Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/450

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

            Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

            Улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтгэрэл,

            Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0161/,

            Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Тэнгис /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0518/, өмгөөлөгч Э.Энххэрлэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2703/ нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** нарт холбогдох эрүүгийн 2202005670416 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо *** дүгээр хороолол *** гудамж *** дүгээр байр *** тоотод оршин суух, /РД:***/ урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***.

 

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух /РД:***/, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 632 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарах зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 632 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 25 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 сар 25 хоногоор хорих ялаар шийтгэсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 9 сар 25 хоногийн хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байх зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногтой дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн, уг ялыг биелүүлж дууссан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоон шийдвэрлэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 483 дугаартай магадлалаар уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, хэрэг хариуцах чадвартай, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны *** тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 62.9 грамм жинтэй Өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн биедээ “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 5.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй ургамал мэт хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар тус тус хадгалсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулжээ.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч ***, *** нарыг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

1. Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4-8, 9, 10-15 дахь тал),

2. Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны *** тоотод 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-20 дахь тал),

3. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр 15-ны орой 16 цагийн үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр болсон хар тамхины сургалт болон шинжилгээнд хамрагдаад гарч хороолол руу найз охинтойгоо уулзахаар такси бариад очиж 6 дугаар бичил хорооллын орчим буугаад алхаж байх үедээ урд өмнө нь таньдаг байсан *** болон *** нартай таарсан. Мэнд мэдээд хамт утаат тамхи татахаар байрны булан тойрохоор явж байх үед ардаас хар тамхины төлөөлөгч нар дуудаад бид гурвыг барьж авсан. Харин хамт явсан *** болон *** нарын биеэс өвч болон шавар гарч ирсэн учраас цагдаагийн байгууллага дээр авч ирсэн. Үүнээс өөр зүйл болоогүй. Би өөрөө 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хар тамхины хэрэгт шүүхээр орж 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдөр Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан, одоо гартаа бугуйн цаг зүүсэн, зорчих эрхээ хязгаарлуулсан байдалтай явж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр сардаа нэг удаа дуудсан цагт нь очиж шинжилгээ өгч сургалтад хамрагдчихаад явдаг. ***г *** гэдэг, ***г *** гэдэг, одоогоор 1 жилийн өмнөөс таньж мэддэг болсон өвс гэх мансууруулах бодисыг гадаадад байх үедээ сонирхож хэрэглэж байсан гэж ярьж байсныг сонсож байсан. Монголд хэрэглэж байсныг нь бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

4. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн үед гэртээ цагдаа нарын хамт орж ирсэн. Тэгээд манай дүү *** гэртээ өвс хадгалж байгаа гэдгээ хэлсэн юм шиг байсан. *** өөрийнхөө өрөөнд байсан саарал өнгийн гутлын хайрцагт байсан өвс, мөн хувцасны шүүгээнээс гялгар уутанд боосон өвс гаргаж өгсөн. Би *** дүүгээ өвс хадгалж байсан гэдгийг мэдээгүй. Маш их гайхсан. Тэгээд цагдаагийн байгууллага дээрээс ирж авсан. Гэртээ авч очоод юу болов яасан юм бэ гэхэд, сэтгэл санаа муу байна гэж хэлсэн. Чи хаанаас мэдэж авсан юм бэ гэхэд би интернэтээс мэдэж авсан гэж хэлсэн. Худалдаж авсан юм уу гэхэд үгүй ээ би өөрөө түүж авсан гэж хэлсэн. Хууль бус зүйл шүү дээ, мэдэж байгаа юу гэхэд мэдэж байгаа гэж хэлээд дахиж хэрэглэхгүй, ойлгосон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4566 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “*** *** 2022.09.15” гэж хаягласан шээс, “*** *** 22.09.15” гэж хаягласан шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “*** *** 2022.09.15” гэж хаягласан шээс, “*** *** 22.09.15” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 61-62, 63 дахь тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4565 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “***ийн биеэс хураан авсан эд зүйл” гэж хаягласан зиплок гялгар ууттай цаасанд боодолтой ургамал мэд зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “***ийн биеэс хураан авсан эд зүйл” гэж хаягласан ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цаастай жин нь 10,8 грамм, цэвэр жин нь 5,5 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 5,2 грамм болов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 66-67, 68 дахь тал),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4563 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд №1 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн хайрцагтай жин нь 180,6 грамм, цэвэр жин нь 36,9 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 36,5 грамм болов. №2 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 29,5 грамм, цэвэр жин нь 26,0 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 25,8 грамм болов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 71-72 дахь тал),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4564 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “***ийн биеэс хураан авсан эд зүйл” гэж бор өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, “ТЕБАНТИН 300 мг” гэх бичиглэлтэй капсултай эм мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “ТЕБАНТИН 300 мг” гэсэн бичиглэлтэй бор, шаргал өнгийн капсултай эм мэт зүйлээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенци, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенциудад багтсан бодис илрээгүй. Бор өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутнаас делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Бор өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутны жин нь 0,2715 грамм, дээж авч үлдсэн жин нь 0,2553 грамм болов. “ТЕБАНТИН 300 мг” гэх бичиглэлтэй капсултай эм мэт зүйлийн капсултай жин нь 0,4659 грамм болов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 76-78, 79 дэх тал),

9. 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 883 дугаартай “...*** нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. *** нь одоогоор сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна. *** нь мэдүүлэг өгөх чадвартай байна. *** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 82 дахь тал),

 

10. 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 883 дугаартай “...*** нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинж үгүй байна. *** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. *** нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна. *** нь мэдүүлэг өгөх чадвартай байна. *** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 85 дахь тал),

 

11. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 246-250 дахь тал),

 

12. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 8 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Хороололд *** гэх нэртэй бааранд архи ууж байгаад баарны гадаа гараад тамхилаад зогсож байтал нэг танихгүй залуу ирээд үүнийг үзэх үү тамхи сонин биш болсон шүү дээ гээд гялгар ууттай зүйл өгөөд татаж байсан тамхинаасаа надад өгсөн. Тэр зүйлийг нь сорж үзэхэд хоолой хорсож байгаа юм шиг санагдаж байсан. Энэ үед тэр залуу бие засаад ирье гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би хэсэг хүлээж зогсож байгаад ирэхгүй болохоор нь яваад өгсөн. Би тухайн үед нэлээн их хэмжээний архи уусан байсан болохоор нөгөө өгсөн зүйлийг халааслаад харьсан байсан. Маргааш өглөө нь гэрийнхнээсээ нуугаад болконы шкаф дээр байх гутлын хайрцаг, өрөөнийхөө хувцасны шүүгээнд нууж хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101-102 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

13. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрийнхөө амьдардаг байрны орцны гаднаас өвсийг олж авсан. Байрны орцны хаалгаар гарахад үүдэнд жижиг цаасанд боосон зүйл байхаар нь аваад нээгээд үзэхэд өвс байсан. Тэр өвсийг мансууруулах өвс байж магадгүй гэж бодоод тамхины оронд нь нөгөө өвсөө хийж байгаад татаж үзэхэд толгой эргээд манарч байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. Би өмнө нь мансууруулах өвсний талаар зурагт, фейсбүүкээр харж байсан. Би өөрөө хар тамхитай тэмцэх газрын page хуудсыг дагадаг болохоор хар тамхины талаар бага сага мэднэ. Би мэдээлэл авах зорилгоор мөн үр хүүхдэдээ зөв мэдээлэл өгөх зорилгоор page хуудсыг дагадаг. Би энэ зун буюу 2022 оны 7 дугаар сард шоу үзэж яваад нэг сорж үзэж байсан. Түүнээс хойш байрныхаа гаднаас олж авсан өвсийг сорж хэрэглэж үзсэн. Хэрэглэх үед толгой эргээд архи уучихсан юм шиг мэдрэмж төрж байсан. Одоо бол хэрэглэхгүй байгаа. Би 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байрныхаа гаднаас олж аваад өөрийнхөө үүрч явдаг жижиг цүнхэнд хийж хадгалж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн үүрч явсан цүнхнээсээ хураалгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104-105 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэгээс гаргаж өгсөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 483 дугаартай магадлалын хуулбар зэргийг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** нь 1996 оны 3 дугаар сарын 31-ний өдөр манай ууган хүү болон Улаанбаатар хотод мэндэлсэн. Доороо 4 дүүтэй. *** нь Нийслэлийн 97 дугаар цэцэрлэгт хүмүүжээд Нийслэлийн 13 дугаар сургуульд 6 дугаар анги хүртэл суралцаад салбар болох 113 дугаар шинэ сургууль нээгдээд тэндээ очиж 10 дугаар ангиа төгсөөд Барилгын коллежид суралцуулахаар болсон боловч сургуулиа төгсөөгүй. Одоо хувиараа барилгын засварын ажил хийдэг. 2014 онд *** гэж эмэгтэйтэй гэр бүл болсон боловч 2020 онд салсан. Дундаасаа 2 хүүхэдтэй. *** тайван, дөлгөөн зан ааштай, сагсан бөмбөг тоглох дуртай...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дахь тал), гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ах зан аашны хувьд жоохон түргэн ууртай, элдэв буруу зан ааш байхгүй. Тамхи татдаг, хааяа архи уусан байдаг. Архи уусан үедээ илүү дутуу зан ааш байхгүй. Манай ах гэрийнхэнтэйгээ таарамж сайтай. Сүүлийн хэдэн жил гадуур ажил хийгээд гэр орноороо тогтмол ирээд байдаггүй. Өмнө нь залилангийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Манай ах сагс тоглох, компьютер тоглох сонирхолтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 111, 113-117, 119-121 дэх тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 128 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 130 дахь тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 168 дахь тал),

Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор түүний өмгөөлөгч Б.Тэнгисээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн *** ХХК-ийн тодорхойлолт, гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай 3 дахь хүү маань болж Улаанбаатар хотын хоёрдугаар төрөхөд мэндэлсэн. Бага насандаа ээж, аавын гар дээр хүмүүжээд Нийслэлийн 77 дугаар сургуульд 1-11 дүгээр ангийг сурч төгсөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хятад хэлний ангийг төгссөн. Сургууль төгссөнөөсөө хойш Бүгд Найрамдах Хятад ард улсад хэлнийхээ чиглэлээр магистр хамгаалсан. Түүнээс хойш орчуулагчаар ажилласан. Он сарын нь мэдэхгүй байна, мөн хоёр Словак улс руу явж ажиллаад ирсэн. *** эхнэр аваад 1 хүүхэдтэй. Одоо тусдаа амьдардаг. Словак улс руу явж ажиллахаас өмнө нь тусдаа амьдрах болсон. Цэргийн алба хаагаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Зан аашны хувьд төлөв даруу, дуу цөөтэй хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 110 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 128 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 136 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 138 дахь тал), эд хөрөнгийн бүртгэлийн талаарх албан тоот (хавтаст хэргийн 154 дэх тал), магистрын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 155-160 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 169 дэх тал), хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 171 дэх тал), дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт, бакалаврын дипломын хуулбар (хавтаст хэргийн 173, 174 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***, шүүгдэгч *** нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул хавтаст хэргийн 27-30, 31, 35-38 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтооход:

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны *** тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 62.9 грамм жинтэй Өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн биедээ “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 5.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Энэ нь шүүгдэгч ***, *** нарын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны *** тоотод 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч ***ийн “...2022 оны 9 дүгээр 15-ны орой 16 цагийн үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр болсон хар тамхины сургалт болон шинжилгээнд хамрагдаад гарч хороолол руу найз охинтойгоо уулзахаар такси бариад очиж 6 дугаар бичил хорооллын орчим буугаад алхаж байх үедээ урд өмнө нь таньдаг байсан *** болон *** нартай таарсан. Мэнд мэдээд хамт утаат тамхи татахаар байрны булан тойрохоор явж байх үед ардаас хар тамхины төлөөлөгч нар дуудаад бид гурвыг барьж авсан. Харин хамт явсан *** болон *** нарын биеэс өвч болон шавар гарч ирсэн учраас цагдаагийн байгууллага дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч ***ийн “...2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн үед гэртээ цагдаа нарын хамт орж ирсэн. ...*** өөрийнхөө өрөөнд байсан саарал өнгийн гутлын хайрцагт байсан өвс, мөн хувцасны шүүгээнээс гялгар уутанд боосон өвс гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4566 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “*** *** 2022.09.15” гэж хаягласан шээс, “*** *** 22.09.15” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4565 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “***ийн биеэс хураан авсан эд зүйл” гэж хаягласан ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цаастай жин нь 10,8 грамм, цэвэр жин нь 5,5 грамм...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4563 дугаартай “...Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд №1 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн хайрцагтай жин нь 180,6 грамм, цэвэр жин нь 36,9 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 36,5 грамм болов. №2 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 29,5 грамм, цэвэр жин нь 26,0 грамм...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

 

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Тус гэмт хэргийн объектив талын шинж болох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан, хууль бусаар тариалсан, ургуулсан идэвхтэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг хор уршиг учирсан байхыг тус тус шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг байдаг.

 

1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шүүгдэгч *** нь биедээ хадгалж явсан, шүүгдэгч *** нь өөрийн гэртээ хадгалж байсан үйлдэл нь хууль бус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “...хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч ***, *** нар нь үйлдлээ хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж, хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй байх тул дээрх гэмт хэргийн объектив, субьектив шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.  

 

Тэдгээр нь гэмт хэргийг хамтран үйлдсэн, тухайн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, тус тусдаа бие даасан гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд, шүүгдэгч ***ийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны *** тоот гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 62.9 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч ***ийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн биедээ “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин нь 5.5 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв. 

 

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ***, *** нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 883, 884 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ.    

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, шүүгдэгч *** нь гэртээ 62,9 грамм, шүүгдэгч *** нь биедээ 5.5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хадгалж байсан буюу тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлууд, талуудын ялын санал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч ***, *** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэх нь тэдгээрийн гэмт үйлдэлд тохирно гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***-д өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоон шийдвэрлэсэн байх ба уг шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 483 дугаартай магадлалаар хэвээр үлдээжээ.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дээрх шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон нь тогтоогдож байх тул шүүгдэгч ***ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэж, ялыг нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэл бий болсон байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан тул шүүгдэгч ***ийн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *** нь эрүүгийн 2105015922528 дугаартай хэрэгт шийтгэх тогтоол гарсан 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд нийт 90 хоног цагдан хоригджээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж зааснаар шүүгдэгч ***ийн цагдан хоригдсон 90 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзаж шүүгдэгч ***т оногдуулсан 1 жил хорих ял, шүүгдэгч ***-д оногдуулсан 3 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно. 

3. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч ***, *** нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураагдсан шүүгдэгч ***ийн гэрээс хураан нэгжлэгээр хураан авсан “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлээс шинжилгээнд дээж авч үлдсэн нь 25.8 грамм, №2 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 25.8 грамм, ***ийн биеэс хураан авсан бор өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутны жин нь 0,2715 грамм, дээж авч үлдсэн жин нь 0,2553 грамм, “ТЕБАНТИН 300 мг” гэх бичиглэлтэй капсул эм мэт зүйлийн капсултай жин нь 04659 грамм, шүүгдэгч ***ийн биеэс хураан авсан ургамал мэт зүйлийн шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 5,2 грамм сэтгэцэд нөлөөт бодис нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болно.

 

Иймд улсын яллагчийн “Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлээс шинжилгээнд дээж авч үлдсэн нь 25.8 грамм, №2 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 25.8 грамм, ***ийн биеэс хураан авсан бор өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутны жин нь 0,2715 грамм, дээж авч үлдсэн жин нь 0,2553 грамм, “ТЕБАНТИН 300 мг” гэх бичиглэлтэй капсул эм мэт зүйлийн капсултай жин нь 04659 грамм, шүүгдэгч ***ийн биеэс хураан авсан ургамал мэт зүйлийн шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 5,2 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг устгуулах тухай” саналыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч ***, *** нарт хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***, *** нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус авахаар шийдвэрлэсэн болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***, *** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 1 /нэг/ жил, ***-т оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн эрүүгийн 2105015922528 дугаартай хэрэгт шийтгэх тогтоол гарсан 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 90 (ер) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлээс шинжилгээнд дээж авч үлдсэн нь 25.8 грамм, №2 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 25.8 грамм, ***ийн биеэс хураан авсан бор өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутны жин нь 0,2715 грамм, дээж авч үлдсэн жин нь 0,2553 грамм, “ТЕБАНТИН 300 мг” гэх бичиглэлтэй капсул эм мэт зүйлийн капсултай жин нь 04659 грамм, шүүгдэгч ***ийн биеэс хураан авсан ургамал мэт зүйлийн шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 5,2 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

7. Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА