Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/563

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Хонгорзул,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 2305017851107 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** тоотод найзындаа түр амьдарч байгаа, (РД:***), урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий 32-р зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгэсэн,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 548 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сарын баривчлах ял шийтгүүлсэн,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1441 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дууссан, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаартай нийтийн байрны *** тоотод байсан хохирогч ***ыг “найз доромжиллоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газарт нь шилэн аяга шидэж түүний эрүүл мэндэд зүүн зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч ***ын: “...Баянгол дүүргийн *** дугаар хороо *** байрны хашаанд байрлах нийтийн байрны *** давхарт *** тоот өрөөнд 2023 оны 4 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед гэртээ ганцаараа байхад гаднаас танихгүй 3 залуу орж ирээд өндөр том биетэй 40-50 насны эрэгтэй хүн над руу аяга шидсэн. Ямар шалтгаанаар аяга шидсэнийг мэдээгүй. Босох гэтэл миний толгой руу шилэн аяга шидээд гараад явсан. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), гэрч ***ын: “...Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** тоотын нийтийн байрны *** давхарт найз ***ынд ирээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би гадагшаа гараад бие засах гэсэн чинь надтай танихгүй эрэгтэй хүн таараад намайг өмссөн хувцсаар маань далайн сэлүүрчин давлагаалаад явж байна шүү дээ гээд хэлсэн. Бие засчхаад буцаад нийтийн байр луу ороод найз ***, *** хоёрт намайг сая гадаа нэг нөхөр хувцсаар маань доромжлоод явчихлаа гээд хэлсэн. *** гараад явсан. Би ***тай хамт араас нь *** давхар луу гараад явсан. 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр орой 22 цагийн үед нийтийн байрны *** давхрын *** тоотын хаалгыг *** нь онгойлгоод зогсож байсан. Өрөөнд нэг залуу хэвтэж байсан. Манай найзууд яагаад хүн доромжлоод байна гээд асуусан. *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. *** нь гартаа барьж байсан шилэн аягыг баруун гараараа *** тоотод байсан залуу руу шидсэн. Тухайн өдөр өөр зодоон болсон асуудал байхгүй. ***ы шидсэн аяга нь *** тоотод байсан залуугийн толгойн зүүн талыг онож гэмтээсэн байсан. Намайг өмөөрөөд аяга шидсэн. Би аяга шидчихнэ гэж бодоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), гэрч ***ын: “...Би найз ***тай Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** тоотын нийтийн байрны *** давхарт байрлах *** тоот өрөөнд байсан. Гаднаас *** орж ирээд намайг нэг нөхөр доромжлоод байна гээд бид хоёрт хэлсэн. *** нь шилэн аяга аваад гараад явсан. Би ***ын хамт араас нь *** давхар луу гараад явсан. *** нь гартаа барьж байсан шилэн аягыг баруун гараараа *** тоот өрөөнд хэвтэж байсан залуу руу шидсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал), Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5833 дугаартай: “...***ын биед зүүн зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал), хохирогч ***ын бичгээр гаргасан: “...Одоо миний биед ямар нэг зовуурь гэмтэл байхгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 61 дэх тал), шүүгдэгч ***ы хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 62 дахь тал) болон шүүгдэгч ***ы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаартай нийтийн байрны *** тоотод байсан хохирогч ***ыг “найз доромжиллоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газарт нь шилэн аяга шидэж түүний эрүүл мэндэд зүүн зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч *** нь хохирогч *** руу шилэн аяга шидэхэд түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

 

Хохирогч нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй боловч мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нь хохирогчид 500,000 төгрөг нөхөн төлсөн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон (хавтаст хэргийн 83 дахь тал), мөн хохирогч нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байх боловч шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг эдэлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул ял оногдуулахад хүндрүүлж үзэх үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 62 дахь тал) 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 77 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ы хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***д 500.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА