Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 519

 

 

 

                            2020 оны 02 сарын 05 өдөр

 Дугаар 101/ШШ2020/00519

 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А ХХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х ХХК д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 6,541,958.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Н, хариуцагчийн төлөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х нь 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №2019/А/079 дугаартай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээг байгуулан "А " ХХК"-иас 2019 оны 2-р сард 2 763 511,60 төгрөгийн, 3-р сард 3 841 026,60 төгрөгийн нийтдээ 6 604 538,20 төгрөгийн эм барааг худалдан авч 2-р сарын 02-ны өдөр 109 652, 2-р сарын 14-ний өдөр 33 580,80 төгрөгийн эм барааны буцаалтыг хийсэн.

2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2 байгууллага тооцооны үлдэгдлийн баталгааг хийж үлдэгдэл төлбөр 6 461 305,40 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон боловч 2 100 000 төгрөгийн төлөлтийг хийж үлдэгдэл төлбөр 4 361 305,40 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Худалдан авсан барааны төлбөрийг тохирсон хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн алдангийг гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэл дүнгээс алданги тооцно, уг алдангийг үлдэгдэл төлбөрийн хамт худалдан авагч тал нь нийлүүлэгч талд үл маргах журмаар төлөх үүрэгтэй гэдгийг тооцооны үлдэгдлийн баталгаа болон 2019/A/079 дугаартай Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээний 3.13-т зааснаар 2 тал тохирч баталсан болно. Гэрээ болон тооцооны үлдэгдлийн баталгаанд зааснаар Х-ийн худалдан авсан барааны төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 4 361 305,40 төгрөгийн алдангийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоход 4 614 829,60 төгрөг болж байгаа бөгөөд алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50%-иас хэтрэхгүй байх хуулийн дагуу 2 180 652,70 төгрөгийн алданги, эм барааны үлдэгдэл төлбөр 4 361 305,40 төгрөг, нийтдээ 6 541 958,10 төгрөгийг хариуцагч Х-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай 2019.2.5-нд гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь 2 753 511.6 төгрөгний бараа, 3 841 026.6 төгрөгний бараа, нийт 6 604 538.20 төгрөгний бараа зээлээр олгосон. Хариуцагч нь 109 652 төгрөг төлсөн. 33 580.8 төгрөгний бараа буцаасан.  Тооцоо нийлж 6 461 305.4 төгрөгний үлдэгдэлтэй байсан. Уг төлбөрийг 2019.4.15-ны өдөр төлөхөөр тохирсон. Энэ хооронд 2 100 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 4 361 305.4 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 3.13 болон үлдэгдлийн баталгаан дээр мөн адил алданги төлөхөөр заасан. Алдангид 2019.4.15- 2019.10 .31 өдөр хүртэл нийт 4 614 829.4 төгрөг алданги тооцогдоно. 50 хувиас хэтрэхгүй тул 2 180 652.7 төгрөг алдангид нэхнэ. Нийт 6 541 958.10 гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Ш нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өөрийн татгалзал хариу тайлбараа шүүх хуралдааны явцад гаргах болно.

Хариуцагч нь эмийн сан ажиллуулдаг. Ингэхдээ бусдаас бараа татан авалт хийдэг. 2019.7.10-нд албан бичгээр мэдэгдсэн байдаг. Төлбөрийг хэрхэн төлөх талаар мэдэгдсэн. Улмаар нэхэмжлэгчтэй уулзаад хугацаа заагаад алданги тооцохгүй гэж ярьсан. Гэрээг хараагүй зурсан байдаг. Манай түрээсийн гэрээ цуцлагдаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Үүнийг хариуцагч нь дахин мэдэгдсэн байдаг. Бараа авсан дээр маргаагүй. Анхнаасаа алданги тооцохгүй гэж амаар тохирсон байсан тул алдангийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 6,541,958.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Х, түүний төлөөлөгч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн төлбөрийг зөвшөөрч, алданги тооцох талаар тохиролцоогүй, гэрээг уншилгүй гарын үсэг зурсан гэх үндэслэлээр алдангид холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэсэн нэртэй худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь бараа нийлүүлсэн, улмаар 4,361,305.4 төгрөгний төлбөр төлөгдөөгүй гэж тайлбарласан бол хариуцагчийн төлөөлөгч нь үүнийг үгүйсгэж, маргаагүй. Мөн нэхэмжлэгчийн тайлбар нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар нотлогдож байна. /хэргийн 11 дүгээр тал/

Хариуцагчийн төлөөлөгч нь гэрээг нөхөж үйлдсэн тул алданги тооцох үндэслэлгүй гэж маргасан. Гэвч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Мөн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар гэрээг нөхөж үйлдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь бараа нийлүүлэлт тус бүрт гэрээ байгуулж, алдангийн талаар тохиролцоогүй гэж маргаж байна. Гэвч гэрээг судалж үзвэл гэрээний дагуу олон удаагийн нийлүүлэлт хийх боломжтой, өөрөөр хэлбэл худалдах худалдан авах гэрээний үндсэн нөхцөлийг тохиролцож, бараа нийлүүлэлт тус бүрт тооцоо хийх боломжтой байна.

Үүнээс гадна зохигчид тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэхдээ 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцож, улмаар хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор заасан, мөн хариуцагчаас 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн 07-9 дугаар албан тоотод алданги тооцохгүй байхыг хүссэн зэргээр хариуцагчийн төлөөлөгчийн анхнаасаа алданги тооцохоор тохиролцоогүй гэх тайлбар үгүйсгэгдсэн.

 

Гэрээний 3.13-т төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор заасан байх тул тооцооны үлдэгдлийн баталгаанд заасны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчид алданги шаардах эрх үүссэн байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан тул хариуцагч нь төлбөр төлөх хугацааг 7 сар 26 хоног буюу нийт 240 хоног хэтрүүлжээ. Энэ хугацаан дахь алдангийг тооцвол 1 хоногт 21,806.53 төгрөг, 240 хоногт 5,233,567.20 төгрөгний алданги тооцогдоно. Харин нэхэмжлэгч нь алдангид 2,180,652.70 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцэж байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т зааснаар хариуцагч Х-с худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 6,541,958.10 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119,622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 119,622 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД