Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 09

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А овогт Н.Н

Хариуцагч: Я овогт Г.М  

230 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Г.М 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр автомашин худалдан авахаар тохирч 4 900 000 төгрөг Г.М өгсөн юм. Тус машин эвдрэлтэй, чанарын шаардлага хангахгүй байсан. Тиймээс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр буцаан өгсөн боловч 4 700 000 төгрөг буцаан өгөөд 200 000 төгрөг өгөхгүй байх тул шүүхэд хандаж гаргуулж авахыг хүсэж байна. Г.М 200 000 төгрөг гаргуулах хүсэлтэйгээр эвлэрүүлэн зуучлах газарт өргөдөл гаргаж тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг Голомт банкинд төлсөн бөгөөд Г.М нь эвлэрээгүй нэхэмжлэлийн мөнгийг төлөхгүй гэсэн мөн машины эд анги сольсон эвдсэн гэх зэргээр гүжирдэж байгаад гомдолтой байна. Тиймээс эвлэрүүлэн зуучлалд тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийг нэмж гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 10 дугаар сарын 18-ны орой машин зарна гэсэн зарын дагуу Г.М ярьсан. Танай машинд ямар нэгэн асуудал байгаа юу гэхэд байхгүй гэж хэлсэн. Маргааш нь буюу бямба гарагийн үдээс хойш нь очоод гадуур нь тойрч үзэхэд гайгүй байсан. Асуудал байхгүй гэж хэлсэн ч 3 амортизатор, аккумулятор, мөн рулийн аппарат муудсан гээд асуудлуудаа хэлсэн. Би тэгж байгаад янзалж болох байлгүй гэж бодсон. Тэгээд асуудлаа хэлсэн юм чинь өөр асуудал байхгүй байх гэж итгээд машиныг худалдаж авахаар болоод мөнгөө өгсөн. Бичиг баримтаа даваа гарагт шилжүүлэхээр болсон. Г.М нөхөртэй нь айлд хүргэж өгчөөд би өөрөө унаад гэртээ очих замд машины руль нь чичрээд байсан. Гэртээ очоод нөхөртөө хэлсэн чинь гайгүй гэж хэлсэн юм чинь гайгүй байлгүй гэсэн. Маргааш нь ням гарагт би нөхөртэйгөө гадуур явж байгаад таньдаг хүнтэйгээ таараад руль нь чичрээд байна гэж хэлсэн чинь мотор нь асуудалтай байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд бид компьютер оношилгоонд оруулахаар асуудал нь мэдэгдэх байх гээд засварын газар очсон чинь амралтын өдөр гээд ажиллахгүй байсан. Би тэр шөнө ийм их асуудалтай машин авах хэрэг байна уу, ямар ч байсан бичиг баримтаа шилжүүлээгүй байгаа юм чинь Г.М хэлье гэж бодсон. Маргааш нь даваа гарагийн өглөө хүүхдээ сургуульд хүргэж өгөөд Г.М уулзах гээд утас руу нь залгаад энэ машины руль нь чичрээд байх юм, ямар учиртай юм бэ гээд асуусан чинь нөхөр нь гарч ирсэн. Нөхөрт нь руль чичрээд байна, ямар учиртай юм бэ, ямар ч байсан компьютер оношилгоонд оруулъя гэхэд би саяхан компьютер оношилгоонд оруулсан учраас компьютер оношилгоонд оруулах шаардлагагүй. Рулийн аппаратаасаа болоод руль чичрээд байгаа юм гэж хэлсэн. Мотор нь асуудалгүй байвал бичиг баримтаа шилжүүлж авъя, мотор нь асуудалтай байвал хэцүү шүү гэж хэлээд “Дөрвөн хүрд” гэдэг засварын газар очоод засварчинд руль чичрээд байгаа юм гэж хэлсэн чинь засварчин ах хянах самбар дээр ямар нэгэн гэрэл ассан юм уу гэж асуусан. Би гэрэл асаагүй гэж хэлсэн чинь тэгвэл компьютер оношилгоогоор гарахгүй гэж хэлээд машины моторыг үзээд энэ ер нь муудсан мотор байна гэж хэлсэн. Гинжийг нь солиод коллекторыг цэвэрлээд үз ер нь муудсан мотор байна гэж хэлсэн. Засварчин яг тэгж хэлж байхад Г.М нөхөр нь хажууд байсан. Тэгэхээр нь би Г.М буцааж өгье гэсэн чинь мөнгө байхгүй гэсэн. Тэгвэл та нар өөрсдөө засуулж өг гэсэн чинь Г.М засуулж өгөхгүй, өөр засварчнаар үзүүл гэж хэлээд буугаад яваад өгсөн. Тэгээд би нөгөө машиныг нь асаах гэсэн чинь асахгүй байхаар нь нөхөр рүүгээ яриад хэлсэн чинь манай нөхөр ирээд Г.М энэ машинаа аваад мөнгө өг гэсэн чинь мөнгө байхгүй гэхээр нь тэгвэл засуулж өг гэж хэлчихээд бид нөгөө машиныг нь орхиод явсан. Маргааш нь над руу завгүй байхад залгасан байсан. Тэгэхээр нь нөхөр рүүгээ залгаад асуусан чинь машинаа засуулаад явж байна ирж үз гэж хэлсэн гэсэн. Би маргааш нь мөнгө өгөхгүй бол шүүхэд хандахаас өөр аргагүй байна гээд Г.М утсаар хэлсэн чинь та нар шүүхээр яваад мөнгөө авч чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь өмгөөлөгчтэй уулзаад энэ асуудлаа хэлсэн чинь эвлэрүүлэн зуучлалд хандсан нь дээр гэж хэлэхээр нь эвлэрүүлэн зуучлалд өргөдлөө өгсөн. Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгсний дараа Г.М залгаад нөгөө машиныг чинь өөр хүн авахаар болсон, бичиг баримтаа авъя гэж хэлсэн. Би нөхөртэйгөө яриад бичиг баримтыг нь өгөөд иргэний үнэмлэх, гадаад паспортыг нь авахаар болоод энэ тухайгаа хэлсэн чинь иргэний үнэмлэхээ өгье, гадаад паспортоо өгөхгүй гэсэн. Тэгээд тэр өдөр нөгөө хүндээ 4 700 000 төгрөгөөр зарсан гээд миний данс руу 4 700 000 төгрөг явуулсан. Би 200 000 төгрөгөө авъя гээд утсаар хэлсэн чинь та нар 2 хоног машин унасан, бид нарт зөндөө асуудал үүсгэлээ, 200 000 төгрөгийг чинь өгөхгүй, шүүхээс өргөдлөө аваарай гээд баахан загнасан. Тэгээд надад 200 000 төгрөг өгөөгүй. Дараа нь эвлэрүүлэн зуучлал дээр биднийг дуудаж уулзуулахад Г.М 200 000 төгрөг өгөхгүй гэсэн. Маргааш нь дахин эвлэрүүлэн зуучлал дээр уулзахад Г.М 80 000 төгрөг өгье гэхээр нь би тохироогүй. Би 120 000 төгрөг дээр эвлэрэх санал тавьсан ч зөвшөөрөөгүй. Эвлэрүүлэн зуучлалд хандахад улсын тэмдэгтийн хураамжид 30 000 төгрөг төлсөн. Эвлэрүүлэн зуучлал дээр Г.М эвлэрээгүй. Тийм учраас би шүүхэд хандсан гэв.  

Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбарууддаа: Н.Н гаргасан 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Аllon маркийн 74-61 УНА улсын дугаартай автомашинаа зарах гээд машин авна гэсэн зарын доор коммент бичсэн байсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 89978018 дугаарын утас над руу залгаад Н.Нгэж хүн машиныг чинь сонирхоё, хийх зүйл байгаа юу гэж асуусан. Би маргааш нь Н.Н уулзаж машинаа үзүүлж рулийн аппарат дуу орсон, аккумулятор муу гэж хэлээд зарах үнээсээ 100 000 төгрөг хасч 4 900 000 төгрөгийг бэлнээр авсан. Ингээд Н.Н нь 2 хоногийн дараа над руу залгаж гэрийн чинь гадаа байна машинаа буцааж өгье гэж ярьсан. Тэгээд яасан ийсэн гэж асуухад машины руль чичирээд мотор муудсан байна гэсэн. Миний машины руль чичиргээгүй байсан. Тэгээд рулийн чичиргээг нь янзлуулж үзүүлэх гээд Хурд авто сервис орж машинаа үзүүлэхэд бүх свеча ажилгүй болсон байна гэсэн, 2019 оны 10 дугаар сарын 21-нд свечануудыг нь солиулсан, коллектор цэвэрлүүлж, кадушигны резин зэргийг солиулчихаад засварчин мотор бол ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгээд Н.Н засварын газар дуудаад машинаа өгөх гэтэл завгүй байна очиж чадахгүй гээд ирээгүй, тэрнээс хойш утсаа авахгүй байж байгаад маргааш нь мөнгөө авъя гэж ярьсан. Н.Н нь анхнаасаа машин унаж үзэж авсан. 2 хоног миний машиныг унаж явах хугацаандаа ямар сэлбэгийг нь сольж хольсон юм би мэдэхгүй. Яагаад 2 хоногийн дараа машин чинь болохгүй байна гэж авчирч өгөөд байгааг ойлгохгүй байна. Ингээд би машин үзүүлж харуулаад засвар хийлгэснийхээ төлбөрийг суутгаж авсан. Мөн хүний эд хөрөнгийг 2 хоног үнэгүй ашигласны төлбөр гэж 200 000 төгрөг суутгаж авч үлдсэн. Иймд Н.Н нэхэмжлээд байгаа 200 000 төгрөгийг өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв машин авсан тухайн өдрөө шалтгаан тоочоод машин чинь асуудалтай байна гээд ирсэн бол би авсан төлбөрөө 100 хувь буцааж өгөх байсан. Хүний эд хөрөнгийг 2 хоног ашиглаж эвдэлчихээд буцааж өгөхөд хэн ч гэсэн эргэлзэх байх гэж бодож байна. Ингээд миний бие хэд хоногийн дараа машинаа зарж мөнгийг нь гаргаж Н.Н 4 700 000 төгрөг өгсөн. Иймд энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Миний бие нэхэмжлэгч Н.Н гаргасан 30 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Н.Н нь анхнаасаа миний машиныг унаж үзэж авсан. 2 хоног миний машиныг унаж явах хугацаандаа ямар сэлбэгийг нь сольж хольсон юм би мэдэхгүй. Учир нь Н.Н таньдаг авто засварын газар очсон гэж надад ярьж байсан. Яагаад бүхэл бүтэн 2 хоногийн дараа машин чинь болохгүй байна гэж авчирч өгөөд байгаа юм бэ гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Ийм учраас би эвлэрүүлэн зуучлалын шатанд эвлэрэх боломжгүй талаараа хэлсэн. Тэглээ гээд энэ хүний төлөх ёстой 30 000 төгрөгийн шүүхийн зардлыг би төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв би төлөх ёстой зардал байсан бол эвлэрүүлэн зуучлагч ийм хуулийн заалтаар тэгж төлдөг гэж иргэн надад тайлбарлаж ойлгуулж төлөх талаар үүрэг болгож албан ёсны бичиг гарах байсан болов уу гэж бодож байна. Ийм учраас Н.Н нэмж нэхэмжлээд байгаа 30 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Г.М холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 200 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг, нийт 230 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Г.М нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу 74-61 УНА улсын дугаартай аллион маркийн автомашиныг 4 900 000 төгрөгөөр үнийг тохирч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Дээрх үүргийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр худалдагч тал Г.М нь гэрээний зүйл болох автомашиныг худалдан авагч тал болох Н.Н, Н.Н автомашины үнэ 4 900 000 төгрөгийг Г.М бэлнээр тус тус хүлээлгэн өгснөөр тэдний хооронд худалдах худалдах авах гэрээний харилцаа үүссэн үйл баримтууд батлагдаж байх ба дээрх үйл баримтуудын талаар талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр үүсдэг ба мөн зүйлийн 111.2.1-д зааснаар өмчлөх эрх олж байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ.

Хариуцагч Г.М нь худалдагчийн хувьд доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үндсэн үүрэгтэй ба энэ үүргийн зөрчлийн хувьд доголдолтой биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ тохиолдолд худалдагчид худалдан авагчийн өмнө гэрээний үндсэн үүрэг бус, харин уг доголдолтой холбоотойгоор эд зүйлийг солих, засварлах зэрэг нэмэлт үүрэг үүсэх ба мөн худалдан авагч нь доголдолтой холбоотойгоор доголдлыг арилгуулах, гэрээнээс татгалзан мөнгөө буцаан шаардах эрх үүсдэг.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.” гэж заасан ба талууд автомашины чанарын талаар “амортизатор, аккумулятор, рулийн аппарат тус тус муудсан гэж хэлээд зарах үнээсээ 100 000 төгрөг хассан...” гэж тайлбарласнаар гэрээгээр тохиролцжээ.

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Н.Н хариуцагч Г.М “машины руль чичрээд мотор муудсан байна, машинаа буцааж өгье” гэснээр Г.М “автомашиныг авто засварын газарт үзүүлэхэд свечанууд ажиллахгүй болсон гэсэн тул солиулж, коллектор цэвэрлүүлж, кадушигний резин зэргийг солиулж засварчин мотор асуудалгүй гэсэн тул машинаа буцааж өгөхөөр дуудахад ирээгүй ба маргааш нь мөнгөө авья гэж ярьсан” гэсэн тайлбаруудаас үзэхэд уг автомашин доголдолтой, өөрөөр хэлбэл худалдсан автомашины гэрээгээр тохирсноос өөр эвдрэл, гэмтлийг буюу доголдлыг хариуцагч Г.М арилгах, түүнийг арилгахтай холбоотой зардлыг Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 253.2 дахь хэсэгт зааснаар хариуцах үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.”, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

Худалдан авагч буюу нэхэмжлэгч Н.Н нь автомашины рулийн чичиргээ болон моторын доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзах шаардлага гаргасныг худалдагч буюу хариуцагч Г.М хүлээн зөвшөөрч автомашины үнийг буцааж өгөхдөө 200 000 төгрөг дутуу өгсөн ба үүнийгээ “автомашин засуулсан төлбөр, мөн 2 хоног үнэгүй ашигласны төлбөр гэж 200 000 төгрөг суутгаж авч үлдсэн” гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасан байх тул хариуцагч Г.М худалдах, худалдан авах гэрээний үүрэг 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Н олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Н.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.М холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд хандахаас өмнө маргаанаа шүүхийн бус аргаар буюу эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 30 000 төгрөг төлсөн болох нь түүний тайлбар болон орлогын мэдүүлэг маягт /хх-16/ зэргээр тогтоогдож байна.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас маргаан зохицуулахтай холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө талууд болон зохигчдоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Эвлэрүүлэн зуучлуулах өргөдөл гаргасан этгээд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу урьдчилан төлнө.” гэж заажээ.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн зорилт нь эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэх эрх зүйн үндсийг тогтоох, эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог ба улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас маргаан зохицуулахтай холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хуульд заасан хэмжээгээр эвлэрүүлэн зуучлуулах өргөдөл гаргасан этгээдээс төлж байгаа мөнгөн төлбөр бөгөөд энэ мөнгөн төлбөрийг хохирол гэж үзэх боломжгүй юм.

Иймд хуульд заасан эрх үүргээ эдлэхдээ гаргасан зардлыг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагч Г.М 30 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг хариуцагч Г.М мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирж оролцох боломжгүй болсон тул эзгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.М 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Н олгосугай.

2.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М 30 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М улсын тэмдэгтийн хураамжид 6650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Н олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар талууд 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ОТГОНСҮРЭН