Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2025/0616

 

 

 

 

 

 

 

 

“Мо”

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай  

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн: 

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа  

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа  

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч  “Мо”  

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хохирол 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах” тухай    

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0548 дугаар шийдвэр    

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа  

Хэргийн индекс: 031/2013/0717/3   

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч Мо-аасХан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хохирол 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0548 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсгийн "д", 29.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Мо-аас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хохирол 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.       

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 128/ШШ2025/0548 дугаар бүхий бидний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна. Бид шүүгчдийн үндэслэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрт "2.28 энэхүү захирамжийн 2 дахь заалтын зохицуулалтаас үзэхэд, дулааны шугам суурилуулах ажлыг хэрэгжүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Монгол дээд сургуулийн эзэмшлийн 2 тээврийн хэрэгслийг зайлуулах арга хэмжээ авах нь хариуцагчид хуулиар олгогдсон эрх хэмжээнд хамаарч байх тул энэхүү шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан "хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан" гэж үзэх үндэслэлгүй", 2.29-д тодруулбал 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 /д/, 29.2, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд.... хэрэгжүүлсэн нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарч байна" гэжээ.

Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга Эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаарх бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.”, 7.3-д “Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод, бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авна." гэж заасан.

Хариу үндэслэл 1. Энд эрчим хүчний хамгаалалтын зурваст баригдсан гэжээ. Гэтэл дулааны шугам зөвшөөрөл аваагүй хууль зөрчсөн байхад, баригдаагүй байхад, хамгаалалтын зурвасыг дүүргийн засаг тогтоосон шийдвэр гараагүй байхад, хамгаалалтын зурваст машин байрлуулсан зөрчлийг улсын байцаагч тогтоогоогүй байхад хамгаалалтын зурвасын тухай ярих боломжгүй юм.

 Хариу үндэслэл 2. Дулааны шугамын хамгаалалтын зурвас бусдын эзэмшил газраас зөвшөөрөлгүй булааж авсан үйлдлийг үнэлсэнгүй.

Хариу үндэслэл 3. Дулааны шугам барих зөвшөөрөл гараагүй байхад хууль зөрчин шугам барьсныг "захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарч байна" гэж дүгнэх үндэслэлгүй юм. Хууль зөрчих нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарахгүй.

Хариу үндэслэл 4. Дулааны шугам барих зөвшөөрөл дутуу байхад шугам барьж хууль зөрчсөн үйлдлийг шүүгчид үнэлж дүгнэсэнгүй.

Хариу үндэслэл 5. Улсын Дээд шүүх энэ үндэслэлээр өмнөх шийдвэрээ өөрчилж, хэргийг анхан шатны шүүхэд зохих чиглэл өгч буцаасан байсныг тооцсонгүй.

 

Хариу үндэслэл 6. Монгол дээд сургуулийн эзэмшил хашаанд дотор байгаа тээврийн хэрэгслийг хашааны хаалга эвдэн орж зайлуулсан буюу хувийн өмчид хууль бусаар халдсан, тус сургуулийн газраас 197 м.кв газар булаан эзэмшиж байгаа, бусдын эзэмшил газрыг 21 хоног зөвшөөрөлгүй ашигласан, 2 саравч эвдэн алга болгосон үйлдлийг шүүгчид үнэлж дүгнэсэнгүй.

Шүүхийн шийдвэрт "2.25 Дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан" буюу захиргааны актыг эл үндэслэлээр илт хууль гэж тогтоох үндэслэл нь тухайн захиргааны акт харьяалагдсан этгээд нь захиргааны актыг биелүүлснээр хууль зүйн хариуцлага хүлээхүйц, өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг эсхүл захиргааны зөрчилд тооцогдож болохоор үйлдэл эс үйлдэхүй гүйцэтгэхийг тухайн актыг биелүүлэх субъектээс шаардсан байхыг тохиолдлыг ойлгоно." гэжээ.

Хариу үндэслэл 7. Энэ бол зөвхөн тайлбар. Энэ тайлбарт манай үндэслэлүүд яагаад таарахгүй байгаа тухай үндэслэл бүхий тайлбар алга.

Хариу үндэслэл 8. Хуульд "хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан" гэж бүх хуулийн тухай бичсэн байхад шүүгчид "эрүүгийн хэрэг эсхүл захиргааны зөрчилд тооцогдож болохоор гэж хэт явцууруулж, бусад олон хуулийг орхиж, өрөөсгөл болгож, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Хариу үндэслэл 9. Эрүүгийн хууль зөрчсөн буюу бусдын эд хөрөнгөнд (хашааны хаалга, эвдэж орч ирсэн 2 саравч нурааж алга болгосон, 197 м.кв газрыг булааж эзэмших байгаа, бусдын газрыг хүч түрэн 21 хоног зөвшөөрөлгүй ашигласан байдлыг шүүгчид үнэлсэнгүй.

Хариу үндэслэл 10. Маргаагүй асуудлаар шүүх шийдвэр гаргасан. Хариуцагч тал бидний үндэслэлийг яагаад хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь заалтад тохирохгүй гэж маргаагүй байхад шүүх өөрөө элдэв худал буруу үндэслэл гаргаж шийдвэр гаргасан.

Хариу үндэслэл 11. Анхан шатны шүүхийн шийдвэрт Улсын дээд шүүх, Давж заалдах шатны шүүхээс өгсөн зөвлөмж, чиглэл ажиллагаа хийгдсэнгүй.

Хариу үндэслэл 12. Шүүхийн шийдвэрт 3.5 “Барилгын зураг төслийн ажлын хөлсийг төлсөн нь захирамж гарахаас өмнөх баримт байх бөгөөд маргаан бүхий захирамжийн үндэслэлд шууд хамаарахгүй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчид шууд учирсан хохирол гэж дүгнэх боломжгүй” юм. Хэрэв захирамж гараагүй бол бид зургаараа барилга барих байсан. Захирамжийн дагуу шугам тавьж хамгаалалтын зурвас нь манай барилга барих газрыг хамарсан тул барилга барих боломжгүй болж, барилгын зураг хэрэггүй болж бид хохирсон.

Хариу үндэслэл 13. Шүүхийн шийдвэрт "3.6 Нэхэмжлэгч тухайн 2 сүүдрэвчийг хэзээ, хэн буулгасан, авч явсан гэх үйл баримтыг тодорхойлж чадаагүй." гэжээ. Гэтэл захирамжийн дагуу цагдаагийн хамгаалалт доор ажил гүйцэтгэсэн тул сүүдрэвчийг хэн буулгаж авч явсныг мэдэх боломжгүй байсан. Хурааж тавьсан гэж гэрч Д.Баярсайхан мэдүүлсэн. Бидэнд хүлээлгэж өгөөгүй. Энэ бол баримт мөн. Иймд захирамж гаргасан төрийн байгууллага хариуцах ёстой. Иймд энэ асуудлыг тодруулах үүднээс хамгаалалтад зогссон цагдаа нараас гэрчийн мэдүүлэг авах ёстой. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Дээрх олон шалтгааны улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.    

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Мо-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.       

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.  

 

2.1. Нэхэмжлэгч Мо-аас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хохирол 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.[1]    

2.2. “Мо”-д нийслэлийн Засаг дарга 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 520 дугаар захирамжаар[2] Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2976 м.кв газрыг сургалтын зориулалтаар эзэмших эрхийг баталгаажуулж, нийслэлийн Засаг дарга 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/581 дүгээр захирамжаар[3] газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.    

2.3. Маргаан бүхий Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар “Төр, захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.1.6, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 1 дэх заалтаар дүүргийн төр захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах ажлыг хэвийн явуулах нөхцөлөөр хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, 2 дахь заалтаар дулааны шугам суурилуулах ажилд санаатайгаар саад учруулж буй 2244УНП, 0505УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ачих буюу зайлуулах арга хэмжээ авч, захирамжийн  хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ажлыг хэсэг /А.О/-т даалгаж шийдвэрлэсэн байна.[4]    

2.4. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасны дагуу хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэх үндэслэлээр илт хууль бус гэж үзэж маргасан.

2.5. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолоор[5] Хан-Уул дүүргийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байх бөгөөд түүний хавсралтын Гурав. Газрын маргаан, зөрчил арилгах, газар чөлөөлөх талаар хэрэгжүүлэх ажлын 12-д  “Дүүргийн нутаг дэвсгэрт улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдах 12 барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний газрыг чөлөөлөх, үүнд шаардагдах нөхөн олговрыг тухай бүрд шийдвэрлүүлж ажиллах” гэжээ.  

2.6. Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь эрх, үүрэгтэй:”, 22.1.2-т “эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн Төр захиргааны нэгдсэн байр, Эв-эе-27, Эв-эе-28 байр, “Ди би би” ХХК-ийн контор үйлчилгээ зочид буудал, Орхон дээд сургуулийн оюутны байр, спорт заалны барилгуудын дулаан хангамжийн ажлын зураг төслийн нүүрэнд Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Барилга, Хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын баталсан гарын үсэг, дардас бүхий тэмдэглэлээ хийгдэж, зураг төсөл бүхий хуудсанд 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдөр экспертээр хянагдсан, “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийн ерөнхий инженер зөвшөөрсөн байна.[6]

2.7. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.", Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 29.1.4-т “дэд бүтцийн талаар: д/нутаг дэвсгэртээ эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, худалдаа, ахуйн үйлчилгээ, хот тосгоны орон сууц, нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.”, 29.2-т "Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.", Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаарх бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.”, 7.3-т “Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод, бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авна.” гэж тус тус заасны дагуу дулааны шугам суурилуулах ажлын хэрэгжилтийг хангах зорилгоор захирамжид заасан 2 тээврийн хэрэгслийг зайлуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн нь үндэслэл бүхий байна.  

2.8. Учир нь нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газартай дулааны шугамын хамгаалалтын зурвас нь 197,090 м.кв хэмжээгээр давхцалтай нь, нэхэмжлэгч нь дулааны шугам тавигдах трассын дагуу эзэмшил газрын хязгаарт өөрийн эзэмшлийн 2 авто машиныг байрлуулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр, 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамж нь мөн өдрөө шууд хэрэгжсэн, нэхэмжлэгч хашаагаа буулгахыг зөвшөөрсөн, 2244УНП авто машиныг өөрөө холдуулсан зэрэг үйл баримт тогтоогддог.   

2.9. Өөрөөр хэлбэл дулааны шугам суурилуулахаар төлөвлөгдсөн ажлын хэрэгжилтийг хангах буюу хүн ам, нийтийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагын дагуу нэр бүхий 2 тээврийн хэрэгслийг зайлуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарч байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцсэн байна.   

2.10. Тодруулбал, дулааны шугамын хамгаалалтын зурвас нь Монгол дээд сургуулийн  эзэмших эрх бүхий газартай  хойд хэсгээрээ давхацсан, дулааны шугам тавигдах трассын дагуу эзэмшил газрын хязгаарт өөрийн эзэмшлийн 2 авто машиныг байрлуулсан нь тогтоогдсон, хариуцагчаас зөвшилцөх, санал солилцох ажиллагаа явуулсан боловч тохиролцоонд хүрээгүйн улмаас 2 тээврийн хэрэгслийг зайлуулах арга хэмжээ авах тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамж нь Эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасны дагуу “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэж үзэх үндэслэлгүй.  

2.11. Мөн нэхэмжлэгчээс шинэ барилгын зураг төсөл зуруулсантай холбоотой 3,000,000 төгрөг, хашаанд байсан 2 сүүдрэвчийг буулгаж авч явсантай холбоотой 7,000,000 төгрөг гээд нийт 10,000,000 төгрөгөөр хохирсон гэж байгаа боловч маргаан бүхий захирамжийн үндэслэлд шууд хамааралгүй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгч 10,000,000 төгрөгөөр шууд хохирсон нь бүрэн тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0548 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА

 

                      ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] 5 хавтаст  хэргийн 59-64 хуудас  

[2] 1 хавтаст хэргийн 88 дахь тал

[3] 1 хавтаст хэргийн 98 дахь тал

[4] 1 хавтаст хэргийн 20 дахь тал

[5] 1 хавтаст хэргийн 70 дахь тал

[6] 2 хавтаст хэргийн 197-211 хуудас