Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 522

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: О-ийн Г-ын нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын х тойргийн шийдвэр гүйцэтгэгчид холбогдох,

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн Г-ын өмчлөлийн 26.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, дээрх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжлэгдсэн байр болон байрны түлхүүрийг хууль ёсны өмчлөгч болох Г-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр М-тэй худалдах худалдан аван гэрээ байгуулан Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших 26.4 м.кв үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан юм. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж би дээрх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгч Б 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр миний өмчлөлийн дээрх хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа явуулсан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас болон шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс дээрх ажиллагаа явагдах гэж байгаатай холбоотой ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй, энэ талаар надад хэлээгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын энэхүү ажиллагаатай холбоотой мэдээллийг тухайн байрыг түрээслэж байсан Э-ээс 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр олж мэдсэн ба шийдвэр гүйцэтгэгч нь тухайн өдөр түрээслэгчээс түлхүүрийг хураан авсан талаар надад хэлээд хаалган дээр наасан “Мэдэгдэл” гэх зүйлийн зургийг авсан байснаа надад өгсөн. Үүнтэй холбоотойгоор миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гомдол гаргасан. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан 14 хоногийн хугацаанд надад тогтоол гаргаж хариу өгөөгүй. Улмаар Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга миний гомдлыг шийдвэрлэсэн тухай хариуг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр надад өгсөн. Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Миний гомдлын хариу 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр надад шуудангаар ирсэн ба тухайн хариуг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б нь өнөөдрийг болтол надад миний өмчлөлийн хөрөнгийг битүүмжилсэн тогтоолоо танилцуулаагүй байна. Би шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагын улмаас тухайн тогтоолтой танилцахаар удаа дараа шийдвэр гүйцэтгэгч Б-тэй холбогдож ярьсан боловч эхэн үедээ тогтоол гараагүй гэж хэлж байснаа дараа нь чамд тогтоол өгөх албагүй гэдэг байдлаар харьцаж ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б нь өнөөдрийг болтол надад миний өмчлөлийн хөрөнгийг битүүмжилсэн тогтоолоо танилцуулаагүй байна. Би тухайн тогтоолтой танилцахаар удаа дараа шийдвэр гүйцэтгэгч Б-тэй холбогдож ярьсан боловч эхэн үедээ тогтоол гараагүй гэж хэлж байснаа дараа нь чамд тогтоол өгөх албагүй гэдэг байдлаар харьцаж ирсэн. Төрийн тусгай алба өөрөө иргэний өмчлөх эрхэд ийнхүү хууль бусаар халдаж хүний эрхийг зөрчиж байгаад туйлын гомдолтой байна. Миний бие өнөөдрийг болтол өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө ямар үндэслэл шаардлагын дагуу битүүмжлэгдсэн болохыг мэдэж чадахгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч Б нь ШШГТХуулийн 6 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг үндэслэхгүйгээр дээрх ажиллагааг явуулсан байна. Энэ нь ШШГТХуулийн 8 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хориглосон буюу тодруулбал уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-д заасан “Хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах”-ыг хориглоно гэснийг зөрчсөн ажиллагаа болсон байна. Тухайн шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас миний бие санхүүгийн хохирол маш их амсаж байгаа ба энэхүү хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирлоо жич нэхэмжлэх болно. Иймд дээрх нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б-ын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 17210177/01 тоот Г-ын өмчлөлийн 26.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, дээрх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн байр болон байрны түлхүүрийг хууль ёсны өмчлөгч болох Г надад хүлээлгэн өгөхийг даалгаж миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

      Хариуцагч Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Улаангом сумын 3 дугаар баг, х тоотод байрлах байрыг битүүмжилсэн. Г нь М-ээс төлбөртөө байр аваад илүү мөнгөөр нь А, Г нарын өрийг төлөхөөр мөн тохиролцсон юм байна лээ. М-ын гэрчилгээнээс салгаж өгсөн. Ингэхдээ П-ээс зөвшөөрөл аваагүй байдаг. Тэгтэл шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн. П-ын өмч гэж үзэж ажиллагаа хийгээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтэгч П-д үйлчлээд байгаа юм биш. Г-ын байр гэдгийг мэдэж байсан. Тухайн үед Г-д мэдэгдэл өгөх, тогтоол танилцуулах гэхэд ирээгүй. Ингээд тухайн үед байранд амьдарч байсан Б гэж хүнд тогтоолыг гардуулж өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Г нь хариуцагч Б-д холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн Г-ын өмчлөлийн 26.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 17210177/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжлэгдсэн байр болон байрны түлхүүрийг хууль ёсны өмчлөгч болох Г-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 1508 тоот захирамжаар М нь Г-д 16.000.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 6.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож байгуулсан эвлэрийн гэрээг баталгаажуулжээ.

        Уг захирамжийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 401/566/ дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгджээ.

    2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 17210177/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор “Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, х тоот байрыг хөндлөнгийн гэрчээр Э, А нарыг байлцуулан Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 713 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч П-ээс 1.150.000 төгрөг гаргуулан төлбөр авагч М-д олгохоор заасан захирамжийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 24.6 м кв, 1 өрөө байрыг битүүмжилж, захиран зарцуулах эрх болон нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг хориглов. Битүүмжилсэн эд хөрөнгийг Б-д хүлээн өгч, битүүмжилсэн эд хөрөнгийг захиран зарцуулсан, үрэгдүүлсэн, шилжүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар бүлгийн 15.2, 15.27-д заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг сануулав.

     Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд Б түүний эхнэр У нар байлцав. Төлбөр төлөгч Б-д шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдэв” гэж шийдвэрлэжээ.

     Шийдвэр гүйцэтгэгч Б-ын энэхүү “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол” нь хууль бус болох нь тогтоогдож байна.

     Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна”, мөн хуулийн 14.2-т “энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө” мөн хуулийн 14.3-т “шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ”, мөн хуулийн 14.4-т “шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно”, мөн хуулийн 14.5-д “мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ”, мөн хуулийн 14.6-д “мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна”, мөн хуулийн 14.7-д “мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж, мэдэгдэх хуудсаар хүлээлгэж байгаа үүргийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тайлбарлан өгнө” гэж тус тус заажээ. Гэтэл хариуцагч шийдвэр гүйцэтгэгч Б хуулийн эдгээр заалтуудыг огт хэрэгжүүлээгүй.

    Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 19 дүгээр зүйлийн 19.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтын шүүхээр баталгаажуулсан шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас байна.

      Түүнчлэн төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талууд гэх ба төлбөр төлөгч гэж төлбөр авагчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-т тодорхойлсон.

       Хариуцагч нь ямар баримтыг үндэслэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсан нь тодорхой бус, нэхэмжлэгчээс төлбөр гаргуулсан шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г-г төлбөр төлөгч гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

    Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар хариуцагч шийдвэр гүйцэтгэгч Б-ын нэхэмжлэгч Г-ын өмчлөлийн 26.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 17210177/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч шийдвэр гүйцэтэгч Б-с улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г-д олгох нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч Б-ын нэхэмжлэгч Г-ын өмчлөлийн 26.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 17210177/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэлийг шаардлагыг хангасугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч шийдвэр гүйцэтэгч Б-с улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г-д олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.БОЛОР