Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/453

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Билгүүн,

Хохирогч ***,

Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305006560756 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа үсчин хийдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын *** дугаар баг, *** гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, ***-р байр, *** тоотод түр оршин сууж байгаа /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ***нь 2023 оны 2 дугаар сарын 01-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” нэртэй үсчний газар хохирогч ***тай “ойр орчмынхоо үсээ шүүрд” гэж хэлсэн үгнээс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохих, цээжин тус газар өшиглөх зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь хамрын нуруу, баруун тохой, баруун шуу, цээжинд зулгаралт, баруун зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах *** үсчний газар 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 16:00 цагийн үед үсчин ***д ажлын шаардлага тавьж ойр орчиндоо цэвэрхэн байх талаар хэлэхэд өөдөөс өөрөө цэвэрлэ гээд хэрэлдсэн. Чи юу гээд байгаа юм гээд хэлтэл хоёулаа зодолдъё гэсэн. Тэр өдөр *** бас халамцуу жаахан архи үнэртүүлсэн байсан. Архины халуундаа надтай тэгж харьцсан байх. Бид хоёр маргалдаж байгаад *** гарч явсан. 2023 оны 2 дугаар сарын 01-ний орой 20:00 цаг өнгөрөөгөөд *** *** үсчний газарт ирээд намайг гараад ир гэж дуудсан. Тэгэхээр нь би уучлалт гуйх гэж байгаа юм болов уу гэж бодоод гарсан. Тэгээд гараад гал байна уу миний дүү гэхэд галаа шууд газарт шидсэн. Тэгэхээр нь би ойлгоод буцаад ажил руу орсон, хүнд ч үйлчилж байсан болохоор ороод хүндээ үйлчилж дуусаад буцаж гарч иртэл *** хоёулаа үзье гэж хэлээд над руу шууд дайраад миний нүүр лүү гараараа цохиж, цээж, хөл рүү өшиглөсөн. Манайх үйлчилгээний байгууллага орж, гарч байгаа хүмүүс боль гээд ***тай хамт ирсэн найз нь ч больё гээд болиод тэр хоёр явсан. Тэрнээс хойш *** ажилдаа ирээгүй. Намайг зодох үедээ миний дээгүүр өмсөж байсан цамц, куртикийг юу ч үгүй урсан. Би ***тай маргааш нь яриад надад учруулсан хохирлоо барагдуулж өг гэж ярьсан. Би уг нь цагдаад хандъя гэж бодоогүй. Тэгсэн *** цагдаадаа өг гээд байхаар нь би 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Би өнгөрсөн зун аваарт орж байсан. Хоёр гарандаа төмөртэй. ***д зодуулснаас хойш баруун гарын шуу хавдсан. ***д зодуулснаас хойш толгой их өвддөг болсон. Эмнэлэгт үзүүлэхээр гайгүй байна гээд байгаа. Би хааяа толгойны эм уучхаад л яваад байгаа. Куртикээ Sunday plaza-аас 2022 оны 6 дугаар сард 160.000 төгрөгөөр, хар луутай футболкоо Хархорин захаас 2022 оны 9 дүгээр сард 60.000 төгрөгөөр, цэнхэр футболкоо Улаанбаатар их дэлгүүрээс 2022 оны 10 дугаар сард 110.000 төгрөгөөр тус тус авсан. Миний хувцсыг дахин өмсөх боломжгүй болгосон тул тэр хүнээр хохирлоо барагдуулмаар байна. Бас эмнэлэгт үзүүлсэн төлбөрийн мөнгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33, 36 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ажлын байранд юм хийх гээд шатанд явчхаад ирэхэд манай хүн бохь зажилчихсан, ариун цэврийн өрөөнөөс архи уучихсан бололтой гарч ирж байсан. Ажлын байранд гадуур куртиктэй байж байсан. Үсчин гоо сайхны газар энэ хүн дандаа малгайтай, гадуур куртиктэй сууж байхаар нь дандаа шаардлага тавьдаг. Битгий гадны куртиктэй суугаад бай, хүн гаднаас орж ирэхэд хүлээж байгаа хүн нь мэдэгдэхгүй, үсчин нь мэдэгдэхгүй байна гэж хэлдэг. Түүнчлэн үс засчхаад дор бүрнээ шүүрдвэл манай салон цэвэрхэн харагдана гэж хэлдэг байсан. Ажилчдаа зассан үсээ шүүрд гэж хэлдэг байсан. Үсчин болгондоо энэ талаар хэлдэг байсан. Гадуур явчхаад ирэхэд зассан үсээ шүүрдээгүй, гадуур куртиктэй, архи уусан байхаар нь яагаад ажлын байранд архи ууж байгаа юм бэ, зассан үсээ шүүрд гэж хэлэхэд өөрөө шүүрд гэж надад хэлсэн. Тэгээд нэг мэдэхэд хоёулаа муудалцсан байсан. Маажсан асуудлаа мэдэхгүй байгаа. Миний хоёр гар хугархай, би саяхан 4 настай хүүхдээ хөтөлж явж байгаад хүүхдээ бүдрээд унахад дааж өргөж чадахгүй алдаад унагаасан. Би хувинтай ус өргөж чадахгүй, тийм хэмжээнд байгаа. Найз нь зодсон эсэхийг мэдэхгүй байна. Миний хувцсыг урсан. Тухайн хувцас 300,000 гаруй төгрөгийн үнэтэй. Үнэлгээний төв 100,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Хувцсыг хэрэглэсэн гэдэг утгаараа тэгж гарсан байх. Эмнэлгээр явсан боловч зарим баримтаа авчирч чадсангүй. Өмнөх өдөр нь өмссөн хувцсыг урж хаясан. Энэ хүнээс болж ажлаа хийж чадахгүй, гарын бэхэлгээтэй хэд хоног явсан...” гэх мэдүүлэг,

 

2. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ байхад манай маникюр над руу залгаад *** нэг залуутай ирээд *** ахтай хэрүүл зодоон болоод байна та хурдан ирж салгаарай гэж над руу ярьсан. Би сонсоод гялс иртэл *** явсан байсан. *** нүүр, цээж хэсэгтээ маажуулсан, футболк нь урагдсан, хугархай гарын оёдлоос цус шүүрсэн байдалтай байсан. Миний уур хүрээд *** руу залгаад чи энэ хүнийг хугархай гартайг нь мэдсээр байж яаж байгаа юм гэтэл битгий хуц та нар намайг шулсан гэж хэлсэн. Найз охинтой болоод тэр залуу их эвдэрсэн. *** бид хоёроос байнга мөнгө зээлж тэр хүүхэндээ зарцуулаад, өөртөө юм наахгүй, архи их уусан. *** ажлын байран дээр архи уулаа, үсээ шүүрд гэх мэт шаардлага тавьсан. Тэрэнд л өс санасан юм уу мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

 

3. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр би ажил дээрээ байсан. ***, *** бид гурав байсан. 16:00 цагийн үед гаднаас *** орж ирээд ***ыг үсээ шүүрд гээд маргалдаж байх шиг сонсогдсон. Гэнэт чимээ гарахаар нь гартал ***, *** хоёр заамдалцсан байсан. Би очоод салгасан. Тэр өдөр *** би ингэж доромжлуулж ажиллаж чадахгүй гээд гараад явсан. ***, *** хоёрын нүүрэнд ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. *** миний футболкийг урчихлаа гээд орилоод байсан. Би хүний хумс янзалж байсан болохоор өрөөндөө буцаад орсон. Миний маникюр хийдэг өрөө буланд тусгаарлагдсан жижиг өрөө байдаг би нүдээр хараагүй. 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр би ажил дээрээ 15:00 цагийн үед ирсэн. Намайг ажил дээрээ ирэхэд ***, *** нар ажил дээр байсан. 16:00 цагийн үед *** гаднаас жаахан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирсэн байсан. Хоёулаа гаръя гээд гарч байхыг сонссон. Миний өрөө тусгаарлагдсан болохоор би сайн яасныг нь хэлж мэдэхгүй байна. Тэр хоёр гараад удалгүй түс тас гэсэн чимээ гарсан. Би гараад очтол ***, *** хоёр заамдалцсан зогсож байсан. Хажууд нь ***тай хамт орж ирсэн найз нь зогсож байхаар нь хүүе чи салгаач гэж би хэлсэн. ***ын найз нь салгаад тэр хоёр явсан. Хоёулаа л нэг нэгнээ маажилцсан харагдаж байсан. *** миний футболкийг бас урчихлаа гээд орилж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2331 дугаартай “...***ын биед хамрын нуруу, баруун тохой, баруун шуу, цээжинд зулгаралт, баруун, зүүн доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 2023.02.01-нд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

5. Дамно ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №БГ1-23-93 дугаартай шинжээчийн: “...Sunday plaza-аас 2022 оны 6 дугаар сард авсан куртик 72,000 төгрөг, Хархорин захаас 2022 оны 9 дүгээр сард авсан футболк 21,000 төгрөг, Улаанбаатар дэлгүүрээс 2022 оны 10 дугаар сард авсан футболк 53,940 төгрөг, нийт 146,940 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-27 дахь тал),

 

6. Хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримт (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

 

7. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** гэж хүн намайг байнга хэл амаар доромжилж байсан. Ажилдаа хааяа ганц хоцроод ирэхэд архичин, хоцорч ирлээ гэх мэтээр хүний дэргэд загнаж, доромжилдог байсан. Би тэгж архи уугаад байдаг хүн биш. Тийм болохоор би энэ хүнээс уучлалт гуйж, дахиж харьцахыг хүсэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...*** гаднаас орж ирээд чи үсээ шүүрд гэхээр нь би шүүрдэнэ гэж хэлсэн. Ирээд миний зүүн талын чихнээс мушгиж чи хэзээ ийм том болчихсон юм бэ гэсэн. Тэгэхээр нь би босож ирээд заамдаж авсан. Заамдаж аваад миний нүүрийг эхлээд маажсан. Тэгэхээр нь би хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал), оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 59 дэх тал), эд хөрөнгөгүй тухай хураангуй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 60 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 61 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 62 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 37-38 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ***нь 2023 оны 2 дугаар сарын 01-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” нэртэй үсчний газар хохирогч ***тай “байнга хэл амаар доромжилдог” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохих, цээжин тус газар өшиглөх зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь хамрын нуруу, баруун тохой, баруун шуу, цээжинд зулгаралт, баруун зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

Хэргийн дээрх үйл баримт нь хохирогч ***ын “...Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах *** үсчний газар 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 16:00 цагийн үед үсчин ***д ажлын шаардлага тавьж ойр орчиндоо цэвэрхэн байх талаар хэлэхэд өөдөөс өөрөө цэвэрлэ гээд хэрэлдсэн. Чи юу гээд байгаа юм гээд хэлтэл хоёулаа зодолдъё гэсэн. Тэр өдөр *** бас халамцуу жаахан архи үнэртүүлсэн байсан. Архины халуундаа надтай тэгж харьцсан байх. Бид хоёр маргалдаж байгаад *** гарч явсан. 2023 оны 2 дугаар сарын 01-ний орой 20:00 цаг өнгөрөөгөөд *** *** үсчний газарт ирээд намайг гараад ир гэж дуудсан. ...*** хоёулаа үзье гэж хэлээд над руу шууд дайраад миний нүүр лүү гараараа цохиж, цээж, хөл рүү өшиглөсөн...” гэх, гэрч ***ын “...2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ байхад манай маникюр над руу залгаад *** нэг залуутай ирээд *** ахтай хэрүүл зодоон болоод байна та хурдан ирж салгаарай гэж над руу ярьсан. Би сонсоод гялс иртэл *** явсан байсан. *** нүүр, цээж хэсэгтээ маажуулсан, футболк нь урагдсан, хугархай гарын оёдлоос цус шүүрсэн байдалтай байсан. Миний уур хүрээд *** руу залгаад чи энэ хүнийг хугархай гартайг нь мэдсээр байж яаж байгаа юм гэтэл битгий хуц та нар намайг шулсан гэж хэлсэн...” гэх, гэрч ***ын “...Чимээ гарахаар нь гартал ***, *** хоёр заамдалцсан байсан. Би очоод салгасан. Тэр өдөр *** би ингэж доромжлуулж ажиллаж чадахгүй гээд гараад явсан. ***, *** хоёрын нүүрэнд ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. *** миний футболкийг урчихлаа гээд орилоод байсан. ...Тэр хоёр гараад удалгүй түс тас гэсэн чимээ гарсан. Би гараад очтол ***, *** хоёр заамдалцсан зогсож байсан. Хажууд нь ***тай хамт орж ирсэн найз нь зогсож байхаар нь хүүе чи салгаач гэж би хэлсэн. ***ын найз нь салгаад тэр хоёр явсан. Хоёулаа л нэг нэгнээ маажилцсан харагдаж байсан. *** миний футболкийг бас урчихлаа гээд орилж байсан...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2331 дугаартай “...***ын биед хамрын нуруу, баруун тохой, баруун шуу, цээжинд зулгаралт, баруун, зүүн доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 2023.02.01-нд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ***ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч ***ын биед хамрын нуруу, баруун тохой, баруун шуу, цээжинд зулгаралт, баруун, зүүн доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 2331 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч ***нь хохирогчийн нүүр, хамар луу нь гараараа цохиж, маажсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч ***нь хохирогчийг цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч ***нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч оролцсон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2331 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

 

Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотойгоор шууны бэхэлгээ хийлгэсэн 68000 төгрөг, гарын шууны зураг авхуулсан 60000 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 146.940 төгрөг буюу нийт 274.940 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, үүнийг шүүгдэгчээс хохирогчид төлж барагдуулаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***аас 274.940 /хоёр зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун дөч/-н төгрөг гаргуулж, хохирогч ***д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ***нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 274.940 /хоёр зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун дөч/-н төгрөг гаргуулж, хохирогч ***д олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ***нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА