Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2020/00529

 

2020 оны 02 сарын 19

Дугаар 181/ШШ2018/00529

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч:  М -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  СО ХХК  холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.М би 2017 оны 12 сарын 20-ны өдрөөс СО ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ-г хугацаагүйгээр байгуулан хамгаалалтын ахлах ажилтанаар ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаа хэвийн гүйцэтгэж байхад 2019 оны 09 сарын 16-ны өдөр гүйцэтгэх захирал Д.Лхагвадоржийн тушаал гарч ахлах ажилтаны орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэж заасан байдаг. 2019 оны 09 сарын 18-ны өдөр Орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ч тус орон тоо хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд Үүрцайх гэх хүнийг 2019 оны 10 дугаар сараас эхлэн томилон ажиллуулж байна. Иймээс тухайн албан тушаалыг дахин бий болгож өөр хүн томилон ажиллуулж байгаа тухай мэдэж тус компанийн дотоод хяналт шалгалт, хуулийн хэлтэст 2019 оны 11 сарын 04-ний өдөр өргөдөл гаргаж ажилгүй байх хугацааны цалин хөлсийг олгож өгөхийг хүссэн боловч хуулийн хэлтсийн дарга Билгүүн, хуульч Лхагвацэрэн нар олгох боломжгүй гэсэн боловч албан бичгээр хариу өгөөгүй өнөөдрийг хүрсэн байна. Миний бие тухайн албан тушаалд дахин ажиллах боломжгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т ... түүнд ажилгүй байх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олгвор олгоно гэж заасан байх тул ажилгүй байсан хугацааны цалин 3 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие СО ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажлгүй байсан цалинтай тэнцэх олговор 3 600 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагын дагуу СО ХХК нь ажилд буцаан авч ажиллуулж байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч СО ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.М нь СО ХХК нь ажилд буцаан авч ажиллуулж байгаа гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч Д.М нь СО ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, СО ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.М нь СО ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, СО ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72 550 төгрөгнөөс 36 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 36 275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА