| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 109/2025/0020/З |
| Дугаар | 221/МА2025/0632 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2025/0632
Т.А-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Т.А
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Т.А
Хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Бу
Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын байцаагч Б.Мө
Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын байцаагч Д.Бу
Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч нарын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17/02/17/03/17/04/33 дугаартай актын Т.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 109/ШШ2025/0026 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г
Хариуцагч А.Бу, Б.Мө, Д.Бу
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа
Хэргийн индекс: 109/2025/0020/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.А нь Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Бу, улсын байцаагч Б.Мө, Д.Бу нарт холбогдуулан “Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч нарын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17/02/17/03/17/04/33 дугаартай актын Т.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 109/ШШ2025/0026 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.А-ийн шүүхэд гаргасан Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 17/02/17/03//04/33 дугаартай актын Т.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч Т.А нь давж заалдах гомдолдоо:
“...Миний бие Т.А нь Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Бу, улсын байцаагч Б.Мө, Д.Бу нарт холбогдуулан "Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын Улсын ахлах байцаагч Улсын байцаагч нарын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17/02/17/03/17/04/33 дугаартай актын Т.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай" гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Т.А-аар 2023 онд 1,492,305 төгрөг, 2024 онд 1978,385 төгрөг, 2025 онд 3,470,690 төгрөг”-ийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлтэй эсэх тухайд" гээд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12, 10.12.2 дахь хэсгийг дурдаад "... нэхэмжлэгч Т.А нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчиж албан тушаалын ангилал, зэрэглэл нийцэхгүй ангиллаар цалинжин ажиллаж тодорхой үнийн дүн бүхий цалин хөлсийг авч орлого олсон болох нь тогтоогдож байх тул..." гэж дүгнэсэн.
Тодруулбал маргаан бүхий 17/02/1703/17/04/33 дугаартай актыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн. Миний бие нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, шийдвэр гаргаагүй болно. Анхан шатны шүүхээс Т.А миний ямар үйлдэл, үйл ажиллагаа, шийдвэр ямар хуулийг хэрхэн зөрчсөн талаар тодорхой дүгнээгүй болно.
Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 109/ШШ2025/0026 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.А-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай “Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн[1] дагуу Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, ахлах дотоод аудитор А.Бу, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Мө, Д.Бу нар Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023-2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
2.2. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаар[2] “Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар “Хүнсний үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын орон тоог 1 /нэг/ гэж баталсан байна.
2.3. Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/01[3] дүгээр тушаалаар байгууллагын орон тоо, албан хаагчдын цалин хөлсийг шинэчлэн баталсан байх бөгөөд тус тушаалын 1 дүгээр хавсралтын 19-д “Хүнсний үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий албан тушаалын зэрэглэлийг ТЗ-8 гэжээ.
2.4. Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/08 дугаар[4] тушаалаар хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталж, тус журмын 5.8.4-д “Төрийн захиргааны албанд 8-аас доошгүй жил, тухайн албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан жинхэнэ албан хаагчийг ажлын гүйцэтгэл, үр дүн, ачаалал зэргийг харгалзан ахлах мэргэжилтэн болгох асуудлыг Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэж заасан байна.
2.5. Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/02[5] дугаар тушаалаар байгууллагын орон тоо, албан хаагчдын цалин хөлсийг шинэчлэн баталж, тус тушаалын 2 дугаар хавсралтын 13-д “Хүнс, хоол үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий албан тушаалын зэрэглэлийг ТЗ-8 гэж заажээ.
2.6. Архангай аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, ахлах дотоод аудитор А.Бу, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Мө, Д.Бу нар 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17/02/17/03/17/04/33 дугаартай актаар[6] нэхэмжлэгч Т.А-г ахлах мэргэжилтнээр томилон ангилал ахиулан цалинжуулсан нь “...Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйл 6.4.1-д "төсвийг үр ашигтай, хэмнэлтэй байхаар төлөвлөж зарцуулах", 16 дугаар зүйл 16.5.2-д "батлагдсан төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих", 16.5.3-д "батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох", Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйл 20.2.5-д "Нягтлан бодогч нь дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах үүрэг хүлээнэ", Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйл 15.2.6-д "байгууллагын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, цалин хөлсийг орлого, гүйцэтгэл, үр дүн, үр ашигтай нь уялдуулан олгох", Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйл 10.4-д "Төрийн захиргааны албан тушаалд заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална", 57 дугаар зүйл 57.5-д "захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно" гэснийг мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 сарын 18-ны өдрийн А/18 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоо"-г тус тус зөрчсөн гэж үзжээ.
3. Анхан шатны шүүхээс “...Нэхэмжлэгч Т.А нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчиж албан тушаалын ангилал, зэрэглэл нийцэхгүй ангиллаар цалинжин ажиллаж тодорхой үнийн дүн бүхий цалин хөлсийг авч орлого олсон болох нь тогтоогдож байх тул нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 17/02/17/03/17/04/33 дугаартай актын Т.А-д холбогдох хэсгийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна“ гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
4. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна:”, 10.1.2-т “төрийн захиргааны албан тушаал”, 10.4-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна:”, 12.1.8-д “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал” 18 дугаар зүйлийн 18.8-д “Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж тус тус заасан. Мөн Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/487 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-ын төрийн захиргааны албан тушаалын зэрэглэл ТЗ-9-д “Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтэн” багтжээ.
5. Тодруулбал, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүнсний үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн” гэх төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаал нь Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/487 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-д зааснаар Төрийн захиргааны албан тушаалын зэрэглэлийн ТЗ-9-д хамаарах байтал Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/01 дүгээр, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/02 дугаар “Байгууллагын орон тоо, албан хаагчдын цалин хөлсийг шинэчлэн батлах тухай” тушаалаар, мөн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/08 дугаар “Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай” тушаалаар тус тус Төрийн захиргааны албан тушаалын зэрэглэлийн ТЗ-8-д оруулан баталж, нэхэмжлэгч Т.А-г ахлах мэргэжилтнээр томилон ангилал ахиулан цалинжуулсан нь хууль, тогтоомжид нийцээгүй байна.
6. Нэхэмжлэгч Т.А-г үндэслэлгүйгээр ахлах мэргэжилтнээр томилон ангилал ахиулан цалинжуулсан нь дээр дурдсан үйл баримтуудаар бүрэн тогтоогдож байх энэ тохиолдолд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч нарын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17/02/17/03/17/04/33 дугаартай актын Т.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 109/ШШ2025/0026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА