| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2019/03491/и |
| Дугаар | 181/ШШ2020/00356 |
| Огноо | 2020-02-03 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2020/00356
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж өөрийн байранд байрлах, БГД /УБД:9070007106, РД:9090142/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимп гудамж, Аюуд цамхаг барилга 906 тоотод байрлах, ЭЗ ТББ /УБД9071011112, РД:8028729/-д холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 555 700 төгрөг, алданги 277 850 төгрөг нийт 833 550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч БГД шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЭЗ ТББ нь Монгол Улсын Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1,17 дугаар зүйлийн 1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2019 оны 03 дүгээр сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 555 700 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т заасан заалтын дагуу ЭЗ ТББ -ийн дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 555 700 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан алданги 277 850 төгрөг, бүгд 833 550 төгрөгийг ЭЗ ТББ -иас гаргуулж Баянгол дүүргинй Нийгмийн даатгалын хэлтсийн төрийн банкан дахь 105100004490 тоот дансанд шилжүүлж шимтгэлийн өрийг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оргилуун шүүхэд гаргасан хүсэлтдээ: БГД нэхэмжлэлтэй ЭЗ ТББ-д холбогдох 833 550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч БГД нь хариуцагч ЭЗ ТББ-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 555 700 төгрөг, алданги 277 850 төгрөг, нийт 833 550 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оргилуун нь хариуцагч ЭЗ ТББ-ийг нийгмийн даатгалын өрийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч ЭЗ ТББ нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй нь БГД нь хариуцагч ЭЗ ТББ-аас төлбөрийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
БГД 2019 оны 12 пугаар сарын 02-ны өдөр олгосон итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оргилуунд нэхэмжлэлээс татгалзах эрхийг олгосон байна.
Ийнхүү нэхэмжлэгч БГД нь ЭЗ ТББ-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 833 550 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, ЭЗ ТББ-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч БГД нь хариуцагч ЭЗ ТББ-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 555 700 төгрөг, алданги 277 850 төгрөг, нийт 833 550 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, ЭЗ ТББ-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч БГД нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА