Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2020/00344

 

 2020        01         31   

                                 181/ШШ2020/00344

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Эрх чөлөөний талбай MN tower, 2 давхар 205 тоотод байрлах, Ц ББСБ ХХК  -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, нуурын 8 гудамж, 100 тоотод оршин суух, Б Цэц д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 585 402 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Цэц /РД:ЧЗ86120563/ нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд №00005558 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 380,000 /гурван зуун наян мянган/ төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 42,700 /дөчин хоёр мянга долоон зуун/ төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүү төлөхөөр тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь хэсэгт Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ногдох шимтгэлийн хамт үл маргах журмаар төлөх 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь хэсэгт Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.5 дэх хэсэгт зааснаар Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заасан. Гэтэл зээлдэгч Б.Цэц нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээл, зээлийн хүү, шимтгэлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна.

2019 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн байдлаар зээлдэгч нь дараах зээлийн өр төлбөртэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 380,000 төгрөг, шимтгэлийн үлдэгдэл 42,700, хүүгийн үлдэгдэл 162,702 төгрөг, нийт 585,402 төгрөг байна.

Иймд хариуцагч Б.Цэцаас 2019 оны 01 сарын 30-ний өдрийн №00005558 дугаартай зээлийн эрх нээх гэрээний өр төлбөрт зээлийн үндсэн төлбөр 380,000 /гурван зуун наян мянган/ төгрөг, шимтгэл 42,700 /дөчин хоёр мянга долоон зуун/ төгрөг, хүү 162,702 /нэг зуун жаран хоёр мянга долоон зуун хоёр/ төгрөг, нийт 585,402 /таван зуун наян таван мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,212.06 /арван найман мянга хоёр зуун арван хоёр/ төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Цэц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц ББСБ-д төлөх ёстой 585,000 төгрөгөөс 150,000 төгрөгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөх ба үлдэгдэл 435,402 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгана гэжээ.

Нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Цэцд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь 585,402 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөхөөр зөвшөөрсөн тул энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц ББСБ ХХК нь хариуцагч Б.Цэцд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 585 402 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Цэц нь Ц ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 585 402 төгрөгийн төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 150,000 төгрөгийг, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 432 402 төгрөгийг тус тус төлж барагдуулах тайлбарыг шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгч Ц ББСБ ХХК нь хариуцагч Б.Цэцы төлбөрийг тодорхой хугацаанд хуваан төлөх саналыг нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Цэцд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.Цэц нь Ц ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 585 402 /таван зуун наян таван мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 150,000 төгрөгийг, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 432 402 төгрөгийг тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Цэцд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 212 төгрөгөөс 9 106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 9 106 төгрөгийг, хариуцагч Б.Цэцаас 9 106 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА