Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/553

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэ*** /томилолтоор/,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***т холбогдох эрүүгийн 2305010851139 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа машин засварын газар ажилладаг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** дугаар гудамжны *** тоотод байнга оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо *** хотхоны *** дугаар байрны *** тоотод түр оршин сууж байгаа, /РД:***/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***.

 

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч *** нь 2023 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** хотхоны *** дугаар байрны *** тоотын үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ***ыг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газарт нь цохиж, мөн байрны гадаах машинд байхдаа нүүр лүү нь 2 литрийн ундаа шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч ***ын цагдаагийн хэлтэст бичгээр гаргасан гомдол (хавтаст хэргийн 12 дахь тал), хохирогч ***ын: “...2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 15 цаг өнгөрч байх үед Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** хотхоны *** тоот нөхрийн найз ***ийн гэрт сар шинийн баярыг тохиолдуулан золголт хийхээр очсон. Тухайн үед гэрт нь би өөрийн нөхөр ***, гэрийн эзэн ***, эхнэр нь болох *** болон тэдний хүүхдүүд болох ***, ***, манай найз ***, түүний эхнэр болох *** болон тэдний хүү *** бид хэд хоорондоо цуглаж уулзацгаан ярилцаж хоол, цай идэнгээ Eden гэх нэртэй 1 литрийн хэмжээтэй 2 шил архи хувааж уусан. Би тухайн архинаас 3-4 хундага уусан. Оройны 10 цаг өнгөрч байхад хүүхдүүд хоорондоо хөзөр тоглох гээд цаас хайж байхаар нь би гал тогоонд нь байсан цаасыг хуваагаад аваачиж өгөөд 12 цаг болж байхад тухайн айлаасаа бэлэг аван гарч байхад *** намайг “чи хүүхдийн бүтээл урчихлаа, би юу ч хэлээгүй” гэж хаалгаа хааж амжаагүй байхад манай нөхөр миний толгой руу баруун гараараа 3 удаа зүүн гараараа 1 удаа хүчтэй цохисон. Маш хүчтэй цохиж байсан болохоор цохиулах болгондоо би даралт авч хана мөргөж байсан. Манай нөхөр доошоо ***тай хамт буугаад машинд суусан байсан, би араас нь бууж машинд суухад манай нөхөр намайг хэл амаар доромжилж байснаа 2 литрийн савлагаатай дотроо тал нь байсан ундааг миний нүүр лүү /хамар луу/ шидсэн. Миний хамраас их хэмжээний цус гарч тогтохгүй байсан болохоор ГССҮТ-д очоод үзүүлэх гэтэл нөхөр намайг “Цагдаа сэргийлэхээ дууд” гэж хэлэхээр нь би айсандаа үзүүлэхгүй гээд гэртээ харьсан. Гэрт очоод “чи надаас өөрөө салахгүй бол би чамайг аяндаа салтал чинь зовооно” гэж хэлж сүрдүүлсэн. 2010 оноос хойш хамтдаа амьдарч байгаа. Гэрлэлтээ батлуулж байгаагүй. Өмнө нь намайг байнга хэл амаар доромжилж, хоолойг боож, гар мушгиж дарамталдаг. Манай нөхөр архи бараг уудаггүй, эрүүл байсан ч намайг үгээр байнга сүрдүүлж доромжилдог. Гэр бүлийн хүчирхийллийг нэг удаа гаргаж байсан. 2021 оны 12 дугаар сарын 24, 25-ны өдөр гаргаж байсан. Короногийн хориг тавигдсан дараа гэртээ өглөө сэрэхэд нөхөр хоол хийгээгүй юм уу гээд их ууртай байсан. Тэр үед би дөнгөж сэргээд компьютер дээр ажлаа хийгээд сууж байсан. Тэгээд жаахан маргалдаж байгаад би ажил руугаа явчихсан. Орой болоод гэртээ харих гэснээ нөхрийг уурласныг бодоод харьж чадахгүй сууж байсан. Тэгтэл нөхөр *** нь манай ажлын өрөөний хаалгыг түлхүүрдээд гаднаас ороод ирсэн. Би ороод ирэхээр нь намайг цохичих юм болов уу гээд бага ахыгаа дуудсан. Гэтэл энэ хооронд гараад зугтаахаар нь би хаалгаа түгжчихсэн юм. Тэр үед том ах эхнэртэйгээ ороод ирсэн байхад *** хаалгыг түлхээд ороод ирсэн. Тэгээд л бөөн юм болоход манай ахын эхнэр, бэргэн маань “та нар манай байранд амьдарч байгаа биз дээ” гээд хэлчихсэн чинь уурлаад том ахыг заамдаад авахаар нь би түүнийг салгах гээд дундуур нь ороход намайг доогуур өшиглөөд авсан. Би тэгэхэд нь цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд нөхрийг аваад явсан. Дараа нь 300.000 төгрөгөөр торгоно гэхэд манай нөхөр чи цагдаа дуудаа биз дээ, өөрөө төл гэхээр нь цалин болгоод өгсөн 800.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг торгуульд нь өгсөн... ...Тухайн үед манай нөхөр *** миний нүүр лүү 2-3 удаа алгадаад машин дотор дотроо ундаатай байсан 2 литрийн ундаа над руу шидээд хамар хугарч, таславч мурийсан. Тэгээд дээрээс нь хоёр нүд хөхөрч хавдсан байсан. Тухайн үед эмчилгээний зардал гэж 150.000-200.000 төгрөг болсон байх гэж бодож байна. Одоо айхтар санахгүй байна. Яг хамар хугарсан байх үедээ шүүх эмнэлэг дээр тэгшлүүлээд өөрөө бороолоод эдгэрчихсэн. Одоо миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Надад учирсан гэмтэл нь бүрэн эдгэрсэн. Би одоо нөхөр *** болон 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Тухайн асуудал болсноос хойш удаагүй бид хоёр эвлэрээд одоо хамт байгаа. Манай нөхөр *** надаас уучлалт гуйсан. Бид хоёрын дунд одоо ямар нэг хэрүүл маргаан байхгүй. Миний хувьд ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21, 22, 24-25 дахь тал), гэрч ***ийн: “...Миний төрсөн дүү *** нь *** гэх залуутай 2010 оны үед танилцаад гэр бүл болж байсан. Дундаасаа 10 орчим насны 2 хүүтэй. Нөхөр *** нь миний төрсөн ах ***ын эрчим хүч барилга угсралтын компанид жолоочоор ажилладаг байсан. Харин миний төрсөн дүү *** нь нөхрийнхөө эгчийн компанид нягтлан бодох бүртгэлийн багшаар ажиллаж байсан. 2023 оны 2 дугаар сарын 28-ны шөнө *** нь зодуулсан байдалтай манай гэрт ирсэн. Тухайн үед ***ыг харахад 2 нүд нь хөхөрсөн, хамар нь хугарсан байдалтай байсан. Хэнд яагаад, хэзээ зодуулсан талаар асуухад “нөхөртөө зодуулсан” гэж хэлэхээр нь шууд тэр шөнөө Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү дагуулаад очсон. Гэтэл цагдаагийнхан гэрийн хаяг нь Баянзүрх дүүрэг байгаа боловч зодуулсан асуудал нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зодуулсан байна. Тэгэхээр Баянгол дүүргийн цагдаагийн газарт очиж гомдлоо гарга гэж хэлсэн. Тэгээд дүү ***аас сонсоход “нөхөр ***, хүүхдийн хамт *** хотхонд найзындаа байхдаа хүүхдүүд нь цаас хэрэгтэй гэхээр нь гал тогоонд нь байсан цаасыг аваад өгчихсөн чинь надад уурлаад цохисон” гэж хэлсэн. Найзынхаа гэрээс яг гарах гэхэд орцонд нүүрэнд нь 2-3 удаа цохиод бүргэд хаалга мөргүүлээд, тэндээс гараад машинд сууж байхад нь түмний ундаа буюу 2 литрийн ундаагаар нүүрэн тус газарт нь цохисон. Тэгэхэд хамраас нь цус гарсан, маш их цус гарсан гэсэн. Тэгэхэд ***, мөн гэрийн эзэн *** гэх залуучууд хажууд нь байсан гэж надад хэлсэн. Би яг зодуулах үед хажууд нь байгаагүй учраас сайн мэдэхгүй байна. Гэрийнх нь үүдэнд цохиход ***, харин машинд ундаагаар цохих үед *** нь байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал), гэрч ***ийн: “...Би *** гэх хүнтэй найзлаад 30 жил, *** гэх хүнтэй найзлаад 20 жил болж байна. *** 2011 онд *** гэх эмэгтэйтэй гэр бүл болж манай гурван гэр бүл найзууд болсон. Манай гурван гэр бүл барын өдрүүд болон хааяа амралтад хамт явцгаадаг харилцаа сайтай найзууд юм. 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр буюу Шинийн 4-ний өдөр найзалдаг гурван гэр бүлээрээ Баянгол дүүрэгт байдаг *** хотхонд байдаг найз ***ийн гэрт очиж цагаан сарын баяр тэмдэглэхээр очсон. ...Бид хэд хоол цай идээд Эдэн гэх нэртэй 1 литрийн архи хувааж уугаад манай эхнэр *** ***ийн эхнэр *** нар хамт байсан хүүхдүүдтэй хөзөр тоглож байгаад тоглоомын тоог нь *** бичихээр болоод бал хэрэгтэй болох үед нь эхнэр *** нь бал авч ирэх гээд нөгөө өрөөнд ороход нь *** түрүүлээд бал авч ирж өгөхөд *** уурлан “Би авч ирж өгөх байсан юм” гэсэн. Тухайн үед хоорондоо маргалдаж хэрүүл болсон зүйл байгаагүй. Шөнийн 23 цаг болж байхад гэртээ харьж амрахаар болж айлаас манай гэр бүл ***ын гэр бүлтэй хамт гэрээс нь гарсан. Гараад явж байхад *** “Би юмаа үлдээсэн байна, аваад ирье” гээд гэр лүү нь ороход *** “энэ ***аа аваарай” гээд орилсон. Би гайхаад ***тай хамт буцаж ороход ***, *** 2 хоорондоо ярилцаж байхад *** эхнэр ***даа хандан “Айлд хэрүүл хийх шаардлага юу байгаа юм бэ” гэж уурлан 2-3 удаа алгадаад түрүүлээд өөрөө гараад явсан. Би араас нь ***ыг дагуулан машинд суугаад хөдлөн Hermes төвийн урд дуудлагын жолооч хүлээж байхад *** эхнэр ***тайгаа хэрэлдэж байснаа ууж байсан ундаагаа шидэхэд нь ***ын хамарт нь оноод хамраас нь цус их хэмжээгээр гараад байхаар нь тогтоох гээд арчихад тогтохгүй байхаар нь ГССҮТ дээр очоод үзүүлэх гээд орох гэтэл *** “би орохгүй” гээд дотогшоо ороогүй болохоор *** эхнэртээ хандаж “Одоо чамайг ахад чинь аваачиж өгнө” гээд 13 дугаар хороололд байдаг ахынх нь гэрийн орцных нь үүдэнд очоод *** *** хоёр дотогш оролгүй үүдэнд нь 20 минут орчим ярилцаж байгаад буцаж машинд сууж намайг манай гэр лүү хүргэж өгөөд тэр хоёр явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал), гэрч ***ын: “...шөнийн 12 цаг болж байхад манай гэрээс ***, *** нарын гэр бүл гараад явсан. Гэтэл *** буцаж манай гэрийн хаалгыг цохихоор нь би онгойлгоход “Хөзөр тоглож байхад чи миний өмнөөс цаас аваачиж өглөө, би аваачиж өгөх байсан юм” гэхээр нь би “Би чамтай харьцахгүй ээ, чи зүгээр яв” гэж хэлээд хаалгаа онгойлгож байгаад ***т хандан “Эхнэрээ ав” гэж орилсон. Тэгээд би хаалгаа хаасан. Би хаалгаа хаасан байсан болохоор тухайн үед юу болсныг хараагүй, ямартай ч *** эхнэр лүүгээ орилоод чанга дугараад байхыг сонссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал), Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 3080 дугаартай: “...***ын биед хамрын ясны цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, таславчийн муруйлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээр гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал), аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 13-15 дахь тал), хохирогч ***ын “миний бие ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, биед учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн, өвдөж байгаа зовуурь байхгүй. ***т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 74 дэх тал) болон шүүгдэгч ***ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан ба энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заажээ. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг хэрхэн ойлгох талаар нарийвчлан зохицуулсан.

 

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2-д “...энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч ***, хохирогч *** нар нь гэрлэлтийн баталгаагүй боловч 2010 оноос хойш хамтран амьдарч байгаа, дундаасаа хоёр хүүхэдтэй буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь тогтоогдож байна.

 

Иймд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ...бие биеэ халамжлах, хүндэтгэх, ...хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй…” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ***ыг гэрлэлтийн баталгаагүй боловч, 13 жил хамт амьдарсан, 2 хүүхдийн эцэг, эх, эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдарч байгаа /хамтран амьдрагч/-ийнхаа бие махбодод халдсан, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй хууль бус үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Мөн хэрэгт авагдсан Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 3080 дугаартай дүгнэлтээр хохирогч ***ын биед хамрын ясны цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, таславчийн муруйлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болох нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг зодоход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж оролцсон болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 76 дахь тал) 

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 104-105 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.     

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА