Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/495

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0161/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205028090050 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж *** тоотод оршин суух хаягтай, /РД:***/, урьд

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 156 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар,

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, уг ялаас 13 жил, 5 сар, 19 хоногийн хорих ялыг эдэлж дуусаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 433 дугаар хаалттай хорих ангиас Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн авч ирсэн, хэрэг хариуцах чадвартай, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн *** дугаар хороо *** тоотод 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хамтран амьдрагч хохирогч ***ийн биед халдаж эрүүл мэндэд нь баруун, зүүн, дээд, доод зовхи, эрүү, бугалга, баруун шуу, бугуй, зүүн мөр, бугалга, шуу, бугуй, нуруу, баруун гуя, шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн чигчий хуруунд зулгаралт, доод уруулын салстад язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш *** гэх хүнтэй хамтран амьдарч эхэлсэн. 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр найз гэх *** гэх хүнтэй Баянгол дүүргийн *** дугаар хороо *** тоот манай гэрт архи ууж тэр *** гэх үл таних хүнтэйгээ маргалдсан. Би болиулах гэхэд надтай маргалдаж хэрүүл хийж намайг зодсон. Миний бүхий л бие рүү цохиж зодож хөхрүүлсэн, уруул гар хөмсөг хавдаж одоо болтол хавдар нь буухгүй байдалтай байна. Намайг 2022 оны 9 дүгээр сарын 8, 9, 10 өдрүүдэд зодсон. Тэр үед *** гэх найз нь хамт байсан. *** гар, хөлөөрөө өшиглөж цохиж зодсон. Миний бүхий л бие эрхтэн рүү цохисон. Би уулзаж учрахаа болъё, салъя гэж хэлсэн. Тэрнээс болж намайг зодсон... ...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 12 дахь тал),

 

2. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь найз эмэгтэйтэй болсон талаар ярьж байсан. Тэр эмэгтэй нь тогооч хийдэг гэж байсан. *** гэх эмэгтэй юм байна. Надад тэр эмэгтэйтэй хамт амьдрах гэж байгаа талаар ярьдаг байсан. Сүүлд ямар нэгэн шалтгаан болсон юм болов уу мэдэхгүй салсан гэж байсан. Маргалдсан талаараа хэлж байсан хэзээ гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. ***д тогооч ажилтай өөрөөс нь эгч байрын эмэгтэй гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 11994 дугаартай “...***ийн биед баруун, зүүн, дээд, доод зовхи, эрүү, бугалга, баруун шуу, бугуй, зүүн мөр, бугалга, шуу, бугуй, нуруу, баруун гуя, шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн чигчий хуруунд зулгаралт, доод уруулын салстад язралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалтыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй талаарх албан тоотын хуулбар (хавтаст хэргийн 35 дахь тал), нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын санд шимтгэл төлсөн мэдээлэл байхгүй талаарх албан тоотын хуулбар (хавтаст хэргийн 36 дахь тал), иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 38 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 41-46, 47-52, 53-60, 79-84, 85-90, 91-106 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан ба энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заажээ. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг хэрхэн ойлгох талаар нарийвчлан зохицуулсан.

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2-д “...энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч ***, хохирогч *** нар гэрлэлтийн баталгаагүй боловч 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс, энэ хэрэг гарсан 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь тогтоогдож байна.

 

Мөн хэрэг гарсан өдөр шүүгдэгч *** нь өөрийн хамтран амьдрагч, хохирогч ***тэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар хохирогчийг зодсон үйл баримт хохирогч ***ийн “....2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш *** гэх хүнтэй хамтран амьдарч эхэлсэн. 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр найз гэх *** гэх хүнтэй Баянгол дүүргийн *** дугаар хороо *** тоот манай гэрт архи ууж тэр *** гэх үл таних хүнтэйгээ маргалдсан. Би болиулах гэхэд надтай маргалдаж хэрүүл хийж намайг зодсон. Миний бүхий л бие рүү цохиж зодож хөхрүүлсэн, уруул гар хөмсөг хавдаж одоо болтол хавдар нь буухгүй байдалтай байна. Намайг 2022 оны 9 дүгээр сарын 8, 9, 10 өдрүүдэд *** гар, хөлөөрөө өшиглөж цохиж зодсон. Миний бүхий л бие эрхтэн рүү цохисон. Би уулзаж учрахаа болъё, салъя гэж хэлсэн. Тэрнээс болж намайг зодсон...” гэх мэдүүлэг, гэрч ***ийн хохирогч, шүүгдэгч нарыг хамтран амьдарч байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 11994 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч ***ын дээрх гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***ийн эрүүл мэндэд “баруун, зүүн, дээд, доод зовхи, эрүү, бугалга, баруун шуу, бугуй, зүүн мөр, бугалга, шуу, бугуй, нуруу, баруун гуя, шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн чигчий хуруунд зулгаралт, доод уруулын салстад язралт” бүхий гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарах нь шинжээч эмчийн 11994 дугаартай дүгнэлтээр давхар нотлогджээ.

 

Иймд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ...бие биеэ халамжлах, хүндэтгэх, ...хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй…” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ***ын хамтран амьдарч байсан /хамтран амьдрагч/-ийнхаа бие махбодод удаа дараа халдсан, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй хууль бус үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийг зодоход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, болон шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил ял оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч *** нь өмнө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, одоо 13 жил 05 сар 19 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, ялын тооцоо бодсон тодорхойлолт зэргээр тогтоогдсон.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар шүүгдэгч ***ын энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон /240:8=/30 хоногийн хорих ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 жил 05 сар 19 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч ***ын биечлэн эдлэх хорих ялыг 13 жил 06 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** нь 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 34 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 11994 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон, 30 хоногийн хорих ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 жил, 05 сар, 19 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн, түүний эдлэх хорих ялыг 13 жил 06 сар 19 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 34 (гучин дөрөв) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогч *** нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА