Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/494

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэл,

Хохирогч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000764 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** гудамж, *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** хотхон *** тоотыг түрээслэн оршин суудаг, /РД:***/ урьд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** зочид буудлын гадна ***тай үл ялих зүйлээс маргалдаж, түүний араас татаж газарт унагаан нүүрэн тус газарт нь цохиж зодсоны улмаас баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр манай байрны найз *** манайд ирээд бид хоёр хүний хоёр хоёр лааз пиво уугаад манай гэрийн ойролцоо байдаг *** нэртэй зочид буудлын пабд орж суугаад пиво авч уух гэтэл манай найз ***ийн дансанд нь мөнгө орох байсан боловч орж ирээгүй болохоор пав дотор 15 орчим минут сууж байгаад гарсан. Гараад пабын үүдэнд байж байхад нэг согтуу үл таних 45 орчим насны ах ганцаараа үүдний сандалд сууж байсан. Тэр ах тухайн буудлын *** тоот өрөөг авсан гэсэн. Согтуу байхаар нь пабд оруулахгүй байхаар нь үүдэнд сууж байсан. Тэр хүн бид хоёрыг гараад явж байтал араас бид хоёрт хандаж би та хоёртоо пиво авч өгьеө ороод ир, пивоо авч чадахгүй арчаагүй юмнууд гэхээр нь бид хоёр тоохгүй яваад өгсөн чинь писда минь нааш ир гээд араас дагаад яваад байсан. Тэгээд бид хоёр тоохгүй явж байтал нөгөө хүн араас ирж намайг татаж газар унагаагаад намайг цохиж байхад хамт явж байсан *** зугтаагаад яваад өгсөн. Би нөгөө хүнийг түлхэж босоод тойроод зугтаж 10-р хорооллын цагдаагийн хэсэг дээр очоод хоёр цагдаатай хамт нөгөө газар очиход намайг цохисон хүн анх сууж байсан үүдний сандал дээр сууж байсан. Цагдаа намайг явуулаад намайг цохисон хүнийг авч үлдсэн. Маргааш нь би толгой өвдөөд байхаар нь Мөнгөн гүүр орж үзүүлсэн. Намайг араас ирж татаж унагаагаад, миний толгой хэсэг рүү цохиод байсан. Юугаар цохисныг нь мэдэхгүй байна. Миний баруун нүдний дотор хана доод хугархайн яс 2,6см хугаралтай, 1 см гүн цөмөрсөн. Баруун нүд доошоогоо унжсан. Улсын 1-р эмнэлэгт 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нүдний бүтэн унтуулгатай мэс ажилбарын хагалгаанд орж нүдний ясны импилянт тавиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэртээ ***тай нэг нэг пиво уугаад гарч дахин пиво уусан. *** руу орж пиво уух гэсэн чинь мөнгө орж ирэхгүй байсан юм. Тэгээд гарах гэж байсан чинь шүүгдэгч орилж чарлаад байсан. Араас ирж цохиод нүүр рүү нүдээд цохисон, газар унагаасан. Баруун нүдний ухархай 2,6 см хугаралтай гээд “Мөнгөн гүүр” эмнэлэг дээр томографын шинжилгээ өгсөн. Одоо 6 сарын дараа эдгэрнэ хүнд юм өргөж болохгүй, тодорхой хэмжээний ууранд хүргэж болохгүй гэсэн. Би сантехникийн ажил хийдэг одоо юм хийж болохгүй болсон...” гэх мэдүүлэг,

 

2. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 17-ны орой байрны гадаа манай байрны хүн болох *** гэх залуутай таараад хорондоо юм ярьж сууж байгаад ***гийнд орж хүний хоёр хоёр лаазтай пиво уучхаад бид хоёр гараад байрны ойролцоо байдаг нэрийг нь мэдэхгүй байна, ногоон өнгөтэй 4 давхар, дээрээ буудалтай пабд орж пиво уух гээд бид хоёр мөнгө дутаад хэсэг сууж байгаад гараад явж байтал араас нэг үл таних хүн орилоод та хоёр мөнгөгүй юм уу би та хоёрт пиво авч өгье гэсэн. Тэгээд манай эхнэр залгаад уурлаад байхаар нь би түрүүлээд явж байтал нөгөө үл таних хүн ***тэй барьцалдаад үлдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 

3. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4140 дугаартай “...***ын биед баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

4. Хохирогч ***аас мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн хохирлын баримтууд (хавтаст хэргийн 65-70 дахь тал)

 

5. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ажлын газрын ***, *** нарын хамт 10-р хороололд 1 литрийн архи уучхаад харих гэтэл нялх хүүхэдтэй болохоор согтуу гэртээ оролгүйгээр гэрийн ойролцоо буудалд орж өрөө аваад хүүгээ дуудаж гар утас, бөгж, карт, машины түлхүүрээ өгч явуулсан. Орой нь би уг буудлын доор байдаг пабд орж суугаад 5 шил пиво уугаад суусан. Гадаа тамхи татаж байхад 2 залуу ирээд муудалцсан шиг санагдаад байна, согтсон болохоор тэр үеийн болсон асуудлаа сайн санахгүй байна. ...Нэгнийх нь баруун нүдний доод хэсэг нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 38 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 39 дэх тал), оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 40 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 41 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 42 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 48-50 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** зочид буудлын гадна ***тай үл ялих зүйлээс маргалдаж, түүний араас татаж газарт унагаан нүүрэн тус газарт нь цохиж зодсоны улмаас баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч ***ын “...Тэр хүн бид хоёрыг гараад явж байтал араас бид хоёрт хандаж би та хоёртоо пиво авч өгьеө ороод ир, пивоо авч чадахгүй арчаагүй юмнууд гэхээр нь бид хоёр тоохгүй яваад өгсөн чинь писда минь нааш ир гээд араас дагаад яваад байсан. Тэгээд бид хоёр тоохгүй явж байтал нөгөө хүн араас ирж намайг татаж газар унагаагаад намайг цохиж байхад хамт явж байсан *** зугтаагаад яваад өгсөн. Би нөгөө хүнийг түлхэж босоод тойроод зугтаж 10-р хорооллын цагдаагийн хэсэг дээр очоод хоёр цагдаатай хамт нөгөө газар очиход намайг цохисон хүн анх сууж байсан үүдний сандал дээр сууж байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.***ын “...пабд орж пиво уух гээд бид хоёр мөнгө дутаад хэсэг сууж байгаад гараад явж байтал араас нэг үл таних хүн орилоод та хоёр мөнгөгүй юм уу би та хоёрт пиво авч өгье гэсэн. Тэгээд манай эхнэр залгаад уурлаад байхаар нь би түрүүлээд явж байтал нөгөө үл таних хүн ***тэй барьцалдаад үлдсэн...” гэх мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4140 дугаартай дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ***ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

 

Иймд хохирогч ***ын эрүүл мэндэд баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус харвалт гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 4140 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.  

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***ын хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар нотлогджээ.

 

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

 

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, хохирлыг баримтын хүрээнд нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруу дээр маргаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4140 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол хор уршигтай холбогдуулан 2,818,830 төгрөгийн баримтуудыг гаргаж өгч (хавтаст хэргийн 65-70 дахь тал) шүүгдэгчээс нэхэмжилсэн.

 

Шүүх хохирогч ***ын гаргаж өгсөн 2,818,830 төгрөгийн хохирлын баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, зарим шаардлага хангаагүй болон давхардсан баримтууд /74600 төгрөг/-ыг хасаж тооцон, нотлох баримтын шаардлага хангасан 2,744,230 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ***т олгохоор шийдвэрлэсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогчид 2,744,230 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь хохирол нөхөн төлсөн талаарх шүүгдэгчээс гарган өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь “...Одоо 6 сарын дараа эдгэрнэ хүнд юм өргөж болохгүй тодорхой хэмжээний ууранд хүргэж болохгүй гэсэн. Би сантехникийн ажил хийдэг, одоо юм хийж болохгүй болсон...” гэж мэдүүлсэн.

 

Иймд хохирогч *** нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

 

5. Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн компьютер томографын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хадгалж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***т 2,744,230 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА