Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/550

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Солонго /томилолтоор/,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 2305000001171 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “***” ХХК-нд гагнуурын туслах ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *** гудамж *** байр *** тоотод оршин суудаг, (РД:***), урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2023 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар палас”-ын урд талын зогсоолд хохирогч ***тай “тамхи байхгүй гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2023 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар палас”-ын урд талын зогсоолд хохирогч ***тай “тамхи байхгүй гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч ***ын: “...Би ***, ***, *** бид нар 25 дугаар эмийн сангийн дээр Юу би паласын *** гэдэг баарны гадаа уулзахаар тохирч шөнийн 01 цагийн орчимд тэр баар луу орцгоосон. Бид нар бааранд ороод Валентианесийн 1 сэт авсан. ***, ***, *** миний бие нар тухайн вискинээс уусан. *** уугаагүй. Бид нар бүжгийн талбайд хамт бүжиглээд байж байгаад 10 жилийн нөгөө бүлгийнхээ ангийн ***тай таараад мэндлээд хэзээ ирсэн гээд мэнд мэдсэн. Бид нар уух юмаа дуусгаад 04:30 минутад тухайн баарнаас гарсан. Гараад такси барих гэж байхад Юу би паласын үүдний тэр хавиас нэг хүн орилоод байсан. Тэр хүн тэр хавиар явж байсан хүмүүс рүү орилоод байсан. Сүүлдээ бид нар дээр ирээд тамхи байна уу гэж асуугаад байгаа юм биш үү гээд байхаар нь би тэр хүнд хандаж би тамхи татдаггүй тамхи байхгүй гэж хэлсэн чинь тэр хүн “чи яагаад өөдөөс томроод байгаа юм бэ гэж хэлэхэд манай найзууд бас тамхи байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь цаанаас тэр орилоод байсан хүний найзууд гэх хүмүүс зургуулаа хүрээд ирсэн. ...орилдог залуу манай найзуудыг дээрэлхээд яагаад муухай хараад байгаа юм гээд цохих гээд байсан. Анх орилсон залуу намайг заамдаж аваад цохих гэхээр нь би гарыг нь бариад за уучлаарай бид нар ингээд явчихъя би танай найз ***ыг таньдаг юмаа гэхэд тэр хүн энэ *** чинь манай дүү чи хаанахын юм гэхээр нь би нисэхийнх зүгээр явж болохгүй юм уу гэсэн чинь тэр залуу над руу “Би танай нисэхийн ах нарыг бүгдийг нь мэднэ бүгдийг нь ална шүү” гэсэн. Тэгээд би за гэж хэлээд гарыг нь тавиад эргэж хараад алхсан. Тэгсэн чинь араас тэр хүн гэнэт эрүү лүү цохихоор нь би нэлээн гуйвж байгаад зогссон чинь цаанаас нь намайг цохисон хүний найз нь ална шүү яагаад байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би миний эрүү эвгүй болчихлоо одоо болчих цаашаа явчих гуйж байна тэгэх үү гэсэн. Тэр залуу эргээд намайг ямар охин шиг юм бэ гээд цаашаа манай найзууд руу алхаад явсан. ...Баарны хамгаалагч нар гарч ирээд бид нарыг тараасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал), гэрч ***ын: “...Би ***, ***, *** гуравтай хамт Юу би паласын *** бааранд 2 цагт орсон. Бид нар уугаад сууж байсан чинь *** манай ширээн дээр ирээд юу байна энэ тэр гээд мэнд мэдээд яваад өгсөн. Бид нар сууж байгаад 04 цаг өнгөрч байхад тэр баарнаас гараад би ***тэй Юу би паласын зам дээр таараад бид хоёр тэндээс жаахан холдож байгаад юм ярьсан. Би ***тэй юм ярьж дуусаад ***, ***, *** нартай хамт такси бариад яваад өгсөн. Тэгээд *** над руу 05 цаг 10 минутад чат бичээд “Манай найзыг хэн нь цохчхов бид хоёрыг юм ярьж байхад манай найзыг нэг нь цохисон байна” гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), гэрч ***ийн: “...04 цаг өнгөрч байхад гараад, хашааны урдхан талаас такси барих гээд зогсож байтал замын урд талаас үл таних залуу тамхи асуугаад орилоод байсан. Тэгээд бид нар тоохгүй байж байтал 5-6 залуу бид нар хүрч ирээд тамхи асуусан. Тэгтэл манай дүү ***г тэр залуучуудын нэг нь таньдаг болоод бид нараас зайдуу аваад явчихаар нь түүний араас би явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ирэхэд ***г тэр залуучуудын нэг нь цохисон, эрүү нь хугарсан юм шиг байна гээд бид нар гэмтлийн эмнэлэг рүү явсан. Сүүлд ярихад тэр үл таних залуучууд дунд байсан буржгар үстэй залуу ***г цохисон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), гэрч ***ийн: “...***аа гэх залууг би өмнө нь таньдаг тул бид хоёр юм ярих гээд тэд нараас холдсон. Хэсэг хугацааны дараа буцаад тэд нар дээр ирэхэд ***ийн үел гэх *** гэх залуу манай найз ***г цохиж гэмтээсэн байсан. Би зодоон болох үед байгаагүй болохоор яаж цохисныг нь хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал), гэрч ***ийн: “...Бид нар такси барих гээд зогсож байтал замын урд талаас хэдэн хүмүүс тамхи байна уу гээд орилоод байсан. Тэгтэл хажуугаар явж байсан нэг үл таних хүн байхгүй гээд орилтол нөгөө залуучууд бид нар дээр ирээд хэн сая байхгүй гэж хэлсэн бэ гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би тэр буржгар үстэй залууг чи зүгээр цаашаа яваач ээ гэж хэлтэл чи зүгээр дуугүй бай хямдхан янхан чинь, чамайг би Саппоро дээр 20.000 төгрөгөөр л зарна гэхээр нь би чи зүгээр цаашаа яв гээд өөр зүйл түүнд хэлээгүй. Тэгтэл тэр буржгар үстэй залуу ***тай маргалдаад түүнийг хөөгөөд гүйсэн. Хөөгдөж гүйж байхдаа *** эргээд хартал тэр буржгар үстэй залуу ***ийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), гэрч ***ийн: “...баар хаах үед буюу 04 цагийн үед баарнаас гарсан. Гарч явж байгаад Юу би паласын урд талд байрлах зам дээр явж байтал замын эсрэг талд хэсэг хүүхдүүд явж байсан. Тэр хүүхдүүдийн нэгийг нь ***аа таниад дуудаад байх шиг байсан. Бид дөрөв хүүхдүүд дээр очоод ***аа өөрийнхөө танил *** гэдэг хүүхэдтэй цаашаа юм яриад явсан. Тэгтэл *** нөгөө хүүхдүүдийн *** гээд хохироогч залуугаас тамхи асуутал байхгүй гэж хэлсэн. Тэгээд *** тэр залуутай бага зэрэг маргалдаад байсан. Маргалдаж байгаад *** миний харснаар тэр залуугийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгтэл тэр хүүхэд арагш ухраад баарны хамгаалагч нар дээр очоод миний эрүү хугарчихлаа гээд орилоод яваад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал), Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6784 дугаартай: “...***ын биед эрүү ясны хугарал, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал) болон шүүгдэгч ***ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2023 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 4 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар палас”-ын урд талын зогсоолд хохирогч ***тай “тамхи байхгүй гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ын нүүр лүү нь гараараа цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж оролцсон болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 80 дэх тал) 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 81-82 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.     

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Хохирогч нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч нь хохирогчид 4.000.000 төгрөг хохирол, хор уршигт тооцон нөхөн төлсөн болох Голомт банкны мемориалын баримтаар тогтоогдсон (хавтаст хэргийн 77 дахь тал), хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагаанд “...эмчилгээний зардалд 4 сая төгрөг авсан. Гомдол санал хүсэлтгүй...” гэх хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгч ***ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон         

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***д 4.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь “гомдолгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА