн шанаа хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, биед хамар ясны далд хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаа духанд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун дээд зовхи, нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/, насанд хүрээгүй хохирогч С.Г-ын мэдүүлэг /хх-ийн 06-07/, гэрч Ж.О-ийн мэдүүлэг /хх-ийн 09/, гэрч Ш.Г-ын мэдүүлэг /хх-ийн 11/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 15-16/, шинжээчийн ...-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25/, Шүүх сэтгэц гэм судлалын №... дугаартай дүгнэлт /хх-ийн 30/ шүүгдэгч Г.С-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирлын хувьд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогч нар нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч С.Г-ын эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардалд зарцуулсан 1,397,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн тул шүүгдэгчээс эмчилгээний зардал 1,397,000 төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст ологохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын С-г 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.С-ээс насанд хүрээгүй хохирогч С.Г-ын эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 1,397,000 /нэг сая,гурван зуун ерэн долоон мянга/ төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
5. Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг барим нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц