Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2025/0633

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай       

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:   

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга  

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл  

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа  

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч  “А” ХХК

Хариуцагч Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар дүгнэлт нь хууль бус захиргааны акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын “А” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус захиргааны акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож, “А” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлээс хасахыг Сангийн сайдад даалгах" тухай   

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0439 дүгээр шийдвэр       

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б

Хариуцагч Л.А 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр   

Хэргийн индекс: 128/2024/0042/3   

ТОДОРХОЙЛОХ нь:    

1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А-д холбогдуулан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар дүгнэлт нь хууль бус захиргааны акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын “А” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус захиргааны акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож, “А” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлээс хасахыг Сангийн сайдад даалгах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.        

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0439 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 2005 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.5, 52 дугаар зүйлийн 52.1.14-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “А” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлээс хасахыг Сангийн сайдад даалгах"-ыг хүссэн шаардлагууд бүхий “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.     

3. Давж заалдах гомдлын агуулга:  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б нь давж заалдах гомдолдоо:

“...Дээрх тендер шалгаруулалтад “А” ХХК нь түншлэлээр орсон боловч, “Д” ХХК-иас 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08/10 дугаар тодруулгын хариу албан бичгээр уг ажил нь Ховд аймагт хэрэгжинэ, гэрээнд заасан хугацаанд ажил эхлүүлэхээр танай компани Улаанбаатар хотоос тоног төхөөрөмжөө татан авчрах хугацаа урт, хүндрэлтэй өртөг зардал өндөр байгаа тул цаашид манай компани өөрөө замын гүйцэтгэлийн ажлаа хийхээр болсноо мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдлийн дагуу уг түншлэлээс “А” ХХК нь гарсан болно.

Мөн “Д” ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн итгэмжлэлд үйлдэхдээ “А” ХХК гүйцэтгэх захирал Д.М миний гарын үсгийг хуурамчаар зуран нарийн бичгээр тамга даруулан “А” ХХК-ийг төлөөлөн гэрээ хэлцэл хийх, ажил эхэлж, дуусгах, гүйцэтгэл гаргах, гологдлыг барагдуулах, албан бичиг, баримт явуулах сонгон шалгаруулалттай холбоотой бүх баримтад гарын үсэг зурах эрхийг олгосон баримт хийн өгчээ. “Д” ХХК-иас ирсэн албан бичгийн дагуу “А” ХХК нь уг тендерт оролцохоос татгалзсан түншлэлээс гарч, ямар нэгэн ажил гүйцэтгэлийн ажиллагаанд оролцоогүй болно.

Мөн "Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон “Д” ХХК-иуд хооронд байгуулахад “А” ХХК-иас гэрээнд оролцож, гарын үсэг зураагүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болно. Гэтэл “А” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах нь үндэслэлгүй, нөхцөл байдлыг тал бүрээс нь судлаагүй гэж үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.  

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д "... сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон...." гэснийг зөрчсөн гэж үзэх нь явцуу бөгөөд тендерийн гэрээнд оролцоогүй, ямар нэгэн үүрэг хүлээгүй байхад гэрээний үүрэг ноцтой зөрчсөн гэж Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй болжээ.

Шүүхээс түншлэлийн гэрээний гишүүнээр оролцохоо илэрхийлсэн байна, мөн хариуцлагатай байх үүрэгтэй, тамга тэмдгээ хадгалалт нь зохион байгуулалтын асуудал, нэхэмжлэгчээс миний гарын үсэг биш гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ. Гэтэл “А” ХХК-ийн түншлэл оролцохоо больсон, түүний захирал бусдад тамга тэмдгээ ашиглуулсан нь талуудын тайлбараар тогтоогдож байхад шүүхээс хэт нэг талыг баримтлан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0439 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаал нь хуульд заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй захиргааны акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.      

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “А” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.         

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.   

2.1. Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар “Хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн [1] дагуу Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А хяналт шалгалт хийж, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар [2] дүгнэлтээр “А” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 дугаар зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн “А” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлжээ.  

2.2. Тус саналын дагуу Сангийн сайд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар[3] “А” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд бүртгэсэн байна.

2.3. Нэхэмжлэгчээс дээрх Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.А-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалыг тус тус эс зөвшөөрч, “...мэдэгдлийн дагуу уг түншлэлээс “А” ХХК нь гарсан, ...итгэмжлэл үйлдэхдээ “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М миний гарын үсгийг хуурамчаар зуран нарийн бичгээр тамга даруулсан,...ажил гүйцэтгэх гэрээнд оролцож, гарын үсэг зураагүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй...” гэх үндэслэлүүдээр хүчингүй болгуулахаар маргасан.

2.4. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн /2005 он/ 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ:”, 14.1.4-т “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ.”, 521 дүгээр зүйлийн 521.2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” гэж тус тус заажээ.

2.5. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний 01/01 дугаартай “Итгэмжлэгдсэн бичиг”-[4]т  “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М өөрөө гарын үсэг зураагүй, хуурамчаар  гарын үсгийг нь зурж, нарийн бичиг нь тамга дарсан гэж байгаа боловч “Д” ХХК, “А” ХХК, “Э” ХХК нар 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 21/01[5] дугаартай “Түншлэлийн гэрээ”-г байгуулсан байх бөгөөд тус гэрээний 4.2 дугаар зүйлд “А” ХХК-ийн эрх үүргийг заасан байна.

2.6. Түншлэлийн гэрээгээр тендер шалгаруулалтад оролцохоор хүсэл зоригоо илэрхийлсэн бол хариуцлагатай байх зарчмыг баримтлах үүрэгтэй бөгөөд Зам тээврийн хөгжлийн яамны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/2281[6] дугаар албан бичгээр “Д” ХХК, “А” ХХК, “Э” ХХК-ийн түншлэлд гэрээ байгуулах эрх олгож, Зам тээврийн хөгжлийн яам болон түншлэл нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 191 дугаартай “АХБ-ны МОН-3129 зээл, баруун бүсийн авто замын коридор хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсөл 2: Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсанаар “Д” ХХК, “А” ХХК, “Э” ХХК нар нь хууль болон гэрээнд заасны дагуу эрх эдэлж, үүрэг хүлээж байна.  

2.7. Нэгэнт маргаан бүхий Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.А-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоосон энэ тохиолдолд түншлэлийн гэрээний гүйцэтгэгч “А” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулсан нь үндэслэлтэй.  

2.8. Учир нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний 01/01 дугаартай “Итгэмжлэгдсэн бичиг”-т “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М өөрөө гарын үсэг зураагүй эсэх нь энэхүү маргаанд хамааралгүй буюу нэгэнт “Д” ХХК, “А” ХХК, “Э” ХХК нар 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 21/01 дугаартай “Түншлэлийн гэрээ”-г байгуулсан нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн /2005 он/ 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж заасны дагуу хариуцлагатай байх үүрэгтэй.

2.9. Тодруулбал, “...мэдэгдлийн дагуу уг түншлэлээс “А” ХХК нь гарсан эсэх нь, ...итгэмжлэлд “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М өөрөө гарын үсэг зураагүй” нь маргаан бүхий Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.А-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох, ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн түншлэгч компани нарын үүргийг үгүйсгэх үндэслэл биш.   

2.10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “...Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаал гарах шууд үндэслэл болсон Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул уг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар дүгнэлтийг үндэслэн гарсан Сангийн сайдын 2023 оны 213 дугаар тушаалын холбогдох хэсгийг мөн хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0439 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Г.МӨНХТУЛГА   

 

                      ШҮҮГЧ                                              А.САРАНГЭРЭЛ  

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] 1 хавтаст хэргийн 173-174 хуудас

[2] 1 хавтаст  хэргийн 34-35 дахь тал

[3] 1 хавтаст хэргийн 160-161 дэх тал

[4] 2 хавтаст хэргийн 22 дахь тал

[5] 2 хавтаст хэргийн 23-25 хуудас

[6] 1 хавтаст хэргийн 103 дахь тал