| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0165/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/163 |
| Огноо | 2023-07-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/163
2023/ШЦТ/163
| / |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал
Шүүгдэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Бгийн Бад холбогдох 23120000000170 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Ц сумын Т багийн .. хорооллын .. тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, У овогт Бгийн Б /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн орой 20 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Гыг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун доод үүдэн 1 дүгээр шүд унасан, доод уруулын дотор салстад язарсан шарх, баруун зовхи, хацарт цус хуралт, хамар, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр хохирогч Г 2 хүүхэнтэй архи ууж байсан. Тэгээд явахдаа цагаан машинтайгаа явсан. Хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байгаа. Намайг пиво уусан гэж худлаа яриад байгаа. Хохирогч багаа ав гээд намайг эхлээд цохисон. Тэгээд миний хамраас цус гарахаар нь би уурандаа хохирогчийг нэг удаа цохисон. Тэрнээс биш би эрүүл байж согтуу хүмүүстэй зодоон хийхгүй байсан. Өөрсдөө шал согтуу байсан. Гэрч, хохирогч нар нийлээд хүнийг гүжирдээд байгаа. Хохирогчид хохирол учирсан, надад хохирол учраагүй болохоор би буруутай болоод байгаа. Гэхдээ би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2312000000170 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Гын мэдүүлсэн: ...Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад санал, хүсэлт байхгүй. Би тэр орой нь хөдөө явах гэж байгаад Б гэх залуу, Д, бас нэг эгчтэй явж байхтай таараад бид 4 голын зах дээр очоод 1 том пиво уугаад байж байгаад Б миний мотоциклиор гэртээ харчихаад ирнэ гээд явсан. Бид нарын ууж байсан пиво дуусч байхад нэг мотоцикльтой нүүрэндээ багтай залуу ирээд Дтой юм ярьж байсан, азарганы наймаа хийсэн, тэр талаар юм ярьж байсан. Тэр үед нь би нүүрэндээ багтай хүн хэн бэ гээд Дгоос асуухад тэр залуу хэнээр нь чи яах гэв гээд шууд ирээд миний ам руу гараараа цохисон. Би газар сууж байсан болохоор хойшоогоо унасан бөгөөд босч ирэх хооронд хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгээд би босоод зугтаагаад явж байхад замд Б ирээд яасан юм гэж надаас асуухаар нь хүнд зодуулсан гэж хэлээд би мотоциклио аваад гэртээ ирээд сумын эмнэлэгт үзүүлсэн. Өөр зүйл болоогүй. Тус сумын иргэн Б гэх хүн намайг зодож миний нэг шүд унасан, бас нэг шүд хөдөлсөн, нүүр ам хөхөрч няцарсан, толгой өвдсөн. Би тэр залууг намайг цохино гэж бодоогүй бөгөөд сууж байсан болохоор юугаар цохисон талаар нь мэдээгүй. Би гараараа л цохиж, зодсон байх гэж бодож байна. Би тэр Баасаа гэх хүн намайг цохиж зодох үед нь дээлнээс нь зуурч барьсан байх. Би цохиж зодсон асуудал байхгүй. Тэр үед Д бас нэг эгч, тэр Б гэх залуу бид хэд байсан. Сүүлд нь Б ирсэн. Намайг ямар шалтгаанаар зодож, цохисон талаар нь би мэдэхгүй байна. Би Дгоос багтай залуу хэн бэ гэж асуусан бөгөөд тэр залуу хэнээр нь чи яах гээд байгаа юм гээд шууд цохиж зодоод байсан. Тухайн зодоон болсны дараа маргааш нь над дээр ирээд намайг дуудахаар нь би уучлалт гуйх гэж ирсэн юм байх гэж бодоод уулзсан чинь чи цагдаад өгөх гэж байна уу, цагдаад өгөөд жоохон ажил л алдах байх даа, жоохон торгуулаад л сална, шоронд орохгүй шүү дээ гэхээр нь би гэртээ орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн: ...Тэр өдөр би Гтай таарсан чинь чи миний мотоциклийг хашаандаа аваачаад тавьчих, би хөдөө явах гэсэн чинь амжихгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би мотоциклийг нь унаж гэртээ очиж байж байгаад ус авах гээд ус савлаад байж байхад Баасаа мотоцикльтой над дээр ирээд мал руугаа явсан. Би гэртээ усаа аваачиж тавьчихаад Гад мотоцикль аваачиж өгөх гээд явж байхад урдаас Г явган гарч ирсэн бөгөөд яасан гэсэн чинь Баасаа намайг зодсон гээд нүүр, амнаас нь цус гарсан байхаар нь мотоциклийг нь өгөөд би өөрөө гэр рүүгээ харьсан. Яг зодоон цохион хийж байхыг нь би хараагүй. Тэр өдөр Г нь надад мотоциклио өгөхдөө би хойно голын эрэг дээр байж байна шүү, байж байгаад мотоцикль аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би мотоциклийг нь ашиглан ус авах үед голын хажууд бургасанд нэг цагаан машин байсан бөгөөд тэнд Гыг байгаа юм байна гэж бодоод мотоциклийг нь хүргэж өгөх гээд явж байхад Г нь урдаас явган өөрөө гараад ирсэн. Тухайн үед намайг ус авч байхад Б ирэх үедээ хар багтай малгай өмссөн байсан болохоор сайн анзаараагүй, Б нь эрүүл байх шиг байсан. Угаасаа Б нь архи дарс уудаггүй хүн. Харин Г нь нэлээд халамцуу байх шиг харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Дын мэдүүлсэн: ...Тэр өдөр би рашаан орох гээд явж байсан чинь гудамжинд Гтай таарсан бөгөөд хаа хүрэх гэж байгаа талаар асуухаар нь рашаан орно гэж хэлээд явсан чинь араас Г нь нэг том пиво аваад ирсэн. Тэрийг нь ууж байх зуур мотоцикльтой Б ирсэн. Б нь надаас нөхөр чинь эрүүл болсон уу, би азарган үрээ авах гээд байгаа юм гээд асуусан чинь хажуу талаас Г нь чи багтай хэн бэ, багаа ав гээд байсан чинь Б нь чи заавал таньж яах гээд байгаа юм гээд 2 удаа цохих шиг болсон. Яг хаана нь цохисныг нь хараагүй. Тэгээд л салсан. Г нь шууд доошоо сумын чигтэй алхаад явсан. Б бас мотоциклио асаагаад шууд л явсан. Их хурдан түргэн болоод салсан. Хэрүүл, маргаан болоогүй. Г нь багтай хэн бэ, танихгүй байна гэж хэлсэн. Б нь таньж яах гээд байгаа юм гээд л 2 удаа цохисон. Тэгээд л салсан. Өөр хэрүүл, маргаан болоогүй. Б нь Гыг 2 удаа гараараа цохисон. Их хурдан түргэн болсон. Яг хаана нь цохисныг нь харж амжаагүй. Харин Г нь Быг цохиж, зодож байхыг хараагүй. Б нь эрүүл байсан. Г нь авчирсан пивоноос нэг уусан байсан. Эрүүл л байсан. Тухайн үед М эгч, Г, Б, бид нар байх үед зодоон, цохион болсон...гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Бын мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Цаг хугацаа нь тохирохгүй байна. Тухайн үед бол 17 цагийн орчим болсон. Намайг явж байх үед Г 2 хүүхэнтэй цуг архи уугаад сууж байсан. Тэгснээ намайг харснаа нөгөө архиа нуугаад мөн нөгөө архины шилээрээ намайг цохих гэж дайрсан. Тэр үед би хар өнгийн баг зүүсэн явж байсан болохоор намайг багаа ав гэж хэлээд миний багийг Г толгойноос татаж авсан. Тэгснээ миний хамар хэсэг рүү гараараа цохисон. Тэгсэн чинь миний нүднээс нулимс гараад тонгойж сууж байгаад буцаж босч ирээд би Гын нүүр хэсэг рүү цохисон байх уурандаа. Тэнд байсан Д, Н эгч нар бид хоёрыг салгасан. Дгийн машиныг Г асаагаад нөгөө хоёр эмэгтэй нь суугаад явцгаасан. Харин би хөдөө гэр рүүгээ мотоциклио асаагаад явсан. Зүйлчлэлийн асуудал дээр би маргахгүй байна. Харин нүүр хэсгийн халцарсан хэсгийг би учруулаагүй. Мөн хохирогч Г худлаа мэдүүлэг өгсөн байна. Маргааш нь би эхнэр Уранчимэгийн хамт гэрт нь ороход Гын шүд нь хугарсан хэвтэж байсан. Би 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын төвөөс гараад хөдөө гэр рүүгээ явж байхад замд буюу тус сумын Алтан-Овоо багийн Алтан-Овооны ар гэх газарт Г, Д, М гурав архи уугаад сууж байхаар нь би Д эгчид хандаж сайн байна уу, танай нөхөр хаана байгаа вэ гэж асуухад манай нөхөр байхгүй гэж хэлсэн. Танай нөхөртэй чинь азарга солилцоно гэж ярьж байсан гэхэд нөгөө Г чи хэн юм гэсэн, хариуд би хэнээр нь яах гээд байгаа юм гэхэд намайг багаа ав гэж хэлээд миний багийг шууд хуу татаад авснаа миний хамар хэсэг рүү гараараа цохихоор нь би зөрүүлээд нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгээд бид хоёр салсан чинь Г ууж байсан архины шилээ аваад намайг цохих гээд дайрсан. Тэнд байсан нөгөө хоёр эмэгтэй салгаж Г Дгийн тээврийн хэрэгслийг асаасан бөгөөд нөгөө хоёр эмэгтэй машин аваад явчихлаа гэж хэлээд араас гүйж очоод тээврийн хэрэгсэл дотроо суугаад явцгаасан. Харин би мотоциклио асаагаад хөдөө гэр рүүгээ явсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Г намайг чи хэн юм гэж толгой буюу нүүр хэсэгтэй зүүсэн байсан багийг хуу татаж аваад миний хамар руу цохисон. Түүнээс өөр ямар нэгэн хэрүүл маргаан болох шалтгаан байгаагүй. Би гараараа Гын нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Түүнээс өөр цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Миний хамар хэсэг рүү гараараа цохиж миний хамраас цус гаргасан. Өөр цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Д, М эгч нар байсан. Өөр хүн бол байгаагүй. Нэг их сүртэй гэмтэл бэртэл учраагүй. Тухайн үед хамар хэсгийн мөгөөрс хөндүүрлээд байсан. Сүртэй гэмтэл учраагүй. Би Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-36хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 168 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Гын биед баруун доод үүдэн 1 дүгээр шүд унасан, доод уруулын дотор салстад язарсан шарх, баруун зовхи, хацарт цус хуралт, хамар, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар арниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулна...гэх дүгнэлт /хх-ийн 16-17 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53 хуу/
“А” дансны хуулбар /хх-ийн 54 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн орой 20 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Г нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн орой 20 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Гтай маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун доод үүдэн 1 дүгээр шүд унасан, доод уруулын дотор салстад язарсан шарх, баруун зовхи, хацарт цус хуралт, хамар, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Д.Гын мэдүүлсэн “Тэр үед нь би нүүрэндээ багтай хүн хэн бэ гээд Дгоос асуухад тэр залуу хэнээр нь чи яах гэв гээд шууд ирээд миний ам руу гараараа цохисон. Би газар сууж байсан болохоор хойшоогоо унасан бөгөөд босч ирэх хооронд хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгээд би босоод зугтаагаад явж байхад замд Б ирээд яасан юм гэж надаас асуухаар нь хүнд зодуулсан гэж хэлээд би мотоциклио аваад гэртээ ирээд сумын эмнэлэгт үзүүлсэн. Тус сумын иргэн Б гэх хүн намайг зодож миний нэг шүд унасан, бас нэг шүд хөдөлсөн, нүүр ам хөхөрч няцарсан, толгой өвдсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,
гэрч Б.Бийн мэдүүлсэн “Би гэртээ усаа аваачиж тавьчихаад Гад мотоцикль аваачиж өгөх гээд явж байхад урдаас Г явган гарч ирсэн бөгөөд яасан гэсэн чинь Баасаа намайг зодсон гээд нүүр, амнаас нь цус гарсан байхаар нь мотоциклийг нь өгөөд би өөрөө гэр рүүгээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
гэрч Н.Дын мэдүүлсэн “Б нь надаас нөхөр чинь эрүүл болсон уу, би азарган үрээ авах гээд байгаа юм гээд асуусан чинь хажуу талаас Г нь чи багтай хэн бэ, багаа ав гээд байсан чинь Б нь чи заавал таньж яах гээд байгаа юм гээд 2 удаа цохих шиг болсон. Б нь Гыг 2 удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24/
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн “Тэгсэн чинь миний нүднээс нулимс гараад тонгойж сууж байгаад буцаж босч ирээд би Гын нүүр хэсэг рүү цохисон байх уурандаа. Маргааш нь би эхнэр Уранчимэгийн хамт гэрт нь ороход Гын шүд нь хугарсан хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36/,
хохирогч Д.Гын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 168 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Б.Б нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн орой 20 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Гтай маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж, зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Хохирогч Д.Г нь “хохирлоо аваагүй, шүдээ хийлгэх хохирлоо нэхэмжилнэ” гэсэн байх боловч холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул түүний цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Бгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ