Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 39

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 11 дүгээр баг, Гивааны 632 тоотод оршин суух, 1952 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ52081170, Салдангууд овогт Дамбийгийн Батцэрэнгийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 11 дүгээр баг, 10-22 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ88091430, Найман овогт Сайнбилэгийн Анхбаярт холбогдох,

     Нэр төр сэргээлгэх, гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батцэрэн, хариуцагч С.Анхбаяр, иргэдийн төлөөлөгч Б.Хорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Д.Батцэрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Батцэрэн би 1952 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн, гэр бүл хоёр хүүхдийн хамт амьдарч байсан. Хүүхдүүд өрх тусгаарласан, гэр бүлийн хүн өвчний учир нас барсан, одоо хүүхдийн хамт амьдарч байна. Би санхүүч мэргэжилтэй, цэргийн дунд боловсролтой. 1971 оноос 2002 оныг дуустал хугацаанд одоогийн ХЗДХ-ийн яамны системийн байгууллагуудад тасралтгүй 31 жил ажиллаж цэргийн тэтгэвэрт гарсан. Одоо амьдрал хэвийн, төр засаг, ах дүү, үр хүүхдийнхээ зээл тусламж авах шаардлагагүй. Манай хүүхдүүд 1998, 2000 онуудад өрх тусгаарласан. Хуулийн дагуу эрх үүргээ хүлээх чадвартай, бие даасан иргэд болсон. Хүү Б.Цог-Очир бэр Т.Батхишиг нар зах зээлийн тогтолцоо, улс орны хөгжлийн бодлогыг дагаж бусад бусад иргэдийн адил үйлдвэрлэл үйлчилгээ явуулахаар санал нэгдэж, цэвэр ус үйлдвэрлэн борлуулах чиглэлийн “Эрчис баялаг” ХХК байгуулахаар зорьж ажилдаа орсон. Ингээд гэрийн хашаанд байр барьж хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байсан учраас төр засгаас явуулж байсан үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын ачаар 2013 онд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас боловсруулсан төсөл тооцоо хийсэн урьдах ажлаа танилцуулан хүсэлт гаргаж 50.000.000 төгрөгийн зээл авч үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин техник, түүхий эд материал татан авч цэвэр ус үйлдвэрлэн иргэдэд гараас гарт хүргэх зарчмаар аймагт анх удаа эхлүүлж одоог хүртэл тасралтгүй ажиллуулж байна. Тус компани нь тодорхой тооны хүмүүсийг ажлын байраар хангаж хууль тогтоомжийн дагуу татвар хурааажийг төлж ирсэн болно. Хөдөө аж ахуйн банк олгосон 50.000.000 төгрөгийн зээлийг 12.573.000  төгрөгийн хүүгийн хамт банкнаас заасан графикт хугацаанд 2018 оны 5 дугаар сард төлж дуусгасан байдаг. Эдгээр бүх процессийг би мэдэж байсан нь үнэн, гэхдээ би мөнгө аваагүй, төлөлцөөгүй, зөвхөн эд нарын асуудал байсан. Гэтэл Улаангом сумын 11 дүгээр багийн иргэн аймгийн хурлын төлөөлөгч С.Анхбаяр гэгч, аймгийн дарга асан Д.Цэндсүрэн эхнэрийнхээ төрсөн ах Д.Батцэрэнд жижиг дунд үйлдвэрийн 50.000.000 төгрөгийн зээл өгч ард түмний боломж хулгайлсан гэж олон нийтийн сүлжээгээр цуурч /удаа дараа/ миний нэр төрд бүдүүлгээр халдаж улс төрийн ашиг хонжоо эрэн ах дүүсийг хамтаар нь доромжилсон гэж үзэж маш их гомдолтой байна. Би төрийн алба 30 гаруй жил хашихдаа өмнөх ажлаа хариуцлагатай үнэнч шудрагаар гүйцэтгэж, өгсөн цол хэргэмийг эдэлж шагнал урамшууллыг хүртэж байснаас арга хэмжээ авахуулж, ял шийтгүүлж байгаагүй. Иймд асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж миний нэр төрийг сэргээж, гүтгэн доромжилсон нөхөр С.Анхбаяраас 5.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч С.Анхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Батцэрэнгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Монгол ардын намын гишүүн биш. Би Увс аймгийн Засаг дарга байсан Д.Цэндсүрэн нь Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангийн зээлийг  өөрийн хамаарал бүхий хүмүүст олгож, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэж Fаcebook хуудсандаа “Д.Цэндсүрэн нь ард түмний боломжийг хулгайлсан” гэдэг байдлаар сэтгэгдэл бичсэн. Уг сэтгэгдлийг Д.Батцэрэнгийн нэр төрд халдах зорилгоор бичээгүй. Мөн Д.Батцэрэн гуай шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлох зорилгоор М.Ганбаатар гэх хүнийг гэрчээр асуулгасан. Гэрч М.Ганбаатар нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Миний бие 2013 оны 5 дугаар сард Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангийн зээлийн сонгон шалгаруулалтын комиссын даргаар ажиллаж байсан” гэсэн байна. Гэтэл Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас ирүүлсэн 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/42 тоот тогтоолын хуулбарт Увс аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангийн төсөл сонгон шалгаруулах дэд комиссын бүрэлдэхүүнийг баталсан байх ба үүнд  М.Ганбаатар гэж хүний нэр огт байхгүй байна. Үүнээс үзэхэд М.Ганбаатар гэх гэрч нь шүүхэд худал мэдүүлэг өгсөн байна. Мөн гэрч Б.Цогт-Очир нь “Эрчис баялаг ХХК-ийн нэр дээр зээл авсан” гэсэн мэдүүлэг шүүхэд өгсөн байна.  2017 онд нэхэмжлэгч Д.Батцэрэн нь “Эрчис баялаг” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 81 тоот албан бичгээр нотлогдож байгаа. Хэдийгээр 2013 онд “Эрчис баялаг” ХХК нь Д.Батцэрэнгийн нэр дээр бүртгэлгүй байсан боловч түүний төрсөн хүү Б.Цогт-Очирын нэр дээр бүртгэлтэй байж байгаад Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангийн зээлийг авсаны дараа, уг зээл төлөгдөж дуусаагүй байхад тус компанийг Д.Батцэрэн нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байгаа бөгөөд энэ нь Д.Батцэрэн нь уг зээлийн хөрөнгийг захиран зарцуулсан гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Би иргэнийхээ хувьд өөрийн Facebook хуудсандаа үнэн зөв мэдээлэл оруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      Иргэдийн төлөөлөгч Б.Хорлоо шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч Д.Батцэрэн гуай С.Анхбаярын бичсэн постыг өөр дээрээ илүү хүндээр хүлээж авсан байна гэж бодож байна. Хариуцагч С.Анхбаяр нь зөвхөн Д.Батцэрэн гуай биш ЖДҮ-н зээлийг ах дүү хамаатан садан болон танил талууддаа өгсөн олон хүнийг нэр зааж бичсэн байна” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Д.Батцэрэн нь хариуцагч С.Анхбаярт холбогдуулан нэр төр сэргээлгэх, гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Хариуцагч С.Анхбаяр нь өөрийн цахим мэдээллийн хэрэгсэл болох Facebook хаягаараа дамжуулан олон нийтэд түгээсэн мэдээ, мэдээлэл нь “Иргэн Д.Батцэрэнгийн нэр төрд халдсан” хэмээн, харин хариуцагч нь “Би Увс аймгийн Засаг дарга байсан Д.Цэндсүрэн нь Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангийн зээлийг  өөрийн хамаарал бүхий хүмүүст олгож, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэж Fаcebook хуудсандаа “Д.Цэндсүрэн нь ард түмний боломжийг хулгайлсан” гэдэг байдлаар сэтгэгдэл бичсэн. Уг сэтгэгдлийг Д.Батцэрэнгийн нэр төрд халдах зорилгоор бичээгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна.

     Олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглан хариуцагч С.Анхбаяр 2019 оны 10 дугаар сард нийтэлсэн “2013 онд АН-ын дарга, Засаг дарга Д.Цэндсүрэнгийн эхнэрийн төрсөн ах Д.Батцэрэн ЖДҮ-гээс 50.0 сая төгрөгийн зээл авсан” гэх мэдээлэл, мөн “Д.Цэндсүрэн өөрөө бусдын албаны бүү хэл хувийн амьдралын асуудлыг ч бүр удам судрыг ч хажуугаараа зүгээр өнгөрөөдөггүй, малтаж маажиж, доромжилж гутааж таашаал авдаг нөхөр. Гэтэл өөрөө ЖДҮ-гийн төсөл шалгаруулах комисс ахлаад Хадам ахдаа, хурлын төлөөлөгчиддөө ЖДҮ тараасан аймгийн ЖДҮ-ийн “Загалмайлсан эцэг” мөртлөө бусдыг хээв нэг гэмт хэрэгт яллаж зогсох. Цайчихсан гар аа хаха. Бусад нь ард түмний боломжийг хулгайлсан манай хүний хадам ахдаа ЖДҮ өгдөг нь бол ариун явдал. Ам ажлын зөрүү гэж хаха” гэж бичжээ.

    Гэтэл хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох Увс аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн “Б.Цог-Очир захиралтай “Эрчис баялаг” ХХК нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 2013 онд цэвэр усны үйлдвэр байгуулах чиглэлээр 50,0 сая төгрөгийн зээлийг авч графикт хугацаандаа зээлийн төлбөрийг барагдуулсан болно” гэх тодорхойлолт, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн “Эрчис баялаг” ХХК-г анх үүсгэн байгуулахад 100% хувьцаа эзэмшигчээр Б.Цог-Очир /ОЮ76041970/ бүртгэгдэж байсан ба 2017 оны 3 дугаар сарын 22-нд Д.Батцэрэн 100% хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Мөн 2019 оны 6 дугаар сарын 27-нд 2 хувьцаа эзэмшигч нэмэгдэж, өнөөдрийн байдлаар Д.Батцэрэн 19%, Ц.Үенч 51,02%, Ц.Хулан 29,98%-ийн хувьцаа эзэмшигчээр тус тус бүртгэлтэй байна. Тус компаний итгэмжлэхгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар Д.Батцэрэн бүртгэлтэй байна” гэх тодорхойлолт, гэрч М.Ганбаатарын шүүхэд өгсөн “Засаг дарга байсан Д.Цэндсүрэн хадам ахдаа зээл өгөх чиглэл өгөөгүй, төсөлд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байсан учраас төсөл шалгарсан. Тухайн үед Д.Батцэрэн гэх хүний нэр дээр төсөл орж ирээгүй, ямар нэгэн төсөл шалгуулаагүй, харин түүний хүү Б.Цог-Очирын нэр дээр цэвэр ус үйлдвэрлэх төсөл байсан” гэх мэдүүлэг, Б.Цог-Очирын шүүхэд өгсөн “Тухайн зээлийг 2013 онд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас миний бие орох ёстой шалгуурыг нь хангаж, шалгараад авсан” гэх мэдүүлэг, мөн 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №ЗГ/699 тоот зээлийн гэрээнээс үзэхэд тухайн зээлийг Б.Цог-Очир, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Т.Батхишиг нар гарын үсэг зурж авсан болох нь тогтоогдож “Д.Батцэрэн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хадам дүүгээ ашиглан зээл авсан” гэх мэдээлэл нь няцаагдаж байна.

   Түүнчлэн хариуцагч С.Анхбаяр дээрх агуулгатай мэдээллийг цахим орчинд өөрийн нэр бүхий хуудсаар дамжуулан бусдад түгээхдээ ямар ямар нотлох баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй, аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн хадам ахдаа өөрийн ажил, албан тушаалын давуу байдлыг ашиглан хөнгөлттэй нөхцөлтэй зээл олгосныг нотлох баримт хэрэгт авагдаагүй.

      Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16, 17 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын иргэн нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй боловч нөгөө талаараа бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй тул хариуцагч С.Анхбаяр нэхэмжлэгч Д.Батцэрэнгийн нэр төрд халдсан үйлдэл гаргаж, үүнийгээ цахим орчинд мэдээлсэн болох нь талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

      Гэтэл хариуцагч С.Анхбаяр нь түгээсэн мэдээ, мэдээлэл нь бодит байдалд үл нийцэж, олон нийтийг төөрөгдүүлсэн байх ба “Д.Батцэрэн”, “Хадам ахдаа” гэх мэтчилэн тодорхой иргэнд хандсан байгаа нь нэхэмжлэгч Д.Батцэрэнгийн нэр төрд халдсан үйлдэл болжээ.

      Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Батцэрэнгийн нэр төрийг сэргээх үндэслэлтэй гэж дүгнэв. 

     Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох “Гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг гаргуулах тухай” хэсгийг ямар баримт, тооцоо гаргаж уг мөнгийг нэхэмжилсэн нь тодорхойгүй байх бөгөөд түүний нэр төрд халдсан үйлдлийн бодит хохирлыг тооцох боломжгүй тул нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Анхбаяраас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Батцэрэнд олгох нь зүйтэй.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Батцэрэнгийн нэр төрийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг гаргуулах” тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Батцэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.150 /нэг зуун жаран таван мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Анхбаяраас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Батцэрэнд олгосугай. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БОЛОР              

                                                       ШҮҮГЧИД                                Н.ГЭРЭЛТУЯА

                                                                                                       Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ