Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0200

 

 

 

 

 

 

2022 03 21 0200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Н

Хариуцагч: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т Б.Б нарын хоорондын Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Ж.Нын албан тушаалыг бууруулах тухай Б/51 дүгээр тушаалыг, мөн 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Ж.Ныг төрийн албанаас халах тухай Б/54 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулж, түүнийг тус газрын Шалган бүртгэх товчоо нэгжийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.ТБ.Б, тэдгээрийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Нэхэмжлэгч Ж.Н нь нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Ж.Ныг төрийн албанаас халах тухай Б/54 тушаалыг хүчингүй болгуулж, түүнийг тус газрын Шалган бүртгэх товчоо нэгжийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах гэж тодорхойлж байгаад, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Ж.Нын албан тушаалыг бууруулах тухай Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлжээ.

1.2 Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 01/1766 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг зөвлөж, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хоёр: Маргааны үйл баримтын тухайд:

2.1 Нэхэмжлэгчээс Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Ж.Нын албан тушаалыг бууруулах тухай Б/51 дүгээр тушаалыг, мөн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Ж.Ныг төрийн албанаас халах тухай Б/54 тушаалыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзжээ. Үүнд:

1) Миний албан тушаалыг ТЗ-9-5 ангилалаас ТЗ-5-5 болгон албан тушаал бууруулахдаа албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэсэн үндэслэлийг заасан атлаа энэхүү нөхцөл байдлыг тогтоогоогүй, холбогдох хуулийн заалтуудыг бариагүй гэж,

2) Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэх журам-ын 4.14.5-д F буюу хангалтгүй үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд 3 удаа дараалан F үнэлэгдвэл албан тушаал бууруулахаар заасан байхад энэхүү тогтоолыг зөрчсөн гэж,

3) Төрийн албаны зөвлөлөөс албан тушаал бууруулсантай холбоотой эрх зүйн маргаантай асуудлыг шийдвэрлээгүй байхад дахин 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар намайг төрийн албанаас халсан нь хууль бус гэжээ.

2.2 Нэхэмжлэгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Авто замын Хөгжлийн Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/54 дүгээр Ж.Ныг төрийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, тус газрын Шалган бүртгэх товчоо нэгжийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан олгуулах, Нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

2.3 Миний бие Төрийн албаны зөвлөлөөс зарласан удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалтад шалгалт өгөн тэнцэж энэ албан тушаалд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч юм. Уг албан тушаалд 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа 2015 оноос хойших орлогын төлөвлөгөөг 101-115%-иар давуулан биелүүлж байсан. 2015 оноос хойших орлогын төлөвлөгөөний биелэлтийг хэргийн материалд хавсаргасан. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 06-р сарын 20-ны өдөр хүртэл Улсын онцгой комисс Улсын Их Хурлын тогтоолын дагуу бэлэн байдлын болон өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлэн хөл хорио тогтоосон. Улсын онцгой комисс Улсын Их Хурлын тогтоолын дагуу шийдвэрийн дагуу хөл хорио тогтоосон тул орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаас болж эхний хагас жилийн орлогын төлөвлөгөө тасалдсан нь давагдашгүй хүчин зүйл бөгөөд үүнээс шалтгаалан орлогын төлөвлөгөө тасарсан нь давагдашгүй хүчин зүйл юм.

2.4 Хөл хорио тогтоосонтой холбоотой Нийслэлийн шалган бүртгэх товчоонд ажиллах Нийслэлийн эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтэн, албан хаагчид зэрэг хүмүүсийн техник зохион байгуулалтын ажлыг өөрийн биеэр өөрийн унаагаар очиж зохицуулалт хийж байсан. Гэтэл Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь нэг ч удаа шалган бүртгэх товчоогоор очиж, ажил байдалтай танилцаж, асуудлыг шийдвэрлэж байгаагүй. Ажилдаа сэтгэлгүй, удирдах чадваргүй хүн юм. Шүүхэд ирүүлсэн хавтаст хэрэгт Г.Б нь шалган бүртгэх товчоонд ажилласан гэсэн нэг ч баримт байхгүй. Ажлаа мэдэхгүй, нэг ч удаа байдал дээр нь очиж ажиллаж байгаагүй ийм хүн миний хагас жилийн ажлыг яаж үнэлж дүгнэх юм бэ? Эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайланг дүгнэхээр төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийж баталгаажуулах ёстой байтал ийм зүйл болоогүй. Мөн нотолгоонд суурилж, шударга, ил тод байх зарчмыг баримтлаагүй.

2.5 Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам-ын 1.2, 3.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн. 2021 оны эхний хагас жилийн тайланг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгаж, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэсэн хуулбарлаж дүгнэлтээ хийснийг хуурамчаар хийсэн гэж үзэж байна. Хагас жилийн үнэлгээг ямар ч үндэслэлгүйгээр D гэж үнэлсэн гэж хэлсэн атлаа дараа нь F гэж үнэлсэн гэсэн байна. Би намайг F, D гэж үнэлсэн үнэлгээтэй танилцаж огт гарын үсэг зураагүй, ингэж үнэлэхээр ажиллаагүй. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь албан тушаалаа урвуулан ашиглаж 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/51 дүгээр тушаал гаргасан. Миний бие хууль бус тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, гомдол гаргана гэдгээ Г.Бд албан бичгээр 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн. Мөн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөлд хандаад шийдвэрлэгдээгүй байхад 10 хоногийн дараа ажлаас халах тухай Б/54 дүгээр тушаалыг дахин гаргасан тул миний бие Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

2.6 2020 оны 12 дугаар сард Г.Б ирснээр манай байгууллагад холбогдох хууль, дүрэм, журам зөрчигдөх болсон. Г.Б нь төрийн албан хаагчдыг ажлаас хална гэж дарамталдаг ёс зүйгүй байдал нь ихэссэн. Тухайлбал н.Б*******ийг захиргааны хурал дээр дуудаж ирээд ажлаас чинь хална гэж байсан. 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/54 дүгээр тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3.1-д заасан сонсох ажиллагааг явуулах он, сар, өдөр, цагийг надад огт мэдэгдээгүй. Тиймээс сонсох ажиллагаа явагдаагүй тушаал гарсан. Тушаал гарсны дараа буюу 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн үдээс хойш 15 цаг 16 минутад надад утсаар мэдэгдсэн. Тушаал гарсан гэдгийг өмнө нь хүнээс сонссон байсан тул сонсох ажиллагаа явагдаагүй гэж үзнэ. Энэ талаар хэргийн материалд баримт хавсаргаж, хүний нөөцийн мэргэжилтнээс гэрчийн мэдүүлэг авсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

2.7 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/54 тоот Ж.Ныг төрийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан хугацаанд 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/51 дүгээр тушаалтай холбогдуулан төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байсан. Уг гомдол шийдвэрлэгдээгүй байтал Б/54 дүгээр тушаал гарсан. Б/51 дүгээр тушаалтай холбоотой Төрийн албаны зөвлөлийн шийдвэр ирсэн учир Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хүлээж авч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэмж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.8 Энэ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхээс хүлээж авсан. Ингээд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Ж.Нын албан тушаалыг бууруулах тухай Б/51 дүгээр тушаал, 8 дугаар сарын 27-ны өдрийн Ж.Ныг төрийн албанаас чөлөөлөх тухай Б/54 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, тус газрын шалган бүртгэх товчоо нэгжийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан олгуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна.

2.9 Нэхэмжлэгч нь өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмнөх хурал дээр нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаж өмгөөлөгч нь хууль зүйн үндэслэлийг хэлсэн. Б/51 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.2-т заасныг зөрчсөн гэсэн байдаг. Үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг тодорхойлох тайлагнах журмыг Засгийн газраас тогтоон гаргасан. Засгийн газраас 2020 оны 218 дугаар тогтоолын хавсралтаар Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, батлах, ажлын гүйцэтгэлийн үр дүн мэргэжлийн түвшинг үнэлэх журмыг баталсан. Уг үнэлэх журмын дагуу төрийн албан хаагчийг ямар дүнтэй үнэлэх, тэдгээрт тохирсон ямар арга хэмжээг авах талаар маш дэлгэрэнгүй тодорхой заасан байдаг.

2.10 Хавтаст хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлүүд болон бусад баримтын дагуу тухайн үед үнэлгээ хангалттай сайн явагдаагүй байдал харагддаг. Тухайн үед хэн хэн ямар үнэлгээ авсан талаар нэг бүрчлэн хэлэлцсэн хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт байхгүй. Ж.Ныг албан тушаалаас нь бууруулах тухай асуудлыг хэлэлцэхдээ 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/51 дүгээр тушаал гарахаас өмнө хоёр удаа хурал хэлэлцсэн байдаг. Эхний хурлаар нэхэмжлэгчийг өөрөө биечлэн байхгүй байгаа учир биечлэн байлгаж байгаад ярилцах тухай тэмдэглэл байдаг. Дараагийн хурлаар албан тушаал бууруулах тухай асуудлыг авч хэлэлцэж үнэлгээний тухай асуудлыг ярьдаг бөгөөд үнэлгээг нь ярьсан байдаг. Нэхэмжлэгчийг ямар үнэлгээтэй үнэлэгдсэн бэ гэхэд Захиргаа хэлтсийн дарга нь D буюу сайжруулах шаардлагатай гэж үнэлэгдсэн гэдэг.

2.11 Гэтэл дарга нь дахин лавлаж F үнэлгээтэй биш үү гэхэд үгүй D үнэлгээтэй үнэлэгдсэн гэж хэлдэг. Сүүлд нь Авто замын хөгжлийн газраас үнэлгээний материалыг шүүхэд ирүүлэхэд уг үнэлгээний материал нь дотоод журамдаа нийцэхгүй байсан. Учир нь даргын үнэлгээ 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гарсан байдаг. Ж.Нын ажлыг үнэлсэн үнэлгээний материалын огноо нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэж бичсэн байдаг. Эдний дотоод журмын дагуу хүмүүс 20-ны дотор тайлангаа өгч нэгжийн дарга нар өөрийн удирдлага доорх хүмүүсийн үнэлгээг хийж, 20-ны дотор удирдлагад хүргүүлж үүнээс хойш удирдлага үүнийг нь хүлээж аваад хагас жилийн ажлыг үнэлэх журамтай байдаг. Гэтэл тайлангаа хүргүүлээгүй байхад үнэлсэн мэт харагдаж байна. Шүүх нотлох баримтын эдгээр нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү.

2.12 Хурлын тэмдэглэлд бичсэнчлэн D үнэлэгдсэн бол Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл үр дүн мэргэжлийн түвшин үнэлэх журмын 4 дүгээр зүйлийн 4.14-т D буюу сайжруулах шаардлагатай үнэлгээ авсан төрийн албан хаагчийг сургалтад хамруулна, эсвэл хугацаатай үүрэг даалгавар өгнө, сануулах арга хэмжээ авахаар заасан байдаг. Уг журамд F буюу хангалтгүй үнэлгээ авсан төрийн албан хаагч сануулах арга хэмжээ авна, албан тушаалын цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулна, албан тушаал бууруулах (гурван удаа дараалан ингэж үнэлэгдвэл), гурав ба түүнээс дээш удаа хангалтгүй үнэлгээ авбал ажлаас халах хүртэлх арга хэмжээ авагдана гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан хариуцагчаас ирүүлсэн баримтаас харахад Ж.Н нь 3 удаа дараалан F буюу хангалтгүй үнэлэгдсэн зүйл байхгүй байгаа бөгөөд үүнийг нотолсон баримт байхгүй.

2.13 Иймд нэхэмжлэгчийг албан тушаал бууруулах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Б/51 дүгээр тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй учир Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл гомдлыг хүлээж аваад хуулийн дагуу хянан шалгаж шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед 10 хоногийн дараа Б/54 дүгээр тушаалыг гаргаж төрийн албанаас халсан байдаг. Уг тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг үндэслэлээ болгосон байдаг. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалт нь 2019 оноос мөрдөж эхэлсэн эхний хуульд төрийн албанаас халах заалт байсан гэхдээ 2021 оны 7 дугаар сарын 02-ны нэмэлт өөрчлөлтөөр 48.1.3 нь цалинг 3 сарын хугацаатай 20% хүртэл бууруулах гэсэн заалт болсон байдаг. Уг нэмэлт өөрчлөлтөөр төрийн албанаас халах тухай зохицуулалт нь 48.1.4-т орсон байдаг. Хууль зүйн хувьд уг өөрчлөлт нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх тухай заасан байдаг. Шинээр томилогдсон албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, төрийн албаны захирах захирагдах зарчмыг чанд баримтлан ажиллаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалж зөрчил гаргасан тул 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгож төрийн албанаас халсан.

2.14 Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлийг уг хуульд тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн албан хаагчийн хүлээх үүргийг зааж өгсөн байдаг бөгөөд ямар үүргийг зөрчсөн тухай тушаалд тодорхой дурдаагүй. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд төрийн албан хаагчид хориглох зүйлсийг заасан байдаг. Хориглох зүйлсийн алийг нь зөрчсөн гэдгийг тодорхой заагаагүй байдаг. Хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байдаг. Хуульд заасан үндсэн нөхцөл үндэслэлийг огт харгалзаж үзээгүй. Удирдлагын дур зоргоор шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийг хамт олноо үлгэрлэж манлайлдаггүй гэсэн баримтыг хариуцагч тал шүүхэд өгсөн байдаг. Эдгээр баримтууд нь Б/54 дүгээр тушаалд хамрагдах эсэхийг гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тодруулахад Б/54 дүгээр тушаалд ямар ч хамааралгүй өөр асуудалтай холбоотой болох нь гэрчийн мэдүүлгээр тодорхой болсон.

2.15 Нэхэмжлэгчийг ажлаас халах болсон үндэслэлүүд дунд ажил тасалсан гэх үндэслэл байсан. Гэвч хариуцагч талаас гаргаж өгсөн баримтууд, цагийн бүртгэл, цахим цагийн бүртгэл зэргээс нэхэмжлэгчийг ажил тасалсан гэх үндэслэл харагддаггүй. Уг цагийн бүртгэлийг судлахад 1, 2 удаа тарах ажлын цагаасаа өмнө бүртгүүлсэн зүйл байсан бөгөөд бусдаар ажлын цагийг тасалсан зүйл байдаггүй. Гэрчүүдээс энэ талаар тодруулахад өрөөнд нь хамт суудаг хоёр гэрч тухайн үед өрөөндөө байхгүй байхыг нь гэрчилсэн болохоос ажил тасалж, олон хоногоор явсан тохиолдлыг гэрчлээгүй гэж хэлсэн. Тухайн үед ажлын байран дээрээ байгаагүй гэдэг бөгөөд энэ нөхцөл байдлыг гэрчүүд хэлэхдээ хүний нөөц, хариуцсан мэргэжилтэн орж ирэхэд тухайн үед ажлын өрөөндөө байхгүй байна гэдгийг гэрчилсэн болохоос ажил тасалсан гэдгийг гэрчлээгүй гэсэн. Иймд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг тасалсан гэх нөхцөл байдал иж бүрэн тогтоогдож чадсангүй гэж үзэж байна.

2.16 Бусдын эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг заавал хийх ёстой. 8 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө Б/54 дүгээр тушаалын сонсох ажиллагаа огт болоогүй. Тушаалыг сонсох ажиллагаа хийсэн мэдэгдсэн гэж хариуцагч тал ярьдаг боловч Уг тушаалыг гардаж боловсруулсан хүний нөөцийн мэргэжилтнээс нь гэрчийн мэдүүлэг авахад тушаал өглөө гарсан үдээс хойш цахимаар болон бусад хэлбэрээр мэдэгдсэн гэдгээ гэрчилсэн. Үүнээс харахад сонсох ажиллагаа огт хийгдээгүй гаргасан акт юм. Б/51, Б/54 дүгээр тушаалууд нь төрийн албанд баримтлах ёстой хууль ёсыг чанад мөрдөх зарчим алдагдсан хуулийг дагаагүй, зөвхөн удирдлагын дур зоргийн байдлаар гарсан хууль бус тушаал учир нэхэмжлэгч болон өмгөөлөгч нарын зүгээс хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэгэнт хүчингүй тушаал учир өмнө нь эрхэлж байсан Шалган бүртгэх товчоо нэгжийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэл гаргасан уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байн. Төрийн албаны зөвлөл Б/54 дүгээр тушаал гарсны дараа гомдол гаргахад Б/51 дүгээр тушаалын асуудал шийдэгдээгүй байхад Б/54 дүгээр тушаал гарсан учир манайхаас энэ асуудлыг хянан шалгах боломжгүй байгаа учир та шүүхэд хандана уу гэх хариуг өгсөн баримт хавтаст хэрэгт байгаа. Үүний дагуу хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Шүүх дээрх хууль зүйн болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Төрмандах, Б.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1 Тус газрын захиргаа санхүүгийн хэлтсийн тээврийн хэрэгслийн удирдлагын менежмент хариуцсан Ж.Н нь Шалган бүртгэх товчооны нэгжийн даргаар ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан товчоодын үйл ажиллагааг хэвийн явуулах, хяналт тавьж ажиллах чиг үүргээ хангалтгүй хийж биелүүлж байсан. Энэ талаар удаа дараа өмнөх удирдлагуудаас сахилгын арга хэмжээ авч байсан тохиолдол байдаг. Тухайлбал 2016 оны Б/96 дугаар сануулга, 2017 оны А/94 дүгээр тушаалаар албан тушаалын цалинг 3 сарын хугацаатай 20% хүртэл бууруулах, 2019 оны Б/80 дугаар тушаалаар 6 сарын хугацаатай албан тушаал бууруулж шалган бүртгэх товчоонд зохион байгуулагчаар, 2021 оны Б/51 дүгээр тушаалаар албан тушаал бууруулан тээврийн хэрэгслийн менежмент хариуцсан мэргэжилтнээр томилсон.

3.2 Дээрх тушаалуудад Ж.Ныг удаа дараа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн талаар өөрт тухайн үеийн даргын зөвлөлийн хурлууд дээр анхааруулж байсан. Энэ талаарх хурлын тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэгч нь өөрөө ажилдаа ямар байдлаар хандаж байсан нь үе үеийн удирдлагуудаас харагдаж байна. Зөвхөн 7 дугаар сарын тушаал биш хувь хүний ажилд хандаж байсан хандлага, төрийн албан хаагчийн идэвх зүтгэл, өөрийнх нь ёс зүй нөлөөлсөн. Нэхэмжлэгч талаас 8 дугаар сарын 27-ны өдрийн ажлаас халсан тушаалтай маргаж байсан. Тушаалын хууль зүйн үндэслэлээ нэхэмжлэгч тал ойлголгүй явж байсан. Төрийн албаны зөвлөлд хандсан дараа нь шүүхэд хандсан. Эхлээд шүүх үүнийг нь хүлээж авахгүй байж байгаад дараа нь хүлээж авсан. Хууль зүйн үндэслэлийн хувьд гэвэл төрийн жинхэнэ албан хаагчийн захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьсан Засгийн газрын тогтоолыг бид хууль зүйн үндэслэлдээ бариагүй. Чиг үүргээ хангалгүй биелүүлсэн гэдэг нь тушаалын зөрчлийн нэг хэсэг нь юм. Хууль зүйн үндэслэлдээ бид үүнийг бариагүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү.

3.3 Мөн албан тушаал бууруулж өөрт нь хэлэхэд даргын зөвлөлийн хурлыг хаяад гарсан. Дараа нь ийм шийдвэр гарсан гэдгийг өөрт нь хэлж тэр талаар бичлэг хийсэн. Нэхэмжлэгч нь ажлаа хаяад явсан. Хурлын тэмдэглэлд 7 дугаар сарын хурууны бүртгэлд хуруугаа яагаад бүртгүүлсэн тухай нэхэмжлэгчээс асуухад би ажилчдаа хийдэг, тэгэхдээ хийсэн байх гэж хариулсан байгаа нь тодорхой харагдана. Удирдах албан тушаалын хүн ийм ёс зүйгүй байж болохгүй. Шүүхэд цагаа хийж байсан бүртгэл байна гэж нэхэмжлэгч хэлдэг. Гэтэл цагийн бүртгэл энэ шалгалтад байсан уу гэхэд байгаагүй гэдэг. Яагаад гэрч асуулгасан бэ гэхээр нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүмүүсээр худал гарын үсэг зуруулсан гэсэн байсан. Гэтэл гэрчүүд ирээд бид үүнийг хийсэн хүчээр хийлгэсэн зүйл байхгүй гэж хэлсэн. Албан тушаал бууруулсны дараа нэхэмжлэгч байхгүй болчихсон. Хурлын тэмдэглэлд ажлаас халалгүйгээр албан тушаал бууруулж захиргааны хэлтэст тээврийн хэрэгслийн менежмент хариуцсан ажилтан болгосон.

3.4 Гэтэл нэхэмжлэгч тушаалаа ч аваагүй алга болсон. Тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч ажлаа хийж, ажлаа хүлээлцэж болох байсан ч тэгээгүй. Өдий хүртэл чимээгүй болчихоод би Төрийн албаны зөвлөл, шүүхэд хандсан байгаа гэж хэлж байгаа нь буруу. Нэхэмжлэгч хурууны бүртгэлийн системд хуруугаа уншуулсан ч өөрөө ажилдаа ирдэггүй байсан. Яагаад захирах захирагдах ёсыг баримтлаагүй гэдэг нь үүнээс харагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.16-д хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан тухай шийдвэр гарсан тохиолдолд албан тушаал, ажлын байр, тамга, тэмдэг, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхөөс татгалзах; гэж заасныг зөрчсөн. Ажлын байраа хүлээлцэх ёстой байсан. Үүний дараа Төрийн албаны зөвлөл, шүүхэд хандаж болох байсан. Үнэлгээний хувьд гэвэл Засгийн газрын тогтоолын дагуу төсвийн шууд захирагч үнэлэх ёстой.

3.5 Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолын хавсралтын Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэх журмын 4.2-т заасан байдаг. Төсвийн шууд захирагч хэлтэс нэгжийн даргыг үнэлдэг. Үнэлэх үнэлгээний цаг хугацаа нь эхний хагас жил нь 6 сарын дотор сүүлийн хагас жил нь 6 дугаар сарын 20-ны дотор гэсэн байдаг. Үнэлсэн үнэлгээний хуудаст газрын дарга F үнэлгээг тавьсан байдаг. Түрүүн хурлын тэмдэглэлд байгаа хэлтсийн даргын D үнэлгээ гэж хэлсэн нь алдаа байсан, үнэлгээний хуудаст F үнэлэгдсэн нь тодорхой байдаг. Үнэлгээнд маш муу, удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж тодорхой заасан байсан. Хангалтгүй үнэлгээний хуудастай нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Нэхэмжлэгч нэгжийн ажилчид 20 гаруй хүмүүсээс үр дүнгийн гэрээ, төлөвлөгөө зэргийг авч байгаагүй. Нэг удаа ч болов үнэлгээ хийсэн зүйл байхгүй.

3.6 Нэхэмжлэгч үнэлгээ хийж тайлан хийж байсан бол баримт байх ёстой өөрөө ч энэ тухайгаа ярих ёстой. Нэхэмжлэлдээ даргатай муудсан гэсэн зүйл бичсэн байдаг бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас төлөвлөгөө биелэхгүй тасарсан гэсэн байдаг. Ийм зүйл байхгүй. Ковид-19 цар тахлын улмаас нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, ажлаа сайн хий, төрийн албан хаагчийн үүргээ гүйцэтгэ гэж ажлаас халсан. Өөрийнх нь бичсэн гүйцэтгэлийн төлөвлөгөө нь байгууллагын бүх зүйлсийг хамаад бичсэн байдаг. Хийсэн ажил байхгүй учир баахан юм хамж бичсэн байсан. Газрын дарга ийм тайлан хүлээж авахгүй гээд тайлан дээр нь гарын үсэг зураагүй. Эхний тушаалаар яагаад албан тушаал бууруулах болсон хууль зүйн үндэслэлээ тайлбартаа тусгасан байгаа бөгөөд өмгөөлөгч энэ талаар тайлбар хэлнэ. Мэдэгдэлд Ж.Н ажил дээрээ байхгүй байсан тул 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 17 минутад утсаар ярьж мэдэгдсэн гэсэн байгаа. Нэхэмжлэгч ажлын байрандаа байдаггүй байсан шүү дээ гэв.

3.7 Хариуцагчийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж.Н нь албан тушаал бууруулах тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөлөөс хянаж үзээд тус тушаал нь хуулийн дагуу гарсан байна. Хуульд нийцсэн байна гэж үзэж Ж.Нын гомдлыг хангахгүй орхисон байна. Энэ тушаалд Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасныг нэхэмжлэгч талаас ярьж байна. Дээрх хуульд заасны дагуу мэдлэг ур чадвар хангалтгүй, төрийн албаны албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Б/51 дүгээр тушаал тусгасан байдаг. Мөн Б/51 дүгээр тушаал нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гарсан. 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гарсан тушаалаас өмнө 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга н.Баярсайхан болон захиргааны зөвлөлд хүсэлт гаргах нь гээд нэхэмжлэгчийн харьяалалд ажилладаг нийт 18 хүний 12 хүн нь гарын үсэг зурсан хүсэлт ирсэн. Уг хүсэлт, өргөдөлд шалган бүртгэх товчооны ажилчид бид нэгжийн дарга Ж.Нтай өнөөдрийг хүртэл ажилласаар ирсэн. Энэ хугацаанд бидний эрх ашиг удаа дараа зөрчигдсөөр ирлээ. Биднийг үл хүндэтгэн боловсролгүй, мэдэхгүй, чадахгүй гэсэн албаны бус хувийн байдлаар харьцдаг.

3.8 Ж.Нын удирдлагын түвшинд ажиллах мэдлэг ур чадвар муугаас болж удаа дараа үр дүнгийн цалингаа хасуулж хохирсон. Гуравдугаарт нь товчоонд гарах хуваарийг зөв зохион байгуулалттай хийдэггүй. Жишээ нь яармагийн товчооноос буусан хүнийг шууд амраалгүйгээр өөр шалган бүртгэх товчоо руу ажиллуулах, эмэгтэй хүнийг ганцааранг нь эзэнгүй хэн ч байхгүй товчоонд ажиллуулах хувиар гаргадаг. Ж.Н дарга нь хамт олондоо халуун дулаан уур амьсгал бүрдүүлдэггүй, удирдан зохион байгуулах менежментгүй, ажилдаа сэтгэлгүй, хүйтэн хөндий ханддаг, 8 жилийн хугацаанд удирдах арга барилдаа ахиц гаргаагүй, хэн нэг хүний үгээр ажилтнаа буруутгадаг, хувийн үзэл бодлоо тулгадаг, хамт олны эв нэгдэл эерэг сайхан уур амьсгал бие болгож ажилдаггүй, ажиллах урам зоригийг сулруулдаг, өөрийн санал бодлоор шийддэг. Байгууллагын урамшуулалд өөрийн харьяаны цөөхөн хүнийг хамруулдаг. Сарын болон жилийн эцсийн ажлын тайлангийн хурал хийддэггүй гээд шалган бүртгэх товчооны 18 ажилтнаас 12 хүн нь гарын үсэг зурж энэ хүнтэй хамтран ажиллаж чадахгүй гэсэн хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу Авто замын хөгжлийн газраас ажил зохион байгуулж Ж.Н даргын ажлыг шалгасан. Уг шалгалтын үр дүнд Ж.Н дарга нь цагаа бүртгүүлж хуруугаа хийчхээд явчихдаг байдал илэрсэн. н.О даргыг хоёр удаа очиход нь ажил дээрээ байхгүй байж таарсан болохоос хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа таслаагүй гэх тайлбарыг өгч байна. Хоёр удаа очиж байхад аль нэгд нь ажил дээрээ байж болно шүү дээ. Чухам энэ хоёр удаа ажил дээр байсан уу эсэх талаар тайлбарлаагүй, ажил дээрээ өгсөн нотлох баримтдаа энэ талаараа ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байдаг.

3.9 Б/51 дүгээр тушаалын тушаах хэсгийн нэг дэх хэсэгт нь 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаар хурлаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу тус газрын шалган бүртгэх товчоо нэгжийн дарга Ж.Ныг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн. 2021 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй үнэлэгдсэн тул албан тушаал бууруулан Захиргаа санхүүгийн хэлтсийн техник хэлтсийн хөдөлгөөний менежмент хариуцсан мэргэжилтнээр томилсугай гэж тодорхой заасан байна нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байгаа тайлбарт тодорхой зүйл зааж өгөөгүй байна. 6 дугаар сарын 20-ны өдөр гэхэд үнэлгээний тайланг хүргүүлэх ёстой 6 дугаар сарын 20-ны дотор газрын дарга удирдлагын зөвлөл үнэлээд шийдвэр гаргана гэсэн байдаг. Үүний дагуу 6 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн тайланг хянаж үзээд хангалтгүй үнэлсэн байна гэж дүгнэж албан тушаал бууруулах тухай Б/51 дүгээр тушаал гарсан байна.

3.10 Өөрийнх нь удирдлага дор ажилладаг 18 хүний 12 нь буюу 70% нь энэ хүнтэй хамтран ажиллаж чадахгүй гэсэн гомдлыг үндэслэж ажлаас халах тухай яригдаж байсан боловч хүний амьдрал гээд харж үзэж албан тушаал бууруулсан. Хурлын тэмдэглэлийг харвал албан тушаал бууруулах биш халах санал яригдаж байсан. Гэхдээ хүний амьдрал яригдаж байна гэж үзээд энэ хүнийг нэг удаа харж албан тушаал бууруулах тухай тушаал гаргасан. Энэ тушаал нь хуулийн дагуу, хууль ёсыг баримталж, шударга ёсонд нийцэж гарсан бөгөөд тухайн хүний ар гэр амьдралын байдлыг харгалзаж үзсэн. Сонсох ажиллагааны тухайд гэвэл нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж байсан. Ажилдаа ирэхгүй, хийхгүй, тайлангаа өгөхгүй байна гэж байсан. 2016 онд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/96 дугаар тушаал гарсан байдаг бөгөөд уг тушаалд үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын дагуу Ж.Над Нийслэлийн аудитын газар болон Нийслэлийн дотоод аудитын газраас хийгдсэн 2016 оны жилийн эцсийн санхүүгийн шалгалтаар байгууллагын санхүү болон ажлын гүйцэтгэлд хянан баталгаажуулалттай холбоотой зөрчил илэрсэн мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилтыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэн албан тушаалын цалинг гурван сар хүртэлх хугацаанд 20% бууруулахаар болсон.

3.11 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/8 дугаар тушаалаар Ж.Н нь албан тушаалын тодорхойлолтод заасан товчоодын үйл ажиллагааг хэвийн явуулах, хяналт тавьж ажиллах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн тул 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалыг 6 сарын хугацаатай бууруулан шалган бүртгэх товчооны зохион байгуулагчаар томилсон. Удаа дараа он дараалан арга хэмжээ авхуулсан, үүн дээрээ анхаараагүй, захирах захирагдах ёсонд баригдаагүй, байгууллагын албан тушаалтны үүрэг даалгавар биелүүлээгүй, дарга нарын өөдөөс эсэргүүцдэг гэх мэт хувийн байдал нь тогтоогдсон гэж үзэж 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/51 дүгээр тушаал гарч уг тушаалаар Ж.Ныг төрийн албанаас халсан. Б/51 дүгээр тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч нэхэмжлэгч нь өөрийн ажлаа хийж байх ёстой байсан. Төрийн албаны зөвлөлд өгсөн хариугаа хүлээгээд ажлаа хийж бай ёстой байтал ажлаа хаяад явсан. Утсаар нь залгахаар Төрийн албаны зөвлөлд өгсөн гэдэг тайлбар өгдөг. Ингээд ажил тасалсан захирах захирагдах зарчмыг баримталж ажиллаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан. Эдгээр тушаалууд нь хууль, шударга ёс, энэрэнгүй ёсонд нийцсэн тушаал гэж үзэж байна.

3.12 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр болсон даргын зөвлөлийн хурал яригдсан бөгөөд нэхэмжлэгч Ж.Н хурлыг хэрэлдэж хаяад гарсан нь нотлох баримтаар авагдсан байгаа. Ж.Н нэхэмжлэлд нэмэлт тайлбар өгөх явцдаа 12 хүний гарын үсэгтэй хүсэлтийг газрын дарга ирээд үүн дээр гарын үсэг зурчихаа Ж.Н яам руу явах гэж байгаа гэж хуурч гарын үсэг зуруулсан гэж хэлсэн. Гэтэл нэхэмжлэгч хувийн байдал ямар хүн гэдгийг мэдэж байгаа. Мөн гэрчийн мэдүүлгээс харахад эдгээр хүмүүс нь өөрийн сайн дураар гарын үсэг зурсан гэдэг нь тодорхой хэлсэн байдаг. Нэхэмжлэгчийн өгсөн тайлбар нь ч нэхэмжлэгчийг хувь хүнийхээ хувьд ямар хүн гэдгийг нотолж байна гэж үзэж байна. Иймд Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын Б/51, Б/54 дүгээр тушаалуудыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

1.1 Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Ж.Ныг албан тушаалыг бууруулах тухай Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1 Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Ж.Ныг албан тушаал бууруулах тухай Б/51 дүгээр тушаалаар Шалган бүртгэх товчоо нэгжийн дарга Ж.Ныг газрын даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний менежмент хариуцсан мэргэжилтнээр албан тушаалыг нь бууруулан томилохоор шийдвэрлэжээ.

2.2 Ингэхдээ Ж.Ныг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн, 2021 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй үнэлэгдсэн гэсэн үндэслэлүүдийг зааж албан тушаалыг нь бууруулж, түүнд 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр утсаар мэдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан мэдэгдлээр тогтоогдож байна.

2.3 Нэхэмжлэгч Ж.Н нь 2013 оноос нийслэлийн Авто замын газрын Захиргааны албаны даргаар, ажиллаж, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар тогтоолоор нийслэлийн Авто замын газрын Захиргааны албаны даргын буюу удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байна.

2.4 Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дотоод хяналтын хэлтсийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтээр Шалган бүртгэх товчоо нэгжийн дарга Ж.Нын 2021 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайланд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 тоот тушаалыг хэрэгжүүлээгүй, хэлтэс, нэгжийн төлөвлөгөө тайлангийн загвараар боловсруулаагүй, төлөвлөгөөний зорилтыг огт тусгаагүй, эхний хагас жил, сүүлийн хагас жилийн хүрэх түвшинг бичээгүй, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнөөс шалган бүртгэх товчоо болон нийт хэлтэс, нэгжтэй холбоотой ажлуудын заалтыг төлөвлөгөөнд тусгаагүй, албан тушаалын тодорхойлолтод байхгүй эрх мэдлээс хэтэрсэн ажлыг төлөвлөсөн, түүнийг худал тайлагнасан, 2021 оны 4 дүгээр сарын 30-нд ДХХ-д өгсөн тайлангаас ажлын явж ахиагүй, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангаагүй гэсэн зөрчлүүдийг илрүүлж, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3 дугаартай зөвлөмжөөр нэхэмжлэгчийг цаашид тайлангийн боловсруулалтад анхаарч, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн, дүрэм журмын хүрээнд зөрчил гаргахгүй ажиллахыг зөвлөсөн байна.

2.5 Шалган бүртгэх товчоо нэгжийн дарга Ж.Нын 2021 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудсанаас үзвэл тэрээр удаа дараа ажил сайжруулах үүрэг өгсөн, ажлыг хангалтгүй маш муу гүйцэтгэсэн гэж үзэж F гэж үнэлж, нэхэмжлэгч түүнд гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгчийн D үнэлгээ авсан гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байх бөгөөд энэхүү үнэлгээтэй маргаагүй байна.

2.6 Хариуцагчаас нэхэмжлэгчийг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын тушаалаар 2016 онд, 2017 онд, 2019 онд тус тус сахилгын шийтгэл хүлээж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн байна.

2.7 Мөн тус байгууллагын шалган бүртгэх товчооны хамт олноос Авто замын хөгжлийн газрын даргад 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тус нэгжийн дарга Ж.Нтай хамтран ажиллахаас татгалзсан хүсэлт ирсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан 17 хүний зөвшөөрч гарын үсэг зурсан хүсэлтээр болон шүүхэд гэрчээр тайлбар өгсөн гэрч Д.П*******, Д.*******, Д.У******* нарын тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.

2.8 Гэвч Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам-ын 4.14.5-д F буюу хангалтгүй үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд 4.14.5 дахь хэсгийн в-д албан тушаал бууруулах арга хэмжээ авч болохоор заасан боловч 3 удаа дараалан F буюу хангалтгүй үнэлгээ авсан байхыг шаардсан байна.

2.9 Маргаан бүхий тушаалын үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, мөн 45.1.2-т үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэх зохицуулалтыг нэхэмжлэгчийн тухайд авч үзвэл хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан 2022 оны эхний улирлын үр дүнгийн гэрээнд F үнэлэгдсэн байх боловч сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам-ын 4.14.5 дахь хэсгийн в-д заасныг зөрчсөн, мөн тухайн албан тушаалыг эрхлэх шаардлага хангах эсэх талаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулж тогтоолгоогүй байх тул дээрх заалтыг нэхэмжлэгчид хэрэглэх нөхцөл бүрдсэн гэж үзэхээргүй, маргаан бүхий актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох, мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан мэдэгдэх ажиллагааг хуульд заасан хүрээнд үйлдээгүй, гаргасан захиргааны акт нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх 4.2.5-д заасан ...бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх гэсэн зарчимд нийцээгүй байна.

3. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Ж.Ныг төрийн албанаас халах тухай Б/54 тушаалыг хүчингүй болгуулж, түүнийг тус газрын Шалган бүртгэх товчоо нэгжийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1 Тус газрын дотоод хяналт шалгалтын ахлах мэргэжилтэн Б.С нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн удирдлагаас Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний менежмент хариуцсан мэргэжилтэн Ж.Нын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн ажлын тайланд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг өгсөний дагуу цаг ашиглалтад хяналт тавьж, 2021 оны 8 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд ажлын цагаар ажлын байрандаа байгаа талаар хяналт тавьж, ажлын байрандаа байдаггүй талаар нэг өрөөнд суудаг албан хаагчдаар гэрчлүүлэн гарын үсэг зуруулж, тайлбар гаргуулан авчээ.

3.2 Ингээд 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаартай зөвлөмжөөр нэхэмжлэгчид арга хэмжээ авахаар хүргүүлж, үүний дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний менежмент хариуцсан мэргэжилтэн Ж.Ныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалж, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, төрийн албаны захирах, захирагдах зарчмыг чанд баримтлан ажиллаагүй гэж үзэж төрийг албанаас халахаар шийдвэрлэж, үүний дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэсэн заалтыг болон тус газрын дотоод журмын 10.1-т ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан... гэсэн заалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалж, шинээр томилогдсон албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, төрийн албаны захирах захирагдах зарчмыг баримталж ажиллаагүй зөрчил гаргасан гэж үзэж 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгож төрийн албанаас халж, энэ тухай мэдэгдлийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр түүний утсаар мэдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан мэдэгдэл, зөвлөмж, тайлбар, хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

4. Ж.Ныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан гэх үндэслэлийн талаар:

4.1 Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Сийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэлийг үзвэл нэхэмжлэгчийг ...2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 07:55 минутад хуруугаа бүртгүүлээд гараад явсан, орой 17:02 минутад орж ирээд явсан, 2021 оны 8 дугаар сарын 27-ны 07:53 цагт ирээд мөн гараад явсан, шалган бүртгэх товчоонд гарч байгаа хүмүүсээс асуухад ирээгүй гэсэн, нэг өрөөнд хамт суудаг албан хаагчид байгаагүй гэдгийг гэрчлүүлсэн... гэжээ.

4.2 Шүүхээс нэхэмжлэгчтэй нэг өрөөнд суудаг албан хаагч болох Ц.Ш*******ийг гэрчээр асуухад ...ажил тасалсан гэдгээр гарын үсэг зураагүй өрөөнд байхгүй байсан гэж л зурсан... гэж, гэрч Т.Э ...тухайн өдөр би гадуур ажилтай явж байгаад 15:15 минутад ирсэн тэр үед л ажил дээрээ байгаагүй гэдгийг гэрчилсэн, тэрээр гадуур явдаг ажилтай... гэж, мэдүүлдэг бөгөөд цаг бүртгэлийн ERP системийн мэдээллээр нэхэмжлэгчийн цагийн бүртэл бүрэн, түүний цалингийн картаар 2021 оны 8 дугаар сард 22 хоног буюу бүтэн ажилласан гэж цалинг олгосон нь тогтоогдож байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь тогтоогдохгүй байна.

5. Албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, төрийн албаны захирах, захирагдах зарчмыг чанд баримтлан ажиллаагүй гэх үндэслэлийн тухайд:

5.1 Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Ж.Нын албан тушаалыг бууруулж, тус байгууллагын Захиргаа, санхүүгийн хэлтсийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний менежмент хариуцсан мэргэжилтнээр томилж, хариуцсан ажлыг актаар хүлээлцэхийг Захиргаа санхүүгийн хэлтсийн даргад үүрэг болгосон байхад ажил хүлээлцсэн акт үйлдэж үүрэгт ажлыг хүлээлцээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1албан тушаалд тавигдах шаардлага болон ажиллах нөхцөл, албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаалын тодорхойлолттой тухайн албан тушаалд томилогдмогц албан ёсоор танилцах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах гэж заасан эрхийг нь зөрчсөн мөн нэхэмжлэгчээс дээрх албан тушаал бууруулсан захиргааны акттай маргаж Төрийн албаны зөвлөлд гомдол шалган ажиллагаа явагдаж байхад 10 хоногийн дараа түүнийг албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн дүрмийн захирах захирагдах ёсны зарчмыг зөрчсөн талаар тогтоогоогүй, нэхэмжлэгчийн захиргааны албан тушаалтны гаргасан акттай маргаж буй асуудал энэ хүрээнд хамаарахгүй болно.

5.2 Хариуцагч маргаан бүхий 2021 оны Б/54 дүгээр тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх 4.2.5-д заасан ...бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх гэсэн зарчимд нийцээгүй байна.

6. Иймд нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Ж.Ныг албан тушаалыг бууруулах тухай Б/51 дүгээр, мөн 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Ж.Ныг төрийн албанаас халах тухай Б/54 тушаалууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгож, түүнийг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаж, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Шалган бүртгэх товчоо нэгжийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нь зүйтэй гэж үзлээ.

7. Нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Ж.Ныг албан тушаалыг бууруулах тухай Б/51 дүгээр тушаалыг, мөн 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Ж.Ныг төрийн албанаас халах тухай Б/54 тушаалыг хүчингүй болгож, өмнөх ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай..., эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, 127 дугаар зүйлийн 127.1Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Нын ажилгүй байсан хугацаа буюу 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10,722,693 төгрөгийн олговроос тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний менежмент хариуцсан мэргэжилтнээр цалинжуулсан 10 хоногийн зөрүүг хасч, хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгч Ж.Над олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.4, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Ж.Нын албан тушаалыг бууруулах тухай Б/51 дүгээр тушаалыг, мөн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Ж.Ныг төрийн албанаас халах тухай Б/54 тушаалыг тус тус хүчингүй болгож, Ж.Ныг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Шалган бүртгэх товчоо нэгжийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Нын ажилгүй байсан хугацаа буюу 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10,722,693 төгрөгийн олговроос тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний менежмент хариуцсан мэргэжилтнээр цалинжуулсан 10 хоногийн зөрүүг суутган тооцож, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ