Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/63

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч  Б.С

Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ийн Д-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, яс үндэс ..., эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эхнэр... . хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ... аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, .... аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, Б овогт М-ийн Д, /РД:...,

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Д нь 2023 оны 03 сарын 05-ны өдөр Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны ... дугаартай тогтоолоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 0.020 мм зузаантай 11 шуудай, 365 килограммын цэнхэр өнгийн нийлэг хальсан уутыг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ /Прокурорын яллах дүгнэлтээр/

 

                 ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнө нь таньдаг байсан Өвөрмонголоос авсан. Хууль бус хилээр гаргаж болохгүй гэж би мэдээгүй. 2023 оны 02 сарын сүүлээр Өвөр-Монголтой холбогдоод цаанаас Х гэдэг Өвөр-Монголд өгөөд явуулна гээд ийм зүйл болсон” гэжээ.

            Гэрч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачигдсан барааг буулгаж ачих үед байсан гэр ахуйн хайрцагтай зүйлс, 11 шуудай нийлэг гялгар уут байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/

            Гэрч Х.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хятадаас хэлсэн барааны дагуу гаалийн байгууллагад мэдүүлсэн ийм бараа байгаагүй. ... Лабораторийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...би тухайн өдөр Гаалийн байгууллагад мэдүүлээгүй учир нь Эрээн хотоос ачсан хүн нь надад энэ шуудайтай гялгар уут байгаа талаар хэлээгүй. Хятад улсад гүний гааль дээр шалгалт ороод дууссаны дараа Х гэх Өвөр-Монгол хүн авч ирж ачсан гэж хэлсэн. Ачуулсан гялгар уутыг нь Монгол Улсад зүс таних нэг залуу авч Улаанбаатар хотод ТҮЦ-нүүдэд зардаг гэж хэлж байсан. Одоо надаас гялгар утаа нэхээд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

            Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-22/

            Эд зүйлийг түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 23-24/

            Харьяа гаалийн газар, хороо Замын-Үүд дэх салбар лабораторийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай сорилтын“... гялгар уут CA3No стандарт үзүүлэлт стандарт 0.035 мм, үр дүн 0.020 мм" гэх дүн,

            Харьяа гаалийн газар, хороо Замын-Үүд дэх салбар лабораторийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай сорилтын“...цэнхэр өнгийн, гадны мэдрэгдэх үнэргүй, хаяг шошгогүй ... 365 килограмм " гэх дүн /хх-ийн 27-30/

            Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47-50/

            Шүүгдэгч М.Д нь урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М-ийн Д нь 2023 оны 03 сарын 05-ны өдөр Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны ... дугаартай тогтоолоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 0.020 мм зузаантай 11 шуудай, 365 килограммын цэнхэр өнгийн нийлэг хальсан уутыг хууль бусаар нэвтрүүлсэн үйл баримт болжээ.

Шүүгдэгч М-ийн Д-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

            Шүүгдэгч М.Д- нь 2023 оны 03 сарын 05-ны өдөр Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 180 дугаартай тогтоолоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 0.020 мм зузаантай 11 шуудай, 365 килограммын цэнхэр өнгийн нийлэг хальсан уутыг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч А.А-ын “...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачигдсан барааг буулгаж ачих үед байсан гэр ахуйн хайрцагтай зүйлс, 11 шуудай нийлэг гялгар уут байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, гэрч Х.Г-ийн “...Хятадаас хэлсэн барааны дагуу гаалийн байгууллагад мэдүүлсэн ийм бараа байгаагүй. ... Лабораторийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...би тухайн өдөр Гаалийн байгууллагад мэдүүлээгүй учир нь Эрээн хотоос ачсан хүн нь надад энэ шуудайтай гялгар уут байгаа талаар хэлээгүй. Хятад улсад гүний гааль дээр шалгалт ороод дууссаны дараа Х гэх Өвөр-Монгол хүн авч ирж ачсан гэж хэлсэн Ачуулсан гялгар уутыг нь Монгол Улсад зүс таних нэг залуу авч Улаанбаатар хотод ТҮЦ-нүүдэд зардаг гэж хэлж байсан. Одоо надаас гялгар утаа нэхээд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-22, эд зүйлийг түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 23-24, Харьяа гаалийн газар, хороо Замын-Үүд дэх салбар лабораторийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай сорилтын“...цэнхэр өнгийн, гадны мэдрэгдэх үнэргүй, хаяг шошгогүй ... 365 килограмм " гэх дүгнэлт /хх-ийн 27-30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч М.Д нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч М.Д нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч М.Д нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч М.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Д-ын авч явсан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 0.020 мм зузаантай 11 шуудай, 365 килограммын цэнхэр өнгийн нийлэг хальсан уут нь   Замын-Үүд дэх салбар лабораторийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай сорилтын“...цэнхэр өнгийн, гадны мэдрэгдэх үнэргүй, хаяг шошгогүй...гэсэн  байх тул устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-ын  хувийн зан төлөв, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл болсон байдал болон шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй  зэргийг  тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч М.Д нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон хугацаанд буюу ял эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023 оны 07 сарын 26-ны өдрийн гаргасан ялын тооцоогоор шүүгдэгч нь 32 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй болох нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

  Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүнд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ийн Д /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт М-ийн Д-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 32 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 32 /гучин хоёр/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суугаа газар болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн цэсээр тогтоож, 1 /нэг/ жил, 32 /гучин хоёр/ хоногийн хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 6. Шүүгдэгч М.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Замын-Үүд дэх Гаалийн газрын агуулахад хадгалагдаж байгаа 0.020 мм зузаантай 11 шуудай, 365 килограмм цэнхэр өнгийн нийлэг хальсан уутыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Д-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.Ц