Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00387

 

“КБ” ХХК дахь БЭХАийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01036 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1220 дугаар магадлалтай,

“КБ” ХХК дахь БЭХАийн нэхэмжлэлтэй

“А” ХХК, ЗБДСд тус тус холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 37,874,007 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч ЗБДСгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажавын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Д.Баттулга, гуравдагч этгээд Г.Доржбат, Г.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01036 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 227 дугаар зүйлийн 227.3.-т заасныг тус тус үндэслэн хариуцагч “А” ХХК-аас 12,850,795.01 төгрөг, хариуцагч ЗБДСгаас 15,361,711.80 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “К Б” ХХК-ийн эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 61,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-............ тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолой дунд төгөл гудамж, 9 тоот хаягт байрлах 200 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-............ тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолой дунд төгөл гудамж, 9 тоот хаягт байрлах 56 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолой дунд төгөл гудамж, 9 тоот хаягт байрлах 18663320048253 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Ү-............тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, карьерийн 5Б гудамж, 2Б тоот хаягт байрлах 356.4 м.кв талбайтай фермийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-............тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, карьерийн 5Б дугаар гудамж, 2Б тоот хаягт байрлах 31 м.кв талбайтай хувийн сууц, Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, карьерийн 5Б дугаар гудамж, 2Б тоот хаягт орших 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “А” ХХК-аас 290,763.00 төгрөг, хариуцагч ЗБДСгаас 234,759.00 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1220 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ЗБДСгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 758.56 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагч ЗБДСгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт “...“Хариуцагч ЗБДСгийн зээлдүүлэгч нь  зээлийг төлүүлэх хангалттай арга хэмжээ аваагүй” гэх тайлбар, гомдол үндэслэлгүй. ЗБДСгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, батлан даалтын гэрээний 3.2.3, 3.4.1, хариуцагч ЗБДСгийн 2015.04.01-ний өдрийн зээлийн 60 хувьд буюу 48,000,000 төгрөгийн батлан даалтыг сарын 60 сарын хугацаатай гаргах тухай албан бичиг, зээлдүүлэгч үүргийн зөрчлийг арилгуулахаар 2018.08.21, 2019.05.10, 2019.06.19-ний өдөр хариуцагч нарт хүргүүлж байсан мэдэгдэх хуудас, хариуцагч “А” ХХК-ийн нэхэмжлэгч зээл төлүүлэх талаар хариуцагч талтай удаа дараа уулзалт хийж, мэдэгдэл өгч байсан гэх тайлбар зэргүүдийг шүүх харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт гаргажээ.” гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтээс харахад хариуцагч ЗБДСгийн зүгээс татгалзлын үндэслэлээ болгож байгаа Батлан даалтын гэрээний 1.6 дахь заалт, К Бны Зээлийн үйл ажиллагааны журам /К Бны гүйцэтгэх захирлын 2017.05.08-ны өдрийн 271 дүгээр тушаалаар батлагдсан журмын 15-17 дугаар бүлэг/ гэх бичмэл нотлох баримтуудад огт дүгнэлт хийгээгүй атлаа, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа “...мэдэгдэл өгч байсан гэх тайлбар” зэрэг баримтуудыг хооронд нь харьцуулж хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт гаргасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын тайлбар зэргийг нотлох баримт гэж үзсэн атлаа хариуцагч талын татгалзлаа нотолсон баримтуудыг огт үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөж өөрчлөөгүй байна. Хариуцагч татгалзал, татгалзлын үндэслэл болох Батлан даалтын гэрээний 1.6 дахь заалт/...зээлдүүлэгчийн холбогдох журамд заасан арга хэмжээг хангалттай авсан байх/, К Бны зээлийн үйл ажиллагааны журмын 15-17 дугаар бүлэг /...барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байх/-ийг нотлох баримтаар тооцож үнэлсэн бол талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 460.1-д заасан нөхөх хариуцлага хүлээх хэлбэрээр хийгдсэн болохыг шүүхээс дүгнэх байсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 460.2 буюу хамтран хариуцахаар гэрээ байгуулсан гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх мөн зөвтгөөгүй байна. Иймд шийдвэр, магадлал нь нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, ЗБДСд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Хариуцагч ЗБДСгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

5. Нэхэмжлэгч “К Б” ХХК-ийн эрх хүлээн авагч нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,912,295 төгрөг, хариуцагч ЗБДСд холбогдуулан 15,361,710 төгрөг, нотариатын зардалд 61,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч “А” ХХК нэхэмжлэлийг маргаагүй, харин хариуцагч ЗБДС “нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар зээл төлүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй” тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Г“...зээлийн барьцаанд 5 үл хөдлөх эд хөрөнгө байгаа, мөн ЗБДС зээлийн 60 хувийг батлан даасан тул миний өмчлөлийн хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргажээ.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч “А” ХХК-аас 12,850,795 төгрөгийг, хариуцагч ЗБДСгаас 15,361,711 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэжээ. Шүүхийн эрх зүйн дүгнэлтийн зарим хэсгийг залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

7. “К Б” ХХК, нөгөө талаас “А” ХХК, Г.Днарын хооронд 2015.04.03-ны өдөр фермерийн үйлдвэрлэлийн төслийн зориулалтаар 80,000,000 төгрөгийг, сарын 0.4167 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлдүүлэх тухай ЗГ-20 тоот зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлд нэр бүхий 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан БГ-20 тоот барьцааны гэрээ, 2015.04.03-ны өдөр “К Б” ХХК, хариуцагч ЗБДС, “А” ХХК-ийн хооронд БДГ-20 тоот батлан даалтын гэрээ байгуулагдсан, уг гэрээнүүд хүчин төгөлдөр талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 80,000,000 төгрөг, зээлийн хүүд 10,475, 290 төгрөг, нийт 90,475,290 төгрөгийг буцааж төлөхөөс үндсэн зээлд 44,797,146 төгрөг, зээлийн хүүд 9,076,264 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 119,525 төгрөг, нийт 53,992,936 төгрөг төлж, 2017 оны 03 дугаар сараас хойш зээлээ төлөөгүй, зээлдүүлэгчийн зүгээс зээлээ төлөхийг мэдэгдэж байсан боловч зээлдэгч биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх хариуцагч тус бүрийн биелүүлэх үүргийг үндэслэлтэй тодорхойлж, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 166 дугаар зүйлийн 166.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

8. Батлан даалтын гэрээний 1.4-т зээлдэгч нь ЗГ-20 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ЗБДС үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувийг зээлдүүлэгчийн өмнө батлан даахаар тохиролцсон байна./хх-57-59/

ЗБДСгийн тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилго бүхий ЗБДСгийн эрх зүйн үндсийг тогтоож, зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж, 5.1.2-т “батлан даалт” гэж Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасныг ойлгоно гэж нэр томьёог тайлбарласнаас үзвэл ЗБДС нь хамтран үүрэг хүлээх бус нөхөх хариуцлага хүлээх үүрэг бүхий этгээд байна. Энэ талаар хоёр шатны шүүх үндэслэл муутай дүгнэлт хийснийг залруулах нь зүйтэй байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл ЗБДС нь нөхөх хариуцлага хүлээх эрх зүйн статустай этгээд байна.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ.” гэж заасан.

Талуудын байгуулсан батлан даалтын гэрээний 1.1-д “Энэхүү гэрээний зорилго нь зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан 2015.04.03-ны өдрийн ЗГ-20 тоот дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгч төлж барагдуулахтай холбоотой харилцаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино.” гэж, 1.6-д “Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 /ер/ хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ.” гэж, 3.1.3-т “Банк нь барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан хөрөнгөнөөс тэргүүн ээлжинд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл төлүүлэхтэй холбогдон гарсан зардал, зээлийн үлдэгдлийн 40 хувь буюу түүнээс дээш үндсэн зээлийн төлбөрийг гаргуулах авах. гэж, 3.3.2-т Энэхүү гэрээний 3.4.1-д заасан үүргээ биелүүлсний дараа зээлдэгчийн давхар барьцаалсан барьцаалбар бусад эд хөрөнгөнөөс төлсөн батлан даалтын төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах;” гэж, 3.4.1-т “Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 /ер/ хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэхүү гэрээний 1.4-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх;” гэж зааснаас үзвэл зээлдэгч нь үүргээ гүйцэтгээгүй бол ЗБДС үндсэн зээлийн үлдэгдлийн 60 хувийн зээлийг төлөх үүрэгтэй байна. Хэрэгт байгаа баримтаас үзвэл “А” ХХК нь үүргээ биелүүлээгүй тул ЗБДС түүний өмнөөс нөхөх хариуцлага хүлээх үүрэг үүссэн, хоёр шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэжээ.

9. Харин хоёр шатны шүүх барьцааны зүйлээс үүргийг хангуулахдаа батлан даалтын гэрээний нөхцөл, хариуцагч нарын ялгаатай үүргийг анхаараагүйгээс үүрэг гүйцэтгэх дараалал, журмыг оновчтой илэрхийлж чадаагүй тул залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Батлан даалтын гэрээний 4.2.1-т “Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс Зээлдүүлэгчийн өмнө Батлан даагч энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх зээлдүүлэгчээс Батлан даагчид шилжиж Зээлдүүлэгч барьцаа хөрөнгөнөөс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагыг хангуулаад үлдсэн хэсгийг Батлан даагчид шилжүүлэхийг зөвшөөрч байна.”, 4.2.2-т. Зээлдэгч нь энэхүү гэрээний 4.2.1-д заасны дагуу шаардах эрх шилжсэн тохиолдолд Батлан даагчид төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Зээлдүүлэгчид барьцаалсан барьцаалбар эсхүл барьцаалсан эд хөрөнгийг Батлан даагч давхар барьцаалахыг зөвшөөрч байна.”, 4.2.3-т. Дээрх барьцаалбар эсхүл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа дараах дарааллыг баримтална.” гэж тус тус заажээ.

Зээлийн болон батлан даалтын гэрээний дээрх нөхцөлөөр зээлдэгч “А” ХХК нь 12,850,795 төгрөгийг  банкинд төлөх үүрэгтэй боловч батлан даалтын гэрээний дагуу ЗБДСд 15,361,711 төгрөгийг төлөөгүй бол барьцааны зүйл чөлөөлөгдөхгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу барьцааны зүйлээс үүргийг хангуулах бол зөвхөн “А” ХХК-ийн үүрэг бус ЗБДСгийн үүрэг хангуулах эрх нь байгаа тул “А” ХХК нь ЗБДСд 15,361,711 төгрөгийг төлөөгүй л бол  барьцааны гэрээ хэвээр үлдэнэ, энэ талаар шийдвэрт дурьдах нь зүйтэй гэж үзэв. ЗБДС нь батлан даалтын гэрээний дагуу “А” ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй тул барьцааны зүйлээс үүргийг хангуулах талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.

Харин барьцааны гэрээ хэвээр үлдээхийг шийдвэр, магадлалд тодорхой заах нь зүйтэй гэж үзлээ.

10. Хэрэгт байгаа баримтаас дүгнэвэл, зээлдүүлэгч үүргийн зөрчлийг арилгуулахаар 2018.08.21, 2019.05.10, 2019.06.19-ний өдөр хариуцагч нарт мэдэгдэх хуудас хүргүүлж байсан, “А” ХХК-тай зээл төлүүлэх талаар  удаа дараа уулзалт хийсэн баримтаар зээлдүүлэгч нь зээлийг төлүүлэх арга хэмжээг авч байсан нь нотлогдсон, нэхэмжлэгч талыг гэрээний 1.6-д заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хариуцахгүй гэх хариуцагч ЗБДСгийн гомдол үндэслэлгүй байв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1220 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01036 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “...даалгасугай. гэснийг “...даалгаж, “А” ХХК нь ЗБДСд үүргээ биелүүлээгүй бол барьцааны гэрээ хэвээр үлдэхийг дурьдсугай.” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 234,758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                   

                               ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Б.МӨНХТУЯА

                              ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                                              Д.ЦОЛМОН

                                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД