Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/551

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Солонго,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000991 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мужаан хийдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** гудамж, *** дугаар байр, *** тоотод оршин суудаг, /РД:***/ урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 02 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “***” шөнийн цэнгээний газрын гадна “найзыгаа бид нар аваад явлаа гэж хэллээ” гэх шалтгаанаар хохирогч ***тай маргалдаж түүний нүүр лүү мөргөж, гараараа цохиж дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1-р шүдний сулрал, уруулд шарх, зүүн нүдний доод зовхи, буйл, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

2. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2023 оны 5 дугаар сарын 02-ны 01 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** бааранд ***, ***, *** нарын хамт орсон. Тухайн бааранд Экс нэртэй 0,5 литрийн архи нэг шилийг аваад бид нар хувааж уучхаад тухайн бааранд бүжиглэж байгаад 02 цагийн үед тухайн баарнаас гарсан. Тухайн баарнаас гараад явж байхад *** гэх эмэгтэйн найз нь гэх үл таних эмэгтэйг үл таних залуучууд нь авч явах гээд байхаар нь би *** гэх найзын хамт тухайн үл таних залуучууд дээр очоод наад хүн чинь манай найз байгаа юм та нар зүгээр орхичих бид нар одоо аваад явлаа гээд хэлсэн чинь тухайн үл таних залуучууд нь надад “бааранд охин чихдэх гэж ордог биз дээ, өөр яах гэж бааранд орох юм” гээд тухайн *** гэх эмэгтэйн найзыг нь авч явах гээд байсан. Би тухайн залуучуудтай маргалдаж эхэлсэн чинь манай найз ***ыг тухайн үл таних залуучууд нь заамдаад боогоод байсан. Тухайн үл таних залуучууд дундаас нь цэнхэр футболктой, цэнхэр цамцтай залуу нь намайг заамдаж байгаад миний нүүрэн тус газарт хэлээд мөргөөд, дараа нь миний баруун шанаа луу гараараа 3-4 удаа цохисон. Тэгэхэд *** гэх эмэгтэй нь хүрч ирээд тухайн үл таних намайг зодсон залууг салгаад бид нар цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-8 дэх тал),

 

3. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 01-нд найз ***, *** нарын хамт Төмөр замд байдаг *** бааранд орж сууж байгаад шөнө 02 цагийн орчим баарнаас гараад явах гээд үүдэнд такси барих гээд зогсож байхдаа уг баарны гадаа зогсож байсан залуучуудтай маргалдаад тэдний нэг нь манай найз ***ыг цохиж авсан. Бид хэд хоорондоо маргалдаж байгаад тэнд байсан хүмүүс салгаад зам дээр зогсож байтал нөгөө залуу дахиж ирээд ***ыг цохиод авахаар нь *** зөрүүлээд гараараа тэр хүний цээжин хэсэгт хоёр удаа цохисон. Баарнаас гарч явж байгаад хальт зүс таньдаг нэг эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй/ таараад юм яриад зогсож байтал тэр эмэгтэйтэй хамт явж байсан залуучууд нь хүрч ирээд тэрнээс болж хоорондоо маргалдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

 

4. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5836 дугаартай “...***ын биед баруун 1-р шүд, дээд зүүн 1-р шүдний сулрал, уруулд шарх, зүүн доод зовхи, буйл, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

5. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 2.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогч ***д хохирол нөхөн төлсөн талаарх Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар, хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 44 дэх тал), оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 45 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 46 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 47 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                     

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 02 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “***” шөнийн цэнгээний газрын гадна “найзыгаа бид нар аваад явлаа гэж хэллээ” гэх шалтгаанаар хохирогч ***тай маргалдаж түүний нүүр лүү мөргөж, гараараа цохиж дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1-р шүдний сулрал, уруулд шарх, зүүн нүдний доод зовхи, буйл, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ***ын “...2023 оны 5 дугаар сарын 02-ны 01 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** бааранд ***, ***, *** нарын хамт орсон. Тухайн бааранд Экс нэртэй 0,5 литрийн архи нэг шилийг аваад бид нар хувааж уучхаад тухайн бааранд бүжиглэж байгаад 02 цагийн үед тухайн баарнаас гарсан. Тухайн баарнаас гараад явж байхад *** гэх эмэгтэйн найз нь гэх үл таних эмэгтэйг үл таних залуучууд нь авч явах гээд байхаар нь би *** гэх найзын хамт тухайн үл таних залуучууд дээр очоод наад хүн чинь манай найз байгаа юм та нар зүгээр орхичих бид нар одоо аваад явлаа гээд хэлсэн чинь тухайн үл таних залуучууд нь надад “бааранд охин чихдэх гэж ордог биз дээ, өөр яах гэж бааранд орох юм” гээд тухайн *** гэх эмэгтэйн найзыг нь авч явах гээд байсан. Би тухайн залуучуудтай маргалдаж эхэлсэн чинь манай найз ***ыг тухайн үл таних залуучууд нь заамдаад боогоод байсан. Тухайн үл таних залуучууд дундаас нь цэнхэр футболктой, цэнхэр цамцтай залуу нь намайг заамдаж байгаад миний нүүрэн тус газарт хэлээд мөргөөд, дараа нь миний баруун шанаа луу гараараа 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч ***ын “...*** бааранд орж сууж байгаад шөнө 02 цагийн орчим баарнаас гараад явах гээд үүдэнд такси барих гээд зогсож байхдаа уг баарны гадаа зогсож байсан залуучуудтай маргалдаад тэдний нэг нь манай найз ***ыг цохиж авсан. Бид хэд хоорондоо маргалдаж байгаад тэнд байсан хүмүүс салгаад зам дээр зогсож байтал нөгөө залуу дахиж ирээд ***ыг цохиод авахаар нь *** зөрүүлээд гараараа тэр хүний цээжин хэсэгт хоёр удаа цохисон. Баарнаас гарч явж байгаад хальт зүс таньдаг нэг эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй/ таараад юм яриад зогсож байтал тэр эмэгтэйтэй хамт явж байсан залуучууд нь хүрч ирээд тэрнээс болж хоорондоо маргалдсан...” гэх мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5836 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

 

Иймд хохирогч ***ын эрүүл мэндэд биед баруун 1-р шүд, дээд зүүн 1-р шүдний сулрал, уруулд шарх, зүүн доод зовхи, буйл, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 5836 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.  

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***ын хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар нотлогджээ.

 

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

 

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, хохирол нөхөн төлсөн, гэм буруу дээр маргаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5836 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид 2.000.000 төгрөг өгсөн талаар Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар, хохирогч ***ын бичгээр гаргасан “...эмчилгээний зардал болох 2 сая төгрөг авсан нь үнэн, Үүнээс цааш энэ хүнд гомдол санал байхгүй...” гэх хүсэлт зэргийг гаргаж өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***д 2.000.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА