Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 138

 

186/2019/0408/Э

 

 

 

  2020             01            30                                         2020/ДШМ/138    

 

З.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч З.З-ы өмгөөлөгч Б.Манлайжав,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/875 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.З-ы өмгөөлөгч Б.Манлайжавын гаргасан давж заалдах гомдлоор З.З-д холбогдох 1811031220191 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

.

 

З.З- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн хүү 10 настай, З.Н-г байнга айлган сүрдүүлж, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр “хичээлдээ явсангүй, чамайг ална” гэж утсаар ярьсны улмаас З.Н- нь ....... цонхоор үсэрч, амиа хорлосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: З.З-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Загдцэрэнгийн З-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг айлган сүрдүүлсний улмаас амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч З.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “Iphone 8” гар утас, хэргийн газраас хураан авсан 3 ширхэг өнгийн харандаа зэргийг устгаж, 8 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д- нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч З.З-ы өмгөөлөгч Б.Манлайжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хэргийн бодит байдлаас зөрүүтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байхад хэргийг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн. З.З- нь урьд өмнө архи дарс ууж, гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр зохих хариуцлагыг тухай бүрт нь хүлээж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр үйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хууль тогтоогч тодорхойлохдоо эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн байх объектив талын үйлдлийг маш тодорхой зааж өгсөн. Бодит байдал дээр З.З- талийгаачийг амиа хорлоход хүргэсэн объектив талын ямар ч үйлдлийг хийгээгүй ба үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй. Гарцаагүй хүргэсэн байх нөхцөл тогтоогдоогүй байхад шүүх дээрх зүйлээр ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.З-ыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

            Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...10 настай хүүхэд гэдэг нь төрсөн эцэг, эхээсээ шууд хараат, тэдгээрийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь хүүхдэд шууд нөлөөлөхүйц байдаг бөгөөд эцэг, эхийнхээ хэлсэн үгэнд дүгнэлт хийх чадваргүй гэж үзэж байна. Амь хохирогч нь сэтгэл санааны хувьд байнга хүчирхийлэлд өртөж байсан талаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийн бүртгэл, дуудлагын мэдээлэл, 2017 онд 30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж байсан шийтгэвэр зэрэг баримт хэрэгт авагдсан. Амь хохирогч З.Н-гаас аюулын зэргийн үнэлгээ авахад “ааваасаа айдаг, аавтайгаа амьдрах дургүй” гэж хариулсан байдаг бөгөөд үүнээс үзэхэд тэрээр гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан нь тогтоогдож байна. З.З- нь З.Н-д “хоёр өдөр хичээлээ тасалсан байна, ална шүү” гэж утсаар хэлсэн нь хүндээр тусч аавдаа зодуулахгүй, алуулахгүйн тулд өөрөө түрүүлж амиа хорлосон нөхцөл байдал харагдаж байна. Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын “урьд нь З.З-ыг архи уучихсан үед талийгаач нь ээжийнхээ хамт гэрээсээ дайжиж, хамаатан садан, зочид буудлуудаар явж байсан” гэх мэдүүлгүүдээр З.З-ыг 10 настай хүүгээ амиа хорлох гарцаагүй нөхцөл байдалд хүргэсэн байна гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч З.З- нь өөрийн төрсөн хүү 10 настай, З.Н-г 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр “хичээлдээ явсангүй, чамайг ална” гэж утсаар ярьсны улмаас ...... тоотод оршин суух өөрийн гэрийнхээ цонхоор үсэрч, амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-гийн “...намайг ирэхэд цагдаа нар ирчихсэн хамгаалалт аваад тууз татчихсан, манай хүүг юмаар бүтээчихсэн байсан. ...З-ыг зоддог болохоор Н- бид хоёр байнга зугтааж саун, буудал гэх мэт газруудад хонодог байсан. ...Хамгийн сүүлд эрүүлжүүлэхэд орсныхоо маргааш нь гарч ирчихээд Н-г “чи цагдаад аавыгаа хамгаалахгүй дуудаж өглөө. Ингэж болдоггүй юм” гээд хоёр хацар луу нь хоёр удаа алгадаад, зүүн мөр лүү нь хоёр удаа цохиж байсан. ...Би зодуулчихгүй санаатай Н-г байнгын авч зугтаадаг байсан. Өөрөө ч сайн нуугдаж зугтдаг байсан. З- надад нэг удаа агсам тавьж байхад тагтан дээр нуугдчихсан байсан. ... Архи уух бүртээ айлган сүрдүүлж, зодож дарамталдаг байсан болохоор байнга л зоддог, айлган сүрдүүлдэг байсан гэж хэлж болно. ...З- алж ч мэдэх аюултай хүн. Би олон жил тэвчиж, муу ч гэсэн ханилсан нөхрөө цагдаад байн байн өгөөд яахав гэж явсаар байгаад эцэст нь хүүгээ хамгаалж чадалгүй ийм зүйл болчихлоо. ...З-ыг архи уусан үед “ээжээ явъя, гаръя, зугтаая” гээд их айдаг байсан. ...” /1хх 66-6, /2хх 165-166/,

гэрч Х.Оюунцэцэгийн “...эхнэр, нөхөр хоёр хааяа хоорондоо чанга дуугаар хэрэлдэж байгаа нь сонсогддог. Нөхөр нь нэг удаа хаалгаа цөм өшиглөсөн байсан. ...” /1хх 71-72/,

гэрч Г.Сансармаагийн “...2018 оны 11 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд Н- хичээлдээ ирээгүй учраас 11 дүгээр сарын 7-ны өдрийн 11 цаг 07 минутад аав руу нь залгаж “танайх өнөөдөр сургуулийн цагдаагийн ээлжтэй юм байна. Бас танай хүүхэд хоёр өдөр хичээлдээ ирээгүй. Яагаад ирээгүй юм бол” гэж асуухад З- “манай хүүхэд хичээлдээ явж байгаа шүү дээ” гэхээр нь “ирээгүй байгаа шүү” гэж хэлсэн. ...” /1хх 77/,

гэрч С.Ганбатын “...2-3 жилийн өмнө нөхөр нь архи уухаараа хаалгаа хүчтэй балбаж чимээ шуугиан гаргадаг байсан. Нэг удаа хаалгаа эвдээд сольсон байсан. ...2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 16-17 цагийн үед гэгээ тасрахаас өмнө би гаднаас байрны хашаанд орж ирэхэд З.Н- байрны гадаа сандал дээр сууж байсан. Би “юу хийж байгаа юм” гэхэд “гэрийн түлхүүр байхгүй, аав, ээж ирээгүй байна” гэж байсан. ...” /1хх 99-100/,

гэрч А.Должингийн “...З- хааяа архи уучихсан ирдэг. ...Согтуу ирэхээрээ агсам тавиад байгаа бололтой чимээ шуугиан үүсгээд байдаг ...Өнгөрсөн жил согтуу ирээд Д- Н-г дагуулан “ээжийнд очно” гээд шөнө дунд гараад явж байсан. Үүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бас агсам тавиад гараж дотор байсан машинаа унаж явах гээд байсан чинь талийгаач цагдаад дуудлага өгөөд барьж явуулчихаад шөнө 02 цагийн үед Д- хүүхдээ дагуулаад ээжийндээ очиж хононо гээд явсан. ...Өнгөрсөн жил нэг удаа З- согтуу ирчихээд өдөр байрны гадна Н-тай сууж байхдаа “чи ээждээ хайртай юу, аавдаа хайртай юу” гэж загнаад уйлуулаад байж байсан. ...” /1хх 102-103/,

гэрч Б.Долгорын “...З- нь архи уух бүртээ гэр бүлийнхэндээ агсам согтуу тавьж, гэр бүлийн гишүүдээ хайрлах халамжлах ямар ч сэтгэл байхгүй зодож, дарамталж л байвал болдог юм шиг байдаг. Согтуудаа ч биш эрүүл байхдаа Н-г жаахан байхад хоёр хөлнөөс нь дээш өргөөд нэг нэг хөлөөр нь ээлжилж бариад сэгсрээд байдаг байсан их аймшигтай хүн байгаа юм. Н-г бага байхаас нь л их дарамтанд өсгөж хатуу гараар хүмүүжүүлсэн. Архи уухаараа агсам согтуу тавиад зодоод байхаар нь гараад зугтаачихдаг, шөнө байсан ч хамаагүй гарч зугтаагаад ээж дээр очиж хонодог байсан. Нас барахаас нь 7 хоногийн өмнө хагас сайн өдөр З- хичээлээ хийхгүй байна гээд хамраас нь цус гартал зодсон байсан. З-, Нагаржуна нар нь их хэрцгий, догшин авиртай хүмүүс. ...” /1хх 104/,

гэрч Д.Должингийн “...З- ахтай хамт байхад айдастай хэцүү хүн. Н-г онц сурахгүй бол хохь нь шүү, ална шүү гэх зэргээр айлган сүрдүүлж, байнга л гараараа цохиж зоддог байсан. ...Н-г жаахан байхад /эрүүлдээ/ уурлаад ор луу шидэж байсан. Ийм амьдралаар өссөн учраас Н- ийм байдал хүрсэн байх гэж бодож байна. ...” /1хх 105-106/,

гэрч С.Лхамсүрэнгийн “...З-ыг архи уугаад агсам тавих бүрт Д- Н-г дагуулаад манайд ирж хонодог байсан. Тэднийг байнга зодож, дарамталж айлган сүрдүүлж айлгадаг учраас шөнө хэдэн цагт ч байсан хамаагүй манайд хүрээд ирдэг. Манайд ирж хоноогүй үедээ дүү нарынхаа гэрт очиж хонодог байсан байна лээ ...З- архи уусан л бол Н- айгаад зугтаачихдаг, өөрөө ч цагдаад дуудлага өгч байсан гэсэн. Н-г багаас нь дарамталж өсгөсөн болохоор байнга л айдастай байдаг байсан. ...” /1хх 107-108/,

З.З-ы яллагдагчаар өгсөн “... би тэр дор нь эргүүлээд Н-гийн 95155678 дугаар луу залгаж “чи яагаад хоёр өдөр хичээлээ тасалсан юм бэ, багш чинь чамайг хичээлээ тасалсан гэж байна” гэхэд “би хичээлдээ явсан ш дээ” гэхээр нь “тэгээд багш чинь худлаа яриад байгаа юм уу, чи худлаа яриад байгаа юм уу, битгий маяглаад байгаарай, хичээлдээ яв, ална шүү гэж хэлсэн ...” /1хх 116-117/,

шинжээч эмч Б.Ариунзулын “...амь хохирогчийн дээрх олон тооны гэмтлүүд нь 5 давхрын өндрөөс унах үед үүсэх боломжтой тул шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош нь “өндрөөс уналт” гэж тавигдсан. ...” /1хх 145-146/ гэх мэдүүлгүүд,

“...амь хохирогчид 2 уушигны уг хэсэг, дэлбэн хоорондын урагдал, жижиг голомтлог цус хуралтууд, 2 уушиг авчилт, зүрхний баруун чихний тархмал нэвчмэл цус харвалт, өвчүүний дээд 1/3-н хөндлөн хугарал, зүүн гарын шууны доод 1/3-н далд хугарал, зүүн хөлийн шилбэ шаант ясны доод 1/3-н ил хугарал, зүүн шанаа, баруун шууны хонхорт жижиг зулгарал, 2 өгзөг, баруун гуяны дээд хэсгийн цус хуралт зэрэг гэмтэл учирч, дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2485 дугаартай дүгнэлт /1хх 141-144/,

амь хохирогчийн “ээж намайг уучлаарай, гэхдээ аав намайг ална гэсэн болохоор, битгий уйлаарай” гэж гар утсандаа бичлэг хийснийг бэхжүүлсэн тэмдэглэл /1хх 55-56/,

хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 12-25, 26-30, 31-40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.З-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг айлган сүрдүүлсний улмаас амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч З.З-ы гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн хүү 10 настай, З.Н-г айлган сүрдүүлж, “хичээлдээ явсангүй, чамайг ална” гэж утсаар ярьсны улмаас тэрээр 5 давхарын цонхоор үсэрч, амиа хорлоход хүргэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч З.З-ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор буюу 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч З.З-ы өмгөөлөгч Б.Манлайжав “...З.З- нь талийгаачийг амиа хорлоход хүргэсэн объектив талын ямар ч үйлдлийг хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагаагаар ч энэ байдлыг тогтоогоогүй тул З.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

З.З- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Д- болон хүүхдүүддээ агсан согтуу тавих, зодох, орон байрнаасаа хөөх, хэл амаар доромжлох зэргээр биеийн болон сэтгэл санааны дарамт учруулдаг байсан нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчүүдийн мэдүүлэг, Б.Д-гийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /1-35хх/, 2013 оны 11 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сар хүртэл 8 удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан талаарх лавлагаа /1-76хх/, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 30 цагийн албадан сургалтад хамруулж, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж байсан шийтгэвэр /2-100-101хх/, аюулгүй зэргийн үнэлгээ /2хх 47-50, 96-99/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр З.З- нь амь хохирогч З.Намрсайг “хичээлдээ явсангүй, чамайг ална” гэж утсаар ярьсны улмаас тэрээр “ээжээ намайг уучлаарай, гэхдээ аав намайг ална гэсэн болохоор, битгий уйлаарай” гэж гар утсаараа бичлэг хийн 5 давхрын цонхоор үсэрч амь насаа алдсан байна.

 

 Өөрөөр хэлбэл, З.З-ы өмнө гэр бүлийн хүрээнд гаргаж байсан хүч түрэмгийлсэн зан авир, тухайн өдөр амь хохирогчтой утсаар ярьж “хичээлээ тасалсан байна, чамайг ална” гэж хэлсэн заналхийлэл нь хохирогчийг ямар нэгэн гарах гарцгүй болгосон бодит аюул занал тулгарсан гэсэн субъектив төсөөллийг бий болгож, амь хохирогчийг амиа хорлоход хүргэсэн идэвхтэй үйлдэл, энэ үйлдлийн улмаас хохирогч нас барсан буюу амиа хорлосон үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.З-ы өмгөөлөгч Б.Манлайжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/875 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.З-ы өмгөөлөгч Б.Манлайжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН