| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0164/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/164 |
| Огноо | 2023-07-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/164
2023/ШЦТ/164
| / |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгч: Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Гын Бт холбогдох 2312000000177 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Залаат хайрхан” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт А аймгийн Ц сумын Х багийн .. тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ж овогт Гын Б /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15-16 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн Талын толгой хорооллын 01-01 тоотод байрлах өөрийн дэлгүүртээ хохирогч Д.Быг нүүрэн тус газарт нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2312000000177 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бын мэдүүлсэн: ...Би 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Талын толгой хорооллын 01-01 тоотод Г ахын дэлгүүрээс найз Х, Г ах, бид 3 пиво авахаар орсон. Дэлгүүрт ороод пиво авах гээд байж байтал Х, Г 2 маргалдаад зодоон хийсэн. Би зодооныг нь салгах гээд Г ахын дээлнээс нь татаад байж байтал гаднаас Г ахын хүү Б нь орж ирээд намайг дэлгүүрээсээ чирч гаргаад газарт унагаан миний нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Би хэсэг зуур ухаан алдсан байсан. Машиндаа ороод суутал Б машины хаалгыг онгойлгоод миний зүүн шанаа хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Би дахин ухаан алдсан байсан. Тэгээд сургуулийн урд Хын машинтай шаварт суусан байхад нь би сэргэсэн. Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт багийн Хүүхний өвөлжөө гэх газарт байдаг гэртээ харьсан. 12 цагийн үед сумын төвийн эмнэлэг рүү дуудлага өгсөн. Эмч ирж үзээд сумын төвийн эмнэлэгт хэвтүүлсэн. Б нь намайг дэлгүүрээс чирч гаргаад миний нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Машин дотор сууж байхад миний зүүн шанаа хэсэг рүү Б 1 удаа өшиглөсөн. Б миний нүүр рүү өшиглөн доод гурван үүдэн шүдийг булгалж, миний 2 нүдийг хөхрүүлэн хавдуулсан. Би Архангай аймгийн “Тана арцат” нэртэй эмнэлэгт хөдөлсөн үүдэн 3 шүдээ авахуулсан. Г нь намайг цохиж зодсон асуудал байхгүй. Намайг урьд өмнө нь Б зодож, цохиж байгаагүй. Бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би дүгнэлтийг уншиж танилцлаа. Дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Би гомдолтой байна. Надаас гарсан эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оийн мэдүүлсэн: ...Манай нөхөр Д.Б нь Г.Бт зодуулсны улмаас 2 нүд нь хөхөрч хавдан, 3 шүд хөдөлсөн байсан. Манай нөхөр Б нь надад хэлэхдээ сумын төвд Г ахын дэлгүүрээс пиво авах гээд байж байтал Х, Г хоёрыг зодоон хийгээд маргалдаад байхаар нь би салгах гээд Г ахтай зууралдаад байж байтал Г ахын хүү Б нь гаднаас орж ирээд дэлгүүрээсээ чирч гараад Бын нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн гэж надад хэлсэн. Явах гээд машиндаа суугаад байж байтал машины хаалга онгойлгон Бын зүүн шанаа хэсэгт нь 1 удаа өшиглөсөн гэж надад манай нөхөр Д.Б хэлсэн. Орой 20 цагийн үед манай нөхөр Д.Б нь Хаар Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт багийн Хүүхний өвөлжөө гэх газарт байдаг гэртээ хүргүүлж ирсэн. Би 10 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын эрүүл мэндийн төв рүү дуудлага өгсөн. Эмч 12 цагийн үед манай гэрт ирээд Быг үзээд эмнэлэгт хэвтэх шаардлагатай юм байна гээд сумын төвийн эмнэлэгт хэвтүүлсэн. Урьд өмнө нь Г.Б нь манай нөхрийг зодож цохисон асуудал байхгүй. Энэ хоёрын хооронд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Гын мэдүүлсэн: ...Би 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Талын толгой” нэртэй өөрийн колонк дээр байж байтал Б, Х хоёр ирсэн. Намайг пиво ууя гэж хэлэхээр нь би энд ажил дээрээ завгүй байна гэж хэлсэн. Х ахаа ганц пиво ууя гэхээр нь бид колонкийн гадаа уусан. Тэгээд пиво ууж дуусаад би хониндоо явлаа гэсэн чинь хамт явъя гээд бид 3 явсан. Би гэртээ хүргүүлээд ирсэн чинь манай дэлгүүр рүү дагаад ороод ирсэн. Х нэг пиво аваад бид 3 хувааж уусан. Би Хтай дэлгүүр дотроо магалдаад байж байтал гаднаас хүү Б орж ирээд Х бид хоёрыг салгаад Быг намайг зодсон гэж буруу ойлгоод Быг дэлгүүрээс чирч гаргаад нүүр хэсэгт нь 1-2 удаа өшиглөсөн. Х, Б хоёр явсан. Би Быг цохиж зодсон асуудал байхгүй. Миний хүү Б нь Бын нүүр хэсэгт нь 1-2 удаа өшиглөж нүдийг нь хөхрүүлсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Бын мэдүүлсэн: ...Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу бодит хохирол, төлбөрийг барагдуулах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 165 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Бын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, доод үүдэн 3 шүдний булгарал, уруулын дотор салстад язарсан шарх, хоёр хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдагдуулна. /З шүд/...гэх дүгнэлт /хх-ийн 18-19 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46 хуу/
Шүүхэд шинээр өгсөн хохирол төлсөн баримт 3 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15-16 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Талын толгой хорооллын 01-01 тоотод байрлах дэлгүүр хохирогч Д.Б бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15-16 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн Талын толгой хорооллын 01-01 тоотод байрлах өөрийн дэлгүүртээ хохирогч Д.Быг нүүрэн тус газарт нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Д.Бын мэдүүлсэн “Би зодооныг нь салгах гээд Г ахын дээлнээс нь татаад байж байтал гаднаас Г ахын хүү Б нь орж ирээд намайг дэлгүүрээсээ чирч гаргаад газарт унагаан миний нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Машиндаа ороод суутал Б машины хаалгыг онгойлгоод миний зүүн шанаа хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Би дахин ухаан алдсан байсан. Б нь намайг дэлгүүрээс чирч гараад миний нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Б миний нүүр рүү өшиглөн доод гурван үүдэн шүдийг булгалж, миний 2 нүдийг хөхрүүлэн хавдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09/,
гэрч Б.Оийн мэдүүлсэн “Манай нөхөр Д.Б нь Г.Бт зодуулсны улмаас 2 нүд нь хөхөрч хавдан, 3 шүд хөдөлсөн байсан. Манай нөхөр Б нь надад хэлэхдээ сумын төвд Г ахын дэлгүүрээс пиво авах гээд байж байтал Х, Г хоёрыг зодоон хийгээд маргалдаад байхаар нь би салгах гээд Г ахтай зууралдаад байж байтал Г ахын хүү Б нь гаднаас орж ирээд дэлгүүрээсээ чирч гараад Бын нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн гэж надад хэлсэн. Явах гээд машиндаа суугаад байж байтал машины хаалга онгойлгон Бын зүүн шанаа хэсэгт нь 1 удаа өшиглөсөн гэж надад манай нөхөр Д.Б хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
гэрч Г.Гын мэдүүлсэн “Би Хтай дэлгүүр дотроо магалдаад байж байтал гаднаас хүү Б орж ирээд Х бид хоёрыг салгаад Быг намайг зодсон гэж буруу ойлгоод Быг дэлгүүрээс чирч гаргаад нүүр хэсэгт нь 1-2 удаа өшиглөсөн. Миний хүү Б нь Бын нүүр хэсэгт нь 1-2 удаа өшиглөж нүдийг нь хөхрүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Г.Бын яллагдагчаар мэдүүлсэн “Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу бодит хохирол, төлбөрийг барагдуулах болно” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
хохирогч Д.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 165 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Г.Б нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Г.Б нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15-16 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн Талын толгой хорооллын 01-01 тоотод байрлах өөрийн дэлгүүртээ хохирогч Д.Быг нүүрэн тус газарт нь өшиглөж, цохиж, зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Д.Б нь хохиролд 832.564 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилсэн, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн байх бөгөөд хохирогч Д.Бын хэрэгт өгсөн хохирогчийн эмчилгээтэй холбоотой нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлогдсон 285.755 төгрөгийг /80.000 /үзлэгийн мөнгө/ +68.750+21.000 /эм тарианы мөнгө/+36.000 /эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө/+80.005 /шатахууны зардал// шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Бт олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч Г.Б нь шүүх хуралдаанаас завсарлага авч төлж барагдуулсан байна.
Хохирогч Д.Бын нэхэмжлэлээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй юу авсан нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй болон хоолны үнэ болох 18.000+35.000+17.500+7.000+10.000+72.700+6.609=нийт 166.809 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж, хохирогчийн нэхэмжлэлээс автомашинаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон эмчилгээнд явсан жолоочид төлбөр төлсөн тодорхойлолт гэх 30.000+140.000+60.000+150.000=380.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь бусад учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа гэрч асуулгах болон бусад нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Быг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжтой талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Гын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Бын нэхэмжлэлээс 166.809 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 380.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь бусад учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ