Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00386

 

“Г Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01547 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1544 дүгээр магадлалтай,

“Г Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Э.Э, П.Бнарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 64,500,182 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01547 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.Э, П.Бнараас үндсэн зээлийн үлдэгдэл 42,709,564 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 18.841,016.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,949,600.66 төгрөг, нийт 64,500,182.21 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г Б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Э, П.Бнар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2018 оны 04 сарын 09-ний өдрийн №ЗБ1825114888 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан П.Бямбасүрэнгийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-.......... дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 хороолол, 2 байр, 15 тоот хаягт байршилтай, №..........тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 42 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Э.Э, П.Бнараас улсын тэмдэгтийн хураамжид 550.650.91 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г Б” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 550.650.91 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1544 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01547 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 144 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн хяналтын гомдолдоо: ...Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангалгүй орхисныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “Г Б” ХХК-ийн зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 42,709,564.58 төгрөг, зээлийн хүү 18,841,016.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,949,600.66 төгрөг нийт 64,500,182.21 төгрөг нэхэмжилсэн ба анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно. Гэвч Иргэний хуульд зааснаар арилжааны банк нь өөрөө нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй бөгөөд гэрээ болон хуульд заасан үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон зохих хариуцлага тооцох эрхтэй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 2,949,600.66 төгрөгийн ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн хянаагүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт нэмэгдүүлсэн хүү 2,949,600.66 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэснийг өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

5. Нэхэмжлэгч “Г Б” ХХК нь хариуцагч Э.Э, П.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64,500,182 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргасан, харин хариуцагч нар төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж маргажээ.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний үүргийн хэмжээг үндэслэлтэй тодорхойлсон, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.

7. Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2018.04.09-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

8. Нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал Япон улсын иргэн Норихико Като нь 2019.12.02-ны өдөр Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасныг үндэслэн банкийг бүрэн төлөөлөх эрхийг Г Бны Тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшинд 1 жилийн хугацаатай олгосон, /хх 11, 13-15/ Б.Энхтүвшин нь П.Бямбасүрэнд итгэмжлэл олгосноор түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д “Итгэмжлэлд уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болохоор заасан, эсхүл итгэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй шаардлагатай байвал итгэмжлэлийг шилжүүлж болно.” гэж заасныг зөрчөөгүй байна.

9. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.”, гэрээний 2.5-д Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт №1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.1-т заасан үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов.” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна. Иймд нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01547 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1544 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 62,144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

                     ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                        Д.ЦОЛМОН

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД