Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/540

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,

Хохирогч ***, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0294/,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***т холбогдох эрүүгийн 2305017230925 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 63 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл 1, Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр хороолол, *** гудамж, *** дүгээр байрны *** тоотод оршин хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** давхрын *** тоотод оршин суудаг гэх (РД:***), урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны шөнө 00 цагийн орчимд Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны *** тоотод хохирогч ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж, улмаар цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Хохирогч ***ын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “...Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** тоотод манай аав *** ээжийг өнгөрснөөс хойш гэртээ ганцаараа амьдрах болсон. 2018 оны 6 дугаар сард аав 3 өрөө байранд ганцаараа байхаар өрөөгөө хүнд хөлслүүлчих юм уу гэж асууж эгч болон би зөвшөөрсөн. 2018 оны 6 сарын сүүлээр хүнд түрээслүүлэх боллоо гэж *** гэх хүнд хөлслүүлэх болсон. ***тэй ахиж уулзаагүй, хааяа аав дээрээ ирж очихдоо таардаг байсан. Манай аав ганцаар байх хугацаанд хөрөнгө мөнгөнд дайрсан энэ асуудал тусдаа цагдаад шалгагдаж байгаа. 2022 оны 5 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчим Баянгол дүүргийн *** дугаар хороо *** тоот гэртээ орж ирээд байж байтал ах ***ын хүү *** өвөө харваж 3 дугаар эмнэлэг явчихлаа гэж хэлсэн. Би нөхөр ***ийн хамт эмнэлэг дээр явж очсон. Сэхээн амьдруулах тасгийн 3 давхарт гарч ирэхэд *** *** шатны хажууд нэлээд зайтай зогсож байсан. Жижүүрийн эмчтэй уулзаж аавын биеийн байдлыг асуухад гүн харвалт өгсөн хагалгаа хийх боломжгүй найдвар муутай учир дуудах хүмүүсийг дуудаж уулзаарай гэж хэлсэн. Мөн яаралтай хэрэг болох эм тариа хувцас зэргийг захиж авхуулсан. Аавын гэрээс эд зүйлийг авчруулах гэрийг эзгүй байгааг хүнээр харуулах гэж *** гэх дүүгээ гэрт очуулахаар явуулсан. *** гэх хүн сэхээнээс гарч ирэхэд огт харагдаагүй эмнэлгээс хөдөлж аавын гэрт явж очиход *** гэх манай эгч хаалга тайлж хажууд нь *** зогсож байсан. Би аавын том өрөөнд явж ороход *** аавын сейфийг онгойлгож дотроос эд зүйлийг авч цүнхэлж авч гарах гэж байсан. ***т та юу хийгээд байгаа юм бэ, аавын сейфийг та ямар учраас онгойлгож байгаа юм гэж асуусан. Би хулгайч юм уу би үзүүлэхгүй, харуулахгүй гэж хэлж маргалдаж зууралдаж чи намайг юу гэж бодоо бэ гэж хэлээд цүнхээрээ миний толгой руу хоёроос гурван удаа цохисон. Энэ үед цүнх дотор байсан эд зүйлс газар унасан. Аав, ээжийн нэр дээр бүртгэлтэй байсан 3 өрөө байрны үл хөдлөхийн гэрчилгээ, Гүнтийн зуслангийн газар, үл хөдлөхийн гэрчилгээ, тээврийн дэвтэр, хадгаламжийн дэвтрүүд, аавын хөөрөг, нөүтбүүк, 4 сая төгрөг гэх мэт зүйлс унасан. Тэр хооронд намайг үсдэж миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Удалгүй хаалга онгойлгож цагдаа орж ирсэн. Юу болсон талаар асуухад нь хулгай хийгээд гарах гэж байна гэж би хэлсэн. Тэгсэн цагдаа ***ийн гар цүнхийг өөрөөр нь онгойлгож үзэхэд 5 цэнгийн алтан бөгж, машины түлхүүр зэрэг эд зүйлс гарч ирсэн. Би аавынхаа эд зүйлийг хамгаалах ганц охин байсан. Тэгтэл намайг үсдэж цүнхээр толгой руу цохиж өшиглөж зодсон. Энэ асуудал цагдаа дээр ***ийг зодсон гэж шалгагдаж шүүхээр орж би торгуулийн ял авч одоо давж заалдах шийдвэрлэгдээгүй байгаа. Шүүх дээр байх үедээ надад учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор дахин шинжилгээ томилуулах хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг хүлээн авч надад шинжээч томилж хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон. Ийм учраас надад гэмтэл учруулсан ***ийг хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна...” гэх, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “...Миний хохирлыг барагдуулсан надад гомдолж нэхэмжлэх зүйл байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 11-13, 14 дэх тал), Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 281 дугаартай: “...***ын биед тархи доргилт, баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлтийн хуулбар (хавтаст хэргийн 4-5 дахь тал) болон шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн *** хороо, *** тоотод оршин суудаг хамтран амьдрагч *** даралт харвасан би байгаагүй. Тухайн үед би гадуур Солонгос улсад байдаг охин ***д эм авч явуулах гэж гадагшаа явчихсан байсан юм. Миний охин надад *** ахын бие эвгүй байна гэж хэлсэн. Тэгээд гэрт ирэхэд ухаангүй байсан. Түргэн дуудсан эмч ирж эмнэлэг явсан. Эмнэлэг дээр ирэхэд найдваргүй ах дүүст хэл гэж хэлсний дагуу хэлэхэд *** гэх ***ийн охин нөхрийн хамт эмнэлэг дээр ирээд намайг хэл амаар доромжилж зодох гэж дайрсан. Энэ үед нөхөр *** дүү *** хоёр нь салгаж намайг гадагшаа гаргаж машинд суулгасан. *** нь *** өнөө шөнө бужигнуулна гэж байна та эртхэн хариарай гэж хэлээд таксинд суулгасан. Гэртээ Баянгол дүүргийн *** хороо, *** тоотод орж ирээд зогсож байтал *** шууд орж ирээд намайг том хар цүнхээр цохиж зодсон. ***ыг цохиж зодсон асуудал байхгүй, урьд өмнө ч намайг зодож байсан...” гэх, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. *** бид хоёр харилцан ярилцаж ойлголцолд хүрсэн, хор хохирлыг барагдуулсан гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэж надад хэлсэн. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49, 50 дахь тал), шүүгдэгч ***ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 68 дахь тал), хохирогч ***ын бичгээр гаргасан “...***т ямар нэгэн гомдол санал байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хавтаст хэргийн 69 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны шөнө 00 цагийн орчимд Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны *** тоотод хохирогч ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж, улмаар цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг цүнхээрээ цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодоход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон, хохирогч ***, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтэй, одоо хоорондоо эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлж оролцсон болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 68 дахь тал) 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 70 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.     

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Хохирогч нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, мөрдөн шалгах ажиллагаанд “...нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ***ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА