| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0161/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/161 |
| Огноо | 2023-07-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/161
2023/ШЦТ/161
| / |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Хохирогч: Э.М
Шүүгдэгч: Д.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Дн Жд холбогдох 2312000000149 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт А аймгийн Ө сумын Я багийн Я гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Ө овогт Дн Ж /РД:../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 05-ны шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Хадат булаг гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Э.Мын баруун нүд хэсэгт нь цохиж биед нь хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай 2 дүү энэ залуутай 5 ширхэг пивотой манайд ирсэн бөгөөд пиво ууж дуусаад орой нь амрахаар хэвтсэн. Тэгээд нэг хүн дуудаад байх шиг байхаар нь сэрсэн чинь Д.Ж сууж байсан. Д.Ж гараад ирэхдээ нэг шил архи аваад ирсэн байсан. Тэгээд тэр архийг уух гээд сууж байсан чинь Д.Ж гэнэт босч ирээд муусайн пизда нар гээд намайг сандлаар цохисон бөгөөд би унаад хамраас маш их цус гарсан. Цусаа тогтоогоод төв рүү орж үзүүлэх гээд явсан. Сумын төв рүү ороод эмнэлэгт үзүүлээд савхаар хатгуулаад анхан шатны үйлчилгээ авсан. Хохиролтой холбоотой 300.000 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Надад хохирол огт төлөөгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2312000000149 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Мын мэдүүлсэн: ...Би 1991 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд Эын ууган хүү болж мэндэлсэн. Архангай аймгийн Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд 2 дугаар анги хүртэл сураад сургуулиас гараад малчин болсон. Тэр жилээ Архангай аймгийн Өлзийт сум руу гэр бүлээрээ нүүж шилжиж ирсэн юм. 2012 онд өөрийн эхнэр Л.Этэй гэр бүл болж одоо Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэрт байрлах Хадатын булаг гэх газарт гэр барьж, мал маллаж, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдарч байна. 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн үед манайд гэрт миний төрсөн дүү Ц, түүний хамтран амьдрагч З, миний эцэг Эын төрсөн эгч Бын зээ болох Ж нар “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн 5 ширхэг пивотой манайд ирсэн. Тэд манайд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Манай эхнэр Э, Ж, З, Ц, бид 5 тухайн “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн 5 ширхэг пивийг хувааж уугаад ярилцаад манай гэрт суусан юм. 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03 цагийн үед авчирсан пиво нь дуусаад би гэрээс гарч нойл орчихоод буцаад гэртээ орох үед манай төрсөн дүү Ц, хамтран амьдрагч З нар нь унтаж байсан. Би ядраад бас унтаад өгсөн. 05 цагийн үед Ж гараараа дээлнээс татаад намайг сэрээсэн. Би сэрээд хартал Ж 0.5 литрийн архи барьчихсан байсан бөгөөд хаанаас авсан талаар мэдэхгүй байна. Надад хундгалж өгөөд Ж бид хоёр уугаад суусан юм. Ж гэнэт сандлаасаа босч ирээд та нар муусайн пизда нар гээд намайг баруун гараараа миний баруун нүд хэсэгт нэг удаа цохисон юм. Намайг цохих үед би сандал дээрээ сууж байсан. Миний хамраас цус гараад өвдөж байсан учир би доошоо уначихсан. Ж над руу дайраад байсан учир би гэрээсээ гараад эхнэрээ дагуулаад Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвд үзүүлсэн. Ямар шалтгааны улмаас цохисон талаар мэдэхгүй байна. Өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Гомдол саналтай байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Эгийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт байрлах Хадатын булаг гэх газарт нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг. 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед гаднаас манай нөхөр Мын төрсөн дүү болох Ц, түүний хамтран амьдрагч З, Ж нар гэрт “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн 5 ширхэг пиво авчирсан бөгөөд авчирсан пивийг нь бид нар хувааж уугаад би тэд нарт хоол хийгээд байж байсан. З 2 ширхэг 2.5 литр пиво уугаад унтаад өгсөн. 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05 цагийн үед хоолоо дуусаад Ж, Ц хоёрт хоол хийж өгөөд тэгээд Ц хоолоо идээд унтаад өгсөн. Ж манай нөхрийг сэрээгээд Ж 0.5 литрийн архи гаргаж ирээд Мад хундгалж өгсөн. Ж гэнэт сандлаасаа босч ирээд гараа дэлгээд, пизда нар юу гээд байгаа юм гэж хэлээд баруун гараараа Мын зүүн нүд хэсэгт нэг удаа цохичихсон. Мын хамраас цус гараад доошоо хараад унасан. Би Ц, З хоёрыг сэрээгээд ахыг чинь зодчихлоо гэж хэлсэн. Мын хамрын цусыг тогтоогоод бид хоёр Архангай аймгийн Өлзийт сумын төв рүү яваад Эрүүл мэндийн төвд үзүүлсэн. Ямар шалтгааны улмаас цохисон талаар мэдэхгүй байна. Өс хонзон, өр авлагын асуудал асуудал байхгүй. Мын зүүн нүд хэсэг хөхөрсөн, улайсан, хамар нь хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Цийн мэдүүлсэн: ...2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед би өөрийн гэр болох Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Шар өлөн гэх газраас өөрийн нөхөр Зын хамт Өлзийт сумын төв рүү ноолуураа зарах зорилготой орж ирсэн. Манай нөхөр З нь миний төрөл садан болох Жтэй найз нөхдийн холбоотой. Жтэй уулзаагүй 2 жил болж байна, уулзмаар байна гэж хэлсэн. Тэгээд Ж рүү яриад гэрээс нь аваад дэлгүүр ороод лаазтай пиво аваад Өлзийт сумын “Алтан цайдам” зоогийн газарт сууж байгаад пиво ууж дуусаад нөхөр, бид хоёр гэр рүүгээ явлаа, очиж эм ямаагаа самнана гэж хэлэх үед Ж би танай эзэмшлийн ямааг самная гэж хэлсэн. Миний төрсөн ах Мын гэр манайхаас 3 км зайтай байдаг юм. Тийм болохоор гэр рүүгээ харих замдаа ахын гэрээр орно гэсэн болохоор “Уран дөш” мини маркетаас 5 ширхэг 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво, 2 шил 0.5 литрийн ямар нэртэй гэдгийг нь санахгүй байна, архи аваад М ахынх руу явсан. Мын гэрт 23 цагийн үед очсон байх гэж санаж байна. Бид нар пиво ууж байх үед манай нөхөр З унтаад өгсөн. Би 02 цагийн үед пиво дуусаад унтаад өгсөн. 05 цагийн үед манай бэр болох Э намайг сэрээгээд М ахыг чинь Ж зодчихлоо гэж хэлсэн. Би нойрноосоо сэрээд Мыг харахад хамраас нь цус гарсан толгойгоо бариад сууж байсан. Ж харин ширээний буланд сууж байсан. М ахын толгой өвдөөд байна гэж хэлээд эхнэр Эгээ дагуулаад Өлзийт сумын төв рүү явсан. Би Жгээс яагаад Мыг цохисон талаар асуух үед би цохисон уу, М гайгүй байх тийм ээ, одоо яанаа гэж хэлсэн. М, Ж нар ямар шалтгааны улмаас маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. М дуу султай, даруухан, цөөн үгтэй хүн байгаа юм. Мын хамар цөмөрсөн байх...гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Зын мэдүүлсэн: ...Би Баянхонгор аймгаас 2023 оны 04 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Өлзийт суманд өөрийн эхнэр Ц дээр ирсэн юм. Одоо Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Шар өлөн гэх газарт эхнэр, хүүхдийн хамт амьдарч байна. 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн үед Өлзийт сумын төв рүү орж ноолуураа тушаах зорилготой эхнэрийн хамт орсон юм. Сумын төвд орж ирээд ажлуудаа амжуулаад Жтэй уулзаагүй удаж байгаа юм байна гэж хэлээд манай эхнэр Ц Ж рүү залгаад хаана байгаа газрыг нь асуугаад гэрээс нь очиж аваад дэлгүүрээс лаазтай пиво аваад “Алтан цайдам” зоогийн газарт сууцгаасан. Пиво хувааж уугаад Жд хандаж эхнэр, бид хоёр одоо гэр рүүгээ явлаа, эм ямаагаа самнах шаардлагатай гэж хэлсэн. Ж харин би танай ямааг самнаад өгье гэж хэлсэн. Мын гэр манайхаас 3 км орчим зайтай байдаг. Замаараа Мын гэрээр орохоор болсон. “Уран дөш” дэлгүүрээс 2.5 литрийн 5 ширхэг “Сэнгүр” нэртэй пиво, 0,5 литрийн 2 ширхэг “Хараа” нэртэй архи аваад 23 цагийн үед Мынд очоод пиво хувааж уугаад би унтаад өгсөн. 05 цагийн үед Э намайг сэрээгээд Ж Мыг цохичихлоо гэж хэлсэн. Намайг нойрноосоо сэрээд харахад Мын хамраас цус гарсан, Ж намайг яагаад цохиж байгаа юм бэ, сумын төв рүү явъя гэж хэлээд эхнэр Эгээ дагуулаад сумын төв рүү яваад өгсөн. М, Ж нар ямар шалтгааны улмаас маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. М, Ж нарын хооронд өс хонзон, өр авлагийн асуудал байхгүй. Даруухан төрлийн хүн байгаа юм. Ж бол түргэн ууртай, нээлттэй төрлийн хүн байгаа юм...гэх мэдүүлэг/хх-ийн 22-24 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Жгийн мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой санал, хүсэлт байхгүй. Би гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 151 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Э.Мын биед хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 29-30 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61 хуу/
Өрхийн мэдээлэл /хх-ийн 65 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 хуу/
Шүүхэд шинээр өгсөн хохиролтой холбоотой “И” баримт 6 ширхэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 05 дугаар сарын 05-ны шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Хадат булаг гэх газарт Э.М нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 05-ны шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Хадат булаг гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Э.Мын баруун нүд хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Э.Мын мэдүүлсэн “Ж гэнэт сандлаасаа босч ирээд та нар муусайн пизда нар гээд намайг баруун гараараа миний баруун нүд хэсэгт нэг удаа цохисон юм. Намайг цохих үед би сандал дээрээ сууж байсан. Миний хамраас цус гараад өвдөж байсан учир би доошоо уначихсан. Ж над руу дайраад байсан учир би гэрээсээ гараад эхнэрээ дагуулаад Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвд үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,
гэрч Л.Эгийн мэдүүлсэн “Ж гэнэт сандлаасаа босч ирээд гараа дэлгээд, пизда нар юу гээд байгаа юм гэж хэлээд баруун гараараа Мын зүүн нүд хэсэгт нэг удаа цохичихсон. Мын хамраас цус гараад доошоо хараад унасан. Би Ц, З хоёрыг сэрээгээд ахыг чинь зодчихлоо гэж хэлсэн. Мын хамрын цусыг тогтоогоод бид хоёр Архангай аймгийн Өлзийт сумын төв рүү яваад Эрүүл мэндийн төвд үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
гэрч Э.Цийн мэдүүлсэн “05 цагийн үед манай бэр болох Э намайг сэрээгээд М ахыг чинь Ж зодчихлоо гэж хэлсэн. Би нойрноосоо сэрээд Мыг харахад хамраас нь цус гарсан толгойгоо бариад сууж байсан. Ж харин ширээний буланд сууж байсан. М ахын толгой өвдөөд байна гэж хэлээд эхнэр Эгээ дагуулаад Өлзийт сумын төв рүү явсан. Би Жгээс яагаад Мыг цохисон талаар асуух үед би цохисон уу, М гайгүй байх тийм ээ, одоо яанаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19/,
гэрч Э.Зын мэдүүлсэн “05 цагийн үед Э намайг сэрээгээд Ж Мыг цохичихлоо гэж хэлсэн. Намайг нойрноосоо сэрээд харахад Мын хамраас цус гарсан, Ж намайг яагаад цохиж байгаа юм бэ, сумын төв рүү явъя гэж хэлээд эхнэр Эгээ дагуулаад сумын төв рүү яваад өгсөн” гэх мэдүүлэг/хх-ийн 22-24/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Д.Жгийн яллагдагчаар мэдүүлсэн “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,
хохирогч Э.Мын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 151 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Д.Ж нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Д.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Ж болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Д.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 05-ны шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Хадат булаг гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Э.Мын баруун нүд хэсэгт нь цохиж, зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Жгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан боловч дахин тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлөөгүй, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Д.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ж нь дээрх хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Э.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.
Шүүгдэгч Д.Ж нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, хохирогч Э.М нь хохиролд 379.831 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилсэн байх бөгөөд хохирогч Э.Мын хэрэгт өгсөн хохирогчийн эмчилгээтэй холбоотой болон нааш, цааш явсан бензиний зардал болох нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлогдсон 256.831 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Э.Мад олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч Э.Мын нэхэмжлэлээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 46 минутад буюу гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө авсан бензиний үнэ 40.000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр юу авсан нь тодорхойгүй “Хаан” банкны картны гүйлгээний баримттай 83.000 төгрөг, нийт 123.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж, хохирогч нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Дн Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жгээс 256.831 /хоёр зуун тавин зургаа мянга найман зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулан хохирогч Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Хадатын булаг гэх газарт оршин суух Ө овогт Эын М /РД:../-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 123.000 /нэг зуун хорин гурван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Д.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ