Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/549

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305011390876 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.              

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер график дизайн мэргэжилтэй, *** захад ачигч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** хороолол, *** гудамж, *** дугаар байр, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн ***-р хороо, *** тоотод түр оршин сууж байгаа, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “***” зочид буудлаас хохирогч ***ийн өмчлөлийн Айфоне 11 загварын гар утсыг утсаар яриад өгье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч аван 900.000 төгрөгийн, улмаар түүний картнаас өөрийн нь зөвшөөрөлгүйгээр нууцаар, хууль бусаар 3.500.000 төгрөгийг АТМ-с бэлнээр гарган авч нийт 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хулгайлах” “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манай найз охин ***ы хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо *** зочид буудлын 202 тоот өрөөнд байсан. Манай найз охины найз эмэгтэй гэх *** гэх эмэгтэй өөрийн найз залуу ***ийн хамт ирээд бид 4 гараад *** зочид буудлын хажууд байрлах караокед ороод архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад *** гэх эмэгтэй явсан. Би ***г дэлгүүр гаргаж ундаа, ус авхуулах зорилгоор өөрийн хаан банкны картныхаа кодоо хэлж өгөөд гаргасан. Тухайн эрэгтэй миний картыг аваад буцаж орж ирээгүй. Хаан банкны картаас 3.500.000 төгрөг алдсан. Миний гар утас нь хар өнгийн гар утас. Хар өнгийн хамгаалалтын гэртэй байсан. Би дэлгүүр гараад ир гээд өөрийн Хаан банкны картаа кодыг нь хэлээд өгч явуулсан. Миний гар утас мөн дэлгэцийн кодгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

 

2. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хохирлын үнэлгээний 6494 дугаартай: “...айфоне 11 маркийн гар утас 900,000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 18-21 дэх тал),

 

3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Баянгол дүүргийн 18-р хороо 4 дүгээр хороолол Энэбишийн өргөн чөлөө 57 тоот хаягт байрлах АТМ 762-ийн хяналтын камерын бичлэг байв. Уг бичлэгийн зүүн дээд булан 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 23 цаг 14 минут 41 секунд гэж бичсэн байсныг тэмдэглэл болгон бичив. Уг бичлэгт хар өнгийн саравчтай малгайтай шар хар өнгийн үстэй саарал малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй гартаа хар өнгийн утас барьсан 20-25 орчим  насны эрэгтэй хүн тухай АТМ-д *** дугаарын данс бичиж шилжүүлэг хийх гээд чадахгүй байж байгаад 23 цаг 19 минутад тухайн АТМ-ээс 3,500,000 төгрөгийг бэлнээр аваад гарч байгаа харагдана” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 26-29 дэх тал),

 

4. ***ын Хас банкны *** дугаарын дансны хуулга (хавтаст хэргийн 48-60 дахь тал),

 

5. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би ***ийн автобусны буудлын ард байрлах *** нэртэй бааранд ганцаараа ороод нэг пиво авч уугаад бүжиглэж байгаад баарны гадаа тамхи татаад зогсож байсан нэг үл таних залуу намайг “чи ганцаараа явж байгаа юм уу” гэж асуухаар нь “би тийм” гэж хэлсэн. Тухайн үл таних залуу намайг “цуг суух уу” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Бид хоёр пиво ууж байгаад 04 цаг өнгөрч байхад баар хаахаар болоод баарнаас гарсан. Баарнаас гараад тухайн үл таних залуу эгч рүүгээ  ярина гэж хэлээд нэг эмэгтэй хүн рүү залгасан. Үл таних нэг эмэгтэй хүнтэй ярьж дуусаад хорооллын ***ийн автобусны буудлын ард байрлах /нэрийг нь мэдэхгүй байна/ нэг буудалд тухайн залуугийн эгчийг авахаар очсон. Буудалд очиход нэг үл таних эмэгтэй *** гэх залуутай хамт байсан. Тухайн буудлын 2 давхарт байрлах өрөөнд ороод бааранд таарсан үл таних эрэгтэй, түүний эгч гэх эмэгтэй, *** гэх хүнтэй бид дөрөв 0,75 литрийн архи хувааж уугаад сууж байтал буудлын цаг дуусаад гарахаар болсон. *** намайг дуудаад “мөнгө байна уу” гэж асуухаар нь би “надад мөнгө байхгүй, утас л байна” гэж хэлсэн. *** “чи утсаа ломбардад тавчих, хуваагаад авчихъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тухайн буудлын хажууд байрлах ломбардад өөрийн Iphone x гар утсаа 400,000 төгрөгөөр ***ийн бичиг баримт дээр барьцаанд тавьсан. Бид хоёр буудал руу буцаж ороод тухайн үл таних эмэгтэй, түүний дүү, *** бид дөрөв буудлаас гараад ***ийн автобусны буудлын доор байрлах нэг буудалд ороод 2 ортой өрөө авсан. Буудлын үйлчлэгч 103 дугаарын өрөө рүү ор гэсэн. Би ***, үл таних эмэгтэй бид 3 тухай 103 тоот өрөөнд орсон. Буудлаас би ***тэй гарч дэлгүүрээс 2 шил архи аваад буудал руу буцаж орсон. Буудалд 2 шил 0,75 литрийн архи гурвуулаа хувааж уугаад тэндээ хоносон. Маргааш өглөө нь нөгөө үл таних эмэгтэй явсан. Би ***тэй хамт үлдсэн. *** надад “дуудчих эмэгтэй байна уу” гэж хэлэхээр нь би өөрийн найз *** түүний найз ***г тухайн буудалд дуудсан. ***, *** хоёр 12 өнгөрч байхад ирсэн. Тэгэхээр нь би ***тэй дэлгүүрээс 2 шил 0,75 литрийн архи, ундаа, 2,5 литрийн нэг том пиво аваад буудал руу ороод уусан. Тэндээ хоноод маргааш өглөөний 10 цаг өнгөрч байхад би ***тэй хамт дэлгүүр гараад 0,75 литрийн архи, ундаа, ус идэж уух зүйл аваад буцаж буудалдаа ороод ***, ***, ***тай хамт авсан зүйлээ идэж уугаад ярьж суусан. Орой *** 19 цагийн орчим найзтайгаа уулзлаа гээд явсан. ***, *** бид хэд хамт үлдээд үлдсэн архи пиво ууж байгаад би ***т “ундаа, усанд яваад ирье, утсаа карттайгаа өгчих, би гарангаа утсаар яриадахъя” гэж  хэлээд ***ээс гар утас, хаан банкны виза картыг нь аваад гарах гэтэл *** хаан банк руугаа ороод дансаа үзүүлээд үлдэгдэл нь энэ байна гэж харуулахад дансанд нь 3,900,000 төгрөг байсан. Би буудлаас гараад замаас такси бариад хорооллын өргөөгийн автобусны хажууд байрлах АТМ орж ***ийн хаан банкны картаас 3,500,000 төгрөг бэлнээр аваад, өөрийнхөө Голомт банкны *** тоот данс руу шилжүүлж хийсэн. Тэндээсээ гараад анхны очсон газар болох *** хорооллын ***ийн замын хойд талд байрлах *** бааранд орж пиво ууж сууж бааранд ууж байгаад нэг үл таних залуутай танилцсан. Тухайн залуутай ***ийн урд талын автобусны буудлын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах буудалд хамт орсон. Тасраад унтаад сэрсэн өглөө ганцаараа ***ийн утас байхгүй байсан. Би хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст эргийн 35-36 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугийн талаар маргахгүй. Утсыг нь тухайн үед архи ууж яваад хаячихсан байсан. Хохирлын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор бакалаврын дипломын хуулбар (хавтаст хэргийн 41-42 дахь тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), ахлах сургуулийн хувийн хэргийн хуулбар (хавтаст хэргийн 61-66 дахь тал), *** их сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 67-68 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ***ийн “...Би ***г дэлгүүр гаргаж ундаа, ус авхуулах зорилгоор өөрийн хаан банкны картныхаа кодоо хэлж өгөөд гаргасан. Тухайн эрэгтэй миний картыг аваад буцаж орж ирээгүй. Хаан банкны картаас 3.500.000 төгрөг алдсан. Мөн миний гар утсыг аваад гарсан...” гэх, шүүгдэгч ***ын “...үлдсэн архи пиво ууж байгаад би ***т “ундаа, усанд яваад ирье, утсаа карттайгаа өгчих, би гарангаа утсаар яриадахъя” гэж  хэлээд ***ээс гар утас, хаан банкны виза картыг нь аваад гарах гэтэл *** хаан банк руугаа ороод дансаа үзүүлээд үлдэгдэл нь энэ байна гэж харуулахад дансанд нь 3,900,000 төгрөг байсан. Би буудлаас гараад замаас такси бариад Хорооллын Өргөөгийн автобусны хажууд байрлах АТМ орж ***ийн хаан банкны картаас 3,500,000 төгрөг бэлнээр аваад, өөрийнхөө Голомт банкны *** тоот данс руу шилжүүлж хийсэн...” гэх өөр хоорондоо агуулгын хувьд харилцан зөрүүгүй мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хохирлын үнэлгээний 6494 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, “***” зочид буудлаас хохирогч ***ийн өмчлөлийн 900.000 төгрөгийн үнэлгээ бүхий Айфоне 11 загварын гар утас, картыг хууран авч, Хаан банкны картнаас өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нууцаар, хууль бусаар 3.500.000 төгрөгийг АТМ-с ашиглаж өөртөө шилжүүлэн авч, хохирогчид нийт 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах”, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл байдаг.

 

Шүүгдэгч ***ын хохирогч ***т итгэл төрүүлж, “дэлгүүрээс ус, ундаа аваад ирье, гарангаа утсаар яриадахъя” гэж хуурч, түүний гар утас болон Хаан банкны виза картыг өөрийн эзэмшилд авч, буцаан өгөхгүйгээр цааш өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдэл нь Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан,

Мөн хохирогчийн эзэмшлийн Хаан банкны виза картаас эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар 3.500.000 төгрөг авч, өөрийн Голомт банкны *** дансанд шилжүүлэн авсан үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан шинжийг хангажээ.

 

Шүүгдэгч ***ын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.

 

Мөн дээрх гэмт хэргүүдийн улмаас хохирогч ***т нийт 4.400.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдсон.  

 

Шүүгдэгч *** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь “Хулгайлах”, “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч ***т ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирол төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга хэлбэр, шинж зэргийг харгалзсанаас гадна түүний ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог талаарх баримтгүй, хохирогчид хохирол төлбөр нөхөн төлсөн зэргийг харгалзаж, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч ***ын биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 600 цагийн хугацаагаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***т 4.400.000 төгрөгийн хохирол учирсан тогтоогдсон, хохирогч нь “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, хохирлоо нөхөн төлүүлсэн...” гэж мэдүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэргийн үйл баримтыг тогтоосон ач холбогдол бүхий нотлох баримт байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт хадгалахаар тогтлоо.

 

Мөн битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч ***ын биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 600 цагийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***т 4.400.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА