Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2020/00406

 

2020 02 07

181/ШШ2020/00406

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 23 байр, 40 тоот хаяг оршин суух П О ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 07 дугаар хороолол, 4б байр 23 тоот хаягт оршин суух Н овогт ДХ д холбогдох

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие дүү С танил Хтай 2018 оны 6 сарын 12-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах К төвийн ресторанд анх уулзаж танилцсан юм. Энэ хүнтэй уулзах болсон гол шалтгаан нь тухайн үед Х нь ШУТИС-д багшлаж байсан бөгөөд манай хүүхэд тус сургуулийн барилгын инженерийн 4-р курсэд сурч байсан юм. Хүүхдийнхээ шалгалтын дүнг дээшлүүлэх, хичээлийн кредитийн дутууг гүйцээх зорилготой уулзаж ярилцсан.

Миний дүү С хэлэхдээ Х багш энэ асуудлыг шийдэж зохицуулж өгдөг гэсэн мэдээллийн дагуу тохирч ярилцсан юм. Х багш надад хэлэхдээ одоо хичээл дуусах гэж байна гэхдээ би зохицуулж өгье надад 3 000 000 төгрөг өгчих гэсний дагуу би Х багшид уг мөнгийг дансаар шилжүүлж өгсөн юм. Гэтэл Х багш олдохгүй байна удирдлага солигдоод хөдөлгөөн ихтэй байна гэсэн шалтаг зааснаар олон сарыг өнгөрөөсөн юм. Би Х багшийг болохгүй бол мөнгөө буцааж авьяаа гэхэд маргааш өгье төдий өдийд өгье гэж ярьсаар өдийг хүрлээ. Иймд Х багшаас 3 000 000 төгрөгийг өгнө үү.гэжээ.

 

Нэхэмжлэгч П.О нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд Хаас 3 000 000 төгрөгийн нэхэмжилсэн. Тэгтэл Х нь надаас авсан 3 000 000 төгрөгийг саяхан буцааж надад өгсөн учраас би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч: П.О нь хариуцагч Д.Хт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.О нь хариуцагч Д.Хыг нэхэмжлэлийн шаардлага 3 000 000 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч П.О нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Д.Хт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.О нь хариуцагч Д.Хт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Д.Хт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгнөөс 31 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 31 475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж П.Од олгосугай..

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА