Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/166

 

 

 

 

 

 

 

                                2023/ШЦТ/166

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгч: Н.И

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Нын Ид холбогдох 2312000000161 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, А аймгийн Э сумын .. дугаар багийн .. тоотод түр оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Бовогт Нын И /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.И нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн зүүн талын хашаанд байх хохирогч Б.Бын эзэмшлийн монгол гэр буюу хүн байнга амьдрах орон байрны цоожийг эвдэлж нэвтрэн орж Самсунг А90 маркийн дэлгэц нь шатсан гар утас, бичиг баримттай түрийвч, дэлгэц нь шатсан Самсунг А10 маркийн гар утас, 2 кг хонины мах, 1 кг шар тос, 1 литрийн хэмжээтэй 1 ширхэг ургамлын тос, эрэгтэй хоромон гутал зэрэг эд зүйлсийг хулгайлж, хохирогч Б.Бт 488.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2312000000161 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бын мэдүүлсэн: ...Би эхнэр, хоёр хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байрлах “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн зүүн талд байрлах хашаанд монгол гэрт амьдардаг юм. Эхнэр, бид хоёр 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 08 цагийн үед ажилдаа явахдаа гэрээ цоожлоод явсан юм. Тэгээд өдөр ажил дээрээ байж байгаад орой 18 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн, хаалга цоожгүй байдалтай байсан. Тэгээд бид хоёр гайхаад гэртээ ороод үзсэн чинь гэр гайгүй байх шиг байсан. Тэгэхээр нь тухайн үед нэг их юм бодоогүй амарцгаасан. Маргааш өглөө нь буюу 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн өглөө босоод гэр доторх эд зүйлсээ сайтар шалгатал манай гэрийн бурханы шүүгээн дотор байсан гар утас, түрийвчтэй бичиг баримт, дээр нь ил байсан А10 маркийн гар утас, үүдний авдар дотроос хромон гутал, хөлдөөгч дотроос мах, шар тос, ургамлын тос зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэгээд би цагдаад өргөдөл гаргасан. Манай гэрийн бурханы шүүгээн дотроос хүрэн түрийвчтэй бичиг баримт дотор нь иргэний үнэмлэх байсан. Мөн шүүгээн дотроос гадуураа улаан өнгийн, хавтсан гэртэй, улаан өнгийн А90 маркийн гар утас, хөлдөөгч дотроос 2 килограмм орчим хонины мах, 1 килограмм орчим шар тос, “Эзэгтэй” нэртэй 1 литрийн ургамлын тос, үүдний авдар дотроос хар өнгийн, гайгүй шинээрээ хромон гутал зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. Би гэрээсээ хулгайд алдсан эд зүйлсээ одоогийн зах зээлийнх нь үнээр үнэлнэ. Надад одоогоор сэжиглэж байгаа хүн байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Иы мэдүүлсэн: ...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би прокурорын тогтоолтой танилцлаа. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би бусдын эд зүйлийг хулгай хийсэн нь миний буруу. Би 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шиг санагдаж байна, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн нутаг Архангайд үйлдвэрлэвтөвийн ойролцоо ганцаараа согтуу явж байгаад хашааны хаалга онгорхой байхаар нь орсон чинь монгол гэр цоожтой байхаар нь цоожийг нь хүчтэй татсан чинь онгойчихсон юм. Тэгээд тухайн гэрээс хромон гутал 1 хос, хөргөгчнөөс нь хонины бөөрөнхий хөлдөөсөн мах, ууттай шар тос аваад хөргөгч дээр байсан 9-н тос, эвдэрхий гар утас 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж аваад гарсан юм. Тэгээд 2 хоногийн дараа цагдаад баригдсан. Би согтуудаа айлын гэрийн цоожийг мултлан орж эд зүйлс хулгай хийсэн байсан. Хулгай хийсэн эд зүйлсээс хромон гутал, шар тос, хонины мах, нэг гар утас зэргийг буцааж өгсөн. Ургамлын тос, 1 ширхэг эвдэрхий гар утас зэргийг нь өгөөгүй бөгөөд согтуу явж байгаад хаячихсан байна лээ. Би согтуудаа бусдын эд зүйлсийг хулгай хийсэн байна. Ах нь хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Ах нь зах дээр байдаг тэнэмэл хүмүүстэй архи ууж, хулгай хийхдээ ганцаараа тухайн айлд орсон. Би хулгай хийсэн эд зүйлсээ буцаагаад өгсөн. Нэг эвдэрхий гар утас болон 9-н тосыг нь өгөөгүй байгаа. Ах нь тогтсон гэр орон байхгүй, архи уудаг хүмүүс буюу бөмбөө нартай айл хэсэж, ээлжлэн хонож өнжиж байна. Эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Эхнэрээсээ салаад 08 орчим жил болж байна. Хүүхдүүд Улаанбаатар хотод байдаг хэрнээ тоодоггүй юм. Тэгээд амьдрахын эрхэнд архи дарс ууж байна. 2005 онд өвөл архи уугаад хээр хонож байгаад хөлөө хөлдөөж, 2 хөлийн хурууны үзүүрүүдийг тайруулж байсан юм. Манай ах дүү хамаатан садан Архангай аймгийн Булган суманд байдаг хэрнээ намайг тоодоггүй бөгөөд би очдоггүй юм. Би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 хуу/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-07, 08-09 хуу/

“Дамно” ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн АЦ-23-77 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-22 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 28-29, 30-31, 32-33, 34-36 хуу/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 40-42 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн зүүн талын хашаанд байх хохирогч Б.Бын эзэмшлийн монгол гэр буюу хүн байнга амьдрах орон байрнаас эд зүйлс хулгайд алдагдаж, хохирогч Б.Бт 488.300 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.И нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн зүүн талын хашаанд байх хохирогч Б.Бын эзэмшлийн монгол гэр буюу хүн байнга амьдрах орон байрны цоожийг эвдэлж нэвтрэн орж Самсунг А90 маркийн дэлгэц нь шатсан гар утас, бичиг баримттай түрийвч, дэлгэц нь шатсан Самсунг А10 маркийн гар утас, 2 кг хонины мах, 1 кг шар тос, 1 литрийн хэмжээтэй 1 ширхэг ургамлын тос, эрэгтэй хоромон гутал зэрэг эд зүйлсийг хулгайлж, хохирогч Б.Бт 488.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Б.Бын мэдүүлсэн “Тэгээд өдөр ажил дээрээ байж байгаад орой 18 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн, хаалга цоожгүй байдалтай байсан. Тэгээд бид хоёр гайхаад гэртээ ороод үзсэн чинь гэр гайгүй байх шиг байсан. Тэгэхээр нь тухайн үед нэг их юм бодоогүй амарцгаасан. Маргааш өглөө нь буюу 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн өглөө босоод гэр доторх эд зүйлсээ сайтар шалгатал манай гэрийн бурханы шүүгээн дотор байсан гар утас, түрийвчтэй бичиг баримт, дээр нь ил байсан А10 маркийн гар утас, үүдний авдар дотроос хромон гутал, хөлдөөгч дотроос мах, шар тос, ургамлын тос зэрэг эд зүйлс алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Н.Иы яллагдагчаар мэдүүлсэн “Би прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би бусдын эд зүйлийг хулгай хийсэн нь миний буруу. Би 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шиг санагдаж байна, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн нутаг Архангайд үйлдвэрлэвтөвийн ойролцоо ганцаараа согтуу явж байгаад хашааны хаалга онгорхой байхаар нь орсон чинь монгол гэр цоожтой байхаар нь цоожийг нь хүчтэй татсан чинь онгойчихсон юм. Тэгээд тухайн гэрээс хромон гутал 1 хос, хөргөгчнөөс нь хонины бөөрөнхий хөлдөөсөн мах, ууттай шар тос аваад хөргөгч дээр байсан 9-н тос, эвдэрхий гар утас 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж аваад гарсан юм. Тэгээд 2 хоногийн дараа цагдаад баригдсангэх мэдүүлэг /хх-ийн 55-57/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-07, 08-09/,

“Дамно” ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн АЦ-23-77 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-22/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 28-29, 30-31, 32-33, 34-36/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 40-42/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-36 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Н.И нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Н.Иыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.И нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Н.И нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн зүүн талын хашаанд байх хохирогч Б.Бын эзэмшлийн монгол гэр буюу хүн байнга амьдрах орон байрны цоожийг эвдэлж нэвтрэн орж Самсунг А90 маркийн дэлгэц нь шатсан гар утас, бичиг баримттай түрийвч, дэлгэц нь шатсан Самсунг А10 маркийн гар утас, 2 кг хонины мах, 1 кг шар тос, 1 литрийн хэмжээтэй 1 ширхэг ургамлын тос, эрэгтэй хоромон гутал зэрэг эд зүйлсийг хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Н.Ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

           Шүүгдэгч Н.Иы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Н.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан доод хэмжээний хорих ялыг оногдуулж, шүүгдэгч Н.Иы эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.Ид хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бт 488.300 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч Н.И нь хохирогч Б.Баас хулгайлсан эд зүйлсийн зарим зүйлсийг буюу 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий хромон гутал 1 хос, 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг-А10 маркийн дэлгэц нь шатсан гар утас 1 ширхэг, 25.000 төгрөгийн үнэлгээ бүхий шар тос зэрэг нийт 265.000 төгрөгийн эд зүйлийг хохирогчид буцаан өгч, үлдсэн 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсумг-А90 маркийн гар утас 1 ширхэг, 28.000 төгрөгийн үнэлгээ бүхий хонины мах, 10.800 төгрөгийн үнэлгээ бүхий хэтэвч, 4.500 төгрөгийн үнэлгээ бүхий ургамлын тос зэрэг нийт 223.300 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг буцаан өгөөгүй, хохирогчид учирсан хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Иаас 223.300 /хоёр зуун хорин гурван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн 3-14 тоотод оршин суух Цовогт Бийн Б /РД:../-т олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.И нь энэ хэрэгт 19 /арван ес/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Иы бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Бовогт Нын Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Иыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Иы цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Иаас 223.300 /хоёр зуун хорин гурван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн 3-14 тоотод оршин суух Цовогт Бийн Б /РД:ИЗ97110836/-т олгосугай.

 

  1. Шүүгдэгч Н.Иы бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ