Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/452

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Тэгшбаяр,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** холбогдох эрүүгийн 2305014570853 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамж, *** дугаар гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамжны *** тоотод түр оршин сууж байгаа, /РД:***/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***.

 

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” караокены 201 тоот өрөөнд, “***” шатахуун түгээх станцын хажууд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр ***ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч ***ийн: “...2023 оны 3 дугаар сарын 27-ны шөнө 21 цагийн үед би нөхөр ***ын арван жилийн хамт олонтой Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** караокед ороод 2 шил архи захиалаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад манай нөхөр намайг архиар шахаад байсан. Би уухгүй гэхэд манай нөхөр манай найз нөхдийг хүндэлсэнгүй гээд миний баруун шанаанд гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэгэхэд би өөрийгөө хамгаалах гээд гараа дээш нь өргөх үед манай нөхөр 5-6 удаа миний нүүрэн тус газар гараа атгаж байгаад дахин цохисон. Тэгж байгаад тухайн караокеноос 3 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн үед бид нар бөөндөө гараад гэр лүү явж байхад замд манай нөхөр дахиад намайг өшиглөж унагаагаад дээрээс дэвсээд хэвлий хэсэг рүү 2 удаа өшиглөж цементэн дээр гараас татаад чирээд байсан. Тэгж байгаад гараас татаж босгож ирээд баруун гар луу гараараа 3 удаа цохин намайг дахин газарт унагасан. ...Манай нөхөр миний хохирол эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дахь тал), гэрч ***ийн: “...2023 оны 3 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн үед манай дүү *** нь над руу залгасан. Манай нөхөр *** нь цагдаагийн байгууллага дээр ирээд дүү ***ээ аваад манай гэрт авч ирсэн. Дүү *** гэрт орж ирэхэд харахад хүн танихын аргагүй байсан. Гутал хувцас нь битүү шороо болсон. Энгэр хувцас нь битүү цус нөж болсон байсан. Нүүр нь битүү хавдсан, ярьж чадахгүй, явж чадахгүй манай нөхрөөр түшүүлээд арай гэж орж ирсэн. Маргааш өглөө 10 цагийн үед овоо гайгүй болж ярьж эхэлсэн. *** нь надад хэлэхдээ нөхөр ***т зодуулчихлаа гээд өөр нээх юм ярьж хэлж чадахгүй байсан. Би дагуулж явж шүүх эмнэлэгт үзүүлж харуулсан. Эм тариа уусаар байгаад арай дээр болж эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал), Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4378 дугаартай: “...***ийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна булан, хацрын төвгөрт, баруун хацар, баруун хөхөнд зулгаралт, хамрын уг, зүүн чихний омогний доод хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал. Баруун мөр, бугалга, шуу, сарвуу, зүүн бугалга, тохой, шуу, нуруу, зүүн өгзөг, хоёр гуя, зүүн өвдөгний цус хуралт, баруун шуу, сарвуу, зүүн хөхний зулгаралт, бэлгийн их уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-29 дэх тал), СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 35-36 дахь тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал) болон шүүгдэгч ***ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 19-21 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.             

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан ба энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заажээ. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг хэрхэн ойлгох талаар нарийвчлан зохицуулсан.

 

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2-д “...энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч ***, хохирогч ***нар нь 2017 онд гэрлэлтээ батлуулсан, энэ хэрэг гарсан 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдарсан, дундаасаа нэг хүүхэдтэй буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь тогтоогдож байна.

 

Иймд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ...бие биеэ халамжлах, хүндэтгэх, ...хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй…” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ***ыг гэрлэлтээ батлуулан 6 жил хамт амьдарсан, 1 хүүхдийн эцэг, эх, эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдарч байгаа /эхнэр/-ийнхээ бие махбодод халдсан, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй хууль бус үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийг зодоход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж оролцсон болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 87 дахь тал) 

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 88-89 дэх тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.     

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

 

Хохирогч нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан 765,550 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан талаар хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд “...миний эрүүл мэндийн хохирлыг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий байх тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий байх тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***нь “хохирол нөхөн төлсөн, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА