Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/487

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 2205027770842 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2001 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, “***” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эх, эгчийн хамт Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:*** /, урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ТҮЦ-д ажиллаж байхад нь хохирогч ***г яаралтай 300,000 төгрөг зээлээч би ахдаа алуулах гээд байна, удахгүй манай эхнэр над руу мөнгө хийнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 300,000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ТҮЦ-д ажиллаж байхад нь хохирогч ***г яаралтай 300,000 төгрөг зээлээч би ахдаа алуулах гээд байна, удахгүй манай эхнэр над руу мөнгө хийнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 300,000 төгрөгийг бэлнээр авч залилсан болох нь хохирогч ***ы: “...2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 22-23 цагийн үед Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр ***ын автобусны буудлын урд талд үйл ажиллагаа явуулах эгчийнхээ ТҮЦ-нд сууж байтал үл таних залуу орж ирээд яаралтай 300,000 төгрөг зээлээч би ахдаа алуулах гээд байна, удахгүй манай эхнэр над руу мөнгө хийнэ би чамд барьцаа болгож өөрийн машины бичиг баримт, гар утас, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, машиныхаа түлхүүрийг үлдээе гэхээр нь би орлогоосоо бэлнээр 300,000 төгрөг өгөөд тухайн эд зүйлсийг нь авч үлдсэн. Тэгээд 30-40 минутын дараа уг залуу хүнтэй утсаар яриад манай эхнэр мөнгө хийчихлээ намайг АТМ руу дагаж ороод мөнгөө авчих гэхээр нь би уг залууд итгээд машиных нь түлхүүр гар утсыг нь өгсөн чинь уг залуу түрүүлээд гарч яваад би ТҮЦ-ээ цоожлоод зогсож байтал нөгөө залуу машинаа унаад зугтаад яваад өгсөн. Би цагдаад хандаж болсон зүйлийн талаар мэдүүлэг өгсөн. Тухайн мөнгө манай эгчийн мөнгө байсан ч гэсэн манай эгч миний цалингаас суутгаж авсан, мөн уг залуу нь намайг хуурч мэхэлж надаас мөнгө авч явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), гэрч ***ийн: “...2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр би 21 дүгээр хороололд найзуудтайгаа биллиард тоглож байтал *** *** гэсэн дугаараасаа залгаад уурхайд хамгаалалтын ажил хийх үү гэхээр нь хийе гэсэн чинь намайг хаана байна гэхээр нь би 21 дүгээр хороололд байгаа газраа зааж өгсөн. Тэгээд *** ирээд заа өнөөдөртөө явна одоо гадуур хамгаалалтын хувцас хунар, бороохой, гав зэрэг хэрэгслүүдээ очиж авах хэрэгтэй байна машинаа өгч бай би гадуур яваад цуглуулаад ажлаа амжуулаад ирье гэсэн. Тэгэхээр нь би өөрийн унаж байсан *** улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслээ 10-11 цагийн орчимд өгч явуулсан. Тэгээд байж байтал манай эгч над руу 12 цагийн үед залгаад машин тэргээ юу дутлаа гэж барьцаанд тавиад яваад байгаа юм гэхээр нь би юу яриад байгаа юм гэсэн чинь ***ын ТҮЦ-нд 300,000 төгрөгт барьцаанд тавьчхаад бичиг баримтаа үлдээгээд зугтаачихлаа гээд байна гэхээр нь би эгчид би машинаа найз ***д өглөө өгөөд явуулсан гэж хэлээд *** дээр очсон. Тэгээд би ***ийн *** дугаарт залгаад машин хаана байна юу болоод байгаа юм гэсэн чинь очиж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би машин авсан газраа очиж байна гэж бодоод ***аас 21-рүү очиход миний машин өглөө авч явсан газрын гадаа байсан. Очоод татаад үзэхэд машин цоожтой түлхүүрийг нь хайсан чинь дугуй дээр нь үлдээсэн байсан. Би *** руу залгахад ахиж утсаа аваагүй. Тэгээд би хэдэн өдөр гэрийнх нь гадуур очиж үзээд дугаар луу нь залгасан боловч хаана байгаа нь олдохгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), хохирогч ***ы “*** миний бие ***аас хохирлын 300,000 төгрөгөө авсан тул гомдолгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 63 дахь тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 64 дэх тал) болон шүүгдэгч ***ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ТҮЦ-д ажиллаж байхад нь хохирогч ***г яаралтай 300,000 төгрөг зээлээч би ахдаа алуулах гээд байна, удахгүй манай эхнэр над руу мөнгө хийнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 300,000 төгрөгийг бэлнээр авч залилсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч ***ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй болно.

 

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ***г “Залилах гэмт хэрэг буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 64 дэх тал)

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 66-67 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ***д хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлыг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***д 300,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавтас хэргийн 63 дахь талд хохирогч нь “...*** миний бие ***аас хохирлын 300,000 төгрөгөө авсан тул гомдолгүй...” гэх хүсэлтийг гаргасан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***д 300,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА