Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/508

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхтуул /томилолтоор/,

Хохирогч *** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***, ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2305004710898 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-нд түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** байрны *** тоотод түр оршин сууж байгаа, /РД:*** /, урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-д түгээгчийн албан үүрэг гүйцэтгэж байхдаа компаниас итгэмжлэн хариуцуулж өгсөн бараа бүтээгдэхүүнийг түгээж 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хүртэлх хугацаанд харилцагч нараас ирүүлсэн барааны төлбөр болох 40.286.378 төгрөгийг хувьдаа завшсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч *** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2009 оноос хойш гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг *** ХХК-нд агуулах түгээлтийн албаны даргаар ажиллаж байгаа     бөгөөд 2007 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн *** гэх залууг тус компанид борлуулалтын туслах ажилтнаар томилсон. Ингээд *** нь он сарыг нь эргээд хэлнэ, түгээгч ажилд томилсон бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн алдаа дутагдалгүй, манай компанийн сайн ажилчдын нэг байсан. Гэтэл тус компанийн бүтээгдэхүүнүүдээс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн харилцагч нарт зээлээр хүлээлгэн өгөөд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн харилцагч нарт зээлээр хүлээлгэн өгөөд 2022 оны 12 дугаар сарын 28-наас 30-ны өдрийн хооронд харилцагч нараас авсан 40,286,378 төгрөгийг *** нь компанийн дансанд тушаалгүй хувьдаа авч хэрэглэсэн байсан. Энэ талаар нь ***оос тайлбар мэдүүлэг авахад “дээрх мөнгийг авсан нь үнэн болно” гэсэн утгатай бичиг гараараа бичиж өгсөн, “уг мөнгийг шаардлагатай байрныхаа төлбөрт өгчихсөн, байрны ордер гарахаар зээл аваад буцаан төлнө” гэж хэлсэн. Өнөөдрийг хүртэл хугацаанд *** нь ямар нэгэн холбоогүй байгаа бөгөөд компанийн зүгээс “ямар нэгэн байдлаар ажлаас халаагүй байгаа, ажлаа хэвийн хийж гүйцэтгэ” гэсэн шаардлага тавьж байгаа. Дээрх мөнгийг өгсөн харилцагч нартай манай компанийн тооцооны нягтлан бодогч *** нь уулзахад нийт харилцагч нар нь ***д дээрх мөнгийг өгсөн нь тогтоогдож тооцоо нийлсэн. Компанийн хохирол болох 40,286,378 төгрөг, санхүүгийн журмын дагуу 10 хувийн алданги 4,028,637 төгрөгийг тус тус нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 12 сард энэ хэрэг болсон. Дараа сард нь тооцоогоо гаргадаг. Сар бүрийн 05-ны дотор төлөөд явах боломжтой. 2023 оны 1 дүгээр сард тооцоо гаргах үед ***оос тооцоо дутсан. Өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Компанийн зүгээс ажиллах хүсэлт тавьсан. 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш цувуулаад 3,100,000 төгрөг төлсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлоо төлөөгүй. Захиралтай уулзаад хохирлоо төл гэхэд уулзана гэж хэлээд уулзаагүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч *** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*** нэг л зүйл хэлдэг. Төлбөр мөнгөө барагдуулна гэдэг, өөр газар ажиллаад мөнгө олдог хэдий ч хохирлоо барагдуулдаггүй. Манай компани хурдан төлүүлэх саналтай байгаа. Түүнд хохирол төлбөр төлөх боломж, олгож буцаад ажилдаа ороод цалингаасаа төлөөд явбал зүгээр юм биш үү гэдэг тайлбарыг хэлмээр байна” гэх мэдүүлэг,

 

2. *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын ***ийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 017/412 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, нууц хадгалах гэрээний хуулбар (хавтаст хэргийн 8, 33-37, 38-40 дэх тал),

 

3. Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, авлагын товчоо тайлан, бараа материалын товчооны тайлан, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний хуулбар (хавтаст хэргийн 12, 13-15, 16-21, 22-24, 25-32 дахь тал),

 

4. “***” ХХК-ийн аудиторын тайлан (хавтаст хэргийн 60-62 дахь тал),

 

5. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт худалдааны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-нд тооцооны нягтлангийн ажлыг хийж байна. Манай компани олон тооны нягтлантай бөгөөд нягтлан бүр 20 гаруй хүнийг хариуцаж тайлан тооцоог нь хийж шалгадаг ажилтай. Болсон асуудал гэвэл манай компанийн борлуулагч, түгээгч ажилтай *** нь 2022 оны 12 дугаар сарын сүүлээр компанийн харилцагч байгууллагуудын зээлээр аваад, эргүүлэн төлсөн мөнгийг хувьдаа авч хэрэглэсэн үйлдэл тогтоогдсон. Уг шалтгаанаас болж 40,286,378 төгрөгийн хохирол учруулсан. Энэ талаар нь миний бие анх мэдсэн бөгөөд ***ийг би хариуцдаг. Улмаар ***ийн харилцсан харилцагч нартай утсаар ярьж тооцоо нийлж, уг дүнг гаргасан. *** ч өөрөө ийм айлаас авч хувьдаа хэрэглэсэн гэдгээ хэлсэн. Одоогоор *** нь дээрх хохирлоос 5,0 сая төгрөгийг төлөөд байгаа. *** нь уг гаргасан үйлдлээ тайлбарлахдаа “байр худалдаж авахдаа ашигласан” гэж хэлдэг. *** нь манай компанийн сайн ажилтнуудын нэг бөгөөд өмнө нь ямар нэгэн байдлаар зөрчил гаргаж байгаагүй залуу байгаа юм. *** нь манай компанид 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш агуулахын туслах ажилтнаар ажиллаж байгаад 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр түгээгч, борлуулагчаар дэвшин ажиллаж байсан. 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр болон 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрүүдэд байгуулсан хөдөлмөрийн гэрээ байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал),

 

6. Шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч компанид 8.000.000 төгрөг төлсөн талаарх шилжүүлгийн мэдээллийн хуулбарууд (хавтаст хэргийн 85-88 дахь тал),

 

7. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэл хугацаанд би *** ХХК-нд ажиллаж байх хугацаандаа *** ХХК-аас бараагаа аваад харилцагчид хүргэж өгөөд тухайн харилцагч нь төлбөрөө бэлнээр хийвэл ихэвчлэн бэлнээр аваад тухайн авсан мөнгөө байрны зээлд төлсөн, мөн тухай тухайн үедээ хэрэглэчихдэг байсан. Одоо миний байрны төлбөр дуусчихсан, одоо ордер нь гарчихвал би байраа барьцаанд тавьж байгаад төлбөрийг нь барагдуулна гэж бодсон боловч одоо хүртэл байрны ордер гарахгүй байгаа. Би боломжоороо хохирлоо төлөөд яваад байгаа. Ихэвчлэн өөрөө хийж байгаа, заримдаа хүний дансаар хийлгээд одоо нийт 12.000.000 төгрөгийг төлчхөөд байгаа. Харин үлдэгдэл 28.000.000 төгрөгийг цаашид төлнө. Би нийт 40,286,378 төгрөгийн хохирол учруулснаас одоо 12,000,000 орчим төгрөгийг төлж барагдуулсан байгаа, цаашид үлдэгдэл мөнгөө төлж барагдуулах хүсэлтэй байна. Тиймээс миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-73 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлнө...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 89 дэх тал), жолоочийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 90 дэх тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 93 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 94 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 95-96 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 103 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***оос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 56-59 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг. 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***, гэрч *** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч ***ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, “***” ХХК-ийн аудиторын тайлан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-д түгээгчийн албан үүрэг гүйцэтгэж байхдаа компаниас итгэмжлэн хариуцуулж өгсөн бараа бүтээгдэхүүнийг түгээж 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хүртэлх хугацаанд харилцагч нараас ирүүлсэн барааны төлбөр болох 40.286.378 төгрөгийг хувьдаа завшиж, хохирогч байгууллагад 40.286.378 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй байх бөгөөд хохирогч байгууллагад 40.286.378 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан.

 

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, үүний улмаас бага хэмжээнээс дээш хохирол бусдад учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.  

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-д түгээгчээр ажиллаж байхдаа өөрт компаниас итгэмжлэн хариуцуулж өгсөн бараа бүтээгдэхүүний төлбөр болох 40.286.378 төгрөгийг харилцагч нараас авч компанид өгөлгүй хувьдаа хэрэглэж дутаан, “***” ХХК-д нийт 40.286.378 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж дүгнэж, шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 100 дахь тал)

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 104 дэх тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ***ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.    

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас *** ХХК-нд 40.286.378 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг болон “***” ХХК-ийн аудиторын тайлан зэрэг бичгийн баримтаар нотлогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд нь хохирогч *** ХХК-нд 12.341.934 төгрөгийн нөхөн төлсөн байх тул үлдэгдэл 27.944.444 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож 27.944.444 төгрөгийг шүүгдэгч ***оос гаргуулж, *** ХХК (РД:***)-нд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь “...Аудитын дүгнэлтийг 1,100,000 төгрөгөөр хийлгэсэн, уг мөнгөн дүнг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараахь зардлаас бүрдэнэ” гэж, 1.5 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал” гэж тус тус заасан.

Иймд хохирогч *** ХХК нь “***” ХХК-иар аудиторын тайланг гаргуулсан 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/-н төгрөг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэн шүүгдэгчээс гаргуулж, хохирогч *** ХХК (РД:***)-нд олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

 

5. Шүүгдэгч ***оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 27.944.444 /хорин долоон сая есөн зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин дөрөв/-н төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/-н төгрөг тус тус гаргуулж, хохирогч *** ХХК (РД:***)-нд олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, *** ХХК-д 12.341.934 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА