Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 913

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00308 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Б,

Хариуцагч ИНЕГт холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 181 350 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/46 тушаалаар Ж.Бгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр болсон. ИНЕГ уг шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажилгүй байсан хугацааны олговорт 4 688 250 төгрөгийг нөхөн төлж, 2017 оны 6-8 саруудын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн.

Тус шүүхийн шийдвэр гарснаас хойш 4 сарын дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Б/321 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилсон ба энэ хугацаанд ажилд эгүүлэн тогтоолгох тухай тогтоолыг хүлээсээр 87 хоног ажилгүй, 3 сар эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт ямар ч бичилт хийлгээгүй тул эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 181 350 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 181 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт хийхийг ИНЕГт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 852 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний нисэхийн Ерөнхий газраас 113 852 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж мэтгэлцэх эрхээр хангаагүй. Шүүх хуралдааныг 16 цагаас гэж зарласан. Гэтэл тухайн өдөр 11 цагаас шүүгчийн туслах залгаж 11 цаг 30 минутаас шүүх хуралдаантай болсон гэж хэлсэн. Миний бие өөр шүүх хуралтай байсан тул амжиж очих боломжгүй байсан. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, хариуцагчийг эрхээ хамгаалах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагатай.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч ИНЕГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 181 350 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу хэргийн оролцогч нар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох эрхтэй. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ба зайлшгүй тохиолдолд телефон утсаар болон бусад хэлбэрээр мэдэгдэж болно. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн тухай баримтад /хх.29/ хариуцагч талд утсаар мэдэгдсэн тухай тэмдэглэлд “16:00 цаг” гэж бичжээ. Хэрэгт шүүх хуралдааныг 11:30 цагт болох талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн мэдэгдлийг хүлээн авсныг баталгаажуулсан талаар өөр баримт авагдаагүй байна.

Иймд хариуцагч талын хэн гэх этгээдэд мэдэгдсэн нь тодорхойгүй, дээрх утсаар мэдэгдсэн гэх баримтыг үндэслэн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан зохих журмын дагуу мэдэгдсэн гэж үзэх боломжгүй тул хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэж үзэх ба энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Мөн шүүх хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адил үзэж, түүний тайлбарыг уншиж сонсгон, эсрэг талын тайлбарыг гаргуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасан журмыг шүүх зөрчсөнөөс гадна шүүхийн шийдвэрт хариуцагчийн хариу тайлбарыг тусгаагүй, нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж буй үндэслэл нь хэрхэн няцаагдсан талаар дүгнээгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4 дэх хэсгийн шаардлагыг хангаагүй байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00308 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүгчийн захирамжаар хойшлуулсныг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

          ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                          А.ОТГОНЦЭЦЭГ