Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/548

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Отгонбаатар,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000343 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “***” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 4-9 насны 3 хүүхдийн хамт амьдардаг гэх, Дундговь аймгийн Сайнцагаан сумын *** дугаар баг, ***-р гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** тоотод түр оршин сууж байгаа, /РД:***/ урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2 дугаар сарын 08-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” 16 давхар барилгын цахилгааны утсыг авч нийт 44.100.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 53-57 дахь тал),

 

2. Хохирогч *** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай *** ХХК нь Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ы баригдаж байгаа барилга дээр дотор цахилгааны бараа нийлүүлэлт угсралт гүйцэтгэлийн ажлыг хийж байсан. Барилгын босоо кабелыг 1 болон 2 орцны 1-16 давхар хүртэл бүрэн хийж гүйцэтгэж кабелын утсаа бүрэн татсан байсан. Тэгээд уг кабел нь гадуураа хуванцар хар өнгийн хоолойнд давхрын самбарын цаана далд байдаг учраас тухайн үед анзаараагүй байсан. 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өглөө тус барилгын кабел утаснуудаа шалгаж үзэхэд 2-р орцны кабелын утаснууд байхгүй тастаад авчихсан байсан. Бид хэд бүх кабелын утаснуудаа шалгаж үзэхэд 1-р орцных бүгд байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгсэн маргааш нь буюу 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр бас шалгаж үзэхэд 1-р орцны кабелын утаснууд бас тастаад авсан байсан. Манай байгууллагын алдсан цахилгааны кабел утас ПВЗ 1*35 маркийн цахилгааны кабел утас байсан. Манай байгууллагаас 2,450 метрийн цахилгааны кабел утас алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

 

3. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би одоо ***ы *** дугаар байрыг барьж байгаа байрны цахилгааны инженерээр ажиллаж байгаа. Тэгээд 1-р орцны буюу баруун орцны 16 давхар байрны цахилгааны утас 1600м урттай байсан. Би сүүлд 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр шалгаж үзээд түүнээс хойш огт үзээгүй явж байгаад өнөөдөр үзэхэд кабелын утсыг нь таслаад авчихсан, алга болсон байсан. Тухайн кабелын утсыг хүн ганцаараа даахгүй, маш их овор хэмжээтэй учраас ойролцоогоор 30 сая төгрөгийн үнэтэй эд зүйлс байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал),

 

4. Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 2 дугаар сарын 04-ний 22 цагаас гэрээсээ гараад *** такси дуудлагадаа явсан. 2023 оны 2 дугаар сарын 05-ны өглөө 07 цаг 30 минутын үед Алтай хотхоны байр луу ордог гүүрний хажууд явж байхад ***-н  дуудлагаар Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** хаяг дээр дуудлага ирж би уг дуудлагыг хүлээн аваад очиход цагаан шуудайтай юм барьчихсан 30-40 орчим насны хар куртик өмссөн залуу байсан. Тэр залуу машинд суугаад ***-н наахан талд хоёрдогч түүхий эд авах цэг дээр зам дагуу буусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

5. Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 05-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд ажил болох Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо *** явах замын баруун талд байдаг дайвар нөөц худалдан авах цэг *** гэсэн хаягтай хоёрдогч түүхий эд авдаг цэг дээр ажлаа хийж байсан. Удалгүй 20-30 орчим насны хар куртик өмссөн нэг залуу ирээд зэс авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би авна гэсэн приус-20 машины араас цагаан шуудайтай зэс аваад ирсэн. Тэгээд би шуудайг үзэж жижиглээд ороосон байсан бүрээстэйгээ хамт байсан. Жин дээр тавьж үзэхэд 54.5 кг болсон. Би 1 кг зэсийг нь 16,000 төгрөгөөр авсан. Би тэр залууд нийт 657,000 төгрөгийг өгсөн. Би мөнгөө өгөхдөө бэлнээр өгсөн. Тэр залуугийн зэст тушаасан кабел утас 35-тай утас байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

 

6. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-723-5892 дугаартай шинжээчийн: “Кабелийн зэс голтой утас 1*35 загвар орос утас-44,100,000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44-46 дахь тал),

 

7. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ы барилгын B1 давхрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өглөө 05 цаг 45 минутад хэрэг гарсан гэх газар руу цагаан өнгийн куртик цэнхэр өнгийн жинсэн өмд хар өнгий бээлий, хар өнгийн гуталтай, бор өнгий ноосон малгай ороолттой, хар өнгийн цүнх үүрсэн 25-35 орчим насны эрэгтэй хүн орж ирж байгааг харуулав. ...06 цаг 48 минут 59 секундэд цагаан өнгийн ууттай юм барьчихсан уг байрыг тойроод явж байгааг харуулав. 2023.02.05-ны өглөө 06 цаг 28 минут 23 секундэд хар өнгийн куртик, саарал өнгийн өмд хар өнгийн гуталтай, саарал өнгийн ноосон малгайтай, хар өнгийн цүнх үүрсэн 25-35 орчим насны эрэгтэй хүн орж ирж байгааг харуулав. 07 цаг 22 минут 54 секундэд эрэгтэй хүн гарч байгааг харуулав. ....гараад цагаан өнгийн шуудайтай юм үүрээд барилгыг тойроод явж байгааг харуулав. ...байрны урд ирээд приус-20 маркийн машин сууж байгааг харуулав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 50-52 дахь тал),

 

8. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, (хавтаст хэргийн 64-76 дахь тал),

9. Мөрдөгчийн: “...***ы баригдаж байгаа барилга дээрээс цахилгааны кабел утас алдагдсан гэх барилга байгаа хэсэг рүү ороход ямар нэгэн орохыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан мөн дотогш нэвтэрч ороход уг 2-р орцны хаалга нь кодгүй, ямар нэгэн саад байхгүй чөлөөтэй орж байгаа зургаар харуулав” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 115-118 дахь тал),

 

10. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ***ы барилгын баруун талын орц руу ороод 1-16 давхрын кабелын утсыг тастаж тайрч авсан. Кабелын утсыг хуульж цүнхлээд барилгаас гараад ***ийн орчимд байрлах түүхий эдийн цэг дээр очоод таван зуу гуч орчим төгрөгт зарсан. 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ***ы барилгын баруун талын орц руу ороод үлдэгдэл кабелийн утсыг аваад мөн түүхий эд тушаах цэгт очин 657.000 төгрөгт зарсан. 2023 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ***ы барилгын зүүн талын орц руу ороод 1-16 давхрын кабелын утсыг тастаж аваад цүнхэндээ хуйлж хийгээд урьд авсан кабелын утсаа аваачиж зарсан. 260.000 төгрөгт зарсан. 02 дугаар сарын 08-ны өдөр ***ы барилгын зүүн талын орц руу ороод үлдэгдэл кабелийн утсыг аваад гарч явж байхдаа би баригдсан. ...Би тухайн кабелын банкны өрөө төлөх гэж авсан. Банканд би сард 1.000.000 төгрөг төлдөг. Тухайн сард төлөх ёстой байсан 1.000.000 төгрөгөөрөө би онлайн покер тоглож алдаад тухайн мөнгөө олох гэж авсан. Би тухайн компанид 44.100.000 төгрөгийн хохирол учруулсан. Миний учруулсан хохирлын дүн шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан байгаа. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88, 122 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 92 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 93 дахь тал),  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 94 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 95 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 96 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дахь тал), зээлийн мэдээллийн лавлагаа (хавтаст хэргийн 98 дахь тал), *** ХХК-ийн (хавтаст хэргийн 99 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх лавлагаа (хавтаст хэргийн 105 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 32-34 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, гэрч ***, гэрч ***, гэрч ***, шүүгдэгч нарын агуулгын хувьд харилцан зөрүүгүй мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-723-5892 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2 дугаар сарын 08-ны өдрийн хороонд 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” 16 давхар барилгын цахилгааны утсыг хууль бусаар авч, хохирогч байгууллагад нийт 44.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч ***ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус үйлдэл бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.

 

Мөн хохирогч *** ХХК-д шүүгдэгчийн үйлдлийн улмаас 44.100.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдсон.  

 

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Шүүгдэгч *** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд гэмт үйлдлээ 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хооронд үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан шинжид хамаарч байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *** урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон байх ба түүнд ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга хэлбэр, шинж зэргийг харгалзсанаас гадна түүний хохирол төлбөрийн заримыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч байгууллагад хохирлоос 12,800,000 төгрөгийг нөхөн төлсөн зэрэг хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч *** ХХК-нд 44.100.000 төгрөгийн хохирол учирснаас 12.800.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул гэм буруутай этгээд болох шүүгдэгч ***аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 31.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч *** ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

 

Мөн шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдэж нийт 1.417.000 төгрөгийн ашиг олсон нь гэрч ***, *** нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн тэдгээртэй агуулгын зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.417.000 /нэг сая дөрвөн зуун арван долоон мянга/-н төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй байна.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан иштэй кабелийн 1 ширхэг хайч, вакум цонхны цагаан өнгийн бариул 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 1 жилийн хугацаагаар “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 31.300.000 /гучин нэгэн сая гурван зуун мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч *** ХХК (РД:***)-д олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.417.000 /нэг сая дөрвөн зуун арван долоон мянга/-н төгрөгийг гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай.  

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан иштэй кабелийн 1 ширхэг хайч, вакум цонхны цагаан өнгийн бариул 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** ХХК-нд 12.800.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА