Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2020/00304

 

 

 

 

 

 

 

 

                      2020        02          05  

                 182/ШШ2020/00304

    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.Э-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин 13.711.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.                                                                                         

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  

П.Э миний бие нь 2016 оны 01 сарын 01-ний өдөр Ц захирлын Б/02 тоот тушаалаар тус байгууллагад хөдөлмөрийн гэрээний дагуу жижүүрийн ажилд орсон. Миний хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 2016 оны 10 сарын 01-ний өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул би шүүхэд хандан намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00647 шийдвэрээр тогтоож, ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл Ц эрх бүхий албан тушаалтнууд өдий хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойших хугацааны цалин буюу 2017 оны 3 сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны нийт 33 сарын 13.711.500 төгрөгийг Ц аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр П.Эыг төв байрны жижүүрээр ажиллуулах үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг Ц даалгасан юм. Нэхэмжлэгч П.Э нь Ц гаргасан өргөдөл, хүсэлтдээ “...миний төрсөн эцэг Д.П ын бие хүнд өвчтэй, түүнийг би өөрөө биечлэн асрах зайлшгүй шаардлагатай, цаашид Ц ажиллах хүсэлгүй, энэхүү хөдөлмөрийн харилцааны асуудлаар шүүхэд дахин маргаан үүсгэхгүй тул 1.316.700 төгрөгийг олгоно уу гэж дурджээ. Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, нэхэмжлэгч П.Этай эвлэрэн тохирч, түүний гаргасан өргөдөл, хүсэлтийн дагуу П.Эын төрсөн эцэг нь хүнд өвчтэй, тус газрын харьяа Ц-тай 2016 онд байгуулсан Ажлын гэрээний хугацаа нь дуусаагүй байсныг харгалзан 2016 оны үлдэгдэл 10, 11, 12 сарын цалин, улсын тэмдэгтийн хураамж нийт 1.316.700 төгрөгийг тушаал гаргаж олгосон болно. Иймд тус газар нь П.Эыг дахин ажилд авч ажиллуулах хууль эрх зүйн үндэслэлгүй болно гэв.   

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Ц холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 13.711.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь П.Э нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа эргэн орохгүй гэх хүсэлтээ бичиж өгч 1.316.700 төгрөгийг авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

  

Нэхэмжлэгч П.Э нь Ц захирлын 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар тус газар төв байрны жижүүрийн үүргийг гүйцэтгүүлэхээр томилогдсон байна. /хавтаст хэргийн 9 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч П.Э нь Ц 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/53 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. /хавтаст хэргийн 10 дугаар тал/

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00467 дугаар шүүхийн шийдвэрээр П.Эыг Ц газрын төв байрны жижүүрээр ажиллуулах үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг Ц даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1.246.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч П.Э нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ц “...цаашид Ц газарт ажиллах хүсэлгүй, энэхүү хөдөлмөрийн харилцааны асуудлаар шүүхэд дахин маргаан үүсгүүлэхгүй, захирлын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/02 дугаартай “Ажлын гэрээ”-ээр 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллах хугацаатай байгаа зэргийг тус тус харгалзан 1.246.500 төгрөг болон тэмдэгтийн хураамжийн 70.200 төгрөг, нийт 1.316.700 төгрөгийг олгоно уу...” гэх хүсэлтийг гаргажээ. /хавтаст хэргийн 44 дүгээр тал/  

 

Уг хүсэлтийн дагуу Ц даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/50 дугаартай “Цалин хөлсийг олгох тухай” тушаалаар П.Этай 2016 онд байгуулсан ажлын гэрээний хугацаа нь дуусаагүй байсныг харгалзан 1.246.500 төгрөгийн цалин хөлс, тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 1.316.700 төгрөгийг олгож шийдвэрлэжээ. /хавтас хэргийн 21 дүгээр тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20/01-61 дугаартай тогтоол гаргасан байна. /хавтаст хэргийн 47 дугаар тал/   

 

Иймд нэхэмжлэгч П.Эын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13.711.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ц газарт холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 13.711.500 төгрөг гаргуулахыг хүссэн П.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.ДАВААСҮРЭН