Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/65

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Э.Х

Улсын яллагч  Д.З

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-ын Т-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны ... дугаар сарын ...-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ....-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс .,.. ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ...,... хамт амьдардаг, Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т овгийн Б-ын Т РД:.../

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед Дорноговь аймгийн .... сумын .... дугаар баг, ... гудамжинд Б.Б-тай би архи авсан, чи архи авсангүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар чулуугаар цохиж духны зүүн хэсэг, уруул хэсэгт нь цохиж, биед нь тархи доргилт, духны зүүн хэсэгт шарх, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “5 дугаар сарын 25-ны өдөр найзындаа очиж нэг юм ууя гээд дэлгүүрт нэг удаагийн аяга авах гээд орсон чинь Б.Б дэлгүүрт зогсож байсан, надаас нэг юмны мөнгө зээлчих тэгэх үү гэхээр нь би надад мөнгө алга, ахын дүү шартаж үхэх гээд байвал ахынхаа энэ архинаас уух уу гээд тэгээд уусан, уусны дараа аав ээжийгээ блок хийнэ, амиа хорлоно гээд байхаар нь би тэсэж чадахгүй мангастаад унагаасан, тийм юм сонсож чадаагүй нь миний буруу” гэжээ.

            Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гаалийн гудамжинд бор байшинтай айл руу орсон чинь 2 эгч архи уучихсан сууж байсан. Тэгээд бид 4 архиа хуваагаад уугаад сууж байсан чинь 1 эгч нь явах хэрэгтэй боллоо гээд байшингаас гараад урд талын гудамжинд байсан модон жорлонд тэр 2 эгч  биеэ засна гээд явсан. Тэгсэн чинь нөгөө хүрэн ягаан өнгийн срочкон цамцтай 160 см орчим өндөртэй ах "одоо чи нэг юм авч өг, дэлгүүрээс би юм авч гарсан, одоо чиний ээлж мөнгө ирээгүй юу гэж асуухаар нь би орж ирээгүй, худлаа юм шиг байна ах гэсэн чинь нөгөө ах уурлаад бид 2 маргалдаад барьцалдаад авсан. Тэгээд би нөгөө ахад миний хавирга эвгүй байгаа хүнтэй муудаж зодолдож чадахгүй гэсэн чинь нөгөө ах газраас атга дүүрэн том чулуу бариад миний зүүн нүдний дээд тал дух хэсэгт 1 удаа цохисон. Тэр үед миний духнаас цус гараад эхэлсэн. Тэр үед ахаа болио толгой хагарч байна шүү дээ яагаад байгаа юм бэ гэсэн чинь дахин чулуутай гараараа миний уруул руу цохисон. Тэгэхлээр нь газар хэвтээд өгсөн чинь цаашаа яваад 2 эмэгтэйгээ дуудсан, нөгөө 2 эмэгтэй намайг зодож цохисон эсэхийг мэдэхгүй байна. ... чулуугаар миний дух, уруул хэсэгт цохисонд гомдолтой байна ..." гэх мэдүүлэг /xx- ийн 06/

            Иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Б.Б нь Дорноговь аймгийн ... сумын нэгдсэн эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 331,900 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б.Т-оос гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг /xx-ийн 11-12/

             Гэрч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А-ийнд  бид хоёр  гэрт нь ирээд байж байсан чинь Т бид хоёрын араас хүрээд ирсэн, түүний баруун хөлийнх нь хуруу зүсэгдсэн, оймс цамцны энгэр нь цус болчихсон, Б-ын цус нь үсэрсэн юм шиг байна лээ. ... Т нь банди намайг цохидог байна шүү, бид 2 муудаад гэж ярьж байсан. ... ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй, сүүлд нь харанхуй болсон хойно Б нь толгойгоо боочихсон "Т хаана байгаа юм бол" гээд надаас асуугаад ирж байсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р/

            Гэрч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Э бид 2 манай гэрт байж байсан чинь Б.Т нэг танихгүй залуу /Б.Б гэх/ дагуулаад 1 шил архитай ороод ирсэн, тэгээд Б.Т нь энэ дүүтэй санаандгүй явж байгаад тэгээд бид 2 дэлгүүр явсан, тэр Б, Б.Т танилцлаа гэж байсан. Тэд нар арай түрүүлж гараад "..." дэлгүүрийн тэнд хамт явж байгаа харагдсан. Э бид 2 нөгөө хоёр чинь тэнд явж байна шүү дээ гэж хэлчхээд яваад өгсөн. Тэд согтуу бие биенийгээ татаж чангаагаад гуйваад яваад байгаа харагдаж байсан, тэгээд бол эргэж уулзаагүй байж гэртээ байж байсан чинь Б.Б оройхон 19 цагийн үед байх эргэж орж ирээд нөгөө ах ирсэн үү? Би эмнэлэг дээр байж байгаад ирлээ, нөгөө ах намайг зодсон, толгой хагалсан гэж хэлсэн тэгэхээр нь би Т манайд байхгүй гэж хэлээд гаргасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18- 20/

            Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

            Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн  ....-ны өдрийн ... дугаартай шинжээчийн “...Б.Б-ын биед тархи доргилт, духны зүүн хэсэгт шарх, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

             Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

            Б.Б-ын биед үүссэн тархи доргилт, духны зүүн хэсгийн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ..." гэх дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/

            Шүүгдэгч Б.Т-ын урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/

 Шүүгдэгч Б.Т-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 49-54/

 

 Шүүгдэгч Б.Т-ын Эрүүл мэндийн даатгалын санд 331,900 төгрөгийн хохирол барагдуулсан баримт /хх-ийн 65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б-ын Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед Дорноговь аймгийн ... сумын ... дугаар баг, ... гудамжинд хохирогч Б.Б-тай би архи авсан, чи архи авсангүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар чулуугаар духны зүүн хэсэг, уруул хэсэгт нь цохиж, биед нь тархи доргилт, духны зүүн хэсэгт шарх, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ.

 

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад П.Г нь хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар 2023 оны .... сарын ...-ны өдөр ... тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан бөгөөд энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

 

Шүүгдэгч Б-ын Т-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Т-ыг хохирогч Б.Б-тай би архи авсан, чи архи авсангүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар чулуугаар духны зүүн хэсэг, уруул хэсэгт нь цохиж, биед нь тархи доргилт, духны зүүн хэсэгт шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...гаалийн гудамжинд бор байшинтай айл руу орсон чинь 2 эгч эмэгтэй архи уучихсан сууж байсан, тэгээд бид 4 архиа хуваагаад сууж байсан чинь 1 эгч нь явах хэрэгтэй боллоо, байшингаас гараад урд талын гудамжинд модон жорлон байсан, 2 эгч биеэ засна гээд явсан, тэгсэн чинь нөгөө хүрэн ягаан өнгийн срочкон цамцтай 160 см орчим өндөртэй ах "одоо чи нэг юм авч өг, дэлгүүрээс би юм авч гарсан, одоо чиний ээлж мөнгө ирээгүй юу гэж асуухаар нь би орж ирээгүй, худлаа юм шиг байна ах гэсэн чинь нөгөө ах уурлаад бид 2 маргалдаад барьцалдаад авсан, тэгээд би нөгөө ахад миний хавирга эвгүй байгаа хүнтэй муудаж зодолдож чадахгүй гэсэн чинь нөгөө ах газраас атга дүүрэн том чулуу бариад миний зүүн нүдний дээд тал дух хэсэгт 1 удаа цохисон, тэр үед миний духнаас цус гараад эхэлсэн, тэр үед ахаа болио толгой хагарч байна шүү дээ яагаад байгаа юм бэ гэсэн чинь дахин чулуутай гараараа миний уруул руу цохисон, тэгэхлээр нь газар хэвтээд өгсөн чинь цаашаа яваад 2 эмэгтэйгээ гээд дуудсан, нөгөө 2 эмэгтэй намайг зодож цохисон эсэхийг мэдэхгүй байна... чулуугаар миний дух, уруул хэсэгт цохисонд гомдолтой байна ..." гэх мэдүүлэг /xx-ийн 06/, иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Б.Б нь Дорноговь аймгийн ... сумын нэгдсэн эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 331,900 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б.Т-оос гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг /xx-ийн 11-12, гэрч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А-нд бид хоёр гэрт нь ирээд байж байсан чинь Т бид хоёрын араас хүрээд ирсэн, түүний баруун хөлийнх нь хуруу зүсэгдсэн, оймс цамцны энгэр нь цус болчихсон, Б-ын цус н үсэрсэн юм шиг байна лээ. ... Т нь банди намайг цохидог байна шүү, бид 2 муудаад гэж ярьж байсан... ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй, сүүлд нь харанхуй болсон хойно Б нь толгойгоо боочихсон "Т хаана байгаа юм бол" гээд надаас асуугаад ирж байсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз Э бид 2 манай гэрт байж байсан чинь Б.Т нэг танихгүй залуу /Б.Б гэх/ дагуулаад 1 шил архитай ороод ирсэн, тэгээд Б.Т нь энэ дүүтэй санаандгүй явж байгаад тэгээд бид 2 дэлгүүр явсан, тэр Б, Б.Т танилцлаа гэж байсан. нар арай түрүүлж гараад "..." дэлгүүрийн тэнд хамт явж байгаа харагдсан. Э бид 2 нөгөө хоёр чинь тэнд явж байна шүү дээ гэж хэлчхээд яваад өгсөн. Тэд согтуу бие биенийгээ татаж чангаагаад гуйваад яваад байгаа харагдаж байсан, тэгээд бол эргэж уулзаагүй байж гэртээ байж байсан чинь Б.Б оройхон 19 цагийн үед байх эргэж орж ирээд нөгөө ах ирсэн үү? Би эмнэлэг дээр байж байгаад ирлээ, нөгөө ах намайг зодсон, толгой хагалсан гэж хэлсэн тэгэхээр нь би Т манайд байхгүй гэж хэлээд гаргасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18- 20/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ...-ны өдрийн ... дугаартай шинжээчийн   дүгнэлт /хх-ийн 30-31/, шүүгдэгч Б.Т-ын Эрүүл мэндийн даатгалын санд 331,900 төгрөгийн хохирол барагдуулсан баримт /хх-ийн 65/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Т нь  уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн ... дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Т нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирлын хувьд:

Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ажилтан Д.Д-ын хохирогч Б.Б-ын нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авсан 331,900 төгрөгийн зардлыг шүүгдэгч Б.Т-оос нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь  уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч Б.Б нь шүүгдэгчээс ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Т-ыг бусдад төлөх  төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох санал гаргасан.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ын хувийн зан төлөв, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч нарын зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл болсон байдал болон шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн байдал зэргийг  тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.  

Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан торгуулийн ялыг сайн дураар төлөх хугацаанд төлөх боломжтой тул хэсэгчлэн төлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүнд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Б-ын Т РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овгийн Б-ын Т-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар   шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Т-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.Ц