Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/507

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхтуул,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 2205020070674 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилга бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, /РД:*** /, урьд ял шийтгэлгүй, ***.

 

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** тоотод танил ***ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж зодож, биед доод үүдэн 2 шүдний булгарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч ***ийн: “...Би *** ХХК-д ачигчаар ажилладаг. Тухайн өдөр манай ажил 18 цагийн орчимд тарсан. Би ямар нэгэн байдлаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд ажил тарсны дараа зүс таних *** утсаар холбогдож “ахтай 2-3 жил уулзаагүй хүрээд ир” гэсэн тул би Баянгол дүүрэг Өргөө кино театрын орчимд очиж таксигаар ертөнцийн зүгээр хойш явж ***гийн байгаа гэх Монгол гэр бүхий хашаанд орсон. Тухайн үед Монгол гэрт ороход зүс таних ***, ***, ***ийн найз гэх үл таних 40 орчим насны залуу гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд ***, ***, түүний найз /нэрийг нь сүүлд мэдсэн ***/ бид дөрөв 0.5, 0.75 литрийн архи 2 ширхгийг хувааж уугаад би хамаатны дүү ***тай утсаар холбогдож та хэнтэй байна гэж хэлэхэд нь ***тэй хамт байна гэж хэлсэн бөгөөд тухайн үед *** утсаа салгасан. Гэтэл *** над руу уурлаж би ***тай уулзах хэрэгтэй байсан юм яах гэж надтай хамт байгаа гэж хэлж байгаа юм бэ гэж хэлээд миний нүүр орчимд гараараа 1 удаа цохиж заамдаж аваад гэрээс гадагш гаргасан. Тухайн үед бага зэрэг ухаан алдаж би өөрийг чинь алсан ч яадаг юм бэ гэж хэлээд миний нүүр орчимд цохиж байсан тул би босож хашаанаас гарч зугтаагаад зам дээрээс такси барьж гэртээ харьсан. Би тухайн өдөр ***, ***, *** нарын хамт 2 шил архи уусан. Өөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй тул болсон үйл явдлыг тодорхой санаж байна. ***гээс өөр хэн нэгэнтэй зодолдож маргалдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал), гэрч ***ын: “...*** нь миний төрсөн ах. Миний бие *** нь 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот руу очсон. Миний төрсөн ах болох *** нь Улаанбаатарт ажил хийж амьдардаг. 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр би Улаанбаатарт гадуур явж байгаад маргааш нь буюу 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр миний ах болох ***той хамт амьдардаг *** гэх нэртэй залуу над руу залган чиний ах бусдад зодуулсан байна, хурдан хүрээд ир гэхээр нь яваад очсон. Тухайн үед манай ах бусдад зодуулсан байдалтай баруун талын нүд хөхөрсөн шүд нь унаж хөдөлсөн байсан. Тэр үед бусдад зодуулсан талаар мэдсэн. 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр миний ах болох *** надад хэлэхдээ *** гэх нэртэй залууд зодуулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дахь тал), гэрч ***ийн: “...*** манай төрсөн ээж ***ийн эгчийн хүүхэд, манай нагац ах бид хоёр эгч дүүгийн хүүхдүүд байгаа юм. Манайх Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод байдаг бөгөөд ах *** 2018 оноос хойш манайд амьдарч байна. 2022 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө би гэртээ унтаж байтал 03 цагийн орчимд *** ах согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ганцаараа ирсэн бөгөөд нүүр ам нь цус болсон байдалтай ирсэн бөгөөд юу болсон талаар асуухад ***д зодуулаад зугтааж гарч ирлээ гэж хэлсэн. Тэгээд би таксины төлбөрийг нь бэлнээр өгсөн. ...*** ахын үүдэн 2 шүд нь унасан мөн зүүн нүд нь хөхөрсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90 дэх тал), гэрч ***ын: “...Тэр өдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 23 цагийн орчим манай ээжийн эгчийн том хүү болох *** ах над руу залгаад “хүрч ирээд намайг авчих, би Өргөөгийн хойд талын Энхбаярын замд нэг айлд байна” гэж ярьсан. Намайг очих замд хэд хэдэн удаа залгаад байсан. Би утсаар ярьж байхдаа хэн хэн байгаа талаар асуухад *** ах “***” *** байна гэж хэлсэн. *** *** урьд нь би ***тэй сайн найзууд байсан. Сүүлийн үед найзалж нөхөрлөхөө болиод жаахан хөндийрсөн, мөн архи уусан байгаа хүмүүс дээр очихоор намайг архиар шахах ч юм уу бас хэрүүл маргаан болох байх гэж бодоод очихоо больсон. Архи уусан хүмүүс ямар байдаг билээ тэгээд л очоогүй Улиастайд хоносон. Өглөө манай дүү *** залгаад *** ах хүнд зодуулсан байдалтай ирсэн гэж хэлэхээр нь Улиастайд байсан *** ахын ээж ***г дагуулаад 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 09-10 цагийн орчим ***д гэртээ ирэхэд *** ах бусдад зодуулсан байдалтай нүүр ам нь хавдаж хөхрөөд 1 шүд нь хөдлөөд нэг шүд нь унахад бэлэн хөдөлж байсан. *** хэлэхдээ *** буюу ***д зодуулсан талаар ярьсан. ...Би тэр өдөр хамт *** ахыг дагуулаад гэмтлийн эмнэлэг дээр очоод дараа нь цагдаа дээр ирсэн. ...Тухайн үед ***тэй *** ах утсаар ярихад “зодсон, уучлаарай, уулзаж хохирол барагдуулна, очиж уучлалт гуйна очиж уулзана” гэж байсан. Сүүлдээ утсаа авахаа болихоор нь цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 105-106 дахь тал), гэрч ***ийн: “...Тус өдөр миний бие нь Улаанбаатар хотын Улиастайд *** гэх нэртэй ахынд байсан. Тэнд байж байтал надад миний төрсөн хүүхэд болох *** нь бусдад зодуулсан байна гэсэн мэдээлэл ирсэн. Улмаар би ***ийн байгаа *** гэх айлд яваад очсон. Тухайн үед миний хүүгийн хоёр нүд нь хөхрөөд хавдчихсан, ам хэсэг нь хавдсан, урд талын шүд нь уначихсан чихнээс нь цус гарсан байдалтай байсан. Тухайн үед *** нь надад би ***д зодуулчихлаа гэхээр нь би ***тэй утсаар холбогдож болсон үйл явдлын талаар асууж тодруулж энд ирээд манай хүүг хар нөхцөл байдал нь хэцүү байна гэхэд *** нь за очлоо, уучлаарай, бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, танай хүүг би өөрөө эмнэлгээр дагуулж явъя гэж хэлээд утсаа тасалсан бөгөөд хэсэг хугацааны дараа залгахад утсаа авахгүй байсан. Улмаар манай хүүгийн нөхцөл байдал хүнд байсан учраас өөрсдөө гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Дараа нь эмнэлэгт оччихоод үзүүлж байгаад утас руу нь залгахад *** утсаа аваад та нар эмнэлэгт очсон байгаа юм уу, та нар хүүхдээ үзүүлж байгаа юм уу, эмчилгээг нь хийлгэчихнэ, битгий санаа зов, танил хүмүүс юм чинь асуудалгүй, удахгүй дүү нь очлоо гэж хэлээд тасалсан. Хэсэг хугацааны дараа буцаад залгахад түүний гар утас нь холбогдохгүй байсан учраас ***г хүлээж байгаад орой харанхуй болсон үед цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108-111 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 12664 дугаартай: “...***ийн биед 2 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь хуучин гэмтэл байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 61-62 дахь тал),хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 68-69, 70-71 дэх тал), Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар (хавтаст хэргийн 139 дэх тал), хохирогч ***ийн “...хохирлыг бүрэн барагдуулсан. хохирол нөхөн төлсөн, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй...” гэх бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 151 дэх тал) болон шүүгдэгч ***ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 120-121 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 38-41 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.             

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** тоотод хохирогч ***ийг “***д надтай хамт байна гэж хэллээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь цохиж зодож, биед нь доод үүдэн 2 шүдний булгарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийн нүүрэн тус газар нь цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж оролцсон болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 150 дэх тал) 

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 156 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ***ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

 

Хохирогч нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид хохирол хор уршигт тооцон 1.000.000 төгрөг шилжүүлсэн талаар мэдүүлсэн, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд “...хохирол нөхөн төлсөн, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгч ***ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь “хохирол нөхөн төлсөн, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА