Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/514

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Энх-Амгалан, хохирогч Д.*********, шүүгдэгч А.*********, түүний өмгөөлөгч Б.Саруул, нарийн бичгийн дарга  Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********* овогт *********ын *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310013960608 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Завхайн аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, Оюу толгойн уурхайн ********* Монгол ХХК-ийн тэсэлгээний инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ********* 26 дугаар байр, 119 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* овогт *********ын ********* /РД: *********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.********* нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ********* 26 дугаар байрны 119 тоотод 18 цагийн орчим эхнэр Д.*********тай архи уугаагүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун завжинд язарсан шарх зүүн завж, толгойн хуйх, эрүү, хүзүү, баруун тохой, өгзөг, зүүн бугалга, шуу, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг:

 

Хохирогч Д.*********: “...Өдөр нөхөртэйгөө ярихад ажлаасаа бууж байна гэж байсан, орой хүүхдээ сургуулиас нь аваад гэртээ ирэхэд архи үнэртсэн, тэгээд яагаад ажлаасаа дөнгөж ирээд архи ууж байгаа юм, чи яв, эсхүл би явъя гэж уурласан, ер нь би алгадсан. Нөхөр маань бухимдалтай байж байгаад намайг зөрүүлээд алгадаж, үстсэн. Хүүхэд маань уйлаад айсан учраас болъё, хүүхдээ айлгаад байна гэж хэлсэн. Тэгэхэд хажуу өрөөнд орж ярилцъя гээд унтлагын өрөөнд орсон. Тэгээд том өрөөнд хүүхэд уйлаад байхаар нь нөхөр хүүхэд рүүгээ явахаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд гараад явсан хойгуур нь цагдаа нар ирээд хаашаа явсан гэхээр нь мэдэхгүй байна, ямар ч байсан гараад явсан гэсэн. Хоёр цагдаагийн нэг нь надтай байж байхад нөгөө цагдаа нь гарч яваад нөхрийг дагуулж орж ирсэн. Тэгээд манай нөхрийн хувцсыг нь өмсүүлээд аваад явсан. Тэгээд нэг цагдаа нь үлдэж асуулт асууж эхэлсэн. Тухайн үед стресстэй буюу бодит мэдүүлэг өгч байгааг ойлгохгүй, зарим асуултыг ойлгохгүйгээр хариулсан. Нэлээн хурдтай асууж байсан. Бичиж биш шууд апплейкшн бөглөж байсан. Миний хувьд анх удаа тэгж мэдүүлэг өгсөн болохоор зарим асуултыг нь бүрэн сайн ойлгоогүй. Аюулын зэргийн үнэлгээтэй шүүх хуралдаан зарласны дараа танилцсан. Тэгэхэд өөрийгөө удирдах чадваргүй буюу стресс бухимдалтай байсан юм болов уу гэмээр хариултууд өгсөн байсан. Хүүхдийн бэлгийн хүчирхийлэл гэдгийг эхэлж буруу ойлгоод “тийм” гэж хариулаад дараа нь “тийм биш, тийм нөхцөл байдал үүсээгүй” гэдгийг хэлсэн, 9 цаг өнгөрөөд түгжрэлгүй болохоор Хан-Уул дүүргийн цагдаагийн газар очиж мэдүүлэг өгөхдөө тэр тухайгаа тайлбарлаж хэлсэн байгаа. Нөхрийг аваад явсны дараа хүүхдийн хамт очиж мэдүүлэг өгөөд маргааш яах талаар надад тайлбарлаж хэлсэн. Маргааш нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны байцаагч Цогнэмэх гэх байцаагч дээр очиж мэдүүлэг өгсөн. Тухайн үед шүүх шинжилгээнд хамрагдах уу гэж асуухаар нь “тухайн үед миний бие зовуурьтай байсан болохоор үзүүлнэ” гэж хэлээд шүүх шинжилгээнд хамрагдсан. Миний биед гар хүрч байгаа юм чинь цаашид архи ууж энэ үйл баримт давтагдах болов уу гэж бодож энэ хүнтэй хамтарч амьдрахгүй гэдэг дээр шийдвэр гаргасан байсан. Шүүх шинжилгээний хариутай танилцаад, энэ хугацаанд гэр бүлийнхэнтэйгээ уулзаж харьцангуй тайвшраад асуудлыг бодитоор харахад хугацаа байсангүй. Мөнх-Эрдэнэ байцаагч дээр мэдүүлэг өгөхдөө нөхөртэйгөө хамт амьдрах талаар хэн нэгэндээ хугацаа өгч бодолцож ярилцаж байгаа. Гэхдээ хэргийг нааштайгаар шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг илэрхийлж байсан. Мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн гомдол саналгүй хэргийг хааж өгнө үү, бид хоёр тодорхой хэмжээний ойлголцолд хүрэх гэж байгаа гэсэн хүсэлтийг илэрхийлсэн байсан. Тэгээд ингээд болчих байх гэж бодсон, цаашаа процесс үргэлжилнэ гэж мэдээгүй, анх удаагаа шүүх цагдаагаар явж байгаа учраас мэдээгүй. Хууль зүйн туслалцаа авах хэмжээний шаардлага үүссэн гэж бодоогүй. Прокурорын шатанд очиход энэ асуудал нэг ингээд явах юм бол цаашаа үргэлжлээд явдаг юм байна гэдгийг бага зэрэг ойлгож эхэлсэн. Тэгээд прокурорын шатанд энэ хэргийг хааж өгнө үү гэсэн өргөдлийг гаргаж байсан. Процесс цаашаа үргэлжлээд явдаг юм байна. Энэ нөхцөл байдал ганц манай нөхрийн буруутай үйлдэл биш миний ч гэсэн уур бухимдал, стресс мэдлэггүй байдал болон миний эхэлж цохисон буруу байсан байх гэж бодсоны үндсэн дээр уулзаж ярилцсан. Тэгээд ч өмгөөлөгч авч асуудлыг хүндрүүлье гэж бодоогүй. Бид хоёр ярилцаад цаашид архи уухгүй, хүүхдийн төлөө яах уу гэдэг талаараа ярилцаж архи уухгүй, хамтран амьдрах амлалтаа өгсөн, саллаа гэхэд хүүхэд хохирно. Миний хувьд салах бодол байгаагүй. Тухайн нөхцөл байдлыг эхний удаад таслан зогсооё, энэ хүн эрүүлээр хэлээд ойлгохгүй юм байна ямар нэгэн хөндлөнгийн буюу шүүх, цагдаагийн байгууллагаар хэлэхгүй бол ойлгохгүй юм байна гэсэн бодолтой байсан. Тэгээд бид хоёр ярилцаад нөхөр маань дахин архи уухгүй, гэр бүлийнхээ төлөө хамт амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхээр нь би хүлээж авч, уучилсан. Одоо бид хоёр хамт амьдарч байгаа. Тэгээд өөрсдийнхөө хүлээн зөвшөөрөх болоод хүлээн зөвшөөрөхгүй асуудлуудаа ярилцаж тохиролцсон. Цаашид гэр бүлээрээ хамтран амьдрахад нөхөр маань эрүүгийн хэрэгтэн болох юм бол гэр бүл болон үр хүүхдийн маань амьдралд сөргөөр нөлөөлөх байх гэж бодож байгаа тул энэ хэргийг цагаатгаж өгнө үү, нөхөр маань гэм буруугаа хүлээсэн. Миний ч гэсэн буруу байсан. Би тухайн үед мэдүүлэг өгөхдөө өөрийгөө бүрэн дүүрэн 100 хувь илэрхийлж ойлгох чадваргүй байсан учраас зарим зүйлийг буруу, ташаа хэлсэн зүйл байгаа. Энэ байдлуудыг бодолцож тус хэргийг цагаатгаж өгнө үү...” гэв.

 

          Шүүгдэгч А.*********: “...2023 оны 04 дүгээр сарын 5-ны өдөр ажлаасаа бууж өдрийн онгоцоор 2 цаг өнгөрч байхад ирээд 120-ийн тэнд ажлынхантайгаа төрсөн өдөр тэмдэглэж 2 пиво уугаад 15 цаг 30 минутын үед гэртээ харьсан. Оюутолгойн олборлолт эхлээд бид нарыг урамшуулж “Номин”-гийн 500,000 төгрөгийн ваучер өгснийг эхнэрээ баярлуулах гэж ширээн дээр тавиад унтсан байсан. Тухайн өдөр 6 цаг өнгөрч байхад эхнэр хүүхэд орж ирээд архи үнэртлээ гэхээр нь тухайн үедээ архи уугаагүй гээд хэлчихсэн. Тэгээд архи уусан уугаагүй гэж муудалцсан. Тэгээд эхнэр цохиж зодоод байхаар нь нэг удаа хацар луу нь алгадсан. Гэнэт уур хүрээд дандаа дээрэлхүүлж чадахгүй шүү гэж хэлээд хоолойг нь боож хүүхдээс хол очиж хэрэлдье гээд нөгөө өрөөнд орж хүүхдээ аргадаад байж байхад эхнэр ороод ирэхээр нь тамхи татах гэсэн чинь тамхи дууссан байсан. Надтай лифтэнд 2 цагдаа зөрсөн. Тэгээд дэлгүүрээс тамхи аваад гарч ирэхэд өөдөөс нэг цагдаа гарч ирээд хамт лифтэнд сууж дээшээ гарсан. Байрны орцны тагт дээр гарч тамхи татахад тэр цагдаа дагаад яваад байсан. Тэр үед та тамхиа тайван тат тат гээд байсан. Тэгээд гэртээ ороход хувцсаа өмс хамт явъя гээд Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэх рүү авч явсан. Тэндээ очиж хоносон. Миний согтолтын зэрэг 0.82 хувьтай байсан. Маргааш нь 11 цагийн үед Цогсүрэн гэж хүн ирж авч мэдүүлэг авахдаа өмгөөлөгч авах уу, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх үү гэж асуухаар нь ах нь өмгөөлөгч яаж авдгийг мэдэхгүй гэсэн. Тэгэхэд тэнд байсан цагдаа нар өмгөөлөгч хэрэггүй, мөнгөний гарз болно, мөн цаг зав аа алдана, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн нь дээр олон жилийн туршлагаас гээд байсан. Тэгэхээр нь өмгөөлөгчгүй мэдүүлэг өгч, асуусан асуултад нь хариулсан. Дараа нь би ажилдаа яваад шөнийн ээлжинд гараад байж байхад Мөнх-Эрдэнэ гэж байцаагч над руу утасдаад яаралтай ирж мэдүүлэг өг, тэгэхгүй бол зугтаасан эгж үзэж албадан ирүүлнэ гэхээр нь ажлаасаа чөлөө аваад маргааш өдрийн онгоцоор нисэж ирсэн. Мөнх-Эрдэнэ байцаагчид мэдүүлэг өгөхөд мөн л өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх үү, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх үү асуусан. Тэнд байсан цагдаа нар өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн дээр гэдэг юм байна лээ. Би хуулийн процесс яаж явдгийг мэдэхгүй, гэхдээ болсон зүйлийг үнэнээр нь хэлсэн. Ямар ч байсан өмгөөлөгч оролцуулахгүйгээр мөрдөн шалгаж ажиллагаа явуулсан. Тэгэхэд та өөрийгөө өмөөрч мэдүүлэг өгч болохгүй, бүх бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өг гэж хэлсэн. Мөн та аятайхан байх юм бол бид нар ч гэсэн аятайхан байна гэж байсан. Эхнэртээ гар хүрсэн нь миний буруу учраас би бүх болсон процессыг ярьсан...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Д.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...өмнө нь нэг удаа гар хүрч байсан, ...тухайн өдөр хүүхдээ сургуулиас аваад орой 18 цагийн үед орж ирсэн тэгсэн манай нөхөр ********* нь согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн байдалтай том өрөөний буйдан дээр хэвтэж байсан тэгээд хүү бид хоёрыг орж ирэх үед сэрсэн би нөхрөөсөө яагаад архи уусан юм бэ гэхэд уугаагүй гэж худлаа хэлэхээр нь миний уур хүрээд архи уусан, уугаагүй гээд бид хоёр хэрэлдэж эхэлсэн тэгээд би *********ийг гэрээсээ хөөгөөд нүүр рүү нь алгадсан тэгэхэд надад уурлаад намайг үсдэж жижиг өрөөр рүү чирч оруулаад орон дээр дарж унагаагаад миний хоолойг боосон, тэгэхээр нь би зөрүүлээд цээж рүү нь цохисон, тэгээд намайг орон дээрээс түлхэж унагаасан...” /хавтас хэргийн 21-22 дахь тал/ гэсэн, 

 

Шүүгдэгч А.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн ажил болох Өмнөговь аймгаас ирээд ...ажлынхантайгаа Хан-Уул үүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг паб-д суугаад пиво уусан, 15 цаг өнгөрч байхад  гэртээ орсон, ...шууд том өрөөний буйдан дээр унтаад өгсөн. Тэгээд хаалга дуугарах үед би сэрсэн намайг эхнэр хүү хоёр орж ирсэн. ...намайг юм уусныг мэдсэн юм шиг байна лээ уугаагүй гээд худлаа ярьсан чинь эхнэр уурлаад байхаар нь үнэнээ хэлээд хоёр лааз пиво уусан гэхэд хацар руу нэг алгадаад хөл рүү өшиглөөд орилж чарлаад байсан тэгэхээр нь би жижиг өрөө рүү орж ярилцъя гэсэн чинь орохгүй байсан. Тэгэхээр нь би баруун гараараа хацар руу нь нэг удаа алгадаад үстээд чирээд жижиг өрөөр рүү оруулсан чинь эхнэр бүүр уурлаад намайг өшиглөж цохиод байсан тэгэхээр нь би уурлаад хоолойг нь боогоод ор луу унагаагаад дарсан тэгээд хүүхэд цаад өрөөнд уйлаад байна ярилцъя гэхэд эхнэр хүлээж авахгүй байсан тэгэхээр нь би босоод ирэхээр нь хонго гуя хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн...” /хавтаст хэргийн 38-39, 44-45 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4725 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.*********ын биед баруун завжинд язарсан шарх, зүүн завж, толгойн хуйх, эрүү, хүзүү, баруун тохой, өгзөг, зүүн бугалга, шуу, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн 28-29 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 8 дахь тал/,  

- Аюулын зэргээ үнэлгээ /хавтас хэргийн 13-14 дэх тал/,

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 50 дахь тал/,

- Шүүгдэгч А.*********ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/, ажлын газрын тодорхойлолт /хавтас хэргийн 48 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 51-53 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч А.********* нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ********* 26 дугаар байрны 119 тоотод 18 цагийн орчим эхнэр Д.*********тай архи уугаагүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун завжинд язарсан шарх зүүн завж, толгойн хуйх, эрүү, хүзүү, баруун тохой, өгзөг, зүүн бугалга, шуу, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.*********ын “...Өмнө нь нэг удаа гар хүрч байсан, ...тухайн өдөр хүүхдээ сургуулиас аваад орой 18 цагийн үед орж ирсэн тэгсэн манай нөхөр ********* нь согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн байдалтай том өрөөний буйдан дээр хэвтэж байсан тэгээд хүү бид хоёрыг орж ирэх үед сэрсэн би нөхрөөсөө яагаад архи уусан юм бэ гэхэд уугаагүй гэж худлаа хэлэхээр нь миний уур хүрээд архи уусан, уугаагүй гээд бид хоёр хэрэлдэж эхэлсэн тэгээд би *********ийг гэрээсээ хөөгөөд нүүр рүү нь алгадсан тэгэхэд надад уурлаад намайг үсдэж жижиг өрөөр рүү чирч оруулаад орон дээр дарж унагаагаад миний хоолойг боосон, тэгэхээр нь би зөрүүлээд цээж рүү нь цохисон, тэгээд намайг орон дээрээс түлхэж унагаасан...” /хавтас хэргийн 21-22 дахь тал/ гэсэн, 

Шүүгдэгч А.*********ийн: “...2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн ажил болох Өмнөговь аймгаас ирээд ...ажлынхантайгаа Хан-Уул үүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг паб-д суугаад пиво уусан, 15 цаг өнгөрч байхад  гэртээ орсон, ...шууд том өрөөний буйдан дээр унтаад өгсөн. Тэгээд хаалга дуугарах үед би сэрсэн намайг эхнэр хүү хоёр орж ирсэн. ...намайг юм уусныг мэдсэн юм шиг байна лээ уугаагүй гээд худлаа ярьсан чинь эхнэр уурлаад байхаар нь үнэнээ хэлээд хоёр лааз пиво уусан гэхэд хацар руу нэг алгадаад хөл рүү өшиглөөд орилож чарлаад байсан тэгэхээр нь би жижиг өрөө рүү орж ярилцъя гэсэн чинь орохгүй байсан. Тэгэхээр нь би баруун гараараа хацар руу нь нэг удаа алгадаад үстээд чирээд жижиг өрөөр рүү оруулсан чинь эхнэр бүүр уурлаад намайг өшиглөж цохиод байсан тэгэхээр нь би уурлаад хоолойг нь боогоод ор луу унагаагаад дарсан тэгээд хүүхэд цаад өрөөнд уйлаад байна ярилцъя гэхэд эхнэр хүлээж авахгүй байсан тэгэхээр нь би босоод ирэхээр нь хонго гуя хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн...” /хавтаст хэргийн 38-39, 44-45 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 4725 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Д.*********ын биед баруун завжинд язарсан шарх, зүүн завж, толгойн хуйх, эрүү, хүзүү, баруун тохой, өгзөг, зүүн бугалга, шуу, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” /хавтаст хэргийн 28-29 дэх тал/ гэсэн дүгнэлт, аюулын зэргээ үнэлгээ /хавтас хэргийн 13-14 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 50 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Д.*********ын эрүүл мэндэд учирсан “...баруун завжинд язарсан шарх, зүүн завж, толгойн хуйх, эрүү, хүзүү, баруун тохой, өгзөг, зүүн бугалга, шуу, нуруунд цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч А.*********ийн түүнийг алгадах, үсдэх, чирэх, өшиглөх зэргээр зодсон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.*********ийн хохирогч Д.*********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь 2014 оноос хойш хамт амьдарч буй, дундаасаа нэг хүүхэдтэй эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.*********ийн өөрийн эхнэр Д.*********ын  биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.*********ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч А.********* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гарсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.  

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*********ын биед баруун завжинд язарсан шарх, зүүн завж, толгойн хуйх, эрүү, хүзүү, баруун тохой, өгзөг, зүүн бугалга, шуу, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгч нар эвлэрсэн хохирогчоос эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн  2310013960608 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.********* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*********: “...Аюулын зэргийн үнэлгээтэй өчигдөр танилцсан, би амьдралдаа хийх нь битгий хэл амьдралдаа сонсож, үзэж байгаагүй зүйлийг аюулын зэргийн үнэлгээнээс харлаа. Хүүхдээ ийм зүйлд оруулж байгаадаа харамсаж байна. ...Аюулын зэргийн үнэлгээтэй санал нийлэхгүй байна. яаж мэдүүлэг авахаараа ингэж гардаг юм бол. Тэр апплейкшн нь ажилладаг юм бол гэдгийг ойлгохгүй байна. Өчигдөр энийг уншаад үнэхээр их гутарлаа. Намайг ямар хүн гэдгийг эхнэр болоод ах, дүү хамаатан садан, хадмууд бүгд мэдэж байгаа. Нэг ширхэг ч үнэн юм байхгүй байсан, сүүлдээ уншиж чадаагүй. Би төрлийн хүчирхийлэгч биш, надад тийм зав ч байхгүй. ...аюулын зэрийн үнэлгээ ингэж гарсанд үнэхээр их харамсаж, гайхаж байна...” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хэргийг хүндрүүлэн зүйчлэхдээ хууль болоод өөр баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж заасан. Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, байнга хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол гэсэн нөхцөлийг шаардсан байдаг. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаас тогтоогдохгүй байна. ...Аюулын зэргийн үнэлгээг хийж өндөр гарсан эсхүл хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол хохирогч зөвшөөрөл өгсөн эсэхийг үл харгалзан сум хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэх зэрэг дараа дараагийн арга хэмжээ авагдах ёстой. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...Шинжээчийн дүгнэлтийн 4-т эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна гэж дүгнэсэн. ...2.4.1 дүгээр зүйл нь уг журмын 2.4.2-д заасантай салшгүй холбоотой бөгөөд хамтад нь харьцуулж байж эцэслэн гаргах, бие биеэ харилцан нөхөх агуулга бүхий заалт юм. 2.4.1 болон 2.4.2 заасны аль нэг нь биелэгдсэн байна гэсэн агуулга байхгүй. Дээрх заалтуудыг харьцуулж байж яг хөнгөн гэмтэл учирсан эсэхийг тогтоох ёстой байсан. Гэтэл гэмтлийн зэрэг тогтоохдоо 2.4.1 дүгээр зүйл буюу эрүүл мэнд түр хугацаагаар сарних хугацааг 2.4.2 дугаар зүйлд хөдөлмөрийн чадвар алдалт 5-10 хувь алдах буюу бие махбодын аль хэсэгт ямар зэрэгт хохирол учруулсныг харьцуулан үзүүлээгүй. Үүний дагуу гэмтлийн зэргийг тогтоох ёстой байсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дүгээр зүйлд заасныг дагуу 4 долоо хоногоос доош бол хөнгөн, дээш бол хүндрүүлэх нөхцөл байдал үүсэж болно гэдгийг харуулсан цаг хугацааны шалгуурыг харж дүгнэлтээ гаргах ёстой байсан. 4 долоо хоногоос доош хугацаагаар эрүүл мэндийг сарниулна гэдгийг нь хараад хөнгөн гэмтэл учруулсан байна гэж дүгнэлт гаргасан байна. ...Шинжээч дүгнэлтийнхээ 5 дахь хэсэгт хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй гэж тодорхойлсон хэрнээ 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль, журмын хэрэглээний алдаа гаргасан. Мөн дээрх журмын 2.6-д заасныг харгалзаж үзэх ёстой байсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын “шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно” гэж заасан хэрэгт авагдсан нотлох баримтыг харахаар энэ заалтыг баримтлан гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт гаргах ёстой байсан. Мөн зүйлд жижиг цус хуралтыг биеийн нэг хувиас илүүгүй байхыг хэлнэ гэж заасан. Тэгэхээр шинжээчийн хэсэг газрын үзлэг гэсэн хэсэгт дурдсанаар зөөлөн эдийн няцрал байхгүй бөгөөд цус хуралттай хэсгийг хэмжээтэй нь бичсэн байгааг тооцоод үзэхээр 134.05 сантиметр байгаа. Анагаахын шинжлэн ухаанд хүний биеийн дундаж гадаргууг 1.5-2.5 метр квадрат гэж үздэг. Үүний дунджийг 2 метр квадратаар тооцоолоод үзэхээр нэг хувьд нь 200 сантиметр квадрат болж байгаа юм. Гэтэл шинжээчийн хэсэг газрын үзлэг хийсэн хэмжээс нь 134.05 сантиметр квадрат болж байгаа. Тэгэхээр нийтийн биеийн гадаргуугийн нэг хувьд хүрэхгүй хөхрөлт үүсгэсэн байна гэж үзэхээр байна. Хүний биеийн 1 хувьд хүрэхгүй хэмжээний хөхрөлт үүсгэсэн нь гэмтлийн зэрэг тогтоох нөхцөл байдал үүсээгүй болж байгаа юм. ...Нэгдүгээр цагаатгаах нөхцөл байдал, ажил хөдөлмөр хийдэг, амьдралаа авч яваа байдал зэргээс цагаатгах боломж байна. Ер нь шинжээчийн дүгнэлт алдаатай гарсан учраас энэ хэрэг шүүхийн шатанд ирсэн байна. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэснийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн “байнга” гэх шинжийг агуулахыг шаардахгүй, хэрэв шүүгдэгчийн үйлдэл нь байнга гэх шинжийг агуулж байвал гэмтлийн зэрэг учирсан эсэхээс үл хамааран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргээр давхар, эсхүл дангаар зүйлчлэгдэх хууль зүйн ойлголт.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг,

3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж заасан тул  шүүгдэгч А.********* нь өөрийн эхнэр Д.*********ын бие махбодод хүч хэрэглэн халдсан үйлдэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх шинжийг хангаж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно.

 Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан;

2.4.2 .ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...” гэж,

2.5-д “...Шинжлүүлэгчийн биед энэ журмын 2.2-2.4-т заасан шалгуур шинжүүдийн аль нэг илэрвэл энэ нь гэмтлийн зэрэг тогтоох хангалттай үндэслэл болно...” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4725 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “..хэсэг газрын үзлэгт: Эрүүний баруун доод хэсэгт 4х3см, хүзүүний урд дунд 1.5х1.5см, 2х1.5см, баруун тохойд 3х2см, өгзөгт 6х4 см, зүүн бугалганы дотор дунд 9х5см, шууны дотор хэсэгт 1.5х1.2см, гадна доод хэсэгт 2х2см, гуяны гадна дунд 4х3см, баруун бөөрний дээд хэсэгт 3х2см, зүүн бөөрний дээд хэсэгт 2х2см, бөөрний дунд хэсэгт 2.5х2 см, хөх ягаан өнгийн цус хуралттай, зулай, дагзны хуйх цэгчилсэн тархмал улаан хүрэн өнгийн цус хуралттай, хуйх, баруун шанаа хавдсан, баруун завжинд 2х1см язарсан шарх, зүүн завжинд 3х2 см улаан хүрэн цус хуралттай ...” гэж тэмдэглэж ...Д.*********ын баруун завжинд язарсан шарх, зүүн завж, толгойн хуйх, эрүү, хүзүү, баруун тохой, өгзөг, зүүн бугалга, шуу, нуруунд цус хуралт бүхий гэмтэл, ...дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ...хөнгөн зэрэгт хамаарна...” гэж дүгнэсэн бөгөөд Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.5-д 2.2-2.4-т заасан шалгуур шинжүүдийн аль нэг илэрвэл гэмтлийн зэрэг тогтоох хангалттай үндэслэл болгохоор заасан тул шинжээч хохирогчид учирсан гэмтлийн эрүүл мэндийг сарниулах хугацааг үндэслэж хөнгөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* овогт *********ын *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн  хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********ын *********ийг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.*********ид оногдуулсан 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.********* нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2310013960608 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.********* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй хохирогч Д.********* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.*********ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*********ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР