Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
Хэргийн индекс | 181/2020/00080/И |
Дугаар | 181/ШШ2020/00534 |
Огноо | 2020-02-19 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2020/00534
020 02 19 181/ШШ2020/00534
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э -гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц /-д холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц нь манай ахын дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан бөгөөд өөрийгөө ХАА-н чиглэлээр БНСУ руу хүмүүс явуулдаг, явах сонирхолтой хүн байвал найдвартай явуулж өгнө гэсний дагуу ах над руу ярьж утсыг нь өгсөн. Ингээд би утсаар холбогдоход найдвартай явуулж өгнө, яаралтай урьдчилгаа 4 000 000 төгрөгөө төл гэсний дагуу Б.Цд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 5033147100 тоот дансанд визний урьдчилгаа болгож 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2018 оны 05 сарын 06-ны өдөр хотод ирж, Б.Цтай уулзсан. Барс захын тэнд оффис өрөөнд ганцаараа сууж байсан удахгүй виз чинь гарна хүлээж бай гээд хүлээлгэж байгаад дансандаа 5 000 000 төгрөг байршуулах шаардлагатай гэсний дагуу 5 000 000 төгрөгийг байршуулсан боловч виз гараагүй. 5 000 000 төгрөгийг байршуулахдаа 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөгийг буцаан авсан. Гэтэл өнөөдрийг хүртэл виз гаргаж өгөөгүй бөгөөд үлдэх 2 000 000 төгрөгийг өгөхгүй байна. Пак, Тү нарыг 5 000 000 төгрөгөө байршуулснаас хойш таньдаг болсон. Эдгээр хүмүүс чиний мөнгийг бид аваагүй, бидэнд хамаагүй гэдэг. Мөн ямар ч амлалт бичиг өгөөгүй. Бид ганцхан Б.Цтай л харилцаж байсан бөгөөд Монголиан пош ХХК-ийн талаар мэдэхгүй. Иймд Б.Цаас 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие уг хэрэг маргаанд холбогдолгүй. Учир нь 2018 оны 03 дугаар сард Монголиан пош ХХК-д орчуулагчаар ажилд орж ажиллаж байсан. Уг компани нь тухайн үед БНСУ-ын ХаоБио гэх компанитай гэрээ байгуулж ХАА-н чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх үүднээс БНСУ-руу хүн гаргах хэрэгтэй гэсэн учраас хүмүүс бүртгэсэн. Энэ хүмүүс дунд Э гэх хүний хүү болох Пүрэвдорж бүртгүүлсэн. БНСУ-ийн визэнд материал нь орсон боловч материал өгсөн хүмүүсийн виз нь гаргаагүй. Визний мөнгө болох урьдчилгаа мөнгийг Э 5033141100 тоот миний дансанд шилжүүлсэн. Тухайн үед би Хаан банкны картаа алга болгочихсон байсан учир өөрийн Төрийн банкны 280100062480 тоот данс руу шилжүүлж, уг мөнгөө хүүхдийн 100-д байрлах төрийн банкнаас авч, мөн хүүхдийн 100-д байрлах Хаан банкнаас Б.Алтаннавч буюу уг компанийн захирал Пак Манбуан-ы эхнэрийн дансанд хийж байсан. Тухайн үед бүх баримтыг ерөнхий менежер М.Түвшинжаргалд өгсөн болно. Тиймээс тухайн хүмүүсийн мөнгийг уг компанийн захирал БНСУ-ын иргэн Пак Ман Буан нь буцааж өгнө гэсэн амлалт бичиг бичиж өгсөн. Хүмүүсийн виз гараагүй орчуулагч хэрэггүй болсон гээд гэнэт гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, ерөнхий менежер С.Түвшинжаргал нар 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэнэт халсан. Иймд Эгийн нэхэмжлэлийн шаардлага нь надад хамааралгүй болно. Э уг компанийн монгол болон Солонгос захирал ерөнхий менежертэй хэд хэд уулзсан тухай мөн амлалт бичиг авснаа хүү Пүрэвдорж нь харуулж байсан гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Цд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Э нь хүү Б.Пүрэвдоржид БНСУ-ын виз гаргуулах зорилгоор мөнгө төлсөн гэж тайлбарлаж байгааг хариуцагч Б.Ц үгүйсгээгүй бөгөөд харин мөнгийг өөрөө аваагүй гэх үндэслэлээр маргаж байх тул талуудын хооронд Гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь: гэрээний талууд үүрэг хүлээж, эрх эдэлдэг бөгөөд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх бодит боломжтой, нөгөө тал нь уг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй байдаг. Харин бусад этгээдээс хамаарах эрх, үүргийн асуудлыг гэрээгээр талууд тохиролцох боломжгүй. Өөрөөр хэлбэл, Б.Ц нь Б.Пүрэвдоржийн БНСУ-д зорчих визыг гаргаж өгөх боломжгүй буюу энэ үүргийг Б.Эгийн шаардсанаар гүйцэтгэх боломжгүй байна. Иймээс Б.Ц болон Б.Э нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3.-д Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно гэж заасан.
Нэхэмжлэгч Б.Э нь хүү Б.Пүрэвдоржийг БНСУ-д зорчих визыг гаргуулах тодорхой үйлдлийг хийлгэхээр тохиролцон 4 000 000 төгрөгийг Б.Цд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт /хх-4х/-аар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Ц нь Б.Пүрэвдоржийг БНСУ-д зорчих Визыг гаргаагүй байх тул түүний үйлдэл Б.Эгийн хүсэл зоригт нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Б.Э нь дээрх хуульд заасны дагуу 4 000 000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй байна.
Хариуцагч Б.Ц нь Б.Эгаас 4 000 000 төгрөгийг авсан өөрийнхөө ХААН банкны 5033147100 тоот данснаас 2018.07.27-ны өдөр 2 000 000 төгрөгийг Б.Пүрэвдоржийн ХААН банк дахь дансанд шилжүүлсэн /хх-26х/ байна.
Хариуцагч Б.Ц нь 2018 оны 03 дугаар сард Монголиан пош ХХК-д орчуулагчаар ажилд орсон болон 2018.08.22-ны өдөр ажлаасаа халагдсан, Б.Эгаас авсан 4 000 000 төгрөгийг Б.А буюу МО-ийн захирал Пак д өгсөн, Б.Эгийн мөнгийг компанийн захирал БНСУ-ын иргэн Пак Ман Буан буцааж өгөхөөр амлалт бичиг бичиж өгсөн гэх тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул түүний тайлбар үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Б.Цаас 2 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Цаас 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Д.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цаас 46 950 /дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА