| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2019/03550/и |
| Дугаар | 181/ШШ2020/00401 |
| Огноо | 2020-02-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2020/00401
2020 02 06 181/ШШ2020/00401
Хариуцагч зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: МО ХХК йн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Үл ХХКд холбогдох,
Гэрээний үүрэгт 144 148 885 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МО ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үл ХХК тай 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Шимтгэлийн гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр №30004 тоот Шимтгэлийн гэрээ-г тус тус байгуулсан. Уг гэрээний дагуу МО ХХК нь Үл ХХК-ийн Хан-Уул , Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Гүүд прайс нэртэй дэлгүүрт өөрийн үйлдвэрлэдэг нарийн боов, бялуунуудыг нийлүүлэх, Үл ХХК нь сард 4 удаа тооцоо нийлж, манай нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулсны орлогоос 20 хувьтай тэнцэх орлогыг суутган авч үлдэх орлогыг нэхэмжлэх хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор шилжүүлж өгөх үүргийг хүлээсэн. Манай компанийн хувьд гэрээнд заасан үүргээ зохих журмын дагуу биелүүлж, хариуцагчийн салбар дэлгүүрүүдэд тасралтгүй бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлсээр ирсэн боловч хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, манай нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөхгүй хугацаа хожимдуулсаар өнөөдрийг хүрч байна. 2018 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар талууд хоорондын өглөг авлагын тооцоог гаргахад 131,325,924.50 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба уг төлбөрийг 2019 оны 4 сарын 15- ны өдөр төлж барагдуулсан байдаг. Харин 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс 2019 оны 9 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 346,251,400 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үүний борлуулалтын орлогын 20 хувь 69,250,280 төгрөгийг орлогыг суутган үлдэх төлбөр болох 277,001,120 төгрөгийг гэрээнд заасны дагуу тооцоо нийлснээс хойш 30 хоногийн дотор шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн боловч энэ төлбөрөөс 127,852,234.5 төгрөгийг төлж үлдэх 149,148,885.50 төгрөгийг төлөхгүй байсаар байна. Гэрээний дагуу үүргээ биелүүлж, борлуулалтын орлогын зохих дүнг гэрээнд заасан хугацаанд шилжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр шаардаж байсан бөгөөд Үл ХХК нь 2019 оны 9 сарын 27-ны өдрийн 19/191 тоот албан бичгээр төлөөгүй үнийг дүнг 3 сарын хугацаанд 40,000,000 төгрөг, 50,000,000 төгрөг, 72,914,086 төгрөгөөр төлж барагдуулах хуваарь гаргаж ирүүлснийг бид хүлээн зөвшөөрсөн хэдий ч энэ хугацаандаа өглөгөө барагдуулахгүй байна. Талуудын нягтлан бодогч нар 2019 оны 11 сарын 8-ны өдөр тооцоо нийлэхэд нийт төлөгдөөгүй төлбөрийн хэмжээ нь 154,265,190 төгрөг болсон ба үүнээс 5,116,304.5 төгрөгийг 2019 оны 11 сард төлж, өнөөдрийн байдлаар хариуцагчийн төлбөл зохих төлбөр нь 149,148,885.50 төгрөг болсон байна.
Иймд Үл ХХК-аас 2018 оны 4 сарын 1-ний өдрийн Шимтгэлийн гэрээ, 2019 оны 6 сарын 12-ны өдрийн 30004 тоот Шимтгэлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд нийт 149,148,885.50 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үл ХХК-иас нэхэмжлэлийг гаргаснаас хойш 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч 5 000 000 төгрөг төлсөн байх тул 5 000 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Үл ХХК-иас 144 148 885 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч Үл ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь МО ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш МО ХХК-ийн Хас банк дахь 5000945890 тоот данс руу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Одоогийн байдлаар Үл ХХК нь 144 148 885 төгрөгийг МО ХХК-д төлөх тооцоо байгаа болно. Уг төлбөрийг сар бүр 10 000 000 төгрөгөөр төлөх төлбөрийн хуваарь гарган төлөх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МО ХХК нь хариуцагч "Үл" ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 144 148 885 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч МО ХХК нь хариуцагч "Үл" ХХК-ийг 5 000 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 5 000 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Үл ХХК-иас 144 148 885 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч Үл ХХК нь 144 148 885 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлж, талууд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын талаар маргаагүй.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, "Үл ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч "Үл" ХХК нь : МО ХХК-ийн нэхэмжилсэн 144 148 85 /зуун дөчин дөрвөн сая нэг зуун дөчин найман мянга найман зуун наян тав/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, "Үл" ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч МО ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 903 695 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Үл ХХК-аас 903 695 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МО ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА