Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0621

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“К” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар

Нэхэмжлэгч: “К” ХХК

Хариуцагч: Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.М, У.О

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, У.О нарын гаргасан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн НА-21240000037 дугаартай Нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсэг болох татварын хяналт шалгалтаар тогтоосон зөрчилд ногдох экспортын дүнгээс 2019 оны гэрээний дагуу 2020 онд хийсэн экспортод жишиг үнээр татвар ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 490 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б, хариуцагч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 128/2025/0176/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “К” ХХК нь Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.М, У.О нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, У.О нарын гаргасан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн НА-21240000037 дугаартай Нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсэг болох татварын хяналт шалгалтаар тогтоосон зөрчилд ногдох экспортын дүнгээс 2019 оны гэрээний дагуу 2020 онд хийсэн экспортод жишиг үнээр татвар ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 490 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.261, 47.6, 47.14, 47.16-д заасныг тус тус баримтлан маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Хариуцагч Ц.М: Нөхөн ногдуулалтын акт гарсны дараа тооцоолол хийсэн. Заасан хугацаанд, тодорхой заасан мэдээллүүдийг бүрэн гүйцэт ирүүлсний дараа гэрээний үнээр тооцуулах болзлыг хангана гээд гэрээний үнээр тооцуулах байсан. Гэтэл татвар төлөгч татварын албанд мэдээллээ огт ирүүлж байгаагүй. Хоёрдугаарт тооцооллыг ганцхан хяналт шалгалтын улсын байцаагч биш татварын албаны тайлан хүлээж авсан байцаагч нар буюу 13314, 13679 гэсэн кодтой тайлан хүлээж авсан байцаагч нар нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд татвар төлөгчийг тайлангаа засна уу гэж удаа дараа мэдэгдсэн. Тухайн үед татвар төлөгчид тайлангаа засах боломж байсан боловч хэрэгжүүлээгүй. Тайлангаа засахгүй явсаар нөхөн ногдуулалтын актаар хууль журмынхаа дагуу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөлтийг ногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт зардлыг хасаж тооцно гэдэг. Дахиж тооцоолсноор татвар төлөгчдийг тэгш байх нөхцөлийг хангахгүй байх нөхцөл үүснэ. Үүнийг харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна. Экспортод гаргасан бүтээгдэхүүнд олон улсын жишиг үнийг баримтлаад аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ногдуулсан. Ингэхдээ Засгийн газрын тогтоолыг баримталж ногдуулдаг. Нүүрс нь жишиг үнээр тооцуулах уу, гэрээний үнээр тооцуулах уу гэсэн онцлогтой. Хэрвээ гэрээний үнээр тооцуулбал тухайн журамд заасан шаардлагуудыг хангаад татварын албанд илгээдэг. Үүний дараа татварын алба тооцооллыг хийж үзээд гэрээний жишиг үнээс ялгаатай байх юм бол гэх заалтын дагуу ногдуулалт хийдэг. Гэтэл тус аж ахуйн нэгж журамд заасан үүрэг, хуульд заасан шаардлагуудаа биелүүлээгүй гэдэг нь анхан шатны шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Гэвч анхан шатны шүүх үүнийг харгалзаж үзээгүй тул шийдвэр үндэслэлгүй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “К” ХХК-иас Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.М, У.О нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, У.О нарын гаргасан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн НА-21240000037 дугаартай Нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсэг болох татварын хяналт шалгалтаар тогтоосон зөрчилд ногдох экспортын дүнгээс 2019 оны гэрээний дагуу 2020 онд хийсэн экспортод жишиг үнээр татвар ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.    

3. Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2124200803 дугаартай “К” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн хяналт, шалгалт хийх” томилолтын дагуу татварын улсын байцаагч Ц.М, У.О нар хяналт, шалгалт явуулж, нийт 44,494,724,605.61 төгрөгийн зөрчил илрүүлж, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №НА-21240000037 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 4,404,816,366.03 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

3.1. Нэхэмжлэгч “К” ХХК-иас маргаан бүхий актын 2,496,318,719.76 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх ба гомдлыг хянаад 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан байна.

4. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчээс олон улсын зах зээлийн үнийн эх сурвалжид үндэслэн тогтоосон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд гэрээний үнээр тооцох үндэслэл байсан эсэх талаар нэхэмжлэгч буюу хариуцагч нараас 2 өөр зөрүүтэй тооцоолол хийж, хэргийн материалд ирүүлсэн ... Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М, У.О нар хяналт шалгалт хийх явцдаа зах зээлийн үнийг баримтлан акт тавих хангалттай үндэслэл бүрдээгүй буюу бүрэн тогтоогоогүй гэж үзлээ...” гэж дүгнэн маргаан бүхий 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №НА-21240000037 дугаартай нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсгийн зөрчилд ногдох экспортын дүнгээс 2019 оны гэрээний дагуу 2020 онд хийсэн экспортод жишиг үнээр татвар ногдуулсан хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасантай нийцээгүй байна.

4.1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” тооцохоор, 47.6-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална”, 47.14-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана”, 47.16-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө” 47.16.2-т “экспортолсон” гэж тус тус заасан.

4.2. Хуулийн дээрх заалтын дагуу баталсан Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Биржийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 6/-д “нүүрс” Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нүүрсийг гадаадын зах зээлд борлуулахаар байгуулсан гэрээний үнэ” гэж, мөн Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ын 2.2-т “Аж ахуйн нэгж нь тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3, 6-д заасны дагуу гэрээний үнэ үндэслэн тооцуулах тохиолдолд энэ журамд заасан нөхцөл, шаардлагын дагуу борлуулалтын үнэлгээг тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирал, жилийн эцсийн тайлан, мөн журамд заасан мэдээ, мэдээллийн хамт харьяалах Татварын албан хүргүүлнэ”,

2.3-т “Аж ахуйн нэгжийн нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал борлуулах гэрээний үнэд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Монгол Улсын хилийн өртөө хүртэл бараа нийлүүлэх нөхцөлөөр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хэлцлийн үнийн аргаар тодорхойлно”, 2.4-т “Энэ журмын 2.3-т заасан хэлцлийн үнийн аргаар борлуулалтын үнэлгээг тодорхойлоход гэрээний үнэд Монгол Улсын хилийн өртөө хүртэл хүргэхэд дараахь зардал, төлбөр ороогүй бол түүнийг нэмж тооцно” гээд 2.4.1-т “тээврийн зардал”, 2.4.2-т “тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой тээврийн болон экспортын баримт бичиг, бүрдүүлэлтийн хураамж, даатгалын шимтгэл, түүнчлэн барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачихад гарсан зардал”, 2.5-д “Аж ахуйн нэгж нь энэ журмын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан ашигт малтмал борлуулах гэрээ, 5 дугаар зүйлд заасан мэдээ, тайлан, тайлбарыг Ашигт малтмалын тухай хуулийн 47.11 дэх хэсэгт заасан хугацаанд үнэн зөв, иж бүрэн ирүүлсэн бол Татварын алба уг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төсөвт төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын гэрээнд үндэслэн эцсийн тооцоог хийж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг баталгаажуулна”, 2.6-д “Аж ахуйн нэгжийн энэ журмын 2.1-д заасны дагуу тооцож, тухайн сард төсөвт төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5-д заасны дагуу борлуулалтын гэрээний үнэд үндэслэж тооцсон хэмжээнээс илүү гарсан тохиолдолд илүү төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буцаан авах, эсхүл суутган тооцуулна” гэж тус тус тодорхойлон журамлажээ.

4.3. Дээрх зохицуулалтуудаас үзвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 6/-д заасан гэрээний буюу хэлцлийн үнээс тооцуулах тохиолдолд дээр дурдсан Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ын нөхцөл, шаардлагын дагуу гэрээний үнэд холбогдох зардал, төлбөр, тухайлбал, хилээр гаргахтай холбоотой баримт бичгийн бүрдүүлэлт, тээврийн зардлыг нэмж тооцсон дүнгээр эцсийн тооцоог хийж хуульд заасан хугацаанд сар бүр татварын албанд тайлагнахаар байна.

4.4. Нэхэмжлэгч “К” ХХК-ийн хувьд 2020 оны 1-7 дугаар саруудад нийт 212,612.5 тонн нүүрс экспортлон борлуулсан талаар маргадаггүй бөгөөд гагцхүү хариуцагч татварын улсын байцаагч нараас борлуулалтын орлогыг тооцохдоо дээрх журамд заасан гэрээний үнээр бус зах зээлийн үнийг баримталсныг эс зөвшөөрч маргасан тул шүүх энэ талаар дүгнэлт хийнэ.

5. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан дээр дурдсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.7-д “Аж ахуйн нэгжийн тухайн сард экспортлосон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын энэ журмын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1 дахь заалт, мөн зүйлийн 47.14 дэх хэсэгт заасны дагуу олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан нийтэд зарласан үнээс 30 болон түүнээс дээш хувиар бага бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1-д заасны дагуу тодорхойлно”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлогч аж ахуйн нэгж тухайн сард хамаарах дараахь мэдээллийг дараа сарын 5-ны өдрийн дотор харьяа Татварын албанд цахимаар хүргүүлнэ”, 5.2-т “Энэ журмын 5.1.2-т заасан гэрээ бүрд мөн журмын хавсралтад заасан мэдээллийг хавсарган харьяа Татварын албанд ирүүлнэ”, 5.5-д “Энэ журмын 5.4-т заасан хугацаанд ирүүлээгүй гэрээг шаардлага хангаагүй гэж үзэн тухайн гэрээний дагуу экспортлосон нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1-д заасны дагуу тодорхойлох бөгөөд 2.5-д заасан тооцоог хийхгүй” гээд шаардагдах мэдээллийг тодорхой нэрлэн заажээ.

5.1. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, шүүхээс Том татвар төлөгчийн газрын бичиг хэргийн цахим хаягт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч “К” ХХК нь дээрх журамд заасан шаардлага хангасан хүсэлт, холбогдох гэрээ, мэдээллийг хуулийн хугацаанд нь татварын албанд хүргүүлээгүй тул журмын 2.5-д заасан тооцоог хийх боломжгүйгээс гадна нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн 30 болон түүнээс дээш хувиар бага борлуулалтын үнэлгээтэй болохоо нотолсон гэх тооцоолол нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан ТТ-15 маягтаар тайлагнасан тайлан, нүүрс борлуулсан гэрээнд заасан үнээс илүү тооцсон болох нь тогтоогдсон байна.

5.2. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, байгууллагаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг дээрх журамд заасны дагуу гэрээний буюу хэлцлийн үнээс тооцуулах хүсэлт, байгуулсан гэрээ, холбогдох баримтыг татварын албанд хүргүүлээгүй энэ тохиолдолд “гэрээний үнээс тооцох боломжтой байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийгээгүй байна.

5.3. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд ийнхүү хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжтой, цаашид тодруулах шаардлагатай зүйл байхгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл тогтоогдоогүй, нэгэнт борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцох талаар шаардлага хангасан баримтуудыг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дахин акт гаргахыг даалгаж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

5.4. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 490 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 47.14, 47.16, 47.16.2, 47.2.1, Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 51.1, 51.2, 79 дүгээр зүйлийн 79.4.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, У.О нарын гаргасан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн НА-21240000037 дугаартай Нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсэг болох татварын хяналт шалгалтаар тогтоосон зөрчилд ногдох экспортын дүнгээс 2019 оны гэрээний дагуу 2020 онд хийсэн экспортод жишиг үнээр татвар ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хасаж, 4 дэх заалтыг “2” гэж дугаарлаж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       М.ЦЭЦЭГМАА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ