Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/519

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа /томилолтоор/,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000920 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ХХК-д засварын механик ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** гудамж ***-р байрны *** тоотод оршин суух /РД:***/, урьд

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ***ыг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** байрны *** тоотод байх гэртээ эхнэр ***ыг “өөрийг нь архи уулаа, эмнэлэгт үзүүл гэлээ” гэж уурлан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

2. Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

3. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө гэртээ байж байхад манай нөхөр болох *** нь 08 цагийн үед гэрээсээ гадаад паспорт захиална гэж хэлээд гараад явсан. Тэгээд 10 цаг өнгөрч байхад *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Би нөхөртөө “чи хаагуур архи уугаад яваад байгаа юм” гээд маргалдаад чи хаагуур хэнтэйгээ архи уугаад яваад байгаа юм гээд уурлаж байгаад “чи өнөөдөр эмнэлэгт үзүүлэх цаг авсан биз дээ тэр эмнэлэгтээ үзүүлэхгүй юм уу” гээд хэлэхэд “би тэр эмнэлэгт чинь үзүүлэхгүй” гэж уурлаж байгаад цагдаад дуудлага өгөх гэсэн чинь миний утсыг авчхаад өгөхгүй байгаад байсан. Тэгээд миний тоосоо соруулах гээд залгаад орхисон байсан тоос сорогчийн хоолойд байдаг төмөр хэсгээр нь миний толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд байж байтал гаднаас цагдаа нар ороод ирсэн. Миний толгой хагараад 1 оёдол тавьсан, мөн зүүн гар дээр нэг оёдол тавьсан. Манай нөхөр *** нь уурхайд ажилладаг юм. Тэгээд ээлжээр ажиллаад гэртээ байх үедээ бол байнга архи хэрэглэдэг. 2022 онд намайг зодоод баривчилгаанд явж байсан. ...Бид хоёр эвлэрсэн бөгөөд одоо надад ямар нэг санал гомдол гэх зүйл байхгүй. Надад нэхэмжлэл байхгүй. ...Бид хоёр гэр бүл болоод 5 жил болж байгаа, албан ёсны баталгаатай гэр бүл...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8,11-12 дахь тал),

 

4. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүхийн анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5238 дугаартай “...***-н биед толгойн орой хэсгийн хуйх, зүүн сарвуунд шарх, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-2 хоногийн өмнө үүссэн гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

5. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 716 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 95-97 дахь тал),

 

6. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр гэрээ цэвэрлэх гээд залгаад тавьсан байсан тоос сорогчийг нь аваад будаагаа соруулах гээд байж байсан чинь намайг ахин хараагаад байхаар нь гарт байсан тоос сорогчийн хоолойгоор нэг удаа толгой хэсэгт нь цохитол гараараа хаах гэж байгаад чигчий хурууг нь шалбалаад толгой дээр нь оносон. Ингээд эхнэр уурлаад надаас гар утсаа авах гээд байхаар нь өгөхгүй гээд зууралдаж байхад өвдгөөрөө газар тулаад унасан бөгөөд энэ үед хажуугийн айлын хүн цахилгаан шатанд суух гэж байгаад дуудлага өгсөн байсан. Би толгойноос нь цус гараад байхыг харсан бөгөөд 103-т дуудлага өгөөд байж байхад цагдаагийн хүмүүс ирээд намайг аваад явсан. ...Би өмнө нь нэг удаа гэртээ хэрүүл хийгээд шүүхээр нэг удаа шийтгүүлж 15 хоногийн баривчилгаанд явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр гэрлэлтээ батлуулсан. 3 хүүхэдтэй. Архи уусан асуудлаас болж маргалддаг...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 42, 99-109 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 54 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 55, 60 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 56 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 57, 59 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 61 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 62 дахь тал), Голомт банкны дансны хуулга (хавтаст хэргийн 63-64 дэх тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 65-74 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан ба энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заажээ. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг хэрхэн ойлгох талаар нарийвчлан зохицуулсан.

 

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2-д “...энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч ***, хохирогч *** нар 2018 оноос хамт амьдарч, гэрлэлтээ батлуулсан, энэ хэрэг гарсан 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдарч, дундаасаа 3 хүүхэдтэй буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь тогтоогдож байна.

 

Мөн хэрэг гарсан өдөр шүүгдэгч *** нь өөрийн эхнэр, хохирогч ***ыг “Эмнэлэгт үзүүл, архи уулаа” гэж хэллээ гэх шалтгаанаар тоос соруулагчийн хоолойны төмрөөр толгой руу нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээ, хохирогч ***ын “...2023 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө ...10 цаг өнгөрч байхад *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Би нөхөртөө чи хаагуур архи уугаад яваад байгаа юм гээд маргалдаад ...чи өнөөдөр эмнэлэгт үзүүлэх цаг авсан биз дээ тэр эмнэлэгтээ үзүүлэхгүй юм уу гээд хэлэхэд би тэр эмнэлэгт чинь үзүүлэхгүй гэж уурласан. ...Тэгээд миний тоосоо соруулах гээд залгаад орхисон байсан тоос сорогчийн хоолойд байдаг төмөр хэсгээр нь миний толгой руу 2-3 удаа цохисон. ..Ээлжээр ажиллаад гэртээ байх үедээ бол байнга архи хэрэглэдэг. 2022 онд намайг зодоод баривчилгаанд явж байсан. ...Бид хоёр эвлэрсэн бөгөөд одоо надад ямар нэг санал гомдол гэх зүйл байхгүй. Надад нэхэмжлэл байхгүй...” гэх мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүхийн анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5238 дугаартай “...***-н биед толгойн орой хэсгийн хуйх, зүүн сарвуунд шарх, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-2 хоногийн өмнө үүссэн гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 716 дугаартай шийтгэврийн хуулбар, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч ***ын гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***ын эрүүл мэндэд “...толгойн орой хэсгийн хуйх, зүүн сарвуунд шарх, зүүн өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг тогтоосон шинжээч эмчийн 5238 дугаартай дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

Иймд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ...бие биеэ халамжлах, хүндэтгэх, ...хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй…” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ***ыг эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдарч байгаа /эхнэр/-ийнхээ бие махбодод халдсан, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй хууль бус үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж оролцсон болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч оролцсон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүхийн анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5238 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

 

Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хавтас хэрэгт энэ талаар баримт авагдаагүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ***ыг энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА