Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 523

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: “Х банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

    Увс аймаг, Улаангом сум, х багт байрлах, 0.8 га төмс хүнсний ногооны зориулалттай газрыг 12.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

      Нэхэмжлэгч “Х банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 184 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч Э, Х нараас зээлийн гэрээний үүрэгт 6.712.355 төгрөгийг гаргуулж, “Х” банкинд олгох, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний хүрээнд 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь Увс аймаг, Улаангом сум, х багийн х тоот хаягт байрлах, 1120 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн Увс аймаг, Улаангом сум, х багт байрлах 0.8 га төмс хүнсний ногооны зориулалттай газрыг тус тус хураасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдө 10/17 дугаартай хөрөнгө үнэлэх тогтоол үйлдэн хөндлөнгийн үнэлгээний компани болох “Мөнх-Оргил трейд” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээний тайлантай танилцаж мэдэгдэл хүлээн авсан бөгөөд уг мэдэгдэлд Увс аймаг, Улаангом сум, х багт байрлах 0.8 га төмс хүнсний ногооны зориулалттай газрыг 12.800.000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь:

  • Гэр хашааны зориулалттай газартай харьцуулсан, 
  • Хөрөнгийн байршлын судалгаа муу хийгдсэн,
  • Давуу болон сул талыг огт дурдаагүй,

   - Зах зээлийн судалгаа муу хийгдсэн зэргээс үнэлгээ буруу хийгдсэн буюу хэтэрхий өндөр үнэлгээ тогтоогдсон байна. Иймд Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөндлөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан Увс аймаг, Улаангом сум, х баг талбайн дээд тал хэт өндрөөр үнэлэгдсэн, бодит үнэлгээ тогтоогоогүй гэж үзэж байгаа тул шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцож, дахин бүрэлдэхүүнтэй үнэлгээчид томилж, бодит зах зээлийн үнэлгээг тогтоолгож өгнө үү” гэжээ.  

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 184 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч Э, Х нараас зээлийн гэрээний үүрэгт 6.712.355 төгрөгийг гаргуулж, “Х” банкинд олгох, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний хүрээнд тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь Увс аймаг, Улаангом сум, х багийн х тоот хаягт байрлах, 1120 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн Увс аймаг, Улаангом сум, х багт байрлах 0.8 га төмс хүнсний ногооны зориулалттай газрыг тус тус хураасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдө 10/17 дугаартай хөрөнгө үнэлэх тогтоол үйлдэн хөндлөнгийн үнэлгээний компани болох “Мөнх-Оргил трейд” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон байна. Увс аймаг, Улаангом сум, х багт байрлах 0.8 га төмс хүнсний ногооны зориулалттай газрыг 12.800.000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь гэр хашааны зориулалттай газартай харьцуулсан, хөрөнгийн байршлын судалгаа муу хийгдсэн, давуу болон сул талыг огт дурдаагүй, зах зээлийн судалгаа муу хийгдсэн зэргээс үнэлгээ буруу хийгдсэн буюу хэтэрхий өндөр үнэлгээ тогтоогдсон гэж үзэж байна. Иймд Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөндлөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан Увс аймаг, Улаангом сум, х баг талбайн дээд тал хэт өндрөөр үнэлэгдсэн, бодит үнэлгээ тогтоогоогүй гэж үзэж байгаа тул шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцож, дахин бүрэлдэхүүнтэй үнэлгээчид томилж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үнэлгээг манай байгууллага буюу Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гаргаагүй, хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК гаргасан. Шинжээчид хуулийн дагуу дүгнэлтээ гаргаж ирүүлсэн. Шинжээчийн үнэлгээг их, бага гэж миний зүгээс хэлэх боломжгүй. Шинжээчид нь хуулиар үнэн зөв үнэлгээ гаргах үүрэгтэй байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.    

     Хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.    

    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч “Х банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцуулж, дахин бүрэлдэхүүнтэй үнэлгээчид томилуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

       Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 184 тоот захирамжаар Х банкны гаргасан “зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 6.651.667 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” шаардлагыг хариуцагч Х, Э нар бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нарын зөвшөөрлийг баталсан байна.

     Уг шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 258 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэн байх ба төлбөр төлөгчийн зээлийн барьцаанд тавигдсан үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжлэн хурааж, хөрөнгийн үнэлгээг гаргуулжээ.

       Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч, төлбөр авагч нар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохироцож чадаагүй байх бөгөөд Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10/17 тоот тогтоолоор шинжээч томилж, Увс аймаг, Улаангом сум, х багийн х тоот хаягт байрлах, 1120 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн Увс аймаг, Улаангом сум, х багт байрлах 0.8 га төмс хүнсний ногооны зориулалттай газрын үнэлгээг тогтоолгохоор шийдвэрлэж, хөрөнгийн эрх бүхий үнэлгээчин Э-т уг тогтоолыг танилцуулсан байна.

      Ингээд “Мөнх-Оргил Трейд” ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр №81/Ш тоот “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” тайланг гаргаж ирүүлсэн байх ба дээрх хаягт байрлах, иргэн Э, Х нарын эзэмшлийн, Увс аймаг, Улаангом сум, х багийн х тоот хаягт байрлах, 1120 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Увс аймаг, Улаангом сум, х багт байрлах 8000.0 м2  хүнсний ногооны зориулалттай газрын нийт үнэлгээг нийт 15.320.000 төгрөгөөр тогтоожээ.

       Уг хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч буюу төлбөр авагч “Х банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч эс зөвшөөрч “Гэр хашааны зориулалттай газартай харьцуулсан, хөрөнгийн байршлын судалгаа муу хийгдсэн, давуу болон сул талыг огт дурдаагүй, зах зээлийн судалгаа муу хийгдсэн зэргээс үнэлгээ буруу хийгдсэн буюу хэтэрхий өндөр үнэлгээ” гэх үндэслэлээр гомдол гаргасан байх боловч нэхэмжлэгч нь тухайн нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

    Түүнчлэн “Мөнх-Оргил Трейд” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Э нь үнэлгээ гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй.

       Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцуулж, дахин бүрэлдэхүүнтэй үнэлгээчид томилуулах тухай” нэхэмжлэгч “Х банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцуулж, дахин бүрэлдэхүүнтэй үнэлгээчид томилуулах тухай” нэхэмжлэгч “Х банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.БОЛОР